Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00778

 

                                  “ ****- **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1527дугаар магадлалтай, 

 ****- **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Ашиглалтын төлбөр 2,615,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.Нэхэмжлэгч  ****- **** ХХК ****т холбогдуулан ашиглалтын төлбөр 2,615,880 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2,615,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ****- **** ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1527дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****аас ус, дулааны ашиглалтын төлбөрт 2,615,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ****- **** ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,558 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуралдааны товыг надад буруу хэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасныг зөрчсөн. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар намайг шүүх хуралд биечлэн оролцож үг хэлэх, нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гаргах эрхийг зөрчиж, зөвхөн нэхэмжлэгч талын мэдээлэл, тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс надад 2020.07.06-ны өдөр шүүх хуралдаантай, хуралдааны хуваарийг тус шүүхийн вэб сайтаас үзэж, товлосон цагт ирж хуралдаанд оролцохыг мэдэгдсэн юм. Шүүхийн вэб хуудаснаас тухайн өдрийн хуралдаануудын хуваарийг харахад нийт хуралдааныг үдээс өмнө, хойно хуваарилсан байсан бөгөөд миний оролцох хуралдаан үдээс хойш буюу 12:30 цагаас хойш болох хуралдаанд багтсан байсан юм. Намайг тухайн өдөр 12:30 цагт шүүх дээр хүрэлцэн ирэхэд шүүх хуралдаан аль хэдийн болоод өнгөрсөн байсан. Нотлох баримтаар давж заалдах шатны шүүхийн вэб сайтад байршуулсан 2020.07.06-ны өдрийн хуралдааны хуваарь, шүүхийн харуулын бүртгэлийн системийн дэлгэцийн зургийг хавсаргасан.

4.1. “ ****- ****” ХХК нь иргэн надаас 1,691,128 төгрөг, дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа 924,752 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,615,880 төгрөгийн ашиглалтын төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд “ ****- ****” ХХК надтай бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй тул энэ компани надаас ямар нэгэн төлбөр нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй юм. Анх “ ****- ****” ХХК 2019.08.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ иргэний хэрэг үүсч, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна”, анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ” гэж дүгнээд хүчингүй болгосон байдаг. Анхан шатны шүүх хэргийг дахин хянахдаа нэхэмжлэгч хариуцагчийн хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнээд, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Би хууль эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас надаас өмнө нэхэмжилж, шаардаж байсан төлбөрийг төлсөн бөгөөд үүнийг үндэслэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа гол баримт бичиг гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар бүлэгт тодорхойлсон хэлцэлтэй хамаарах заалтуудыг үндэслэн ийнхүү шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд энэ зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж тодорхойлсон гол үндэслэлийг орхигдуулж хэлцэл хийгдсэн мэтээр дүгнэн маргааныг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Бидний маргааны хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд тодорхойлсон хэлцэл хийсэн гэж үзэх гол нөхцөлүүд нь нийлүүлэх, худалдан авах эрчим хүчний тоо хэмжээ, чанар, үнэ, төлбөрийн нөхцөл зэрэг бөгөөд эдгээр зүйлийг “ ****- ****” ХХК надад танилцуулж тохиролцсон зүйл огт байхгүй тул бидний хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрчим хүч нийлүүлэх асуудал нь нарийн төвөгтэй аж ахуйн харилцаа тул энэ харилцааг Эрчим хүчний тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан Аж ахуйн харилцааны дүрэм зэрэг эрчим хүчээр хангах, хэрэглэх харилцааг тусгайлан зохицуулсан хууль, дүрмээр зохицуулахаар хуульчилсан байдаг бөгөөд эдгээр хууль, дүрэмд энэ харилцааг зөвхөн гэрээгээр зохицуулахаар заасан байна. Хэлцэл, гэрээ гэх зүйлүүд нь эрх зүйн ялгаатай ойлголтууд учир хоёр өөр үгээр илэрхийлэгддэг, тийм үгүй бол хууль эрх зүйн актад нэг үгээр бичигдэх боломжтой юм. Эрх зүйн суурь ойлголтоор хэлцэл бүхэн гэрээг төлөөлөх эрх зүйн чадамжгүй, харин гэрээ нь хэлцлийн бүх шинж чанарыг агуулдаг эрх зүйн зүйл, баримт бичиг юм. Гэрээ, хэлцлийг хоёуланг талууд харилцан тохиролцож хэлбэрийн хувьд амаар болон бичгээр үйлдэж болох боловч эрчим хүчээр хангах харилцаанд бүтээгдэхүүн үйлчилгээний тодорхойлолт, төлбөрийн нөхцөл, хангагч хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, маргаан шийдвэрлэх зэрэг маш олон нөхцөлүүдийг аман тохироогоор тохиролцох боломжгүй юм. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 28.2 дахь хэсэгт “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасан. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан “Аж ахуйн харилцааны дүрмийн 2.3-т “Иргэн айл өрхтэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд дараах нөхцөлийг тусгана” гэж, 2.3.1- 2.3.14 дэх хэсэгт заасан нийт 14 стандарт нөхцөлийг тодорхойлсон байна. Зөвхөн 2.3.14 дэх хэсэгт “иргэн өмчлөгч, эзэмшигчийн үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар болон баг, хорооны засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл, тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ зэргийг хавсаргасан байна” гэж заасан. Эдгээр мэдээллийг агуулсан гэрээг амаар тохиролцох боломжгүй бөгөөд зайлшгүй бичгээр үйлдэх шаардлагатай юм.

4.2. Шүүгч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг үндэслэл болгожээ. Би нийтийн орон сууцанд байх өөрийн дангаар өмчлөх хэсэгт буй дундын өмчлөлийн зүйлийг ашиглахаас татгалзаагүй бөгөөд зөвхөн ашиглалтын нөхцөлийг тодорхой болгож, бүтээгдэхүүний чанар хэмжээ, үнэ тариф, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээг хангагчаас байгуулахыг шаардсан юм. Дундын өмчлөлийг хариуцдаг “Шинэ дүр төрх” СӨХ- ны гишүүн бөгөөд хураамжаа тогтмол төлж, засвар үйлчилгээг тогтмол хийлгэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэснийг баримтлахыг нэмж оруулжээ. Энэ хэсэгт дурдсан “хэлэлцэн тохирсон үнэ” гэх зүйл одоогоор байхгүй байна. “ ****- ****” ХХК надад гэрээний нөхцөл, бүтээгдэхүүний үнэ тарифын талаар танилцуулсан, тохирсон зүйл огт байхгүй юм. Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт даасны дагуу Тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно. Энэ хэргийн хувьд “ ****- ****” ХХК хангагч, намайг айл өрх хэрэглэгч гэж үзэхээр байгаа бөгөөд энэ дамжлагын тариф нь хангагч хэрэглэгч хоёрын хооронд байгуулах гэрээний үнэ байхаар байна. “ ****- ****” ХХК нь нийтэд санал болгож нийтэлсэн стандарт гэрээгүй, надтай нийлүүлэх дулааны болон бусад үйлчигээний үнэ тарифыг тогтоосон гэрээ байгуулаагүй. Иймд би нийтийн орон сууцанд байх миний дангаар, эзэмших орон сууцаар дамжих дундын өмчлөлийн зүйлээр бусдад түгээж буй дулааныг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 123 тоот “Тариф батлах тухай” тогтоолоор баталсан тарифын ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифаар төлөхөөр байна. Энэ нь 81м2-аас дээш талбайтай айл өрхөд 11,000 төгрөг/сар (НӨАТ-гүй) байна. Энэ тарифаар тооцоход нэхэмжилж буй 2017 оны 10-12 сараас - 2020 оны 1-4 сар хүртэлх хугацааны халаалтын төлбөр 31 сар х 11,000 төгрөг=341,000 төгрөг байна. Үүн дээр нэхэмжилж буй ХХУС-ны суурь хураамж 319,666 төгрөг, усны суурь хураамж 83,164 төгрөгийг нэмэхэд 743,830 төгрөг, НӨАТ 74,383 төгрөг, нийт 818,213 төгрөг байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэснийг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй байна гэж дүгнэжээ. Энэхүү 147 дугаар зүйл нь “Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах” агуулгатай, зөвхөн сууц өмчлөгчийн өмчлөлийн орон сууцны болон дундын өмчлөлийн зүйлийн төлбөрийг хариуцах этгээдийг тодорхойлсон заалт юм. Энэ шаардах эрх нь эрчим хүчээр хангагч нь сууц өмчлөгчтэй гэрээ байгуулснаар үүсэхийг орхигдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 147.1 дэх хэсгийн “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэснийг мөн зөрчиж орцны халаалтын зардлыг СӨХ-оос бус надаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Эдгээр хуулиудад тодорхойлсон гэрээг байгуулахаар “ ****- ****” ХХК-ийн орон сууцны конторт удаа дараа хандсан боловч гэрээ байгуулах санаачилга огт гаргаагүй болох нь нэхэмжлэгч ийм гэрээг өнгөрсөн 10 жилийн хугацаанд байгуулаагүй, нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаагаар, мөн анхан шатны шүүх хурлаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд гэрээ байгуулах санаачилга огт гаргахгүй байгаагаар нотлогдож байна. Хэрэв анхан шатны шүүх хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу би иргэний эрх, үүргийг дуусгавар болгох хүсэл зоригоо амаар, бичгээр (имэйл), эс үйлдэхүйгээр болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ удаа дараа илэрхийлсэн. Ийнхүү 2019.08 дугаар сард би энэ хэлцэл гэх зүйлээс татгалзаж буйгаа шүүх хурал дээр, шүүх хурлын бус үед ч илэрхийлсээр байтал анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сараас хойш 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийн нэхэмжлэл нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хангуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, иргэн миний эрхийг зөрчиж буй тул эс зөвшөөрч байна. Дээрх хууль зүйн үндэслэлүүд, баримт нотолгоонд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болгож, “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

6. Учир нь, давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн шүүх хуралдааны зард  ****- **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****т холбогдох иргэний хэргийг 12:30 цагаас хойш гэж товлогдсон байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийг 12:01 цагт хянан хэлэлцэж эхэлсэн гэж бичигдсэнээс үзэхэд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагч ****ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзнэ. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг давж заалдах шатны шүүх зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.   

Иймээс уг алдааг залруулах боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй, энэ үндэслэлээр гаргасан хариуцагч ****ын гомдлыг хангах үндэслэлтэй. 

8. Хяналтын шатны шүүхээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хариуцагчийн “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй юм. 

9. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1527дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.03-ны өдөр төлсөн 56,805 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ 

                        ТАНХИМТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ  

                                       ШҮҮГЧИД                                 П.ЗОЛЗАЯА

          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД