Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02138

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02138

Улаанбаатар хот

 

                                            

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух, Баярмагнай овогт Вын Э -т холбогдох

 

Гэрээний үүрэгт 1 691 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, Б.С, хариуцагч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

 Хариуцагч В.Э манай байгууллагатай цэвэр ус, дулаанаар хангах гэрээ байгуулж, 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангах болсон. Хэрэглэсэн цэвэр ус, дулааны төлбөр нь дараа сарын 01-ний өдөр гарч 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй тухайн орон сууцны төлбөрийг 3-4 сар хуримтлуулан нэг дор хийх сонирхолтой байдаг. Энэ нь даамжирч хэрэглэсэн цэвэр ус, дулааны төлбөрөө хэсэгчилж хийх болсон боловч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын төлбөр болох 200 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын төлбөр болох 1 691 128 төгрөг төлөгдөөгүй байна. Манай байгууллага нь 74-р байрны 2 тоотын суугчид сар болгон 2-3 удаа нэхэмжлэх хүргүүлж, утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж, шаардахад удахгүй төлнө, гэсээр төлбөр хуримтлагдахад төлбөрөө 3 хувааж хийхээр аман тохиролцоо хийсэн боловч төлөлт хийхгүй байсаар байна. Манай байгууллага нь тухайн суугчийн нөхцөл байдалд уян хатан хандаж, өгөх байх гэсэн хүлээлттэй байсаар өдийг хүрлээ. Иймд манай байгууллага гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болох 1 691 128 төгрөгийг В.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Э надад холбогдох Орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 2018 оны 2-12 cap, 2019 оны 1-7 дугаар сарын ус, дулааны төлбөр 1 691 128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшеөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчтай цэвэр ус, дулаанаар хангах гэрээ байгуулж 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангах болсон гэсэн байх бөгөөд мөн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас 1 691 128 төгрөгийг төлөөгүй байна гэсэн байна. Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 74 дүгээр байрны 02 тоот байрыг 2008 оны 10 дугаар сард “О” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу худалдан авч 2008 оноос хойш тус байранд оршин сууж байгаа билээ. Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг гэж заасны дагуу намайг хэрэглэгч гэж үзэхээр байна.

Харин мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “хангагч“ гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг" гэж заасны дагуу "Ж"’ ХХК-ийг хангагч гэж үзэхээр байна. Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ‘’Хангагч хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 13.3-т энэ хуулийн 13.2-т заасан гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга талуудын эдлэх эрх, үүрэг, хариуцлага хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгана” гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг тусгасан цэвэр усаар хангах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсаны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэхээр заасан.

 Гэвч "Ж" ХХК-тай хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээг надтай байгуулаагүй. Эрчим хүчний гухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг гэж заасны дагуу дулаанаар хангах асуудал нь Эрчим хүчний тухай хуулиар зохицуулахаар заасан байна. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-1 "Эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна". 28.2-т ‘'Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж тус тус заасны дагуу хэрэглэгч болох В.Э надтай эрчим хүчээр хангах гэрээг байгуулсаны үндсэн дээр эрчим хүч буюу дулаанаар хангах ёстой байна.

 Гэтэл миний өмчлөлийн орон сууц болох дээрх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны .. тоот байранд цэвэр ус, дулаан буюу эрчим хүчээр хангах гэрээг "Ж" ХХК-тай байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би “Ж” ХХК-тай ямарваа нэгэн гэрээ байгуулаагүй боловч хууль, эрх зүйн мэдлэг тааруугийн улмаас өмнө нь шаардаж байсан төлбөр хураамжийг нь төлж байсан бөгөөд 2011 оноос эхлэн зохих дулаанаар хангахгүй байсан тул “Ж” ХХК-ийн эрх бүхий ажилтан байцаагч н.Болороод удаа дараа дулаанаа хангалттай өгөхийг шаардаж байсан боловч дулаанаар хангаагүй. Мөн “Ж" ХХК дулааны шугам сүлжээний засвар хийнэ гэж манай байрны өмнөх нийтийн эзэмшлийн хашаатай ногоон байгууламжийг 2018 оны 4 дүгээр сард ухаж сүйтгэсэн. Миний зүгээс удаа дараа ухсан нүхээ бөглөж ногоон байгууламжийг өмнөх байсан шинж төрхөнд нь оруулахыг шаардсан боловч дахин ажил хийнэ гэсэн шалтагаар жил гаруй хугацаанд юу ч хийлгүй орхисон бөгөөд арга буюу миний бие өөрийн хөрөнгөөр "Ж” ХХК-ийн эвдэж сүйтгэсэн хашааг янзалсан. Нэгэнт бидний хооронд эрчим хүчээр хангах гэрээ, холбогдох гэрээнүүд байгуулагдаагүй тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан тул төлбөр төлөх нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд Ж ХХК-ийн гаргасан орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн ус, дулааны төлбөр гэх 1 691 128 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч В.Эт холбогдуулан дулаанаар хангасан ашиглалтын зардалд  2017 оны 11 сард 103 983 төгрөг, 2017 оны 12 сард 103 983 төгрөг, 2018 оны 1 сард 103 983 төгрөг,  2018 оны 2 сард 103 983 төгрөг,  , 2018 оны 3 сард 103 983 төгрөг , 2018 оны 4 сард 103 983 төгрөг, 2018 оны 5 сард 58 949 төгрөг, 2018 оны 6 сард 13 915, 2018 оны 7 сард 13 915,  2018 он 8 сард 13 915 төгрөг, 2018 оны 9 сард 58 949 төгрөг, 2018 он 10 сард 103 983 төгрөг, 2018 он  11 сард 103 983 төгрөг, 12 сард 103 983 төгрөг, 2019 он 1 сард 105 018 төгрөг, 2019 он 2 сард 105 018 төгрөг, 2019 он 3 сард 105 018 төгрөг, 2019 он 4 сард 105 018 төгрөг, 2019 он 5 сард 60 016 төгрөг, 2019 он 6 сар 15 565 төгрөг, 2019 он 7 сар 15 565 төгрөг, 2019 он 8 сар 15 565 төгрөг  нийт   1 691 128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

         Нэхэмжлэгч нь хариуцагч дулаан доголдолтой байгаа талаар манайд дуудлага өгч байгаагүй, энэ талаар гомдол гаргаж байгаагүй, гэрээ байгуулахыг удаа дараа хэлж байсан боловч гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй учир бид алданги нэхэмжлээгүй, дулаанаар хангасан ашиглалтын зардалд нийт 1 691 128 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

       

         Хариуцагч нь дулаан ханалттай сайн байдаггүй байсан энэ талаар нэхэмжлэгч байгууллагын байцаагчид байнга хэлж байсан, нэхэмжлэгч манайхыг дулаанаар хангахгүй байх эрхтэй, нэгэнт төлбөрөө өгөхгүй байхад дулаанаа таслаагүй, мөн ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

       Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ... үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.

 

       Хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүрэг .... тоот орон сууцанд Ж ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаанаар хангах үйлчилгээг үзүүлж байгаа болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

     

            Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг, мөн хуулийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр заасан бөгөөд хариуцагч гэрээ байгуулаагүй нь Иргэний хуульд заасан сууцны халаалтын ашиглалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

         

          Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч буюу хариуцагч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалтын төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч хангалттай дулаанаар хангаагүй гэж татгалзаж байгаа боловч хариуцагч энэ талаар нэхэмжлэгч байгууллагад хүсэлт гаргасан, доголдолтой холбоотой гомдол гаргасан, халаалт доголдолтой байгаа гэх хариуцагчийн татгазлал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчаас орон сууц халаасан халаалтын буюу дулааны ашиглалтын зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан хариуцагч В.Эаас дулааны үйлчилгээ үзүүлсэн ашиглалтын зардалд 1 691 128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-нд олгосугай. 

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ