Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 305

 

Р.Б, Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, хохирогч Г.Б- болон түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-н өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дугаар магадлалтай, Р.Б, Д.Б- нарт холбогдох 1805021840440 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Б- болон түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Р-н Б,

2. Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Д-н Б.

1. Р.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бусдыг хуурч, иргэн Г.Б-ийн эзэмшлийн *** УНЛ дугаартай “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

2. Д.Б- нь нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *** УНЛ дугаартай “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б-ийг байхгүйд иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн тээврийн хэрэгсэл бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Б-ыг хуурч, баримт бичиг ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-г өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Р.Быг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Б-ын 48 цаг баривчлагдсан хугацааны нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож нийт 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасч түүний эдлэх ялыг 9,970,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Б нь торгох ялыг 2 жилийн хугацаанд, Д.Б- торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц *** УНЛ дугаартай Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг Г.Б-т олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Б-оос 70,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “***” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 4, 5 дахь заалтын Д.Б-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц *** УНЛ дугаартай Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг Г.Б-т олгосугай” гэснийг “*** УНЛ дугаартай Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар 81,171,250 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** УНЛ дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг “***” ХХК-нд шилжүүлж, уг машиныг худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг Р.Бын Г.Б-т төлөх төлбөрт тооцуулсугай” гэж,

8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Боос 70,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжпэгч “***” ХХК-нд олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Боос 140,000,000 төгрөг гаргуулж Г.Б-т олгосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Р.Б-од холбогдох бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авсныг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Б- гаргасан гомдолдоо “...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт ...Д.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг ойлгосонгүй. Давж заалдах шатны шүүх нотариатчийн ...гэмт үйлдлийг мэргэжлийн алдаа мэт болгон илт нэг талыг барьсан, ойлгомжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Илт хууль бус гэрээг баталсны улмаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн байхад давж заалдах шатны шүүх “илт хууль бус гэрээг гэрчлэн баталсан гэж үзэх боломжгүй” гэж яаж дүгнэж чадаж байна вэ.

Нотариатч Д.Б- нь иргэний үнэмлэхний хуулбарыг мэдсээр байж баталж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар хөдөлшгүй нотлогдсон гэж үзэж байгаа. Тэдгээрийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд төөрөгдсөн, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал:

1/ Хэрэгт цугларсан баримтаар Д.Б-н үйлдлээс шалтгаалан их хэмжээний хохирол учирсан, өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдвэрлэгдээгүй байхад давж заалдах шатны шүүхээс “гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эрхлэн явуулж байгаа үйл ажиллагаандаа хайнга, хайхрамжгүй хандсан шинжтэй алдаа” гэж үзээд хариуцлагаас мулталсан. Түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдсон, мөн Д.Б-н гаргасан тайлбар мэдүүлгүүд нь зөрүүтэй, Нотариатын тухай хууль, Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байхад уг этгээдийн гэмт үйлдлийг хаацайлсан магадлал гаргасан үзэж байна.

...Д.Б- нь ...анх өгсөн мэдүүлэгтээ иргэний үнэмлэхний хуулбараар гэрээг баталснаа хүлээн зөвшөөрсөн, Р.Б-той дахин холбогдож уулзаагүй гэсэн мөртлөө дараагийн мэдүүлэгтээ түүнийг удаа дараа иргэний үнэмлэхний хуулбарыг авчирч өгөхийг шаардаж утсаар ярьсан мэтээр хоорондоо зөрүүтэй тайлбар өгсөн зэрэг нь огт мэдэхгүйгээр гэрээг баталсан гэх байдлыг няцааж байгаа, нөгөө талаас урьдаас уг нөхцөл байдлыг мэдэж байсан атлаа санаатайгаар бэлэглэлийн гэрээг Р.Б-той хуйвалдан баталсан гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа.

Миний бие машиныг өөрийн хүсэл зоригоор хэн нэгний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй, энэ талаар өөрөө огт мэдээгүй байхад Д.Б- нь бэлэглэлийн гэрээг иргэн намайг байлцуулахгүйгээр баталсан нь Нотариатын тухай хуулийн олон заалтыг зөрчиж үйлдсэн.

Түүнчлэн нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг тус илт зөрчсөн байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн хэлцэл, хүчин төгөлдөр бус”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх” талаар мөн зохицуулсан байна.

Эдгээр заалтууд, Нотариатын тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж хийсэн нотариатчийн хийсэн хэлцэл нь илт хууль бус хэлцэлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 17.10-д заасны дагуу нотариатч Д.Б-н үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна.

Дээр дурдсанчлан нотариатч Д.Б- нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлсэн бол Р.Б-ын үйлдлийг таслан зогсоож болох байсан, нөгөө талаас илт хууль бус үйл ажиллагааг нь дэмжиж бэлэглэлийн гэрээг баталж өгснөөс болж иргэн Г.Б- миний бие өнөөдөр хохирсон тул нотариатч Д.Б-д маш их гомдолтой байгаа.

Нотариатч Д.Б-н хуурамч баримт бичгийг үндэслэн хийсэн бэлэглэлийн гэрээ нь уг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой, хэлцлийн нэг тал нь биш байхад, улмаар иргэний үнэмлэхийн канондсон цаасыг үндэслэн илт хууль бус хэлцлийг баталсан нь тодорхой байхад нотариатч Д.Б-н “би буруугүй, Р.Б нь Г.Б-ийг дагуулж ирсэн, би өөрөө залилуулсан” гэх мэтийн тайлбарыг нь зөвтгөж, мэргэжлийн үйл ажиллагаандаа хайнга хандсан тул цагаатгах нь зөв гэсэн шүүхийн магадлал хуульд нийцэхгүй, шударга бус байна.

Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлд “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол ял шийтгэнэ” гэж тодорхой заасан, гагцхүү илт хууль бус хэлцлийг баталсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулиар зохицуулсан байхад “эрхлэн явуулж байгаа үйл ажиллагаандаа хайнга, хайхрамжгүй хандсан шинжтэй алдаа гаргасан байх тул түүний энэхүү үйлдлийг ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэсэн илт нэг талыг хаацайлсан хууль бус, ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хуульд “хайхрамжгүй хандсан шинжтэй алдаа гаргасан бол хариуцлагаас чөлөөлнө” гэсэн зохицуулалт байхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гэмтний толгойг илсэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаагаас гадна давж заалдах шатны шүүх хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж магадлал гаргасан гэх эргэлзээг төрүүлж байна.

Бичиг баримтын үнэн зөвийг, гэрчлүүлж буй этгээд нь өөрөө эсэхийг нягтлах мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Нотариатчийн хийсэн үйлдлийн улмаас ноцтой хохирол үүссэн, гэмт хэрэг үйлдэгдсэнийг зөвтгөж байгааг ойлгохгүй байна.

Өмчлөгч нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээгүй, мэдээгүй байхад нь өмч хөрөнгийг нь шаардлага хангахгүй иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, мөн танил талаа ашиглан бэлэглэлийн гэрээгээр өөр этгээдэд шилжүүлж өгсөн нотариатчийн үйлдлийг “илтэд зөвтгөж байгаа бол хууль бус нотариатын үйлдэл хийчихээд би мэдээгүй, намайг залилсан, би бас хууртагдсан гэсэн тайлбар хэлээд гэмт хэргээс мултраад яваад байх нь зөв үү. Нөгөө талд нь энгийн иргэд сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод үлдэх үү. Хийж байгаа үйлдэл, үүрэгт ажилд нь хариуцлага гэж байхгүй бол нотариатч гэж байх хэрэг байна уу.

Илт хууль бус хэлцлийг анхнаас нь баталж өгөхгүйгээр нотариатч хуулиа баримтлан үйл ажиллагаагаа явуулсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд Р.Б, Д.Б- гэх этгээдүүд энэхүү гэрээ, хэлцлийг мэдсээр байж хуйвалдан урьдаас төлөвлөж хийсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа.

2/ Магадлалын үндэслэх хэсэгт зааснаар автомашиныг “***” ХХК-д олгож, уг машиныг худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг Р.Бын хохирогч Г.Б-т төлөх төлбөрт тооцуулах нь зүйтэй’ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ хэргийн хувьд давж заалдах шатны шүүхийн хэлсэнчлэн би өөрөө ломбардтай гэрээ байгуулж зээл авсан зээлдэгч нь биш. Гэтэл яагаад намайг өөрөө зээл авчихаад үүргээ биелүүлээгүй мэтээр хууль зүйн дүгнэлт хийж миний хөрөнгийг залилагчийн өмнөөс ломбарданд өгөх гээд байгааг ойлгохгүй байна.

Миний өмчлөх, эзэмших эрх гэмт үйлдлээс шалтгаалан ноцтой зөрчигдсөөр байхад, өмч хөрөнгө нь бодитоор байсаар байхад, би өөрөө хэн нэгэнд худалдахыг, шилжүүлж өгөхийг хүсээгүй байхад яахаараа “Сайн ломбард” гэсэн газарт хүчээр шилжүүлэн өгч худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үлдсэн мөнгийг олго” гэсэн ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаа юм бэ.

Уг машиныг 200 гаран сая төгрөгөөр авсан болох нь тодорхой байхад, миний огт мэдэхгүй мөнгө хүүлэгч нарт өгчихөөд 140 сая төгрөгийг гэмт хэрэгтнээс гаргуулж надад олгоё гэж байгааг эрүүл хүний ухаанаар бодоод ойлгохгүй байна.

Шүүхээс хүний эрхийг ингэж зөрчиж боогдуулсан шийдвэр гаргаж болох уу?

3/ Эцэст нь хэлэхэд А-, Р.Б нарын хооронд гэр бүлийн харилцаа байсан нь үнэн. Гэхдээ энэ байдлыг шүүхэд аливаа этгээдүүд өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж, тэдгээрийн дунд нь байсан мэтээр ярьж хэлцгээж, бараг л Р.Б нь өөрийхөө машиныг өөрийнхөө хэрэгцээнд зориулж зээл аваад зарцуулсан гэх байдлаар гуйвуулж тайлбарлаж байгааг, мөн гэр бүлийн хэдэн хүн нийлж иймэрхүү байдлаар эд хөрөнгө мөнгө завшиж байгаа гэсэн ойлголтыг шүүхэд харуулах гэж хичээж байгааг, шүүх түүнийг таамаг байдлаар хүлээн авч тэдгээрийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Р.Б-ын яриад байгаа зүйл нь баримтаар нотлогдоогүй, худал ярьж, хуурч хүний юмыг залилж авч явдаг байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэ хүний олон хүнийг хуурч мэхэлсэн, залилан хийсэн үйлдлийн өмнөөс бид маш их хохирч байсан, өмнөөс нь их хэмжээний өр төлбөрийг нь хүртэл хүүхдүүдийг нь бодоод барагдуулж байсан нь бодит үнэн. Ломбарднаас зээлсэн мөнгөө гэр бүлдээ зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь ор үндэсгүй худал яриа байхад, түүнийг няцаах баримтууд нь хэрэгт байсаар байхад зөвхөн түүний мэдүүлэгт үндэслэн ач холбогдол өгч дүгнэснийг бодоход давж заалдах шатны шүүх бусад баримтыг үнэлэх сонирхолгүй байсан бололтой гэж хардаж байна.

Миний машиныг биет байдлаар болон бичиг, баримтыг буцаан миний нэр дээр шилжүүлж өгч хохирлыг барагдуулж, үнэн зөвийг бодитоор тогтоож өгнө үү.

4/ Анхан шатны шүүх гэм бурууг бодитоор тогтоож, үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул тус шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Я.Баярсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчин эд хөрөнгийн эзэмшигч нь байхгүй байхад түүний бичиг баримтын хуулбарыг үндэслэн “Бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатич Д.Б-агийн үйлдлийг “ гэм буруу нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байвал ЭХХШТХ-н 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж байхаар хуульчлагдсаныг үндэслэн гэж” заажээ.

Д.Б-агийн Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байхад давж заалдах шатны шүүх хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлгүй хэт нэг талыг барьж бусдад ял завшуулсан үйлдэл юм.

Д.Б-а нь анхан болон давж заалдах шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт “Би Батхишигийг өөрийн биеэр ирсэн гэж бодож төөрөлдсөний улмаас гэрээг баталсан” гэж мэдүүлдэг бөгөөд давж заалдах шатны шүүх Д.Б-агийн энэхүү мэдүүлэгт үндэслэн магадлалаа гаргасан гэж үзэж болохоор байна.

Д.Б-агийн гэмт үйлдэл, гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэргээс шинжлэн судалсан материалаар хангалттай нотлогддог.

Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” 56.1.10-д “дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны эрхийг хөсөрдүүлж өмчлөх эрхийг нь хязгаарлаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-д заасан “Шударга ёсны зарчим”-ыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын гомдлыг гаргасан. Гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа “Д.Б- нь Нотариатын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь 70,000,000 төгрөгийн зээлийг хэрхэн юунд зарцуулснаа тодорхой мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ хэрэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Р.Б нь хохирогч Г.Б-, түүний хүү Ц.А- нар нь гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс бөгөөд хэрэгт хавсаргагдсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэр бүл цуцлах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс үзэхэд Ц.А- нь Р.Б-од бэлнээр 15,000,000 төгрөг, 70 м.кв 2 өрөө орон сууц авч өгөхөөр тохиролцсон байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Б нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Б- болон түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.Б, Д.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Р.Б-ыг залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, Д.Б-г илт хууль бус гэрээ хэлцлийг баталж бусдын эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна эдгээрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Р.Б нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.А-тай гэр бүлийн харилцаатай байсан, гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийн дагуу өөрт оногдох тодорхой эд хөрөнгийн эрх үүссэн байсан боловч үүнийгээ аваагүй, мөн гэр бүлийн өмчлөлд хамаарвал зохих эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар маргаантай, харилцан өөр байр сууртай байсан нөхцөл байдлуудын талаарх баримтат мэдээлэл хэрэгт авагджээ. Түүнчлэн залилж авсан гэх тээврийн хэрэгсэл нь нөхөр Ц.А-ы ээжийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч бодит байдал дээр бидний гэр бүл эзэмшиж, ашиглаж байсан, тийм ч учраас банкны төлбөрийн үлдэгдэл мөнгийг өөрсдийн зүгээс гаргаж төлсөн, улмаар автомашины бүртгэлийг өөрчлөх, цаашид барьцаалан зээлж мөнгө авах зэргийг Ц.А- мэдэж байсан, хамтарч, харилцан зөвшөөрч хийгдсэн үйлдэл гэх Р.Бын мэдүүлэг, түүнтэй холбоотой хэрэгт авагдсан баримт мэдээлэл нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлтээс эрс зөрүүтэй байна. Гэтэл гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой байж болох энэхүү нөхцөл байдлыг тодруулах мөрдөн шалгалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн, нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, гэмт хэрэг гарсан эсэх, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй байхад шүүх хэргийг хүлээн авч, эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэм буруутай байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг мөрдөн байцаалтаар нэг мөр шалгах шаардлагатай байгаа талаар шүүх хуралдаанд гаргасан прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, үүнтэй холбогдуулан хохирогч Г.Б-ийн “...Анхан шатны шүүх гэм бурууг бодитоор тогтоож, үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү”, түүний өмгөөлөгч Я.Баярсайханы “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг зөрчиж шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 254 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хохирогч Г.Б- болон түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН