Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01505

 

 

Ө.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэртэй

Ө.Бын нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК-д холбогдох 12 687 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-тай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Тэлмү Апартмэнт хотхоны 140 айлын орон сууцаас 73.45 м.кв талбайтай 3 өрөөг 1 м.кв-ыг 1 750 000 төгрөгт бодон худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Би 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 128 537 500 төгрөгийг төлж байрныхаа түлхүүрийг гардан авч тухайн өдрөө байрандаа нүүн орсон. Би орон сууцын ашиглалтад орохоос өмнө очиж үзэхэд нүдэн баримжаагаар арай жижигхэн, каталог болон гэрээнд заасан м.кв-тай хүрэхгүй санагдаад байсан. Байрандаа орохын өмнө “Дуншагай  хас” ХХК-иар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр худалдан авч байгаа орон сууцын талбайг хэмжүүлэхэд 7.25 м.кв дутсан. Энэ тухайгаа борлуулалтын менежерт 3-4 удаа хэлж бидний дунд нэлээн маргаан үүссэн. Компанийн борлуулалтын менежер нь гэрээг цуцлах тухай санал тавьсан гэхдээ тушаасан мөнгийн 20 хувийг өгөхгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө болон аав, ээжийнхээ насаараа хөдөлмөрлөж олж авсан мөнгийг энэ компанид тушаачхаад 20 хувийг авахгүй гэхээр надад хохиролтой, түүнээс гадна 1-2 м.кв дутсан бол би зарга үүсгэхгүй бүхэл бүтэн 7 м.кв дутахад хэн ч байсан заргалдах л байсан. Шүүхээс манай байрны м.кв шинжээч томилоход нийт талбайн хэмжээг 66,54 м.кв гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад дутуу м.кв-ийн 12 092 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Т.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Б нэхэмжлэгч манай компанийн Тэлмү Апартмэнт-ын 8 давхрын 73.45 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан одоогоор тус байранд амьдарч байгаа юм. Иргэн Ө.Б нь худалдаж авсан байрны талбайн хэмжээг дутсан талаар манай компанид мэдэгдээгүй бөгөөд бид тус иргэний гомдлын дагуу мэргэжлийн компаниар тус орон сууцанд хэмжилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд албан ёсны хэмжилтийн хариу гарах хүртэл манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээж авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь анхнаас м.кв-ын зөрүүтэй гэдгийг мэдэж байсан. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авах үедээ энэ доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж заадаг. Иргэний хуулийн 251 дүгээр 251.3 дах хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан А ХХК-иас 12 092 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 595 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 208 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээч “Тоонто гранд” ХХК-ийн ажлын хөлс 110 000 төгрөгийг банкны Голомт банкны 1410000699 тоот дансанд төлөхийг хариуцагч “А” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №Т2- Д8-Б2 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-гээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Тэлмү Алартмент” хотхоны 140 айлын орон сууц, 2 дугаар орцын 8 давхарт 73.45 м.ка талбай бүхий 3 өрөө байрыг 2 128 537 500 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ө.Б нь байр авахаасаа өмнө байрны хэмжээг мэдэж байсан, энэ талаар Ө.Бтай ярихад "би байраа хүлээгээд авъя, м.кв-н зөрүү хамаагүй, миний 8 хувийн зээл бүтэж байгаа” гэсэн. Хариуцагч талаас байрыг м.кв-ын зөрүүтэй байгаа бол гэрээгээ буцаах талаар санал хэлэхэд байрандаа орно гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...хариуцагчид эд хөрөнгийн доголдлын талаар удаа дараа гомдол гаргаж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдож байна” гэжээ. Шүүх хуралдаанд гэрчээр болон хариуцагч талаас шийдвэрт дурдсан шиг нэхэмжлэгчийг удаа дараа гомдол гаргаж байсан талаар хэлээгүй. Нэхэмжлэгч Ө.Б нь байрны м.кв-н-ийн хэмжээг мэдсээр байж тухайн байрыг хүлээж авсан, бидний хооронд байгуулсан гэрээнд 73.45 м.кв гэж байгаа боловч 5.91 м.кв зөрүүтэй гэдгийг талууд мэдсэн, харилцан тохиролцсоноор байрыг хүлээлцсэн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар заасан Ө.Б байрны м.кв-ын зөрүүтэй талаар мэдэж байсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч “А” ХХК-д холбогдуулан худалдаж авсан орон сууцны талбайн зөрүүд 12 687 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12 092 500 төгрөг болгож багасгажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авах үед м.кв дутуу гэдгийг мэдэж байсан тул худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан” гэж тайлбарлажээ.

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 16-ний өдөр №Т2-Д8-Б2 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Тэлмү Апартмэнт хотхоны 140 айлын орон сууц, 2 дугаар орцын 8 давхарт 73.45 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 128 537 500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх.6-16/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч орон сууцын төлбөрийг бүрэн төлсөн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууцаа хүлээж авсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч шүүхэд “Дуншагай  хас” ХХК-иар хэмжилт хийлгэсэн дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлсэн, уг дүгнэлтэд тухайн орон сууцны талбай 66.2 м.кв, гэрээнд заасан 73.45 м.кв талбайн хэмжээнээс 7.25 м.кв зөрүүтэй болохыг тус тус тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон “Тоонто гранд” ХХК худалдах-худалдан авах гэрээний зүйл болж буй орон сууцны талбай нь 66.54 м.кв болохыг тогтоосон байна. /хх.77-78/ Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамж нийцэн. Талуудын хэн аль нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч “А” ХХК-д худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохирсон хэмжээнээс бага байгаа талаар удаа дараа мэдэгдсэн гэсэн тайлбар гаргасан, энэ талаар тус байгууллагын борлуулалтын менежерээр ажиллаж байсан Л.Мөнх-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгсөн байна. /хх.141-149/

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч орон сууцны талбай зөрүүтэй болохыг мэдсээр байж хүлээж авсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-аас “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт 6.91 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 12 092 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.