| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 163/2017/0053/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 241
Д.Э , П.Б , Ц.Д , А.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Д ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлалтай, Д.Э , П.Б , Ц.Д , А.Г нарт холбогдох 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, Н.Нарантуяа, Н.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д.Э,
2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт А.Г нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, “Анаг” ХХК-ийн захирал ажилтай, 1984 онд Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88б-д зааснаар 4 жил хорих ял,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт П.Б,
4. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, Эрдэнэтийн “Уулын үйлдвэрт” цахилгааны инженер ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Ц.Д нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Д.Э , А.Г нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар П.Б , Ц.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Э , А.Г П.Б , Ц.Д нарыг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 201601000029 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э , П.Б , Ц.Д , А.Г нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Б гийн өмгөөлөгч Д.Дарьбазар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс Д.Э , П.Б , Ц.Д , А.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектэд “Төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж буй этгээдийг хамааруулан ойлгоно” гэсэн дээд шүүхийн тайлбар байдаг. П.Б нь тухайн үед Булган аймгийн “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь дээрх тайлбарт заасан субъект болохгүй юм.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэн тохирсон этгээдийг хамааруулан ойлгох”-ыг шаарддаг. П.Б нь трактор, автомашиныг нэг техник болгохоор урьдчилан үгсэн тохиролцоогүй, уг шийдвэрийг тухайн үед ажиллаж байсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийдвэрлэсэн байдаг.
Харин П.Б нь “Д” ХХК-ийн уг үйл ажиллагаанд туслан 16 ширхэг трактор оруулж ирсэн үйлдлийг гэмт хэрэг хамтран үйлдэхэд урьдчилан үгсэн тохирсон гэж ял шийтгэх үндэслэлгүй байна.
3. П.Б гийн эхнэр Ц.Ц-д өс хонзонгийн сэдэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж, мэдүүлэг өгч, Д.Э , А.Г нартай үгсэн тохирсон гэдгээр үнэлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга байх, оногдуулах ял гарцаагүй байх зарчмуудтай зөрчилдөж байна.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Д ийн өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон болон хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд эрх зүйн оновчтой хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасан. Гэтэл цагаатгах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үйл баримтыг тусгаж чадаагүй гэж дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Үүнээс үүдэж энэ хэрэг нь хяналтын шатны шүүхээр хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж, хэргийн шийдвэрлэлт 5 жил өнгөрч удааширсаар байна.
Магадлалд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гомдол, саналгүй гэж мэдүүлсэн. Учирсан хохиролгүй талаар бичиг өгсний төлөө хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчөөр бүрэн итгэмжлэлтэй этгээдийг төрийн байгууллагаас томилогдсон этгээд төр, нийтийн эрх ашгийг хамгаалж чадахгүй гэж хууль зүйн буруу үнэлэлт дүгнэлт хийхдээ хуулийн дагуу бэхжүүлсэн нотлох баримтыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй.
Мөн миний үйлчлүүлэгч Ц.Д ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдгийг нотолж тогтоосон үйл баримт дурдаагүй, түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Улсын яллагч нь холбогдох хуулийн дагуу хийгээгүй, уг техникийн талаар мэдэгдэхүүнгүй байдлаас болж буруу аргачлалаар /гурвалжингийн гүүрэн дээр зогсдог газрын техниктэй харьцуулж/ үнэлсэн бүхэлдээ алдаа дутагдалтай тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд гэмт хэргийн хохирол гэж тайлбарладаг ч улсын төсөвт хэдэн сая төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоосон үйл баримт заадаггүй. Хохирогч хохирлын эх сурвалжийг зааж чадахгүй байгаагаас болж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хохирогч байгууллагын төсөвт хохирол учруулж, хууль зөрчсөн гэж үзэх ямар ч боломжгүй байдаг. Хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар нэгэн хохирол төлбөргүй гэдгээ байнга хэлдэг. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хохирол төлбөргүй гэж дүгнэснийг үндэслэлгүй байна, хохирогчийн талыг төлөөлөх эрхтэй биш гэж дүгнэлт хийсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 182 дугаар магадлалыг хүчингүй болгож Ц.Д ийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасныг дээд шатны прокурор Ж.Сандагсүрэнгийн эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхэд буцаасан шийдвэр гаргасан.
Өмгөөлөгч миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэг талыг барьсан, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлтэй гарсан.
2. Улсын яллагч яллах дүгнэлтдээ “...2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо” байгуулах тухай а/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.А, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Б, М.А, Г.Б, Ж.Ч нарын албан тушаалтнуудыг томилсон...” гэжээ. Тендер явуулахдаа Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдах худалдан ажиллагааны авах газар” гэж байгуулан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс аймаг, нийслэл, орон нутгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий худалдан авах ажиллагааны салбар нэгж байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарахад Булган аймагт “Худалдан авах ажиллагааны газар” дөнгөж байгуулагдан үйл ажиллагаа эхэлсэн ба тус тендерийн хорооны бүрэлдэхүүнд орсон хүмүүс худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн сертификат буюу А3-г авахаар сургалтад сууж байсан байна. Томилоход байдал ийм байсан ба “Д” компанийг тендерт шалгаруулахад эдгээр хүмүүс А3-г авсан байсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах” тухай хуульд анх томилоход заавал А3 сертификаттай хүмүүсийг томилно гэж хатуу зохицуулаагүй. Энэ нь шинэ тутам байгуулагдсан анхны ажил байсан ба эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эрүүгийн хариуцлага ногдуулах хэмжээний асуудал биш юмаа. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хууль”-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах бүрэн боломжтой байсан.
3. Мөн яллах дүгнэлтдээ “...ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г-н зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр валютын үнэ ханш өссөн үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж захиалагчийн захиалсан 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн...” гэжээ. Энэ нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудал. Зөвхөн Д.Э ын хүсэлтээр шийдвэрлээгүй юм. Хурлаар хэлэлцэж хамтын шийдвэр гаргасан байхад дан ганц Д.Э ын буруутай үйлдэл мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
4. Хавтаст хэрэгт Д.Э нь А.Г, Ц.Д , П.Б нартай үгсэж бүлэглэсэн нь нотлох баримтаар авагдаагүй байна. Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлнэ. Тэгвэл Д.Э нь хуульд заасан ямар үйлдлийг хийх ёстой байсныг хийгээгүй, ямар үйлдлийг хийх ёсгүй байсныг хийгээгүй талаар хангалттай нотлоогүй. Яллах нотлох баримтад хохирол учирсныг нотлох баримт нэг ч авагдаагүй нь улсад бодит хохирол учирсан эсэх, хэрэв учирсан бол хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байна.
5. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч томилсон тогтоол үйлдэгдсэн. Ингэхдээ уг тогтоолд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ явуулахаар Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч нарт даалгасан байдаг. Гэтэл хөрөнгийн үнэлгээний төв нь шинжээчийн дүгнэлт бус хөрөнгийн үнэлгээний тайлан гэж гаргасан нь хохирлыг бодитой тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасныг зөрчсөн. Шүүх шинжилгээний тухай хуулиар Шүүх шинжилгээний албаны эдийн засгийн шинжилгээ хийх эрх бүхий мэргэжлийн шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-т “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг; мөн хуулиар Хөрөнгийн үнэлгээчин хуулийн этгээд иргэний эд хөрөнгөд үнэлгээ тогтоож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргана” гэж байгаа болохоос бус шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд буюу шинжээч биш юм.
7. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан бол гэмт хэрэгт тооцно” гэж зааснаас тус тус үзэхэд гэм буруутайд тооцуулахаар дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл нь хохирол шаарддаг төдийгүй бодит хохирол заавал учирсан байхыг ойлгодог. Тиймээс ямар хэмжээний хохирол учирсан нь хэрэгт нотлогдоогүй байгаа нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна.
8. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “Танай 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2013 онд Хятад улсад үйлдвэрлэсэн “Votal WZ 25-16” загварын ухагч түрэгч бүхий ачигч тракторыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тооцон үнэлэв. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн харьцуулах аргаар тооцлоо. Ачигчийн үнэлгээг гурвалжингийн авто зогсоол, интернэт сайтуудын үнэ ханшийг судлан үнэлгээг тогтоов” гэсэн нь учир дутагдалтай юм. Ямар интернэт сайтаас үнэлгээний судалгаа хийсэн, гурвалжингийн авто зогсоол нь дээрх техникийг гадаадын улс орноос захиалан авчирч худалдан борлуулах ч юм уу, зах зээлийн үнэ ханшийг тогтоодог байгууллага мөн, биш нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байна.
9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.2-т “хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх” гэж заасан байхад энэ талаар дурдаагүй. Үүгээрээ дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь хохирлыг бодитой тогтоосон нотлох баримт болж чадахгүй юм.
Д.Э ыг бусад шүүгдэгч нартай бүлэглэж уг хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нь Д.Э нь шүүгдэгч нарыг танихгүй бөгөөд энэ хэргээс ямар нэгэн шан харам аваагүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд байгаа юм.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эргэлзээгүй нотлогдохгүй, уг хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд ашигтай байдлаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээр энэ хэрэг 2 удаа хэлэлцэгдэж 2 удаа цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр тус бүр 2 удаа хянан хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 2 жил 3 сарын хугацаанд шүүхээс шүүхийн хооронд хянагдаж байна. Анхан шатны шүүх нь хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтуудыг ямар хууль зүйн үндэслэлээр няцааж байгаагаа тодорхой дурдаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хэргийн харъялалын асуудал нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2 удаа цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүх хуралдаанд оролцохоор явсан прокурор нь осолд орсон талаар хавтас хэрэг авагдсан байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь Улаанбаатар хотод байдаг тул уг хэргийг дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б гийн өмгөөлөгч Д.Дарьбазар, шүүгдэгч Ц.Д ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Э , А.Г П.Б , Ц.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Д.Э , А.Г нарын үйлдлийг “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
П.Б , Ц.Д нарын үйлдлийг “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Э , А.Г нарын холбогдсон хэргийг “Төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, шүүгдэгч П.Б , Ц.Д нарыг Д.Э , А.Г нарын холбогдсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс яллагдагч нарын өөрсдийн мэдүүлэг болон хэрэгт авагдаж, цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь харилцан үгсэн тохиролцож, баримт бүрдүүлж, уг тендерт оролцсон байж болох үйл баримт авагдсан байхад хэргийн гол нөхцөл буюу гэмт хэрэг гарсан байдлын талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, яллах баримтуудыг няцаасан дүгнэлт хийгээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тодорхойлох хэсэгт тусгана гэснийг зөрчсөн гэж дүгнэн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг тодорхой тайлбарласан атлаа шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тогтоогдсон үйл баримттай хэрхэн нийцэж, эсхүл зөрчилдөж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа түүний үндэслэл болсон хэргийн нөхцөл байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, цагаатгах болсон үндэслэл, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах хууль ёсны шаардлагыг огт хангаагүй шийдвэр гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзнэ.
Энэ хэрэгт прокурор 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Булган аймгийн сум дундын шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг анхан шатны шүүх хэргийг 2 удаа хэлэлцэж, 2 удаа цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх явцад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаад дүгнэлт хийж, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж байгааг үндэслэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хэргийн үйл баримттай хамааралтай “гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацаа буюу гэмт санаа үйлдлээр хэрэгжиж эхэлсэн үеийг зөв тогтоож” хохирлыг 800 сая төгрөгөөр эсхүл нийлүүлсэн техникийн үнэ болон 800 сая төгрөгийн зөрүүгээр тооцох эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зөв тогтоовол зохино. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нотолбол зохих байдал”-д шууд хамааралтай юм.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, Н.Нарантуяа, Н.Номин-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, Н.Нарантуяа, Н.Номин-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН