Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 323

 

       

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж, хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 345 дугаар магадлалтай, Б.А-т холбогдох 1803008740462 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, “***” ХХК-нд кранчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б-н А.

Б.А- 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам, Төмөр замын вокзалын хойд замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Л-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Б.А- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөх” тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Шүүх хавтаст хэргийн 26-37 дугаар хуудас дахь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хянаж үзээд ... 7,470,000 төгрөг шинээр нэхэмжилснээс 4,070,124 төгрөгийг хохирогчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм. Шүүх хурал эхлэх хүртэлх хугацаанд бий болсон 1,142,769 төгрөгнөөс 242,769 төгрөгийг төлөөгүй байдалд буруу дүгнэлт хийж хохирлыг төлж барагдуулах санаачилга гаргаагүй гэж анхан шатны шүүх 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Тус шийдвэрт гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч Б.А- нь “Улаанбаатар менежмент” ХХК-нд 2012 оноос Кранчин мэргэжлээр ажиллаж ирсэн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдээ асрамжилж гэртээ байдаг. Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд 900,000 төгрөгийн хохирол төлсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн зүйлийн 1.4-т “дүгнэлт нь ...ял оногдуулахад нөлөөлсөн байвал” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул Б.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Энэ ялыг оногдуулснаар хохирогч А.Л-д учирсан хохирлыг төлж барагдуулах цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг төлөх, ар гэр дэх ажилгүй эхнэр, нялх хүүхдээ тэжээж тэтгэх боломжоор хангах юм” гэв.   

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс хэлсэн саналдаа “Гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирогчийн хөлд 10 ширхэг хадаас суулгасан. Тэр нь одоо хүртэл маш зовиуртай, хөлийг нь байнга холгох, хавдах асуудал гарч байгаа. Хохирогч А.Л- нь жирэмсэн байсан бөгөөд сая хүүхэд нь эндсэн асуудал гарсан. Анхан шатны шүүхэд 8,387,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 4,070,000 төгрөг төлөхөөр тогтоосон. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 900,000 төгрөг төлсөн байдаг. Ослоос хойш хохирогч 8 сар ажилгүй байгаа, анхан шатны шүүхээс 3 сарын цалин гаргаж шийдвэрлэсэн. Сая хөлний хадаасаа 1,900,000 төгрөгөөр авахуулсан бөгөөд үүнийг шүүгдэгч төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэ хохирлыг мөн тусгаж өгөөч гэж хүсэж байна. Ял шийтгэлийн хувьд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын талаар өөрчлөлт оруулж, хадаас авхуулсан 1,900,000 төгрөг, хохирогчийг асарсан 1,500,000 төгрөгийг нэмсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулаагүй байгааг шүүх харгалзан түүнд тохирсон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед шүүгдэгч бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй байсан боловч хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг цаг тухайд нь төлөх боломжийг хангах үүднээс шүүгдэгчид оногдуулсан ялыг торгуулын ял шийтгэлээр өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.А- 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзалын хойд замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Л-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой тооцоолж, ял шийтгэлийг зөв сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.А- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хөнгөн ангиллын гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн хийж, хохирогчид учирсан хохирол, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулах боломж олгохыг хүссэн зэргийг харгалзан үзэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхээр байна.    

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан “...Б.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн хангаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 345 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН