Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 256

 

 

  Л.Б , Б.Б , Б.Э , М.Д , Б.Л нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар цагаатгах тогтоол, Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалтай, Л.Б , Б.Л , Б.Б , М.Д , Б.Э  нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Л ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч М.Д , Б.Э , Б.Б  нарын өмгөөлөгч Б.Болормаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, 1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 2002 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 1721 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан Т овогт Л.Б,

2. Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон А овогт Б.Б,

3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,  А овогт Б.Э,

4. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт М.Д,

5. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Л нар нь Эрүүгийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байхад  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э , Б.Л , М.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э , Б.Л , М.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Д-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-н 80 литр А80 бензиний үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч тус бүрт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй.

Учир нь, анхан шатны шүүх яллах талын ямар нотлох баримтыг няцааж чадаагүй талаар тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа магадлалын 14 дүгээр хуудсанд “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй байна” гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй талаар заасан байхад хэт нэг талыг барьж тодорхойгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно.

Түүнчлэн ...шүүгдэгч нарын үйлдэл оролцооны талаар хөдөлбөргүй нотлох боломжтой эсэхийг үнэлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн зааварчилга өгч байгаа нь өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалтай зөрчилдөж байна гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нарыг тус тусад үйлдэлд нь дүгнэлт өгсөн анхан шатны шүүхийн эхний цагаатгах тогтоолыг олон үндэслэлээр цагаатгасан гэсэн дүгнэлтийг хийж хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан атлаа одоо ийнхүү дүгнэлт, чиглэлийг өгч байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй болно.

Мөн магадлалын 14 дүгээр хуудсанд анхан шатны шүүхийн дүгнэлтийг дурдаад “...үйл ажиллагааг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх үндэслэл болохгүй, харин тухайн үйл ажиллагааны талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол гаргах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй” хэмээн зөвлөмж зааварчилга өгч анхан шатны шүүхийн дотоод итгэлд нөлөөлсөн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шүүгдэгч нарыг буруутгаж байгаа зүйлчлэлийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл буюу Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх гэмт хэргийн тухайд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсон ба хүч хэрэглэж, буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд төрийн албан хаагч /хууль сахиулагч/-ийг хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байгаа болно. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б , М.Д , Б.Э  нарын өмгөөлөгч Б.Болормаа гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалт бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаана” гэсэн үг өгүүлбэр байхгүй байна.

2. Мөн М.Д , Б.Э , Б.Б  нар хууль сахиулагчийг хэрхэн яаж эсэргүүцсэн нь тодорхой бус, хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх алтны дээж ухах зөрчил гаргах гээд явж байсан нөхцөл байдал тогтоогдсон гэж таамаглал дэвшүүлж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. Б.Б , Б.Э  нарыг ямар нэгэн зөрчил гаргаагүй явж байхад нь зөрчил гаргах гээд явж байсан гэж таамаглалд үндэслэн хэсгийн төлөөлөгч Б.Б, байгаль орчны байцаагч Ц.Э нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт “...Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 24, 25, 26, 29, 30 дугаар зүйлүүдийг, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчин хууль журмаас гадуур саатуулсан үзлэг нэгжлэг хийсэн үйлдэл нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад давж заалдах шатны шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй байна.

4. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан явуулсан үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасан процесс, дүрэм журамд нийцээгүй нь түүний үйл ажиллагааг эсэргүүцэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль сахиулагч хуулиа зөрчиж үйл ажиллагаа явуулах нь зөв зүйтэй асуудал хэмээн үзэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагч нарын албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай сайн мэдсээр байж шүүгдэгч нарын хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэл байх ёстой. Гэтэл энэ байдал дээр Ц.Э хуурамч буюу хугацаа дууссан ажлын үнэмлэхтэй байсан. Түүнийг тэнд байсан одоогийн шүүгдэгч нараас ганц Л.Б  л мэдсэн. Бусад нь түүнийг хууль сахиулагч гэж мэдээгүй. Ц.Э-д ямар нэгэн гэмтэл хор уршиг учраагүй. Шүүгдэгч нарын хүсч гаргасан үйлдэл байхгүй. Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх үгүйсгэх, нотлогдоогүй гэж үзэх, түүнээс илүү ач холбогдолтой гэж үзэх баримтыг гаргаж дүгнэлт хийж чадаагүй. Тухайлбал, магадлалын тодорхойлох хэсэгт “...баталсан удирдамжийн дагуу...” гэсэн дүгнэлтийг хийсэн боловч энэ удирдамж нь сүүлд нөхөж гаргасан хуурамч баримт байсан. Учир нь, удирдамж гарсан өдөр, хэрэг гарсан өдөр нэг өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байдаг. Хохирогч Ц.Э, Б.Б нар тэр өдөр өглөө 6 цагт сумаас гарч 5-6 цаг явж хэрэг болдог газар ирсэн гэдэг. Гэтэл удирдамжийг боловсруулсан Ц.Э гээд биччихсэн байгаа. Удирдамж, шалгалт хийсэн өдөр яагаад ч нэг өдөр байх боломж нөхцөл байхгүй. Удирдамж гарсан юм бол байгаль орчны улсын байцаагч Ц.Э  удирдамжаа яагаад үзүүлж танилцуулаагүй юм бэ. Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар удирдамжаа үзүүлээд нэг хувийг нь өгөөд хяналт шалгалтаа явуулах хуультай. Тийм учир “удирдамжийн дагуу” гэдэг нь худал болоод байгаа юм. Миний үйлчлүүлэгч Л.Б нь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын ажил албан тушаалыг хашдаг. Тиймээс түүний ажил албан тушаалын нэр хүндийг унагах гэсэн улс төрийн бусармаг ажиллагаа анхнаасаа явагдаад байгаа нь илт байдаг.

Мөн 2017 оны 03 дугаар сарын 17-ны нэг өдөр өглөө 6 цагт явсан хүмүүс хэрэг зөрчилд хяналт шалгалт хийсэн, сумын Тамгын газрын даргын удирдамж гаргасан, хяналт шалгалт хийхээр явсан Ц.Э уг удирдамжийг боловсруулсан, Ц.Э тэр өдөр буцаж ирээд сумын эмчдээ үзүүлээд тодорхойлолт гаргуулаад авч байна. Энэ бүхэн цаг хугацаа, явсан туулсан зам, явсан зай, цас зудтай байсан учир тойрч очсон гээд байгаа нь итгэл үнэмшилгүй, хэрэгт хуурамч баримт бүрдүүлсэн гэж өмгөөлөгч би үзэж байгаа.

Давж заалдах шатны шүүх “удирдамж хэзээ гарсан баримт вэ” гэдэг талаар үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй. Прокурорын “удирдамжийн дагуу” гэдэг үгийг давж заалдах шатны шүүх буцаах үндэслэлээ болгосноос биш, харин энэ удирдамж хэзээ гарсан юм бэ, яагаад удирдамжаа улсын байцаагч үзүүлэлгүй хяналт шалгалтаа явуулж байгаа юм бэ гэдэг тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй.

Өмгөөлөгч би удирдамж нөхөж гарсан баримт гэж миний хэлснийг магадлалдаа огт дурдаагүй байна. Өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг хооронд нь сольж холиод дутуу биччихсэн байна.

Хэрэгт олон хуурамч баримтууд цугларсан байдаг. Тухайлбал, гэмт хэргийн талаар ирсэн гомдол мэдээлэл байхгүй, бүртгэгдээгүй, ухсан нүхний гэрэл зураг, тэнд байгаагүй хүмүүсийн гэрэл зураг, удирдамж, үзлэг хийсэн тэмдэглэл дээр хөндлөнгийн гэрч гарын үсэг зураагүй, зөрчил гаргаагүй байхад эд зүйлийг шууд хурааж авсан, зөрчлийг шалгасан нотлох баримт байхгүй, Ц.Э-ын эрх зүйн байдлыг тогтоосон гэх баримтууд бүгд хуулбар, Ц.Э шүүх хуралдаанд ирдэггүй, шүүгдэгч Б.Б  бичиг үсэг мэддэггүй байхад түүнийг өмгөөлөгч байлцуулахгүйгээр шууд сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан, нотлох баримтаас хасуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй, Л.Б ыг 2 удаа яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн гэх мэт баримтууд байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан байхад хэрэгт дээр дурдсан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан маш олон баримт байгаа.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ... баримтаар тогтоогдоно” гэж заасан байхад энэ хэрэгт ямар ч гомдол, мэдээлэл ирээгүй бүртгэгдээгүй байдаг. Энэ нь улс төрийн намуудын, эсвэл нам хоорондын нэгнийгээ хэрэгтэн болгох гэсэн санаа зорилго байгаа гэж ойлгож байгаа. Л.Б тэр газар юу хийж явсан юм бэ гэхээр газар ухах гэсэндээ биш экскаватороо түрээслүүлсэн учир дутуу сэлбэгийг нь өгөх гэж тэр хүмүүсийн араас очсон байдаг. Прокурор “ард иргэдээс мэдээлэл ирсэн” гэж хэлдэг ч тэр ард иргэдийг яагаад нуугаад байгаа юм бэ. Т.Г гэдэг хүн өөрийнхөө гэрэл зургийг тавьж байгаад олон нийтийн сүлжээгээр энэ эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар, шүүх хуралдаан хэзээ, хаана болох гэж байгаа талаар, ял сонсоно гэж маш дэлгэрэнгүй мэдээлэл цацсан. Энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар өмгөөлөгч би гаргаж өгсөн.

Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоог хөдөлбөргүй нотлох” гэсэн дүгнэлтийг хийсэн нь урьдаас хөдөлбөргүй гэх баримт байх ёсгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчмыг зөрчиж байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн “хөдөлбөргүй нотлох” гэсэн үүргийг анхан шатны шатны шүүх биелүүлэх боломжгүй.

Прокурор “уриалсан нь зөрчлийн шинжтэй”, харин “эд зүйлээ буцааж авах гэсэн нь гэмт хэргийн шинжтэй” гэсэн дүгнэлтийг хийдэг. Нэг дор болсон үргэлжилсэн зөрчлийн шинжтэй үйлдэл яахаараа гэмт хэрэг болчихдог юм гэдгийг ойлгохгүй байна.

Мөн “Улсын байцаагчийн эрх үүрэг дуусгавар болоогүй байсан” гэж тайлбарладаг. Байгаль орчны улсын байцаагч Ц.Э-ын ажлын үнэмлэхний хугацаа дууссан байсан. Дуусгавар болоогүй байсан юм бол удирдамжаа  батлуулж ирээд үзүүлж, шалгуулах гэж байгаа хүмүүстээ танилцуулаад, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөд хяналт шалгалтын ажлаа хийх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн хэргийн нөхцөл байдлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан хяналтын шатны гомдолд нэмэлт болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн доорх гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүх нь “...хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч бүрийн оролцоог хөдөлбөргүй нотлох боломжтой эсэхийг үнэлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэж хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болно.

Гомдлын үндэслэл нь: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нар, гэрчүүдийн мэдүүлгийг сонсож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Л. Б нь хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн нь тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруутай нь тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, зөрчил гаргасан талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.8, 5.1 дүгээр зүйлийн 2, 5.9 дүгээр зүйлийн 3, 5.10 дугаар зүйлийн 13, 10 дугаар зүйл, 16 дугаар зүйлд заасан үүргээ улсын байцаагч хэрэгжүүлээгүй нь хууль сахиулагчийн хуульд заасан хууль ёсны шаардлага тавьсан гэх үндэслэлгүй, энэ талаар ямар нэг тэмдэглэл болон зөрчил илэрсэн талаарх ямар нэг хуульд заасан зохих ажиллагаа хийгдээгүй, зөрчилд хуульд заасан хариуцлага тооцоогүй, хуульд заасан журмын дагуу хууль сахиулагчийн зүгээс шаардлага тавьж, зохих ажиллагаа хийгээгүй, хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны ямар шаардлагыг эсэргүүцсэн нь тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйг нотолж байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй билээ.

Өөрөөр хэлбэл, Л. Б нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байдаггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл байгаль орчны улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б.Б нарыг албан үүргээ биелүүлж байхад нь Л.Б  нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Гэсэн ч байгаль орчны улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар ямар албан үүрэг гүйцэтгэж явсан нь тодорхой бус, ажлаар явсан гэх баримтуудыг нөхөн бүрдүүлсэн байх магадлалтай. Зарим тушаал, шийдвэр нь тамга тэмдэггүй байдаг.

Л.Б  нар нь байгаль орчны ямар зөрчил гаргасан талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Түүнчлэн байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч нар нь өөрсдийгөө ямар албан үүрэг гүйцэтгэж яваа талаар танилцуулахгүйгээр шууд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан нь тэдний хооронд маргаан гарах үндэслэл болсон байдаг.

2. Давж заалдах шатны шүүхээс хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан явуулсан үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасан процесс, дүрэм журамд нийцээгүй нь түүний үйл ажиллагаанд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх үндэслэл болохгүй. Харин үйл ажиллагааны талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол гаргах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм.

3. Байгаль орчны байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хуульд заасан байгаль орчны улсын байцаагчийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн, Л.Б нар нь байгаль орчны ямар зөрчил гаргасан, зөрчлийг хэрхэн илрүүлж, шалгаж, тогтоож, ямар арга хэмжээ авсан талаар хэрэгт ямар нэг баримт байдаггүй бөгөөд харин ч эсрэгээрээ ямар нэг зөрчил гаргаагүй явсан иргэдийн зарим нэгтэй хээр таарч, зарим хэсэг нь өөрсдөө улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч дээр очих үед ажил хийж яваа дүр эсгэн дөвчигнөж, хууль бусаар нэгжлэг хийж, эд зүйлсийг хураасан /тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчиж/ нь хэргийн материалаас харагддаг. Түүнчлэн хохирогч Э нь өөрийгөө ямар албан тушаалтай, хэн гэгч хүн, ямар асуудлаар иргэдийн бичиг баримтыг шалгаж байгаа талаар өөрийгөө танилцуулахгүйгээр иргэн Л.Б аас бичиг баримтаа шалгуулахыг шаардан, Иргэдийн хурлын төлөөлөгч явна гэж дур мэдэн хууль бусаар бичлэг хийхэд нь Батжаргал нь өөрийнх нь бичиг баримтыг үзье гэдэг асуудлыг тавьж, Энхтуулын улсын байцаагчийн үнэмлэхний хугацаа дууссан байсантай холбоотойгоор маргаан үүссэн, уг маргаан үүсэх шалтаг болж, хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн гэх үндэслэл байдаг. Дээрх байдлаас үзвэл Л.Б  нь гэмт хэрэг үйлдсэн талаарх субьектив санаа, зорилго байхгүй, обьектив тал түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдаг. Иймд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж тэднийг цагаатгасан нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б , Б.Л , Б.Б , М.Д , М.Э нарыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э , хэсгийн төлөөлөгч Б.Б  нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж анхан шатны шүүх дүгнээд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр хэрэгт ач холбогдолтой яллах талын нотлох баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байна.

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б  нь бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй, цагдаагийн алба хаагчийн болон улсын байцаагчийн хуулийн дагуу тавьсан шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинж тогтоогдоогүй гэж дүгнэхдээ яллах дүгнэлт, шүүх хуралдаанд улсын яллагчаас хүч хэрэглэсэн шинжийг тодорхойлсон яллах талын нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэсэн ганц үгээр шууд няцаан дүгнэж, уг дүгнэлтийнхээ үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ огт дурдаагүй байна.

Мөн анхан шатны шүүх “... хураасан эд зүйлийг буцаан авсан, Л.Б  нь улсын байцаагч Ц.Э-г цохьсон” болох нь тогтоогдож байгаа боловч цагдаагийн алба хаагч, улсын байцаагчийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм журамд нийцээгүй, албан үүргээ биелүүлж байсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан обьект гэмт халдлагад өртсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э , хэсгийн төлөөлөгч Б.Б  нарыг албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд удирдамжаа танилцуулаагүй, хугацаа дууссан үнэмлэхтэй байсан нь тэднийг эсэргүүцэх, хүч хэрэглэх хууль зүйн үндэслэл болсон мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлээр хамгаалсан харилцааг зарим тохиолдолд зөрчиж, зарим тохиолдолд зөрчиж болохгүй гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээний императив шинжийг үгүйсгэсэн дүгнэлт болжээ.

Дээрх үндэслэлүүдээс гадна магадлалд дурдагдсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан цагаатгах тогтоолд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэл нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил гэж үзсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Л ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч М.Д , Б.Э , Б.Б  нарын өмгөөлөгч Б.Болормаа нарын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү”  гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Л ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч М.Д , Б.Э , Б.Б  нарын өмгөөлөгч Б.Болормаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН