Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 80

 

ЖДҮХС-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00182/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖДҮХС-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д- З- Г-” ХХК,

                   Т.Т-,

                   Б.Г- нарт холбогдох

"Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527.595.218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд Прокурор Б.Сүрмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ЖДҮХС- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...”Д- З- Г-” ХХК нь ЖДҮХС-гаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-121 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

- Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц,

- “Д- З- Г-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай Амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10.208.273 төгрөг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/3-121 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах,

-Үндсэн зээлийн 500,000,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26,274,499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 527,595,218 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц,

-”Д- З- Г-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д- З- Г-” ХХК нь ЖДҮХС-гаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-121 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Т.Т-ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10.208.273 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, Дархан-Уул аймагт биечлэн очиж уулзсан. Зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/3-121 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 500.000.000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26.274.499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 527.595.218 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- З- Г-” ХХК, Б.Г- нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компани өмнө нь ЖДҮХС-гийн нэхэмжлэлд тайлбар хүргүүлэхдээ 2020 оны 4-р сард нэхэмжилсэн үнийн дүнтэй төлбөр тооцоог барагдуулах тайлбар хүргүүлж байсан билээ. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар Гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдэгдэж бид энэ эх үүсвэрээс төлбөрийг барагдуулах байсан боловч Шинэ төрлийн корона вирус дэгдэж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын хурал 5 дугаар сарын 1 хүртэл хойшлогдлоо. Иймээс энэ хугацаанд зээл болон зээлийн хүү алдангийг төлөх боломжгүй байдал үүсч нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байна.

Тус аж ахуйн нэгж нь ЖДҮХС-гаас удаа дараа зээл аван зээлийг зориулалтын дагуу ашиглан жижиг дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэн зээлийг хугацаанд нь төлж байсан билээ. Энэ удаагийн 500 сая төгрөгийн зээлийг ч мөн адил зориулалтын дагуу ашигласан. Гэтэл зээл ашиглах явцад барилгын ажил удааширсан, учир нь анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар батлагдсанаас үүдэн 12х24 хэмжээтэй 460 м.кв талбайтай ажлын байр барих ажил удааширч, мөн эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасаж эхэлсэн. Энэ талаар ЖДҮХС-д удаа дараа хүсэлт тавьж барьцаа хөрөнгийн чанар үнэлгээ нэмэгдсэнийг дурдаж дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмж олгон үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар хүсэлт тавьж байсан. Гэтэл бодит байдалд дүн шинжилгээ хийж манай Жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг тусламж үзүүлэхгүй ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар хуулийн байгууллагад хандаж байгаад гомдолтой байна. Бид 20 гаруй жил энэ үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох гэж амаргүй олон нугачааг туулж татвар, нийгмийн даатгал, цалин түрээс, түүхий эд материалын үнийн хөөргөдөл зэрэг нугачуулсаар 10-15 хүний ажлын байрыг хадгалж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан ажиллаж байна. Бидний энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- З- Г-” ХХК-ийн төлөөлөгч Т.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Үндсэн зээлийн төлбөр 500.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26.274.499 төгрөг дээр маргах зүйл байхгүй, харин зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Т- зээлийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр гэрээнд тусгагдсан байгаа боловч цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлаж, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх боломжтой. Удаа дараа Т.Т- санал хүсэлт тавьж байсан байдаг, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөөч гэж, гэтэл Жижиг дунд үйлдвэрийн зүгээс өнөөдөр Монгол оронд ямар нөхцөл байдал үүссэн байгааг 2018-2019 он дамжиж манай улсад эдийн засгийн хямрал дэлхий дахинд үүссэнтэй холбоотой, бизнесийн үйл ажиллагаа доголдолтой байсан. Дээрээс нь Улс орон даяар хорио цээр тогтоосонтой холбоотой үйл ажиллагаа зогссон байгаа, үүнийг харгалзан үзэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх арга хэмжээ байсан. Ийм арга хэмжээ авахгүйгээр шүүхэд хандаж байгаа нь Т.Т-ийн хувьд зохих хэмжээгээр эрх ашиг нь зөрчигдөж байна. Уян хатан хандах боломжтой байсан гэж үзэж байгаа. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь учир дутагдалтай байна, тийм учраас нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Цаашид Жижиг дунд үйлдвэрлэл нь төлбөрийн асуудлаа уян хатан байдлаар 2 тал уулзалдаж шүүхийн бус аргаар харилцан ойлголцох боломжтой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Д- З- Г-” ХХК, Б.Г- нар үндсэн зээл 500.000.000 төгрөг, хүү 26.294.499 төгрөг, нийт 526.294.499 төгрөгийг нэхэмжлэгч ЖДҮХС-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Т.Т-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц, “Д- З- Г-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Т-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЖДҮХС- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д- З- Г-” ХХК, Б.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 2.789.422 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Т- давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч “Д- З- Г-” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, хариуцагч Б.Г- бид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ЖДҮХС-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

ЖДҮХС- 20119 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016/3/121 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны байдлаар 522.160.914 төгрөг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан учир 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүнгээр буюу 522.160.914 төгрөг шаардах ёстой байхад, зээлийн дүнг нэмэгдүүлэн 527.595.218 төгрөг нэхэмжилсэн нь буруу байна.

Эндээс үзэхэд хүү 26.274.499 төгрөгийг илүү нэхэмжилсэн буюу / 527.595.218- 522.160.914 / зөрүү 5.434.304 төгрөгийг илүү нэхэмжилсэн, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон Анхан шатны шүүх хуралдаанаар илүү нэхэмжилсэн 5.434.304 төгрөгөөс 1.300.719 төгрөгийг илүү нэхэмжилсэн дүнгээс хасуулсан, одоо үлдсэн 4.133.585 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан хариуцагч “Д- З- Г-” ХХК болон, Б.Г- нарт холбогдуулан зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 527.595.218 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 526.294.499 төгрөгийг хариуцагч зөвшөөрснийг баталж, нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа ЖДҮ-н дэмжих сан нь  2019 оны 6 дугаар сарын 18 -ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016/3/121 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны байдлаар 522.160.914 төгрөг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан учир 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх дүнгээр буюу 522.160.914 төгрөгийг шаардах ёстой байхад зээлийн дүнг нэмэгдүүлэн 527.595.218 төгрөг нэхэмжилсэн нь буруу.

Иймд 26.274.499 төгрөгийг илүү нэхэмжилсэн буюу зөрүү 5.434.304 төгрөгийг илүү нэхэмжилснээс  нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөгийг хасуулж  одоо үлдсэн 4.133.585 төгрөгийг хасч өгнө үү гэж ээ.

Хариуцагчийн давж заалдах дээрх гомдлыг хангах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэл дээр холбогдуулж хянах ёстой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх нь хариуцагчийн эрхэд хамаатай бөгөөд шаардлага болон үндэслэлийг татгалзсан тохиолдолд энэ талаар хариу тайлбар гарган, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. 

Ийнхүү ирүүлснээр нэхэмжлэгч тал маргааны зүйлийн талаар хариу тайлбар баримт гарган мэтгэлцэх, шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангах, мэтгэлцээнийг удирдах, маргааны зүйлтэй холбоотой баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах ийнхүү судалсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчим болон энэхүү хуулиар тогтоосон журамд нийцэх юм.

            Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд давж заалдах гомдолд дурдсан энэхүү үндэслэлийг дурдаж баримт гарган мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх үндэслэл нь маргааны зүйл болоогүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

            Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгосон хүүгээс гадна илүү нэхэмжилсэн гэх хүүг  хэрэгсэхгүй болгох талаар гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан  нь шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай холбоотой  хэдий ч  талуудын гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үнийн дүнгийн талаар дүгнэлт хийх өөрчилж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд харшлах юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тодорхой хэсгийг эс зөвшөөрч гомдол  гаргасан хариуцагчийн байдлыг дордуулж нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй байхад нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь  шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан нь Улсын бүртгэлд төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газар гэх статустай бүртгэгдсэн бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх дэмжихэд оршино гэж заасан байна. Иймд энэхүү сангаас олгох зээлийн тухайд нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 451, 453  дугаар зүйлд нийцэхгүй байна.

Учир нь банкны зээлжих үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс олгосон зээлд нэмэгдүүлсэн хүүг тооцож болохоор хуулийн зохицуулалттай байна.

Зээлийн гэрээний улмаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь хэдийгээр хэд хэдэн агуулга бүхий үнийн дүн нийлж нэхэмжлэлийн үнийн дүнг бүрдүүлэх боловч шүүхэд гаргаж байгаа тус тусдаа шаардлага хараахан биш юм.

Иймд хариуцагчийн үндсэн зээлийн болон хүүгийн дүнг маргаагүй байдлыг энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.

Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Д- З- Г-” ХХК, Б.Г- нар үндсэн зээл 500.000.000 төгрөг, хүү 26.294.499 төгрөг, нийт 526.294.499 төгрөгийг нэхэмжлэгч ЖДҮХС-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “Д- З- Г-” ХХК, Б.Г- нараас үндсэн зээл 500.000.000 төгрөг, хүү 26.294.499 төгрөг, нийт 526.294.499 төгрөгийг гаргуулан ЖДҮХС-д олгож, нэмэгдүүлсэн хүү 1.300.719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Т-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.МӨНХДАВАА

                                                        ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ