| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 170/2017/0026/Э |
| Дугаар | 347 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 347
Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолтой, Д.Г-д холбогдох 201613000173 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д-н Г.
Д.Г- нь эхнэр Д.У-ийг зодон ургийг зулбуулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-гийн үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн заалт нэмж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа бичсэн дүгнэлтдээ “...Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхээс Д.Г-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлээд 1 дугаартай дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх заалтуудад өөрчлөлт оруулсан нь Д.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 -т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна.
Иймд Д.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуулийн тодорхой хэм хэмжээ Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.
Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.
Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжтэй болдог тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар хэрэглэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, процессын зарим хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нөхцөл болдог бөгөөд энэ нь эцсийн дүндээ тухайн хэм хэмжээний холимог шинж чанарын илэрхийлэл болно.
Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессын хэм хэмжээ хүчингүй болсонтой шууд холбоотойгоор эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирах тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хуулиар тогтоогоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх “nullum crimen sine lege”, үүнтэй харилцан ижил агуулгаар илэрхийлдэг хуулиар тогтоогоогүй бол ял шийтгэлгүй байх "nullum poena sine lege", түүнчлэн хууль буцаан хэрэглэх “ex post facto” зэрэг зарчмуудын агуулга, үзэл санаанд нийцнэ.
Иймд эдгээр үндэслэлүүдийг баримтлан Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Г-д оногдуулсан ялыг хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлж тогтоосныг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Д.Г-д оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолын холбогдох заалт, хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-гийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 166 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 2,490 нэгж буюу 2,490,000 төгрөгийг хасаж, Д.Г-д оногдуулсан торгох ялыг 7,510,000 төгрөгөөр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН