Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01744

 

“БТ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “ӨБХ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 19 958 000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “БТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъяндорж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БТ” ХХК нь 2014 онд 8 дугаар сард “ӨБХ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабел шугам/оргил стар хотхоны ХТП-3027-оос Шинэ ХТП хүртэлх 0.64км 10 кв-ын кабел шугам/-ын угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм. Тухайн үед Оргил стар хотхон ашиглалтанд орж, улсын комисс ажиллах болсон байсан тул бид 19.958.000 төгрөгийн төсөв зохиож танилцуулахад “ӨБХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбат түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар биднээр ажлаа гүйцэтгүүлж, ажлынхаа гүйцэтгэлийг хүлээн авсан юм. Гэвч ажил хүлээн авсанаас хойш баталгаат хугацаа 3-н жилийн хугацаа дуусахаар төлбөрийг чинь төлнө гэж байсан боловч төлөлгүй явсаар одоог хүрлээ. Улмаар 2019 оны 5 сард гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбаттай уулзахад одоо дарга нар солигдсон яаралтай олгоё гэж байсан боловч одоог хүртэл өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Хавтаст хэрэг авагдсан ажлын акт, гэрч Ц.Атарболд, тухайн ажлыг хийсэн н.Тэгшдүүрэнгийн гэрчийн мэдүүлэг, хурал дээр асуусан гэрчийн мэдүүлгүүдээр “БТ” ХХК нь “ӨБХ” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн Оргил стар хотхонд цахилгаан шугамын угсралтын ажил хийсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд 19.958.000 төгрөгийг “ӨБХ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ӨБХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ӨБХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай барилгын ажил захиалж гэрээ байгуулаагүй бөгөөд “БТ” ХХК-аас манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх акт юм уу холбогдох баримт материал огт алга байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчийг оролцуулах санал тавьсан нь маш зүйтэй болсон байна. Гэрчийн мэдүүлгээр бүх зүйл тодорхой боллоо. Гэрч нь мэргэжлийн хүн учир бид нарын мэдэхгүй олон зүйлийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж мэдүүллээ. Тухайн үед би компанийг төлөөлөх эрхгүй, зөвхөн уламжлах үүрэгтэй хүн байсан гэж мэдүүлсэн. Тиймээс энэ хэлцэл “ӨБХ” ХХК-тай албан ёсоор хийгдсэн хэлцэл биш байна. Мөн тухайн үед  “ӨБХ” ХХК-ийн захиралтай уулзаж Засгийн газрын шугам татах ажил хийж байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг Ц.Атарболдын мэдүүлэгтэй таарч байна. Ц.Атарболд мэдүүлэхдээ Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд Дорнод 135 кв станцаас Засгийн газрын ордны шугам татах ажил хийж байсан гэж мэдүүлдэг. “БТ” ХХК кабел шугам татаж байгаад “ӨБХ” ХХК-ийн талбай дээгүүр дайрахдаа Л.Эрдэнэбаттай уулзаж тохиролцсон юм байна. Тохиролцох үед төсөв мөнгө, хариу төлбөр яригдаагүй. Нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримтууд хангалтгүй байна. Эцэст нь хэлэхэд ажил гүйцэтгэсэн харилцаа үүссэн гэж байгаа боловч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байна. Ажлын үр дүнг хүлээлгэж өгч байж хөлс шаардах эрх үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨБХ” ХХК-аас нийт 19 958 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БТ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 258 000 төгрөгөөс 257 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өндөр буянт холдинг” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257 740 төгрөгийг, улсын орлогоос 27 260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “БТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ӨБХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ӨБХ” ХХК нь 2007 оноос эхлэн нийслэлд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг бий болгож байгаа туршлагатай барилгын компани бөгөөд барилгын тухай хууль, бусад дүрэм журамд заасны дагуу барилга угсралтын бүхий л ажлыг батлагдсан зураг, төсөв, гэрээнд үндэслэн гүйцэтгэдэг. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “ӨБХ” ХХК-аас бусдад захиалаагүй, ажлын үр дүнг хүлээж аваагүй, хөрөнгөжөөгүй ажлын хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал “ӨБХ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Оргил стар хотхоны барилгын талбайд 60 м цахилгааны утас тавих ажил хийсэн гэх боловч ажлын үр дүн, далд ажлын акт, ажлын зураг, бусад холбогдох баримтыг хүлээлгэж өгөөгүй тул уг ажлыг “ӨБХ” ХХК нь барилгад ашиглаагүй, ашиглах боломж ч үгүй юм. Учир нь барилгыг төрийн эрх бүхий байгууллагаас томилогдсон барилга ашиглалтад хүлээн авах улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар ажилладаг бөгөөд ажлын ил далд акт, ажлын зураг төсөл, зөвшөөрөлгүй аливаа барилгын ажлыг улсын комисс хүлээж авдаггүй хуультай. Иймд нэхэмжлэгч талын хийсэн гэх ажлыг Оргил стар хотхоны барилга дээр хэрэглээгүй, уг ажлын үр дүнг манай компани эзэмшээгүй, ашиглаагүй болно. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан байна. Гэтэл манай компанийн хувьд нэхэмжлэлд дурдсан ажлын үр дүнг хэрэглээгүй, хүлээж аваагүй, ашиглаагүй, хөрөнгөжөөгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “БТ” ХХК хариуцагч “ӨБХ” ХХК-д холбогдуулан  кабел шугам татсан ажлын хөлс 19.958.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “БТ” ХХК нь 2014 оны 8 дугаар сард Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хариуцагч “ӨБХ” ХХК-ийн Оргил стар хотхоны хаалттай трансформаторын дэд өртөө-3027-оос шинэ хаалттай тансформаторын дэд өртөө ХТП  хүртэлх 0.64 км, 10 кв-ын кабел шугамын угсралтын ажлыг өөрийн зардлаар хийж зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд гаргажээ. / хх-ийн  9-21, 53, 70, 71 /

Хариуцагч шугам угсралтын ажлыг захиалаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй гэж маргасан боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримтыг болон гэрч Ц.Атарболд, Н.Тэгштөр, Л.Эрдэнэбат нарын мэдүүлгийг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

Тухайлбал, гэрч Л.Эрдэнэбат тухайн үед төслийн удирдагчаар ажиллаж байсан бөгөөд тэрээр “...Тухайн үед БТ ХХК Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабелийн шугамыг татаж өгсөн. БТ ХХК-ийн захирал Баянмөнхтэй ярилцаад кабелийн ажил хийхээр болсон. Үндсэн кабелийн угсралт болон газар шорооны ажлыг хийлгүүлсэн...”, даргалагчийн:  “0.64 км, 10 кв-ын кабел  шугам татсан гэж байна. Та ямар зайтай, хэдэн квт шугам татсаныг мэдэж байна уу” гэсэн асуултанд “Барагцаагаар тийм  Тоо хэмжээн дээр бид маргалдахгүй байх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/, гэрч Ц.Атарболдын “...Оргил стар хотхоны цахилгаан дамжуулах кабелийн шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо болтол миний татсан кабелийн шугамаар Оргил стар хотхоныг тэжээж байгаа, “ӨБХ” ХХК-ийн захирал Л.Эрдэнбат гэдэг ирээд энэ кабелийн ажлыг хийлгэе гэхэд нь захиралтай уулз гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/, гэрч Н.Тэгштөрийн “...Оргил рашаан сувиллаас Оргил стар хотхон руу  цахилгаан дамжуулах кабелийн шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/ болон нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан 2014 оны Гүйцэтгэлийн бичиг баримт, №35/2014 Төсөв зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч “ӨБХ” ХХК-аас 19.958.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч байгууллагын төслийн удирдагчаар ажиллаж байсан Л.Эрдэнэбатыг тус компанийн гүйцэтгэх захирал хэмээн андуурч Оргил стар хотхоны ХТП-3027-оос шинэ ХТП хүртэлх 0.64 км 10 кв-ын кабел шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж өгсөн талаарх үйл баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                            

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01124 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ