| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 135/2020/00487/и |
| Дугаар | 98 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 98
Д.Х-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00487/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Х-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч А.А-д холбогдох
“Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагч А.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Д.Х- нь 1991 онд Ахмадын мөнх цаст хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадууд бидний цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллаж ирсэн. Миний бие өөрийн эх С-гийн төрсөн эгч Б-гийн өргөж авсан охин Ц-ын охин болох А.А-ыг 2008 онд Улаанбаатар хотод ажилгүй, орох оронгүй, ядарч явахад нь амьдралд нь тусалж дэмжихээр хажуудаа авсан юм. 2017 онд би тархиндаа тал цус харваж, 2018 онд хөлөө гэмтээснээр хүний асаргаанд байх зайлшгүй шаардлагатай болсон ба тус ондоо ахмадын мөнх цаст хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн. Түүнээс хойш А.А- надад таны үр хүүхэд, ач, зээ нар таныг хаясан, одоо надаас өөр таныг харж хандах хүн байхгүй гэж удаа дараа хэлж, шахаж шаардсаар байгаад миний Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газрыг тус тус 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар түүний нэр дээр шилжсэнээс хойш А.А- нь надтай муухай харьцах нь улам бүр нэмэгдсэн төдийгүй миний үр хүүхэд над дээр ирэхэд түүнийг хөөж, муухай аашилсан. А.А-ын урьд гаргаж байсан сайхан зан харьцаа нь байшин, газрыг өөрийнх болгох санаа зорилготой байсан бөгөөд миний урьд өгсөн газрыг бусдад худалдсан, түүнийгээ надаас нууж худал хэлснийг би сая мэдсэн. Түүнчлэн миний үр хүүхэд бэлэглэлийн гэрээгээр байшин газраа А.А-д шилжүүлэн өгсөн талаар тодруулахаар А.А-аас асуухад Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн гэж худал хэлсэн байна. Иймд тус бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газрыг миний өмчлөлд буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай шаардлагадаа:
Миний эмээ Д.Х- нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 805.0м.кв газрыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийг нь асарч байсан А.А-д бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн өгсөн байдаг. Бид эмээгээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөр дээрээ авсан бөгөөд түүнийг дэргэдээ авахад байдал хүнд, өөрийн хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй, сэтгэл санаа тогтворгүй, зарим зүйлийг мартаж, санах зэрэг бие болон сэтгэлийн маш хүнд дарамтад амьдарч ирсэн мэт байсан. Одоо эмээгийн бие дээрдэж байгаа бөгөөд өөрийн /Ахмадын мөнх цаст хоршооны/ үл хөдлөх эд хөрөнгийг А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснөө ойлгохгүй, тийм зүйл байх учиргүй, А.А- хуурч, буруу ойлголт төрүүлж бэлэглэлийн гэрээ хийж авсан гэж тайлбарладаг бөгөөд эмээ маань өөрөө хоршооны тодорхой нэр бүхий гишүүдэд хуваан өгөх хүсэлтэй байгаа билээ. Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг улсаас өгсөн биш харин эмээгийн маань эрүүл мэндийн байдал хүнд, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн авсан байдаг. Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 805.0м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Х-гийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 онд хотод байхад эмээ тархиндаа цус харваад дараа нь Дарханд ирээд хөлөө гэмтээгээд хоршоогоо ажиллуулж чадахаа болиод хоршоогоо татан буулгасан. Ингээд татан буулгах гээд намайг хотод байдаг болохоор шилжүүлээгүй. А.А- эгч хардаг байсан. Би хүрч ирээд лавлагаа гаргуулах гээд хөөцөлдөөд явж байхад лавлагаа нь ажлын 5 хоногт гардаг гэхээр явсан. Сая цагаан сараар эмээ дээр ирж золгохдоо мэдээд А.А- эгчтэй уулзсан. Эмээг амьд сэрүүн байхад энэ газрыг хөдөлгөхгүй шүү гэхэд А.А- нь би газраа яахаа өөрөө мэднэ гэсэн. Ингээд маргаан үүссэн. Ингээд цагаан сараар маргаан үүсээд би эмээгээ авч явсан. Эмээг ойр ойрхон бааж шээлээ гээд гар хүрдэг байсан гэсэн. Би бичлэг хийлгэж авсан. Эмээ өөрөө би шилжүүлээгүй гэдэг. Эмээ эмчийн бичгээр насны доройтолд орсон. А.А- надад хэлэхдээ улсаас шүүхэд хандаж хоршооны залуу өв залгамжлагч гэж авсан гэсэн. Гэтэл тийм биш нотариат дээр очоод бэлэглэлийн гэрээгээр авсан байсан. Үүнийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. А.А- эгч худлаа ярьсан нь тодорхой болж байна. Гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хоршооны гишүүдийн өмч дээр маргах зүйл байхгүй, эмээ маань хүртэл ийм хүсэлттэй. Зарим хүмүүс газар, саалийн үнээ өгч байсан юм билээ. Үлдсэн газрыг улсдаа өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч А.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх Улаанбаатар хотод дотоодын шүдний эмнэлэгт 2006 онд ажиллаж байгаад 2007 онд амралтаа аваад ирэхэд Д.Х- эгч, Н- эгч 2 аавыг очиж гахайчин тахиачин хийж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сард над руу яриад дулаан байхгүй, хувцас авчирч өгөөч гэсэн. Ингээд нөхөр бид 2 шүүр энэ тэрийг янзлаад өгсөн. Манай эмч надад замын зардал 20.000 төгрөг өгөөд явуулсан байсан. 2015 онд Х.Б-гийн аав нь Д.Х- гуайн хүү нь нас барсан. 2013 оноос эхлүүлээд надад өгнө гэсэн яриа байдаг байсан. 2016 онд гишүүд хувааж авна гэж ярьж байсан. 2017 онд би энэ газрыг авахаар явсан. Ингээд Н- гэдэг дүүг нь хотоос авчруулсан. Тэр дүү нь хуурамч итгэмжлэл хийлгээд авсан байсан. Тухайн үед Д.Х- гуай цоо эрүүл ухаантай байсан. Э-, М- гэдэг хүмүүс нийлж хуурамчаар итгэмжлэл үйлдсэн байсан. Бид 2 хамтдаа хоршоог татан буулгах асуудлаар 2-3 удаа яваад удсан. Тэгээд итгэмжлэл хийлгэсэн хүндээ өгөхгүй юм уу гээд холбогдох хүмүүс нь асуухад миний өвгөн болон намайг асардаг байсан энэ хүнд өгнө гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 31 хүртэл ухаан санаа нь сэргэг байсан. Х.Б-г авч яван явтал зүгээр л байсан. Би хууран залилж, мэхэлсэн зүйл байхгүй. Өөрөө л надад өгнө гээд байсан. Хамгийн анх өндөр насны зөвлөл гэж нээгдсэн юм билээ. 1995 онд Жаргалан гэж хоршоо, 1996 Мөнхцаст хоршоо нээсэн. Тэгээд албан газрын акталсан хөрөнгийг авч босгосон юм билээ. Энэ 7 гишүүн байна гээд байна, хоршоо бол байнга өөрчлөгдөж байдаг. Хамгийн сүүлийн дүрэм 2013 онд өөрчлөгдсөн. Түүн дээр 10 хүн байсан, 4 хүн нас барсан. 6 хүн бий. Х- Б- гишүүдээр сонгох гэхэд тусдаа ажилтай гээд Д.Я- гуайг ч болгохгүй гэж байсан. Би, Т.Я-, Д.Я-, Х.Ц-, Г.Т-, гээд 6 хүн байна. Энэ бол зөвөөр шийдэж хуулиараа надад ирсэн. Би хувь өгнө гэж хэлж байсан, өөрөө ч тэгж байсан. Х- гуай ухаан санаа нь эрүүл биш байсан бол нотариатч шилжүүлэхгүй байсан. Өөрөө л надад өгнө залуу гишүүн, намайг олон жил асарсан гэж хэлж өгсөн.
Надад өгөхөд нь сэтгэлийн сайхнаар хандаад өгч байна даа гэж бодоод харж хандаж байсан. Үүнийг өгөхөд буруудаад байхгүй, надаас өчнөөн зардал гарсан. Энэ мөнгийг өгчихвөл, буцааж өгөхөд буруудах зүйл байхгүй. Зөв шийдүүлэх хүсэлтэй. Энэ бол миний нэр дээр байгаа, алсдаа үүнийг хуваана гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан шаардлагадаа:
Ахмадын мөнх цаст хоршооны гишүүн Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-, Г.Т-, Ч.Х- нарын нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.Х- нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Х- нь 1991 онд Ахмадын Мөнх цаст хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадуудын цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллуулж ирсэн. 2018 онд Ахмадын мөнх цаст хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн гэж бичжээ. Д.Х-гийн өмчлөлд ирсэн гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 349.0м.кв талбай бүхий 9.388.300 төгрөгөөр тухайн үнэлэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай 1906м.кв /0,2га/ эзэмших эрхтэй газар нь Д.Х-гийн өмч биш харин Ахмадын мөнх цаст хоршооны өмч юм.
Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг нэгтгэж тэднийг ажил орлоготой байлгах зорилгоор Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны /хуучин нэрээр/ 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар Өндөр настны зөвлөл нэртэй анх байгуулагдсан бөгөөд уг зөвлөл нь улмаар Ахмадын мөнх цаст хоршоо болон өргөжин зохион байгуулагдаж 70 гаруй ахмад настныг ажлаар хангаж оёдол, мужаан, гар урлал зэрэг ажлыг хамтран хийж зохих хэмжээний цалин орлого олгож ажиллаж байсан байна. Энэ хоршоо нь 40 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа 7 даргын нүүр үзэж, ихэнх гишүүд нь хорвоогийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж 2018 онд татан буугдах үед нь тус хоршооны гишүүн 9 хүн үлдсэн байдаг. Ахмадын мөнх цаст хоршоо нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан бөгөөд ийнхүү татан буугдах үед хоршооны хөрөнгө болох барилга, газрын талаар гишүүдийн дунд маргаан үүсэж тус хоршооны нэр дээр 2001 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2003008136 дугаарт бүртгэгдсэн 349.0м.кв талбай бүхий барилга, 1906м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хоршооны гишүүд худалдан борлуулж тэнцүү хэмжээтэй хувааж авах талаар тохиролцох хүсэлтэй байсан боловч хоршооны дарга Д.Х- нь зөвшөөрөхгүй байснаар шүүхэд удаа дараа хандаж байсан боловч буцаагдаж байсан байна. Гэтэл Ахмадын мөнх цаст хоршооны дарга байсан Д.Х- хоршооны гишүүдийн зөвшөөрлийг авалгүй нууцаар, хууль бус аргаар дээрх хоршооны хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж улмаар өөрийн хамаатны дүү А.А-ын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг хоршооны дээр нэр дурдсан 7 гишүүн Д.Х- нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдэж өөрсдийн өмчлөх эрхийг хамгаалуулахаар энэхүү иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоор шийдэж өөрсдийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч З.Энхтуяа надад олгосон болно.
Ахмадын мөнх цаст хоршооны гишүүн дээрх 7 этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан Ахмадын мөнх цаст хоршооны гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай улсын бүртгэлийн 2003008136 дугаарт бүртгэлтэй 349.0м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамжны 1 тоотод байршилтай 805м.кв талбай бүхий гэр орон сууцны хашааны газрын эзэмших эрхийг А.А-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүд А.А-ын нэр дээр улсын бүртгэлийн 2003008136 дугаарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн 000733843 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Э-2003000898 дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн Иргэний газар эзэмших эрхийн 000054323 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцож дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамтран өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Ахмадын мөнх цаст хоршоо нь Д.Х-г дарга болохоос өмнө 2 га гаруй газар эзэмших, 8 тооны барилга байгууламж, мал аж ахуйтай, Зил-130 маркийн машин 2, Газ-53 машин 1, Трактор 2, мужааны тоног төхөөрөмжтэй цехтэй, оёдлын олон тооны машинтай цехтэй бусад аж ахуй эрхлэхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмжтэй орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллаж байсан бөгөөд Д.Х- нь дарга болсноос хойш хоршооны эзэмшил газрыг гишүүдийн зөвшөөрөлгүй хэд хэдэн удаа бусдад зарж борлуулж хувьдаа ашиг олж байсан, бусад эд хөрөнгийг өөрийн үзэмжээр зарж, татан буугдах үед үлдсэн барилга, газрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул энэ хоршоонд олон шил ажиллаж хувь нэмрээ оруулсан гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул дээрх бие даасан шаардлагыг гаргаж байгаа болно гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нар бол Мөнх цаст гэх ахмадын хоршоодын гишүүд юм. Гэтэл ахмадын хоршооны дарга Д.Х- хууль бусаар шилжүүлсэн. Цаашаа А.А-д шилжүүлсэн байсан. Эдгээр хүмүүс шүүхэд хандаж байгааг нь мэдээд бие даасан шаардлага гаргасан. Д.Х- 19 гишүүнтэй Мөнх цаст хоршоог байгуулсан, 2018 онд татан буулгасан. Үүний дараа Д.Х-гийн өмчид газар, байшин ирсэн гэж бичсэн байна. Тэгэхээр үүнээс гишүүд байсан нь тодорхой дурдсан, хүлээн зөвшөөрсөн байна. 349м.кв талбайтай, 9.388.300 төгрөгөөр тухайн үедээ үнэлэгдэж байсан, энэ барак байшин, 7 дугаар баг, Алтангадасын 1 дүгээр гудамж, 1 тоотод бий. Анхныхаас 2 дахин багасаад 805м.кв үлдсэн. Энэ бол зөвхөн Д.Х-гийн өмч биш, хөдөлмөрөөрөө нийлүүлээд байгуулсан 7 гишүүдийн өмч юм. Энэ бүртгэл, хувийн хэрэгт Мөнх цаст хоршооны хөрөнгөд гишүүд болон бусад нь бүртгэлтэй байсан. Гэтэл үүнийг Д.Х- ямар аргаар дундын өмчийг өөрийн өмч болгов гээд шалгуулахад түүний баримт дотор 97 хувь миний өмч гэсэн байдаг. Гомдол гаргаад байгаа хүмүүсээс Д.Я-, Г.Т- гэсэн 2 гишүүн Д.Х-д зөвшөөрөл олгосон байсан. Бусад 5 нь зөвшөөрөөгүй байсан. Гэтэл одоо бие даасан шаардлага гаргасан хүмүүс дунд дээрх 2 хүн явж байгаа, гэхдээ тухайн үед та нарын юу ч ороогүй, миний өмч гэж Д.Х- ухуулж хэлдэг байсан болохоор зөвшөөрөл олгосон гэж тайлбарладаг. Хөгшчүүл Д.Х- бүх материалыг устгаж шатаасан гэдэг. Тэгэхээр энэ бүртгэл маш ховор юм. А.А-ын хоршоонд элссэн бүртгэл ч бараг байхгүй. Нэхэмжлэгч тал хоршооных гэж зөвшөөрөөд байна, бас А.А- ч зөвшөөрөөд байна. Тэгэхээр энэ бараг маргаангүй гэж үзэж байна. Одоо тэр байранд хэн ч байдаггүй. А.А- тэнд байдаггүй Зүүнхараад байдаг гэсэн. Өөрөө ч хэлсэн. Энэ барак байрын эх үүсвэр улсын бүртгэлийн баримт байдаггүй. Гишүүд ярихдаа 1975 онд хоршоолол байгуулагдсан юм билээ. Тухайн үед хотын захиргаанаас ахмадуудыг дэмжээд захирамж гараад энэ барак байрыг үнэ төлбөргүй өгсөн гэдэг юм билээ. Анх бол 70 гишүүнтэй байсан юм билээ. Мужаан, оёдол гээд олон хүмүүс ажилладаг байсан. Тэгээд бүгд настай тэтгэвэрт гарсан байсан болохоор хорвоогийн жамаар нас бараад, үлдсэн нь 7 байна. 2018 онд энэ хоршоо татан буугдаад 2019 оны 10 дугаар сарын 30-нд А.А-ын нэр дээр байрыг, 2020 оны 01 дүгээр сарын 08-нд газрыг тус тус бэлэглэлийн гэрээгээр өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хууль бус хэлцлээр шилжүүлсэн байна. Энэ бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль бус хэлцэл, Иргэний хуулийн 56.8 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, тэгэхээр нэгэнт хүчин төгөлдөр бус юм чинь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 зааснаар хууль бус, үндэслэлгүй болно, тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр бус болно. Ингээд дараах шаардлагыг гаргаж байна.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар дундын эд хөрөнгө учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 108 дугаар зүйлийн 108.2-т тус тус заасан үндэслэлээр шаардах эрхтэй болж байна. Ахмадын Мөнх цаст хоршооны 2003008636 дугаартай 349м.кв үл хөдлөх хөрөнгө, 805м.кв бүхий гэр орон сууц хашааны газрын эрхийг бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ерөнхийдөө гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш дэлгэрэнгүй ярьсан учраас яриагүй зүйлийг ярья. Мөнх цаст хоршооллын өмч мөн, харин зарим хүмүүс газар саалийн үнээ, цалин гээд өгсөн. Аваагүй хүмүүст өгнө гэж Д.Х- гуай өөрөө хүссэн. Хоршоо 2018 онд татан буугдсан, тэгээд Д.Х-д шилжсэн. 2 гишүүн нь үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж байна. 97 хувь Д.Х-гийн өмч гэж үзээд шилжүүлсэн. Хоршооны тухай хуульд нийцүүлэн гаргасан журмаар нийт гишүүдийн 2/3 дэмжсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн эндүүрч хийсэн хэлцэл байх боломжтой. Би өөрөө Д.Х- гуайтай уулзаж асуусан. Тэгтэл А.А-д өгөхийг хүссэн, тэгээд та яагаад өгсөн юм бэ гэхээр өмчил гээгүй, амьдар л гэж өгсөн. Тэгээд А.А- гуай хүүхдүүд тань хаяад явсан, надаас өөр харах хүн байхгүй гэсэн байдаг. Тодорхой хэсгийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.А- 2017 оноос хойш Д.Х- гуайн баас, шээстэй нь зууралдаад хүний зэрэгтэй авч явсан. Мөн 20-30 сая төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл анхнаасаа А.А-д өгнө гэж ярьж байсан гэж хэлсэн. Тэгэхээр хүсэл зориг нь нийцэж байна, хуулийн дагуу шилжсэн байна. Х.Б- шүүхэд нэхэмжлэл гаргана гээд А.А-ыг хэл амаар доромжлоод явсан. Өөрөө зохих ёсоор хувь хүмүүст өгнө гэж хэлдэг. Нэхэмжлэгч тал өөрийн гэсэн байр суурь алга, өөрчлөгдөөд яваад байна.
Хүчин төгөлдөр бусд тооцоход бэлэглэгчийг гомдоосон буцаах мэтээр байснаа, дараа нь хүчин төгөлдөр бусд тооцуулахаар болж өөрчлөгдсөн, үүнээс шууд хөрөнгөд шунаж байгаа мэт харагдаж байна. Хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т гуравдагч этгээд гэдгийг маш тодорхой заасан. Манай нэхэмжлэлийн шаардлагын маргааны зүйл бол гэрээ юм. Би бол гуравдагч этгээд нарын шаардлага нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, тиймээс гишүүд ийм байсан энэ тэр гээд яримааргүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдэх шаардлагагүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ахмадын мөнх цаст хоршооноос Д.Х-д Дархан сум 7 дугаар багт байрлах 349м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 0036434 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805 м.кв газар зэргийг шилжүүлсэн үйлдэл, Д.Х-гоос А.А-д Дархан сум 7 дугаар багт байрлах 349м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 0036434 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, 805м.кв газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828.500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас 828.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70.200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дутуу тушаасан 828.500 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг хариуцагч А.А- болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг бид эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай хамтатган хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 108 дугаар зүйлийн 108.2, Хоршооны тухай хуулийн 16, 47 дугаар зүйлүүдийг баримтлан шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.” Энэ заалтаас үзэхэд маргааны зүйлийн талаар гэж урьдчилсан нөхцөлийг маш тодорхой тусгаж өгсөн. Гэтэл Д.Х-гийн нэхэмжлэлтэй А.А-д холбогдох “Бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн маргааны зүйлийг худал хэлж төөрөгдүүлж, өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй байхад хэлцэл хийсэн эсэх тухай юм. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох гэрчилгээг хүчингүйд тооцуулж, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нь үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйлтэй огт холбоогүй, өөр харилцаанаас үүдэлтэй, өөр үндэслэлтэй, ижил биш агуулгатай байх тул гуравдагч этгээд өөрийн шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр тусдаа шийдвэрлүүлэх нь хууль ёсны дагуу болох юм. Тодруулбал хоршооноос нэхэмжлэгч Д.Х- руу шилжсэн хэлцэл нь хууль ёсны дагуу явагдсан тухай юм. Гэтэл шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл дээр Д.Х- нь А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээ ойлгохгүй, “Тийм зүйл хийх учиргүй, А.А- хуурч, буруу ойлголт төрүүлж бэлэглэлийн гэрээ хийж авсан”, эмээгийн маань эрүүл мэндийн байдал хүнд, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ хийсэн гэж тодорхойлдог боловч хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдоогүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
З. Шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахыг дурдсан, гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “...шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, ... шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж зохицуулсан, дээрх алдаа нь санаатай, санамсаргүй аль нь болох ойлгомжгүй зүйл тусгасан байдаг.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Х-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б- нараас А.А-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, Алтангадас 1 дүгээр гудамж, 1 тоот 349.0м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 805.0м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэсэн бэлэглэлийг гэрээг хүчингүй болгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Х-гийн өмчлөлд шилжүүлж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд Т.Я-, Д.Б-, Д.Я-, Х.Ц-, П.Б-, Г.Т-, Ч.Х- нараас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.Энхтуяаг томилон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2020 оны 2334 тоот захирамжаар хүсэлтийг нь ханган шийдвэрлэсэн. /хх-ийн 1-р хавтас 71-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарсан, хуулийн 25, 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я-, Х.Ц-, Д.Я-, П.Б-, Д.Б-, Г.Т-, Ч.Х- нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нь ойлгомжгүй, тодорхой биш болжээ.
Шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт хэрэгт цугласан нотлох баримтуудаас шүүхээс гарч байгаа шийдвэрийн үндэслэл болж буй баримт, тэдгээрийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэн болон зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хууль зүйн дүгнэлтийг тусган тодорхойлж чадаагүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар ямар нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзал нотлогдож хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдож байгааг дүгнэж бичих учиртай. Дээрх хууль зүйн факт буюу үйл баримт, маргааны зүйл нь хуулийн ямар урьдчилсан нөхцөл байдал, үндэслэлд хэрхэн хамаарч байгааг тайлбарлах нь хэргийн оролцогчдын шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрхэд хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар заасан шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Д.Х-гийн нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох хэргийн шийдэл буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудал хэнд үлдэх нь хоршооны гишүүдийн эрх ашгийг хөндөхөөр байсан хэдий ч тухайн бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болох маргааны зүйлд бие даасан шаардлага хамаатай эсэх талаар шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Дээрх алдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хуулийн боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч А.А- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3671 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА