Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01885

 

МАГАДЛАЛ

 2020.09.04                                       Дугаар1885

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01364 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б Г” ХХК-д  холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр болон хохиролд 76 370 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Одонтуяа, түүний өмгөөлөгч Ц.Рашзэвэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрыг “Гранд лайн” ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 тоот тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу газар, байр, худгийг чинь авч оронд нь 72 м.кв талбай бүхий байрыг өгч, компаниас үйлчилгээний зориулалттай 5 м.кв нэмж олгохоор тохирсон. Уг байр, талбайг 2015 оноос хэтрүүлэхгүйгээр өгнө, шинэ байранд орох хүртэлх хугацаанд түрээсийн болон ажлын байранд зориулж 900 000 төгрөг сар бүр өгөхөөр тохиролцож түр оршин суух хугацаанд орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээг байгуулсан. Энэ тохиролцооныхоо дагуу 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх төлбөрийг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс одоог хүртэл 61 сар буюу 5 жил 1 сарын төлбөр нийт 54 900 000 төгрөгийг өгөөгүй. Мөн түрээсийн гэрээнд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул 16 740 000 төгрөг, нийт 71 370 000 төгрөгийг гаргуулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжины 21-409Б тоотод 70 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай сууцыг ашиглаж байсан, тухайн үл хөдлөх хөрөнгийг өргөтгөж гүний худаг дотогшоо холболт хийсэн, бохир цэврээ шийдсэн байр, худгаа хоёр талт гэрээний дагуу бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн юм. Газар, байраа шилжүүлснээс хойш одоог хүртэл орон байр, ажиллах байргүй болсон. Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 5 000 000 төгрөг төлснийг гаргуулна. Иймд хариуцагч “Бэрэн групп”ХХК-аас түрээсийн төлбөрт 71 370 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 5 000 000 төгрөг, нийт 76 370 000 төгрөгийг гаргуулж, “Б Г” ХХК  нь “Гранд лайн” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авч “Гранд лайн” ХХК-ийн хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон тул уг нэхэмжлэлийг “Бэрэн групп”ХХК-д холбогдуулан гаргасан гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчмын /ГХДТ/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Гранд лайн” ХХК-ийг шалгарсныг батламжилсан. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Б.Одонтуяа нь “Гранд лайн” ХХК-тай байгуулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд Б.Одонтуяатай байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.7-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. “Гранд лайн” ХХК нь гурван талт гэрээний дагуу иргэдийг газраа чөлөөлсөн өдрөөс нь эхлэн орон сууц барьж, гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртэлх хугацаанд иргэдэд түр суурьшуулах зардал буюу түрээсийн төлбөрийг олгох үүрэг хүлээсэн. “Гранд лайн” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдснаас Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарах хүртэлх хугацааны зардлыг төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бүрэн хариуцах ёстой. Б.Одонтуяа нь төсөл хэрэгжүүлэгч компани хоорондын байгуулсан хоёр талт гэрээнд нэхэмжилж буй мөнгөний талаар тусгаагүй байхын зэрэгцээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэх заалтыг зөрчиж ижил төрлийн гэрээ байгуулсан байна. Иймд нэхэмжлэгч иргэнээс түрээсийн төлбөр 71 370 000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй. Манай байгууллага нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ.

 

Хариуцагч “Б Г” ХХК   төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөр олгох тухай гэрээг “Б Г” ХХК  байгуулаагүй тул Б.О-ийн өмнө үүрэг хүлээгээгүй. “Бэрэн групп”ХХК нь “Гранд лайн” ХХК-ийн хувьцааг худалдан авсан нь үнэн бөгөөд “Гранд лайн” ХХК-ийн охин компани мөн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно. Компанийн тухай хуульд зааснаар “Бэрэн групп” ХХК, “Гранд лайн” ХХК-ууд нь бие даасан тусдаа компаниуд учир Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй гэж заасан. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үүрэг нь шилжсэн гэж байна. Гэрээний 6.1.5-т заасан худалдагч талын эрх, үүрэг хэсэгт гэрээ хэлцэл байгуулсан буюу эрх бүхий байгууллага худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагатай байгуулсан гэрээ хэлцлээс үүдсэн зөрчил, өр төлбөр, маргаан болон өөрийн буруугаас компани болон бусдад учруулсан бүхий л хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа төлбөр бол хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6.1.5-д зааснаар хувьцаа худалдагч Б.Чулуудайн хариуцвал зохих үүрэг байна. Иймд “Б Г” ХХК  нэхэмжилсэн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 55 062 000 /тавин таван сая жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 308 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Одонтуяа нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох түрээсийн төлбөр олгох гэрээний үүрэгт 71 370 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бэрэн групп” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 433 260 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “БГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан түрээсийн төлбөр олгох тухай гэрээг “Б Г” ХХК  нь Б.О-тай байгуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон түрээсийн гэрээг нэг талаас Б.О, нөгөө талаас “Гранд лайн” ХХК нь байгуулсан. Манай компанид Б.О нь өөрийн газар болон орон сууцны гүн өрмийн худаг шилжүүлсэн асуудал байхгүй тул “Б Г” ХХК  нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг үүсэх хэлцэл хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ хариуцагч биш байхад үндэслэлгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна. “Б Г” ХХК  нь “Гранд лайн” ХХК-ийн толгой компани. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу охин компанийхаа өр төлбөрийг хариуцах үүрэггүй. Анхан шатны шүүхээс тухайн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд тус журмын 3.15-д “Хоёр галт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч болон “Гранд лайн” ХХК-ийн хооронд байгуулсан 2 талт гэрээ нь тус гэрээний 1.3-т “...талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно” гэж талууд харилцан тохиролцсон байна. Гэтэл бодит байдалд гурван талт гэрээ байгуулагдаагүй бөгөөд тус 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 67 тоот болон түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй юм. Хүчин төгөлдөр болоогүй гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхээс ямар ч дүгнэлт өгөөгүй болно. Шүүхийн шийдвэрийн 3 дахь талд хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газрын хариу тайлбарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчмын /ГХДТ/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Гранд лайн” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна. Б.Одонтуяа нь “Гранд лайн” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 67 дугаартай Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээг байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11 дэх хэсэгт заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, эзэмшигч, Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар дурдсан. Мөн хавтаст хэрэгт “Гранд лайн” ХХК-ийн ерөнхий захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч, Б.Чулуудайтай “Б Г” ХХК   ерөнхий захирал Б.Мөнхтөрийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага ханган авагдсан байдаг. Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-т “Гэрээ байгуулсан буюу'' эрх бухий байгуулалга худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцлээс үүдсэн зөрчил, өр, төлбөр, маргаан болон өөрийн буруугаас компани бусдад учруулсан бусад бухий л хохирлыг Б.Чулуудай хариуцан барагдуулахаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр, хариуцагчийг тодорхой болголгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрээр “Б Г” ХХК-иас түрээсийн төлбөрт 55 062 000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Б Г” ХХК  болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан түрээсийн төлбөрт 71 370 000 төгрөг, хохирол 5 000 000 төгрөг, нийт 76 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Одонтуяа болон “Гранд лайн” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдаж, Б.Одонтуяа нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21 дүгээр гудамж 409/Б тоотод байрлах 48 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын 18649310447019 дугаар бүхий 337 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөн өгөх, “Гранд лайн” ХХК нь уг төслийн дагуу баригдах орон сууцнаас 72 м.кв орон сууц, 5 м.кв талбай үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсныг анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх-6-10/

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар “Гранд лайн” ХХК болон нэхэмжлэгч Б.Одонтуяа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ байгуулагдаж, “Гранд лайн” ХХК нь нэхэмжлэгчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 450 000 төгрөг, ажлын байрны түрээсийн төлбөр 450 000 төгрөг, нийт нэг сарын төлбөр 900 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-121-123/

 “Гранд лайн” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний үүргээ биелүүлж орон сууц болон үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Б.Одонтуяад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Гранд лайн” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч Б.Чулуудай нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Бэрэн групп” ХХК-тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. Өөрөөр хэлбэл, “Б Г” ХХК  нь “Гранд лайн” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.Одонтуяатай байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж үзнэ. /хх-82-89/  Үүнээс хойш буюу төлбөр олгох гэрээний үүргийг шилжүүлэн авснаас хойш хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар нэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи 6 сарын түрээсийн төлбөрт 5 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч “Б Г” ХХК  болон “Гранд лайн” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6.2.2-т “Түмэн Амгалан” цогцолборын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд нийслэл хот болон иргэдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ чин шударгаар үргэлжлүүлэх биелүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмуудыг зөрчихгүй байх” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Б.Одонтуяа нь “Гранд лайн” ХХК-аас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны  оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний үүргийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар “Бэрэн групп” ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Одонтуяад оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний төлбөрт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 5 жил, 1 сар, нийт 61 /5х12+1=61 сар х 900 000 төгрөг/ сарын төлбөр 57 900 000 төгрөгийг хариуцагч “Б Г” ХХК  нь төлөх үүрэгтэй.

Мөн талууд оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “... үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд нөгөө талдаа алданги төлөх, алдангийн хэмжээ гэрээний 2.2-т заасан 6 сарын төлбөрийн 0,3 хувьтай тэнцүү байна” гэж заажээ. Иймд хариуцагч “Б Г” ХХК  нь 6 сарын түрээсийн төлбөр 5 400 000 төгрөгийн 0,3 хувь 16 200 төгрөгийг 10 удаагийн төлөгдөөгүй төлбөрөөр тооцож 162 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Одонтуяад төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 433 260 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

                                                ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА