Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 497

 

“Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нэхэмжлэлийн шаардлага: ““Г х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0541 дүгээр магадлал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “Г х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0541 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Г х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2 дахь жилийн төлбөр төлөх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болж байсан бөгөөд тухайн өдөр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрүүдийг банкинд тушааж Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан шаардлагыг биелүүлсэн. Тухайн төлбөрүүдийн үнийн дүнг Говь-Алтай аймгийн төвөөс 60 гаруй км зайд хөдөө ажиллаж байсан геологич Ч-с утсаар сонсоод тэр үнийн дүнгээр нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б миний бие банкинд тушаасан. Харин урьд жилийнх нь өөр өөр үнийн дүнтэй төлбөрүүдийг мөн өөр хүн тушааж байсныг шүүх анхаарч үзээгүйгээс гадна хуулийг буруу хэрэглэн төлбөрийг 33 хоногийн дараа тушаасан гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрвээ Л.Б миний бие 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийн үнийн дүнг андуурч хэлсэн Ч-с биш өөр эх сурвалжаас жинхэнэ тушаах ёстой үнийн дүнг мэдээд төлсөн бол ямар ч асуудал үүсэхгүй байж болох байснаас гадна тухайн өдөр төлбөрийг бүрэн төлөх мөнгө надад байсанд хамгийн их харамсаж байна. Төлбөрийн үнийн дүнг бодитойгоор хэлж өгөх байсан компанийн захирал Я.И, нябо Б нар нь хүндэтгэх шалтгааны улмаас тухайн үед ажлаа хийж байгаагүй ба эдгээр улсуудын шалтгаантайг нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог боловч шүүх үүнийг бас анхаарч үзсэнгүй.

4. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн ч үнийн дүнг нэг орон андуурч буруу төлснөө бид өөрсдөө гурав хоногийн дараа мэдэж тухайн өдөр нь буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үнийн дүнг гүйцээж төлсөн бөгөөд хоёр удаагийн төлбөрийн нийлбэр нь үндсэн төлбөрийн дүн, алдангийг бүрэн хангаж байхад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт “...“Г х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6-д заасны алинд ч төлбөрөө төлөөгүй байна” гэж гүтгэж байгаад гомдолтой байна. “Г х” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15/017 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын нэр дээр хүргүүлсэн боловч бүтэн 7 сарын хугацаанд асуудлыг шийдээгүй /энэ хугацаанд 2017 оны улсын төсөвт төвлөрүүлсэн 10 гаруй сая төгрөг төрийн албан хаагчдад 2017 ондоо цалин болж очоод байхад/, хэрвээ шийдвэр гаргах л байсан юм бол 2017 ондоо гаргахгүй бүтэн он давуулж гэнэтхэн тусгай зөвшөөрөл цуцалсанд, бүтэн 7 сарын хугацаанд энэ байгууллага юу хийв, нөгөө төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа хаачив гэдэгт гомдолтой байна.

5. Үндэсний уул уурхайн компани болох “Г х” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлийн талбайнуудад 2016 онд хайгуулын ажлын төлөвлөгөөг хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын уул уурхайн хэлтсээр батлуулаад хайгуулын ажлаа хийж гүйцэтгэн “Хайгуулын ажлын тайлан”-гаа батлуулсан. Мөн 2 дахь жилийн буюу 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын уул уурхайн хэлтсээр батлуулаад зардал мөнгө гарган ажлаа хуулийн дагуу хийж байхад шинээр томилогдсон Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д хэнд ч мэдэгдэлгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар шийдвэр гаргах Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүй байдлыг харууллаа.

6. Анхан шатны шүүгчээс шүүх хурал дээр хариуцагчаас “Танай байгууллага яагаад бүхэл бүтэн 7 сарын хугацаанд хариу өгөөгүй юм бэ” гэж асуухад хариуцагч “Агентлагийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн асуудалтай давхцалтай байгаа. Хүсэлтийг хүлээн аваад хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой байсан бол хуулийн дагуу шийдвэрлээд явах байсан. Шийдвэрлэх боломжгүй байсан учраас боломжгүй талаарх хариу өгсөн” гэж хуулийг завхруулан тайлбар өгч, энэхүү тайлбарыг нь шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Г х” ХХК-ийн захирал Я.И нь мөн “М э х” гэдэг ХХК-тай бөгөөд нябо Б, геологич Ч нар нь “М э х” ХХК-ийн нэр дээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг болохыг шүүхээр нотолсон.

7. “Г х” ХХК нь төлбөр төлөх хугацаанаас хойш 72 цагийн дараа “Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өөрсдийн санаачлагаар төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж барагдуулах чин эрмэлзэлтэй байсныг Дээд шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Г х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Нэхэмжлэгч “Г х” ХХК нь XV-019580, XV-019433 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2 дахь жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд...” гэсний дагуу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан, харин нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу хуульд заасан боломжит хугацаа дуусах өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийн тодорхой хэсгийг, 4 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үлдсэн хэсгийг гүйцээж төлжээ.

10. Харин анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсгийг хэрэглэлгүй “нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд ... төлбөр төлөх хугацааг бүтэн сар буюу 30 хоногоор хэтрүүлсэн байна” гэж дүгнэсэн нь буруу, харин хуульд заасан боломжит хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

11. Ийнхүү хуулийн боломжит хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч, хариуцагч Ашигт малтмалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл буюу зөрчил арилснаас хойш бүтэн 7 сарын дараа маргаан бүхий акт болох 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ.

12. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй нь захиргааны буруу байх боловч энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг алдангийн хамт 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн байх боловч энэ нь хуульд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Тодруулбал, шүүхүүд маргаан бүхий акт гарсан цаг хугацаа, түүнд заасан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд арилсан байгаад дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийг зөвтгөсөн нь буруу, иймд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

13. Нэхэмжлэгч нь “Г х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж маргааны нэг зүйлд хүчингүй болгуулах болон даалгах гэсэн хоёр шаардлагыг зэрэг гаргажээ.

14. Шүүхээс маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснээр тус компанийн ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй XV-019433, “Их хайрхан” нэртэй XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн эрх зүйн үйлчлэл нь сэргэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бүрэн хамгаалагдах тул “хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433 дугаар тусгай зөвшөөрлийг болон “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0434 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0541 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын “Хар-Уул” нэртэй, XV-019433, “Их хайрхан” нэртэй, XV-019580 дугаар тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

              ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ