Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 0458

 

 

“Н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Х.Батсүрэн,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Ц.Ундрал.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “С” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0361 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч  О.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, С.Ш, П.Ш, өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Г.Э,

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Т.М нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0361 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг баримтлан  “Н” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.     

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0510 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлал гаргасан нь буруу байна.

5. Магадлалын хянах хэсгийн үндэслэлд: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, бусад оролцогчдод нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй...өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34, 52, 56 зүйлүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.” гэж шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэлээ тодорхойлжээ.

6. Энэ нь Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2, 123.2.1, 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Үүнд: Магадлалын хянах хэсэгт дурдагдаж байгаа “...нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргасан /1-р хх-ийн 2 дахь тал 2016.01.29/, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн /1-р хх-ийн 87-р тал 2016.03.04/, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан /1-р хх-ийн 193-р тал 2016.04.26/ зэрэг байдал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.7, 12.1.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцэж, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчигдөөгүй хянагдаж байсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргаж байх үед 2016.07.01-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн ЗХШХШТХ-ийн 106.3 дахь хэсэгт заасан тусгайлан зохицуулсан харилцаа үйлчилж эхлээгүй байсан байна. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болон түүний хууль зүйн үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1 дэх хэсгийг баримтлан тодруулсан /6 хх-ийн 234-236 тал/ байгаа нь баримтаар нотлогдож байна.

8. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байхад хэргийн бусад оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн тайлбар, санал гомдол, хүсэлт гаргаагүй ердийн байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргалдаж байсан. Энэ нь шүүх хуралдаанд авагдсан бичлэг болон тэмдэглэлээр нотлогдож байгаа. Энэхүү байдал нь анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлаж хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг давж заалдах шатны шүүхийн үндэслэлийг буруу байгааг харуулж байна.

9. Мөн магадлалд “...нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөгдсөн нөхцөл байдлыг үүсгэж, хурлыг хойшлуулж, шинээр нэхэмжлэл гаргасан мэт ажиллагааг шүүхээс явуулсан байхыг ойлгоно..” гэх хууль буруу тайлбарлах аргаар үндэслэлгүй дүгнэлтийг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага тодруулсныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн, өөрчлөгдсөн үйл баримттай холбон ойлгосон нь буруу байна.

10. Магадлалд хянахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байхад “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн байхад...” хэмээн үндэслэх хэсгээ тодорхойлсон нь буруу байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй буюу тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох үндэслэлдээ нэхэмжлэгч “...олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь орчин тойрон дахь хүн ам, байгаль орчинд хортой нөлөө үзүүлнэ, соёлын өв байгаа гэх мэтчилэн маргаж байсан тэр хэвээр байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээнээр нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 56, 57 дугаар зүйлүүдийн шинжийг буруу тайлбарласан байна.

11. Магадлалын хянах хэсэгт “...УИХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор ...431А болон 372А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг...стратегийн орд газарт хамааруулсан... УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ...төрийн эзэмшил хувь тогтоох тухай 14 дүгээр тогтоол...УИХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ...,13 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан....байхад шүүх эдгээрийн талаар дүгнэлт хийгээгүй байна...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан нь буруу дүгнэлт байна. Энэ үндэслэл нь Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 38, 39.3, 39.4, 40.1 хэсэгт заагдсаны дагуу цугларсан нотлох баримтыг мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан үүргийнхээ хүрээнд зөв үнэлж дүгнэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал УИХ-ын 11, 14 дүгээр тогтоолуудтай маргаагүй, уг тогтоолууд нь 2004 оноос ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бий болсны дараагаар тэдгээрийн цаашдын оршин тогтнох, үйл ажиллагаа явуулахад шаардагдах эрх зүйн байдалд тохируулан гаргасан баримтууд байгааг давж заалдах шатны шүүх ойлгоогүй. Эдгээр тогтоолууд нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй маргаан зүйлүүд биш юм. Мөн дээрхи 13 дугаар тогтоол нь маргаан бүхий талбайтай давхцалгүй, уг тусгай зөвшөөрлийн талбайг тойруулан авсан нөөц газар буюу маргаанд хамаарахгүй газар байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

12. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа 11 дүгээр тогтоолтой хамааралтай асуудлаар шийдвэрээ гаргаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх ...11 дүгээр тогтоолыг дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж үзсэн нь буруу байна.

13. Өөрөөр хэлбэл шүүх УИХ-ын тогтоолуудын зөв бурууд үнэлэлт дүгнэлт өгөх, энэ талаар шийдвэр гаргах эрхгүй субъект гэдгийг давж заалдах шатны шүүх мэдсээр байж дүгнэлт хийлгэх гэж оролдсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1213.2.1 дэх хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Эдгээр тогтоолуудад нэхэмжлэгч тал шаардлага гаргаагүй юм.

14. Маргаан бүхий талбайн гадна байгаа нутгийг 13-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан нь маргааны зүйл биш тул анхан шатны шүүх “..нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийх эрхгүй ..” /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5/ гэсэн хэм хэмжээнд нийцүүлэн шүүхэд хамааралгүй УИХ-ын тогтоолуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн маргааны зүйлүүдэд /372А, 431А, 5082А, 10810А/ дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь зөв байгааг шийдвэрийн үндэслэх хэсэг харуулж байна.

15. Магадлалд “...Засгийн газрын 2017оны 90-р тогтоолын 1-р хавсралтаар нөөц газрын хил заагийг тогтоосон...Засгийн газрын 2017 оны 109-р тогтоолоор Гацууртын ордын талбайн хил заагийг тогтоосон ...зэрэг хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад.... дүгнэлт хийгээгүй...” гэсэн байна. Засгийн газрын эдгээр тогтоолууд нь тусгай зөвшөөрлийн хэрэг маргаан шүүхэд хянан хэлэлцэгдэж /2016.02.07/ байх үеэс хойш, 2017.08.15-ны өдрийн 0603 тоот / тогтоол /5-р хх-ийн 115-р тал/ гарснаас хойшхи цаг хугацаанд хамааралтай тогтоолууд байгаа нь хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг бий болгохгүй зүйл юм. Энэ нь Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна.

16. Засгийн газрын 90, 109-р тогтоолууд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХ-ын төлөөлөгчдийн 2015.10.27-ний өдрийн 91-р тогтоолыг үндэслэж гарсан эрх зүйн актууд юм. Энэхүү 91-р тогтоол нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ний өдрийн 06 тоот шийдвэрээр хүчингүй болсон /6-р хх-ийн 141-р тал/ байна. Энэхүү нөхцөл байдал нь Засгийн газрын 90, 109-р тогтоолуудад шүүх дүгнэлт хийх боломжгүй болгосон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байгааг нотолж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх хууль зүйн шаардлагыг хангах боломжгүй болсон 90, 109-р тогтоолд дүгнэлт өгөх эрхгүй байсан байна. Гэтэл давж заалдах шүүх эдгээр тогтоолуудад анхан шатны шүүх дүгнэлт хийх үүрэгтэй гэж үзсэн нь буруу байна.

17. Анхан шатны шүүх нь хуралдаан, мэтгэлцээний явцад яригдсан, маргалдсан зүйлээр дүгнэлт хийх эрхтэй болохоос шүүх хуралдаанд яригдаагүй зүйлээр дүгнэлт хийхгүй юм. Эдгээр УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийн талаар хариуцагч болон гуравдагч этгээдүүд мэтгэлцээгүй байна. Энэ нь Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна.

18. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1 дэх хэсгийг шүүх зөрчсөн гэж үзсэн нь буруу юм. Ашиг малтмалын тухай хуулийн 11.1 Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага” гэж дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 56.1,’Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална" гэсэнтэй нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Өөрөөр хэлбэл шүүхэд Ашигт малтмалын тухай хуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийг баримтлан маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах эрх байхгүй бөгөөд энэхүү эрх төрийн захиргааны байгууллага буюу хариуцагчид олгогдсон эрх байна. Иймд шүүх “,.та эдгээр маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлүүдийг шүүхээр цуцлуулах гээд байгаа юм уу...албан тушаалтанд даалгах гээд байгаа юм уу..” хэмээн тодруулсан /6-р хх-ийн 235-236-р тал/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103.1.4 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа. Үүнийг хариуцагч болон гуравдагч этгээдүүд “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн” хэмээн андуурч давах гомдлын үндэслэлээ тодорхойлсон.

19. Захиргааны хэрэг маргаан шийдвэрлэх тухай хуульд зааснаас үзэхэд нэхэмжлэл гаргах эрх нь захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус эрх зүйн акт эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан иргэн хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг гэсэн үг юм. Энэ ч эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсэгт заагдсан зүйлийн яг аль хэсгээр шийдвэр гаргуулахыг хүсч байгааг тодруулсан нь хуульд нийцэж байсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх эрхтэй захиргааны байгууллагын үйлдэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байсан гэж ойлгох нь зүйтэй юм.

20. Давж заалдах шатны шүүх “...гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан...шүүх...нэхэмжлэгч “Н” НҮТББ-ын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг, хянан үзэж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь буруу баина. Энэ нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4, 118.3 дах хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Энэ талаар 2016 болон 2017онуудад гуравдагч болон хариуцагч нарын зүгээс "нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх удаа дараа “..нэхэмжлэгч нэхэмжлэл эрхтэй байна... хэмээн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх хянан үзээгүй байна.

21. Өөрөөр хэлбэл энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.04-ний өдрийн 57 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ нь 4-р хавтаст хэргийн 14, 112-р тал, 3-р хавтаст хэргийн 205, 236-р талд авагдсан баримтуудаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь хэсгийг зөрчин хянан шийдвэрлэх үүргээ биелүүлж хэргийг бүхэлд нь судалж үзээгүй байна.

22. Давж заалдах шатны шүүх хянах хэсэгтээ “..шүүх соёлын өв байгаа нь тогтоогдсон гэдэг талаар эрх бүхий ямар этгээдийн ямар шийдвэр гарсан тохиолдолд “тогтоогдсон” гэж үзэх талаар хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй...” гэжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, тайлангуудыг үйл баримтын хүрээнд хавтаст хэргийн тоо хуудасны дугаарын хамт шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой хууль зүйн үндэслэлийг тайлбарласан байхад “тайлбарлаагүй" гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт байх соёлын өв байгаа гэдгийн хууль зүйн тайлбарыг яагаад “шүүх тайлбарлаагүй" гэж дүгнэснийхээ үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, тодорхой бус байгаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7 дахь хэсгийг хууль зүйн хүрээнд юу гэж ойлгох ёстойг давж заалдах шүүх хууль зүйн үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй юм.

23. Хянах хэсэгт “...урт нэртэй хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс нэгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй..” гэж дүгнэсэн нь мөн УИХ-ын 2015 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц болон дурсгалд газартай давхцаагүй талаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрхэн үгүйсгэж няцааж байгаа талаар дүгнээгүй нь ойлгомжгүй тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй..” гэжээ.

24. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ энэхүү үндэслэл нь 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бол биш харин өөрөө ойлгохгүй байгаа тухайгаа дурдсан байна. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд “...2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. Маргаан бүхий ордууд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарч цуцлагдах үндэслэл бүрдсэн байгааг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгааг захиргааны байгууллага мэдсээр байж 2015 оны УИХ-ын 11 дүгээр тогтоол гарах хүртэл, 6 жилийн турш эзэмших эрхийг нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэвээр хадгалж, цуцлах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байсаар байгаад маргаан бүхий тусгай зөвшөөрлийн 372А,          431А гэсэн 2 тусгай зөвшөөрлийг 11 дүгээр тогтоолоор стратегийн ордод хамруулсан нь буруу байсан. Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй юм.

25. Гэхдээ одоо стратегийн ордод хамрагдаагүй 5082А, 10810А гэсэн хоёр тусгай зөвшөөрөл нь энэхүү урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан хэвээр байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8 дахь хэсгийг баримтлан захиргааны байгууллагад эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах нь зүйтэй..” гэж шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлсныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж дүгнэсэн нь зөв байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ үндэслэлийн талаар ойлгоогүй байгаагаа хянах хэсэгтээ дурдсан байна.

26. Давж заалдах шатны шүүх нь давхцалгүй, маргаангүй байгаа байгалийн нөөц, дурсгалт газрын талаархи Засгийн газрын 90 дүгээр тогтоол, маргааны зүйлд хамааралгүй 2015 оны УИХ-ын 11 дүгээр тогтоол зэрэгт дүгнэлт хийхийг анхан шатны шүүхээс шаардсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.3 дахь хэсгийг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 510 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож гомдлоо тайлбарлах эрхээр хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

27. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасантай нийцсэн байна.

28. Нэхэмжлэгч “Н” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “С” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Гацуурт” гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх боловч нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “С” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага болгожээ.

29. Нэхэмжлэгчээс “...гуравдагч этгээд “С” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. ...Монгол хүний өвөг дээдсийн шарил, бунхан, соёлын үнэт өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, нуур цөөрөм, горхи булаг рашаан, ховор өвс ургамал, ан амьтан, араатан жигүүртэн, хүн малын амь нас эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах байдал зэрэг ...жам ёсны бүх эрхүүд алдагдан бүгд устан үгүй болох бодит нөхцөл үүсээд байна. ...тусгай зөвшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.5, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн. ...Энэхүү газар нь ойн бүс болон усан сангийн эх урсац газарт хамрагддаг, байгалийн үзэсгэлэнт газар. ...хэрэв үйлдвэрлэл явагдвал ... хүнцэл, цианит зэрэг химийн хорт бодист уусан устах аюултай...” гэж тодорхойлон маргаж байсан бол, шүүх хуралдаан дээр гаргасан “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлүүдээр захиргааны байгууллага маргаан бүхий актуудыг хүчингүй болгох ёстой” гэж тодорхойлсон байна.   

30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, мөн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар заасан, тухайлбал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 52.5.1-д ...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь, 52.5.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх, мөн нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тус тус хамаарахаар заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхой тусгагдсан байхаар хуульчилсан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд шүүх түүнийг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

31. Мөн, энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилжээ.

32. Нэхэмжлэгч “Н” НҮТББ-аас “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “гуравдагч этгээд “С” ХХК-д 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосноор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, ...хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн тусгай зөвшөөрлүүдийг ...Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл...”, 56.1.7-д “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон”, 56.1.8-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн”, 56.1.10-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгох ёстой” гэж маргасан. 

33. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг заасан, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд цуцлах үүрэгтэй байна.  

34. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хэргийн оролцогчдод танилцуулж, тэдгээрээс тайлбар хүсэлтийг авч, нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад хандан гаргасан, гуравдагч этгээд “С” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн буруутай, хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нотлох баримт, мөн нэхэмжлэгчийн маргаж буй тусгай зөвшөөрөл бүхий газрууд нь Монгол Улсын Засгийн газрын нөөц газар, мөн гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий болон ойн сан бүхий газартай давхцалтай эсэх, давхцалтай бол тухайлж аль тусгай зөвшөөрөл нь ямар байдлаар давхцсан талаарх нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, маргаан бүхий актуудын улмаас нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийн талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх байтал, анхан шатны шүүх “...ашигт малтмал ашиглах 372А, 431А, 5082А, 10810А дугаар тусгай зөвшөөрлүүдтэй талбайн газар нутагт гуравдагч этгээд “С” ХХК нь ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөх боломжтой, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учирахаар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

35. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Н” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй уялдуулан хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүгнээгүй, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийн талаар мөн дүгнэлт хийгээгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасантай нийцэхгүй байна. 

36. Иймд давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэргийн оролцогчдод танилцуулж тайлбар гаргуулах, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгээгүй, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

37. Түүнчлэн, хэргийн оролцогчдоос нэхэмжлэгч “Н” НҮТББ-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байхад шүүх энэ үндэслэлийг шалгаж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

38. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” ойлгохоор, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Иймд шүүх нэхэмжлэгч “Н” НҮТББ-ын эрх зүйн байдал болон маргаж буй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар тодруулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

 39. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актуудын үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэстэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА