Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2020/00031

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШШ2020/00474 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 6-15 тоотод оршин суух З овгийн Х.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын захиргаанд холбогдох

Д нисэх буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Д нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Д /онлайнаар/, нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.           

 

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 9 дүгээр сард анх Д нисэх буудалд галчаар ажилд орж байсан. 2012 онд галч гал сөнөөгч гэсэн орон тоон дээр ажилласан. Ингэж ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон. Иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтын албанаас зохион байгуулсан иргэний агаарын тээврийн гал сөнөөх зорчигчдыг аврах сургалтын анхан болон давтан сургалтад Д нисэх буудалд 8 жил ажиллахдаа нийт 4 удаа хамрагдсан. Мэргэшин ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард намайг Д нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшүүлэн томилсон. Д нисэх буудалд 10 жил ажиллахдаа ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас надад итгэл үнэмшил үзүүлэн энэ ажилд томилж байсан байх гэж боддог. Д нисэх буудлын дарга Д.А 2018 оны 7 дугаар сард Б/26 гэсэн тушаал гаргаж намайг ажлаас халж галчийн ажил руу шилжүүлсэн байдал нь миний нийгмийн байдлыг дордуулсан гэж үзэж шүүхэд хандсан. Мөн Д нисэх буудлын дарга Д.А, Д нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтад орохоор гэрэлсуултын техникчийн орон тоон дээр ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасан. Би хүлээн зөвшөөрч хатуу хучилттай зам ашиглалтад орох хүртэл нэг жилийн хугацаанд галчийн ажлаа хийхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж хатуу хучилттай зам ашиглалтад ортол нэг жилийн хугацаанд энэ асуудлын талаар ярихгүйгээр хатуу хучилттай зам ашиглалтад ортол галчийн ажлаа хийж байсан. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтад ороход намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилох тухай асуудал яригдахгүй байсан. Тэгээд би Д.А даргын өрөөнд орж эвлэрлийн гэрээг биелүүлэх талаар уулзахад чамайг ажилд авахгүй энэ ажилд томилохгүй чи шүүхдээд яв гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагаа эхлүүлсний дараахан Д нисэх буудлын дарга 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан тэгээд удалгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Надад ногдуулсан сахилгын шийтгэлийн тушаалыг 2019 оны 09 сарын 16-ны өдөр гардан авч байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д нисэх буудлын дарга Д.А болон намайг байлцуулан уулзсан. Ингэж уулзахдаа гэрэлсуултын ажлын байр гарахгүй юм бол ижил түвшний ажлын байранд томилох боломж байна уу гэдэг талаар ярилцсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Д нисэх буудлын дарга Д.А Б/25 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр 10 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шаардаж тодруулан асуухад Д нисэх буудлын дарга Д.А нь Х.Б-ыг ажлаас халсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон гэж тайлбарласан байсан. Д.А, Д нисэх буудлын даргаар ажиллах болсон цагаасаа хойш миний ажиллах эрхийг хааж удаа дараа ямар нэгэн шийдвэр гаргаж байсан, гаргасан шийдвэр бүхэн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байсан.

2019 оны хавар гэрэлсуултын техникчийн анхан шатны сургалт болсон тэгээд би уг сургалтад суумаар байна гээд өргөдөл бичиж Д.А даргын өрөө рүү орсон, гэтэл Д.А дарга тийм боломж байхгүй чамайг сургалтад явуулахгүй гэж хэлсэн. Д.А дарга намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилон ажиллуулах зорилго байгаагүй, намайг галын бүлгийн ахлагчийн ажилд томилох шүүхийн шийдвэр гарахаас аргалж, намайг өөр ажилд томилох дүр үзүүлэн итгэл үнэмшил үзүүлэн эвлэрлийн гэрээ байгуулсныг би ойлгосон.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Д нисэх буудлын дарга Д.А-ын гаргасан шийдвэрүүдийг эс зөвшөөрч Д нисэх буудлын дарга Д.А-ын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, галчийн ажлын байранд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь энэ хэрэг маргаан шүүхээр хэлэлцэгдэж байхад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болох байсан. Х.Б нь галчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Б-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 12.083.864 /арван хоёр сая наян гурван мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудалд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлаас 208.292 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х.Б-ын нэхэмжлэлтэй, ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудалд холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М би тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дугаар шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг хариуцагч байгууллага нь Х.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Х.Б нь манай байгууллагын галчаар ажилладаг бөгөөд 05 сарын 15-наас 09 сарын 15-ны хооронд улирлын чанартайгаар тухайн ажлын байр нь сул зогсдог. Иймд ажилтныг сул зогсолтын үед нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажлыг байгууллага дотроо түр шилжүүлэн хийлгэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг баримталсан байна. Гэтэл хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас өөр тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг сул зогсолтын үед нь өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хариуцагч Завхан аймаг дахь Д нисэх буудлын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэртээ ажил олгогч Х.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Х.Б нь манай байгууллагын галчаар ажилладаг бөгөөд 05 сарын 15-наас 09 сарын 15-ны хооронд улирлын чанартайгаар тухайн ажлын байр нь сул зогсдог. Иймд ажилтныг сул зогсолтын үед нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажлыг байгууллага дотор түр шилжүүлэн хийлгэсэн гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч Х.Б нь жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хооронд галч ажиллах шаардлагагүй үед сул зогсолттой байдаг гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйл буюу “хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэх тухай” зохицуулалт энэ маргаанд хамааралгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл энэхүү зохицуулалтын тухайд ажил олгогч ажилтантай тохиролцсон байхыг хуульд заажээ.

Маргааны хувьд холын чиглүүлэх станцын манаачын ажлын байр шаардлага хангахгүй хүн ажиллаж амьдрах боломжгүй, хаалга цонх нь таглаатай  /хэргийн 90-91 дэх тал/ өмнө ажиллаж байсан ажилтны гэрт үүрэг гүйцэтгэхээр тохирсон гэх тайлбар нь ажил олгогчийн зүгээс ажилтныг хэвийн ажиллах, нөхцөл боломжоор хангасан болохыг нотлохгүй байна. Ажлын нөхцөл байдлын талаар тохирсон гэх байдал хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.” гэж заажээ.

Хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “ажлын зайлшгүй шаардлагаар ижил төрлийн албан тушаалд ажилтны нийгмийн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй шилжүүлэн ажиллуулахаар удирдлагын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж нэмэлт оруулжээ.

Хөдөлмөрийн гэрээний энэ нэмэлт өөрчлөлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэх хуулийн агуулгад нийцээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээнд оруулсан энэ нэмэлт өөрчлөлт нь хуульд нийцээгүй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан байна. Түүнчлэн түр хугацаагаар томилон Хөдөлмөрийн гэрээ тусгайлан хийгээгүй ажлын байранд ажиллаж байхдаа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үндсэн ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Х.Б Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын галчийн ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдал гаргаагүй байхад галчийн ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

 

Жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд галч ажиллах шаардлагагүй үед сул зогсолттой байдаг, энэ хугацаанд байгууллагад ажилладаг 4 галчтай тохиролцсоноор ээлжийн амралттай ажилтны оронд түр хугацаагаар ажиллуулдаг талаар талууд тайлбарласан.

 

Шүүх энэ хугацаанд Х.Б-тай тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй учир ажилтанг ажлаас халах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн Х.Б-ын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо 5 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 23-ны хооронд галч ажиллах шаардлагагүй, сул зогсолттой үеийн олговрыг хасч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-ын ажилгүй байсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.243.077:21.5= нэг өдөр 57.817 төгрөгийг 209 өдрөөр тооцон 12.083.864 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-ын 2020 оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажлын өдрийн цалинг хасч тооцох нь зүйтэй гэж үзсэн тул, 2020 оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл галч улирлын амралттай тул энэ хугацааны ажлын өдрийг тооцоход нийт 44 өдөр x 57817 = 2543948 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 12.083.864-2543948= 9539916 төгрөг болгож өөрчилж шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг өөрчилсөнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо 9539916 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 167589 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулахаар холбогдох өөрчлөлтийг мөн орууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШШ2020/00474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...12.083.864” гэснийг “...9.539.916 гэж өөрчилж,

4 дэх заалтыг “...208.292” гэснийг “...167589” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагч Завхан аймаг дахь Д нисэх буудал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 208291 төгрөг төлөхийг шүүгчийн захирамжаар гаргуулахыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.Ж

                             ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                                          Ш.Б