Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01790

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01501 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н-, Г.Н-нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б- миний бие 2017 оны 2 сард фэйсбүүкийн зараас хэрэглэж байсан “ай фоне 7” гар утас худалдана гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож, зар тавьсан хүнтэй очиж уулзахад Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Гурван гал оффис центр, 5 давхар, 511 тоотод байрлах Nandinway билетийн касст захирал ажилтай Г.Н- гэгч байсан. Г.Н- нь тухайн үед худалдаанд гараад удаагүй байсан гар утсаа хэрэглэж байсан учраас хямдхан 1 500 000 төгрөгөөр худалдана гэж тухайн үед “ай фоне 7” утсыг асааж үзэхэд асч байсан, үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн ханшаас арай хямд байсан, мөн Г.Н- нь өмнө зүс таньдаг Г.Намуунцэцэгийн дүү байсанд нь итгэж олзуурхан, 1 400 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, мобайл банкны үйлчилгээг ашиглан, Г.Н-ийн өгсөн Хаан банкны 5011328375 тоот дансанд гар утасны мөнгө 1 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Намуунцэцэгийн тавьсан зараар түүний дүү гэх Г.Н-ээс утсыг авч Г.Намуунцэцэгийн дансанд 1 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Н-ийг худалдагч гэж ойлгож байгаа. Г.Намуунцэцэгийг би урьд нь таньдаг байсан тул Г.Н-ийн зөвшөөрлөөр шилжүүлэн “ай фоне 7” маркын гар утас худалдан авсан. Миний бие гар утсыг худалдан авч, хэрэглэж эхэлсэнээс хойш долоо ч хоноогүй байтал унтарсан, цэнэглэж үзсэн боловч дахин асаагүй тул унтарсан шалтгааныг тодруулахаар “тэди” төвд байрлах гар утас засварын газарт үзүүлэхэд, засварчин нь энэ утсыг өмнө нь задалсан, засвар орсон байна, аваад удаагүй байгаа юм бол баталгааны хуудсыг нь үзүүлээд авсан газраар нь засуулсан нь дээр гэж зөвлөсөн. Засварчин хэлэхдээ асуудалтай утас байна задлах хэрэгтэй, гэж задлаад, гэхдээ өмнө нь задаргаа орсон утас байна гэж хэлсэн. Би Г.Н- рүү залгаад болсон нөхцөл байдлын талаар хэлэхэд би дүүгээсээ асууя гэж хэлсэн. Ингээд би тухайн гар утсыг худалдсан Г.Н-ийн ажил дээр очиж Г.Н-тэй уулзан, утас асахгүй байгаа талаар хэлэхэд уг гар утас эвдрээд таньдаг хүнээрээ засуулж байсан гэж хэлэхээр нь тэр засварчингийн утасны дугаар болон уг утасны баталгааны бичгийг өгөөч гэхэд засварчингийн утасны дугаарыг нь өгөхгүй, баталгааны бичиг байхгүй гэж хэлээд өгөөгүй. Тийм бол утсаа буцаагаад ав би мөнгөө буцааж авъя гэхэд Г.Н- нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй гээд бидний хооронд хэрүүл үүссэн. Чамд асаж байсан утас өгсөн тул ядаж асаачихаад буцаагаад аваад ир. тэгвэл мөнгийг чинь буцааж өгье гээд намайг оффисоосоо хөөж гаргасан. Тэгэхээр нь би тэр утсыг нь асдаг болгочихоод Г.Н-т эргүүлэн өгч мөнгөө авах зорилгоор “тэди” төвд байрлах засварчдад дахин хандсан боловч Монголд засварлах боломжгүй гэсэн тул 2017 оны 7 сард Япон Улсад, 2017 оны 8 сард БНХАУ-д зорчихдоо авч явж засуулахыг хичээсэн боловч хэрэв тухайн утсыг засвал шинэ утасны үнээр засагдана, усанд унагаасан утас байна гэсэн тул засуулж чадалгүй буцаан авч ирсэн. Г.Н-т гар утсыг эргүүлж өгөөд мөнгөө буцааж авъя гэхэд гар утсыг асаагаад аваад ирвэл л буцааж авна гээд дахин хэрэлдэж, маргалдсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Г.Н- нь тухайн утсыг надад худалдахдаа эвдэрч засвар орж байсан гэдгийг нь хэлэлгүй нуун дарагдуулсан, дахин эвдэрч, асахгүй болж магад гэдгийг нь мэдсээр байж надад худалдсан нь намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан, мөн засуулаад авъя, засварчингаа заагаад өгөөч гэхэд туслах нь бүү хэл, маргаж, хэл амаар доромжлон хөөж гаргасан. Иймд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, “ай фоне 7” гар утсыг нь буцаан өгч, гар утасны үнэд төлсөн 1 400 000 төгрөгийг Г.Намуунцэцэг, Г.Н-ээс гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Н- нь нэхэмжлэгчид ямар нэг утас зараагүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь эрх, энэ хүнээс хариуцагч Г.Н- мөнгө аваагүй, утас зараагүй учраас зөвшөөрөхгүй. Хэрэгт байгаа мөнгө /төлбөр/ шилжүүлсэн баримтаас үзэхэд хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, Г.Н-т ийм данс байхгүй гэдэг баримтаа бид өгсөн. Утасны эвдрэл анх байсан уу худалдан авагч аваад эвдэлсэн үү гэдэг нь яригдах зүйл биш гэж бодож байна гэжээ.

 

 Хариуцагч Г.Н-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Н-нь ямар нэгэн доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа гар утас зарсан ба нэхэмжлэгч өөрөө шалгаж хүлээн авсан байдаг. Хэрэв доголдолтой гэмтэлтэй утас бол хүлээн авахдаа шалгахад мэдэгдэх нь ойлгомжтой гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус байна, гэрээнээс татгалзсан юм уу, гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Ц.Б- нь утсыг аваад 3 хоног хэрэглэж байсан гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Өөрөө гар утсыг хүлээж аваад, 3 хоног хэвийн ажиллуулж байсан байна. Үүнээс хойш яасан юу болсныг хэн ч мэдэхгүй. Плат нь шатсан бол 3 хоног ажиллахгүй байсан байх. Одоо энэ утас нь ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, эвдэрсэн утас өгсөн талаар хэрэгт баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн Г.Н- нь гадаад улсад амьдарч байгаа бөгөөд хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотой Монгол Улсад ирэх боломжгүй тул бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Г.Н-, Г.Н-нараас 1 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.  Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, шүүхийн практикт, анхаарах асуудал” зөвлөмжид “Иргэний хуульд гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 2 хугацааг тодорхойлсон бөгөөд гомдол гаргах хугацааг гэрээний нэг тал нөгөө талдаа гаргах хугацаа гэж шүүх тайлбарлаж ирсэн. Учир нь гомдлын шаардлагыг гэрээний талууд бие биедээ тавьдаг шаардлага гэсэн агуулгаар тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээнд зааснаас гадна Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан тул гомдлын шаардлага гаргаж хариу авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж ойлгогддог. Аль нэг талын эрх зөрчигдөх олон янзын шалтгаан нөхцөл байж болох бөгөөд ямар эрх зөрчигдсөн, үүнээс үүдээд ямар шаардлага гаргасан гэдгээс шалтгаалж Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сонгож хэрэглэх шаардлага үүсдэг. Тийм учраас шүүх худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхдээ хуулийг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэх шаардлага үүсч байна” гэж зөвлөсөн. Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан. Дээрх зөвлөмж болон Иргэний хуулийн дээрх заалтуудаас үзвэл, “шаардах эрх нь гомдлын шаардлага гаргаж хариу авсны дараа үүсч, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно”,  үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тодорхой ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Г.Н-, Г.Н-нарт 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагуудыг дараалуулан тавьсан нь талуудын тайлбараар нотлогддог. Тухайлбал: нэхэмжлэгч Ц.Б- доголдлыг илрүүлээд хариуцагчид доголдлыг арилгуулах шаардлага тавихад хариуцагч нар хүлээж аваагүй тул “утсаа буцаая” гэсэн гэрээнээс татгалзах шаардлага тавьсан. Гэтэл хариуцагч Г.Н-“чамд асаж байсан утас өгсөн, тиймээс асаагаад аваад ирвэл буцааж авъя” гэж хэлж доголдлыг арилгуулах талаарх өмнө тавьсан шаардлагыг хүлээн авч зөвшөөрсөн байдаг. Энэ нь 2020 оны 6 сарын 03-ны өдөр хийгдсэн, хариуцагч Г.Намуунцэцэгтэй ярьсан утасны ярианы бичлэгийн үзлэгийн тэмдэгдэглэлээр нотлогддог. Нэхэмжлэгч Ц.Б- ч үүнийг доголдлыг арилгаад очсон үед л гэмтэлтэй утсыг буцааж авах юм байна гэж ойлгосон ба техникийн тусгай мэдлэггүй тул тухайн доголдол арилах эсэх, түүнийг засварлахад ямар хугацаа зарцуулагдахыг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй тул гадаад улсад эмчлүүлэхээр явахдаа доголдлыг илрүүлэх, оношлуулах, болж өгвөл доголдлыг арилгуулахаар хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Хэрэв утсыг засуулчихвал утсыг буцаах бодолгүй байсан нь шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар нь нотлогддог. Мөн хариуцагч Г.Н-нь асаагаад аваад ирвэл буцааж авах талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчид гэмтэлтэй утсыг задлуулах, засварлуулахыг зөвшөөрч, тодорхойгүй хугацаа тогтоож өгсөн байдаг тул тухайн цаг мөчөөс эхлэн хариуцагч Г.Намуунцэцэгээс худалдан авсан, доголдолтой гар утсыг Монголд засварлах боломжгүй гэж мэдэх хүртэл хугацаагаар нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгч нь өөрийн доголдолтой гар утасны доголдлыг арилгуулах талаарх гомдлын шаардлагынхаа хариуг авсан гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй байсан. Нэхэмжлэгч Ц.Б- нь сахарын хүнд өвчний улмаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн байнгын хяналтанд байдаг ба мэдрэлийн ядаргаа, сахарын өвчинтэй нь хавсарсны улмаас нүүрний мэдрэл нь үрэвсэж саажсан, тал цус харвасан тул 2017 оны 7 сарын 01-19 хүртэлх хугацаанд “Ачтан” эмнэлэг, “Хос шинэс” сувилал зэрэгт хэвтэн эмчлүулж, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, гэнэтийн онцгой нөхцөл байдалд байсан. Мөн тэрээр 2017 оны 7 сарын 27-ны өдрөөс 8 сарын 07-ны өдөр хүртэл Япон улсад, 2017 оны 8 сарын 20-24-ний өдөр хүртэл БНХАУ-д оношлогоо, эмчилгээний журмаар явж, Монгол Улсад байгаагүй тухай нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал шүүх үнэлж үзээгүйгээр барахгүй “... хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нотлоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Г.Намуунцэцэг, Г.Н- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Г.Намуунцэцэг, Г.Н- нараас “ай фоне 7” маркийн гар утсыг 1 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 1 400 000 төгрөгийг “Хаан банк” дахь хариуцагч Г.Намуунцэцэгийн данс руу шилжүүлэн, утсыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны депозит дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар зөв дүгнэсэн боловч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.  

Тодруулбал, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийн зохицуулалт нь гэрээний талуудад гомдлын шаардлага гаргаж болох тодорхой хугацааг тогтооход оршдог. Өөрөөр хэлбэл худалдан авагч 6 сарын хугацаанд худалдан авсан эд  хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдагчид мэдэгдэх бөгөөд эд хөрөнгийн доголдолд үндэслэн гомдлын шаардлага гаргах болно гэдгээ ямар нэгэн хэлбэрээр илэрхийлсэн байхыг ойлгоно. Тийм учраас 6 сарын хугацаанд худалдан авагч нэхэмжлэл биш гомдлын шаардлага гаргасан байх нь хангалттай юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гар утсыг худалдан авснаас хойш 2-3 хоногийн дараа унтарч, асахаа больсон хариуцагч нар нь анхнаасаа утасны доголдлыг нуун дарагдуулж, эвдэрхий утас худалдсан тул гэрээнээс татгалзаж, гар утасны үнэд төлсөн 1 400 000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нар татгалзалдаа нэхэмжлэгч нь утсыг авахдаа үзэж, шалгаад авсан, доголдолтой утас худалдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ШУТИС-ийн МХТ-ийн сургуулийн 2020 оны 4 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Ц.Б- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 1 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-ийн 125, 150-152-р тал/

 

Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагч Г.Намуунцэцэг, Г.Н- нараас нэхэмжилсэн боловч гар утасны үнэ болох 1 400 000 төгрөгийг хариуцагч Г.Намуунцэцэгийн дансанд шилжүүлсэн байх тул хариуцагч Г.Н-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Намуунцэцэгээс 1 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Намуунцэцэгээс 1 400 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Б-т олгож, хариуцагч Г.Н-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвэээр үлдээж, хариуцагч Г.Намуунцэцэгээс 37 350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 37 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

     

                        ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

     

                                                                            Г.ДАВААДОРЖ