Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00483

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00483

Улаанбаатар хот

 

                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б /РД: /-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Нч /РД: /,

 

Хариуцагч:Нц / /-нарт холбогдох

 

1.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М, хариуцагч Нч, Нц нарын өмгөөлөгч П.Ц, гэрч Р.Т, нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б миний бие 2017 оны 2 дугаар сард Fасеbоок-ийн зараас хэрэглэж байсан I phone 7 гар утас худалдана гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож, зар тавьсан хүнтэй очиж уулзахад Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Гурван гал оффис центр, 5 давхар, 511 тоотод байрлах Nandinway билетийн касст захирал ажилтай Нч гэгч байсан.

 

Нч нь тухайн үед худалдаанд гараад удаагүй байсан I phone 7 гар утасаа хэрэглэж байсан учраас хямдхан 1.500.000-аар худалдана гэсэн.

 

Тухайн үед I phone 7 утасыг асааж үзэхэд асч байсан, үнийн хувьд тухайн үеийн зах ханшаас арай хямд байсан, мөн Нч нь өмнө зүс таньдаг Г.Н-ийн дүү байсанд нь итгэж олзуурхан, 1.400.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, мобайл банкны үйлчилгээг ашиглан Нчийн өгсөн Хаан банкны 5011328375 тоот дансанд гар утасны мөнгө 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн.

 

Нц-ийн тавьсан зараар түүний дүү гэх Нчээс утсыг авч Нц-ийн дансанд 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Нчийг худалдагч гэж ойлгож байгаа. Г.Нц-г би урьд нь таньдаг байсан тул Нч-ийн зөвшөөрлөөр шилжүүлсэн. Дансны дугаарыг Нч өгч 1.400.000 төгрөгийг шилжүүлээд, I Phone 7 маркын гар утас худалдан авсан.

 

Миний бие гар утасыг худалдан авч, хэрэглэж эхэлсэнээс хойш долоо ч хоноогүй байтал унтарсан, цэнэглэж үзсэн боловч дахин асаагүй тул унтасан шалтгааныг тодруулахаар ТЕDҮ төвд байрлах гар утас засварын газарт үзүүлэхэд, засварчин нь энэ утасыг өмнө нь задалсан, засвар орсон байна, аваад удаагүй байгаа юм бол баталгааны хуудасыг нь үзүүлээд авсан газраар нь засуулсан нь дээр гэж зөвлөсөн. Засварчин хэлэхдээ асуудалтай утас байна задлах хэрэгтэй, гэхдээ өмнө нь задаргаа орсон утас байна гэж хэлсэн. Би Н рүү залгаад болсон нөхцөл байдлын талаар хэлэхэд би дүүгээсээ асууя гэж хэлсэн.

 

Ингээд би тухайн гар утасыг худалдсан Нчийн ажил дээр очиж Г.Н-тэй уулзан утас асахгүй байгаа талаар хэлэхэд уг гар утас эвдрээд таньдаг хүнээрээ засуулж байсан гэж хэлэхээр нь тэр засварчингийн утасны дугаар болон уг утасны баталгааны бичгийг өгөөч гэхэд засварчингийн утасны дугаарыг нь өгөхгүй, баталгааны бичиг байхгүй гэж хэлээд өгөөгүй.

 

Тийм бол утасаа буцаагаад ав би мөнгөө буцааж авъя гэхэд Нч нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй гээд бидний хооронд хэрүүл үүссэн.

 

Чамд асаж байсан утас өгсөн тул ядаж асаачихаад буцаагаад аваад ир. тэгвэл мөнгийг чинь буцааж өгье гээд намайг оффисоосоо хөөж гаргасан.

 

            Тэгэхээр нь би тэр утасыг нь асдаг болгочихоод Нч-т эргүүлэн өгч мөнгөө авах зорилгоор ТЕDҮ төвд байрлах засварчдад дахин хандсан боловч Монголд засварлах боломжгүй гэсэн тул 2017 оны 7 дугаар сард Япон улсад, 2017 оны 8 дугаар сард БНХАУ-д зорчихдоо авч явж засуулахыг үнэхээр их хичээсэн боловч хэрэв тухайн утасыг засвал шинэ утасны үнээр засагдана, усанд унагаасан утас байна гэсэн тул засуулж чадалгүй буцаан авч ирсэн.

 

            Нчт гар утасыг эргүүлж өгөөд мөнгөө буцааж авья гэхэд гар утасыг асаагаад аваад ирвэл л буцааж авна гээд дахин хэрэлдэж маргалдсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

 

Миний бие Нчийн ажлын газрыг л мэдэхээс биш иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих Нч-ийн оршин суугаа хаягыг мэдэхгүй байсан тул Хан - Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд хандан, хариуцагчийг эрэн сурвалжлуулж Нчийн оршин суугаа хаягыг тогтоон шүүхэд хандах боломжтой болсон.

 

Нч нь тухайн утсыг надад худалдахдаа эвдэрч засвар орж байсан гэдгийг нь хэлэлгүй нуун дарагдуулсан, дахин эвдэрч, асахгүй болж магад гэдгийг нь мэдсээр байж надад худалдсан нь намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан, мөн засуулаад авья, засварчингаа заагаад өгөөч гэхэд туслах нь бүү хэл, маргаж, хэл амаар доромжлон хөөж гаргасан зэргээс үзвэл, Нч өөрөө л хохиролгүй болж байвал бусад хүн хохирох эсэх нь түүнд хамаагүй байсан гэдгийг харуулж байна.

 

Иймд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж I phone 7 гар утасыг нь буцаан өгч, гар утасны үнэд төлсөн 1.400.000 эгч Г.Намуунцэцэгээс гаргуулан өгнө үү гэв.

 

Харицагч нар шүүхэд өгсөн тайлбар болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Нч нь нэхэмжлэгчид ямар нэг утас зараагүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримт /зар, гэрээ, хэлцэл/ байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь эрх, энэ хүнээс хариуцагч Нч мөнгө аваагүй, утас зараагүй учраас зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байна.

 

Хэрэгт байгаа мөнгө /төлбөр/ шилжүүлсэн баримтаас үзэхэд хэнд шилжүүлсэн нь тодорхой бус. Нандинчимэгт ийм данс байхгүй гэдэг баримтаа бид өгсөн. Утасны эвдрэл анх байсан уу худалдан авагч аваад эвдэлсэн үү гэдэг нь яригдах зүйл биш гэж бодож байна гэв.

 

Нцби ямар нэгэн доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа гар утас зарсан ба нэхэмжлэгч өөрөө шалгаж хүлээн авсан байдаг. Хэрэв доголдолтой гэмтэлтэй утас бол хүлээн авахдаа шалгахад мэдгэдэх нь ойлгомжтой гэж бодож байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус байна, гэрээнээс татгалзсан юм уу, гэрээнээс учирсан хохиролоо нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Б нь утсыг аваад 3 хоног хэрэглэж байсан гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Өөрөө гар утсыг хүлээж аваад, 3 хоног хэвийн ажиллуулж байсан байна. Үүнээс хойш яасан юу болсоныг хэн ч мэдэхгүй. Плат нь шатсан бол 3 хоног ажиллахгүй байсан байх. Одоо энэ утас нь ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, эвдэрсэн утас өгсөн талаар хэрэгт баримт байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд гэрч Р.Тунгалагийн мэдүүлгийг сонсов.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Нч, Нц нарт холбогдуулан 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нч, Нц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Нч, Нц нараас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Гурван гал оффис центр, 5 давхар, 511 тоотод I phone 7 гар утасыг 1.400.000 төгрөгөөр худалдан авч, гар утасны үнийг, мөн өдөртөө Нц-ийн Хаан банкны 5011328375 дугаарын дансанд шилжүүлжээ./хх-ийн 5,21,30-р хуудас/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Худалдагч Нч, Нц нар нь биет байдлын доголдолгүй I phone 7 гар утас, түүнийг дагалах бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

Худалдан авагч Б нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байхад худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5-7,35, 44- р хуудас/

 

Худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-т зааснаар Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.

 

Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй

 

254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж тус тус заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гар утас худалдаж авсанаас хойш 7 орчим хоногийн дараа эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч /худалдагч/ Нц, Нч нарт мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7-р хуудас/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7.Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр I phone 7 гар утас худалдан авах үед доголдол байсан гэж үзнэ.

 

Гар утасны үнэ 1.400.000 төгрөгийг хариуцагч Нч хүлээн аваагүй хариуцагч Нц хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон түүний тайлбараар тогтоогдож байх тул, хариуцагч Нч-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Нц-ээс 1.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт, нэхэмжлэгч Баас I phone 7 гар утасыг буцаан гаргуулж хариуцагч Г.Намуунцэцэгт тус тус олгож, хариуцагч Нчт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Г.Намуунцэцэг, Нч нар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 19, 43-р хуудас/

 

Хариуцагч Г.Намуунцэцэг, Нч нар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар хариуцагч Нц-гээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт, нэхэмжлэгч Баас I phone 7 гар утасыг буцаан гаргуулж хариуцагч Нц-т тус тус олгон, Нч-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 37350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд , тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО