Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01305

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 964 дүгээр магадлалтай

Ц.Бын нэхэмжлэлтэй

Г.Н, Г.На нарт холбогдох

1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б миний бие 2017 оны 02 дугаар сард зарын дагуу “Гурван гал” оффис центр, 5 давхар, 511 тоотод байрлах Nandinway билетийн касст захирал ажилтай Г.Нтэй уулзахад тухайн үед худалдаанд гараад удаагүй байсан I рhоnе 7 гар утсаа хэрэглэж байсан учраас хямдхан 1 500 000 төгрөгөөр худалдана гэсэн. Тухайн үед утсыг асааж үзэхэд асч байсан, үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн ханшаас хямд байсан тул 1 400 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, Г.Нийн өгсөн Хаан банкны 5011328375 тоот дансанд 1 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Гар утсыг хэрэглэж эхэлснээс хойш долоо ч хоноогүй байтал унтарсан, цэнэглэж үзсэн боловч дахин асаагүй тул унтарсан шалтгааныг тодруулахаар гар утас засварын газарт үзүүлэхэд, өмнө нь задалсан, засвар орсон байна, аваад удаагүй байгаа бол баталгааны хуудсыг нь үзүүлээд авсан газраар нь засуулсан нь дээр гэж зөвлөсөн. Тухайн гар утсыг худалдсан Г.Нийн ажил дээр очиж уулзахад утас эвдрээд таньдаг хүнээрээ засуулж байсан гэж хэлэхээр нь засварчингийн утасны дугаар болон уг утасны баталгааны бичгийг өгөөч гэхэд утасны дугаарыг нь өгөхгүй, баталгааны бичиг байхгүй гэж хэлээд өгөөгүй тул утсаа буцаагаад ав, мөнгөө буцааж авъя гэхэд нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй гээд бидний хооронд маргаан үүссэн. Г.Н асч байсан утас өгсөн тул ядаж асаачихаад аваад ир, тэгвэл мөнгийг чинь буцааж өгье гээд намайг оффисоосоо хөөж гаргасан. Би утсыг нь асдаг болгочихоод Г.Нт эргүүлэн өгч мөнгөө авах зорилгоор засварчдад дахин хандсан боловч Монгол Улсад засварлах боломжгүй гэсэн тул 2017 оны 07 дугаар сард Япон улсад, 2017 оны 08 дугаар сард БНХАУ-д зорчихдоо авч явж засуулахыг хичээсэн боловч хэрэв тухайн утсыг засвал шинэ утасны үнээр засагдана, усанд унагаасан утас байна гэсэн тул засуулж чадалгүй буцаан авч ирсэн. Г.Н нь тухайн утсыг надад худалдахдаа эвдэрч засвар орж байсан гэдгийг нь хэлэлгүй нуун дарагдуулсан, дахин эвдэрч, асахгүй болж магад гэдгийг нь мэдсээр байж надад худалдсан нь намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан, мөн засуулаад авья, засварчингаа заагаад өгөөч гэхэд туслах нь бүү хэл, маргаж, хэл амаар доромжлон хөөж гаргасан зэргээс үзвэл Г.Н өөрөө л хохиролгүй болж байвал бусад хүн хохирох эсэх нь түүнд хамаагүй байсан гэдгийг харуулж байна. Би утасны 1 400 000 төгрөгийг эгч Г.Наийн дансанд хийсэн тул хариуцагч нараас мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь Г.Н надаас 1 400 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлдээ эвдэрхий утас надад зарсан гэжээ. Миний бие эвдэрхий утас зарсан асуудал ерөөсөө байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 1 400 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.На шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... миний зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь би ямар нэгэн доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа гар утас зарсан ба нэхэмжлэгч өөрөө шалган хүлээн авсан байдаг. Хэрэв доголдолтой, гэмтэлтэй утас бол хүлээн авахдаа шалгахад мэдэгдэх нь ойлгомжтой гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Г.Наээс 1 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт, нэхэмжлэгч Ц.Баас I рhоnе 7 гар утсыг буцаан гаргуулж хариуцагч Г.Нат тус тус олгон, Г.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Наээс улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 964 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Наийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 964 дүгээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байх тул доор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь эгч, дүү Г.На, Г.Н нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан I рhоnе 7 гар утсыг буцаан өгч, гар утасны үнэ 1 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 253, 254.1, 254.6, 254.7 дахь заалтуудыг үндэслэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Г.Наээс 1 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт, нэхэмжлэгч Ц.Баас I рhоnе 7 гар утсыг буцаан гаргуулж, хариуцагч Г.Нат тус тус олгон, Г.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн болно.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Зохигчид худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан I рhоnе 7 гар утсыг доголдолтой байсан эсэх талаар маргасан байх бөгөөд шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох талуудын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргааны зүйл болох I рhоnе 7 маркийн гар утасны одоогийн байдалд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн нотлох баримтаар хэрэгт хавсаргах, ... хамтран хариуцагч Г.Натэй ярьсан ... ярианы бичлэгийг цаасан дээр буулгаж бэхжүүлэн нотлох баримтаар хэрэгт хавсаргах тухай хүсэлт гаргасныг шүүх гар утас худалдаж авсан талаар талууд маргадаггүй тул уг утасны одоогийн байгаа байдалд үзлэг хийж харагдах төлөв байдлыг бэхжүүлэх, тэдний хооронд ярьсан гар утасны бичлэгийг бэхжүүлэх шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна” гээд “Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний гаргасан “гэрч Р.Тунгалагийг асуулгах тухай” болон “маргааны зүйл болох I рhоnе 7 маркийн гар утасны одоогийн байдалд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн нотлох баримтаар хэрэгт хавсаргах, ... хамтран хариуцагч Г.Натэй ярьсан ... ярианы бичлэгийг цаасан дээр буулгаж бэхжүүлэн нотлох баримтаар хэрэгт хавсаргах тухай” хүсэлтүүд нь нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч, эгч дүү Г.На, Г.Н нараас I рhоnе 7 маркийн гар утас худалдан авсныг нотлох зорилготой байсан.

Учир нь, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Г.Н нь “Миний бие эвдэрхий утас зарсан асуудал ерөөсөө байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 1 400 000 төгрөг төлөх үндэслэлгүй” хэмээн “гар утас зарснаа болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан”-аа хүлээн зөвшөөрөөгүй, гар утасны үнэ болох 1 400 000 төгрөгийг шилжүүлсэн 5011328375 дугаартай Хаан банкны дансыг хариуцагч эгч дүүсийн чухам хэн нь эзэмшдэг болох нь тодорхойгүй болсон, мөн хариуцагч Г.Нийн төрсөн эгч Г.На нь “I phоnе 7 гар утас бол миний утас биш, манай дүү Г.Н миний fасеbоок хаягаар зар тавиулан худалдсан утас, мөнгийг миний дансаар шилжүүлэн авсан явдал, надад хамаагүй” гэдэг, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь ихэвчлэн “энэ талаар мэдэхгүй, чадахгүй” гэх агуулгатай байсан зэргээс үүдэн, нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг давхар нотлох зорилгоор гаргасан хүсэлт” мөн юм.

Хэдий тийм боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 964 дүгээр магадлалдаа дурдсанчлан, анхан шатны шүүх “... гар утас худалдаж авсан талаар талууд маргадаггүй тул уг утасны одоогийн байгаа байдалд үзлэг хийж харагдах төлөв байдлыг бэхжүүлэх, тэдний хооронд ярьсан гар утасны бичлэгийг бэхжүүлэх шаардлагагүй” гэж үзэн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нотолгооны хэрэгслийн зорилгыг буруу тодорхойлон, үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2.      Нэхэмжлэгчийн зүгээс, анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хангаагүй” талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “... хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хуульд үл нийцнэ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлсэн байдлаар илэрнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь гэж үзэж байна.

3.      Ердийн нөхцөлд Иргэний хуулийн 247 дүгээр зүйлийн 247.1-ийн дагуу худалдагч барааны эзэмшлийг худалдан авагчид шилжүүлснээр уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих боловч Иргэний хуульд эрсдэл шилжих үед тухайн доголдол байсныг худалдан авагч нотлох үүргийг 254.7 дахь заалтаар хялбарчилж өгсөн.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, ... тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” болохыг, 254.7-д “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ” гэж худалдан авагчийн хувьд, “бараа, эд хөрөнгийг худалдан авсан өдрөөс хойш 6 сарын дотор гол доголдлыг илрүүлсэн бол уг доголдол хөрөнгө шилжүүлэх үед анхнаасаа л байсанд тооцох” талаар хангалттай тодорхой бөгөөд шууд хуульчлан зохицуулсан.

Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар худалдагч, хариуцагч тал “өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа байдлын талаарх өөрөөр хэлбэл, “доголдол гар утсыг худалдан авагчид шилжүүлэн өгснөөс хойш үүссэн” гэх нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгчийн нэг адил хүлээнэ. Гэтэл хариуцагчийн зүгээс тийм нотлох баримтыг гаргаж өгөх нь бүү хэл анх гэрээ байгуулахдаа болон доголдол илэрсэн үед ч гар утасны дагалдах бичиг баримт, баталгааны хуудсыг өгөөгүй, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, хаанаас худалдаж авсан болох, ямар улсад үйлдвэрлэгдсэн зэрэг тухайн гар утасны эдэлгээ, ашиглалттай холбогдсон үнэн зөв мэдээллийг өгөхөөс ч татгалзаж, хуульд заасан үндсэн болон нэмэлт үүрэг /Иргэний хуулийн 243.1, 243.2/-үүдийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, худалдагч Г.На нь дээрх баримт бичиг, мэдээллийг өгөхөөс татгалзсанаараа, мөн доголдол илрэх үед “өмнө засуулж байсан” тухайгаа хэлсэн ч засварчингаа зааж өгөөгүй, баталгааны бичгийг нь гаргаж хальт харуулаад, буцаагаад шүүгээндээ хийсэн, Ц.Быг “мөнгөө буцаагаад авья” гэхэд “нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй, өөрт чинь хямдхан зарсан юм чинь одоо хамаагүй”, “асаагаад аваад ирвэл чинь буцааж авч болох юм” гэсэн зэргээс үзвэл, “доголдол анхнаасаа байсан” гэдгийг нотлон харуулсан явдал мөн бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргах явцдаа “энэ талаар маргадаггүй, няцаадаггүй” зэрэг нь “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан” /Иргэний хуулийн 255.2/ гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Тийм байхад давж заалдах шатны шүүх “энэ талаар дүгнэлт хийгээгүй” болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл болно.

4.     Аливаа гэрээний үүрэг нь талуудын зөвшилцөл, харилцан итгэлцэл дээр үндэслэн бий болдог ба манай улсын иргэний хуульд заасны дагуу, “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх” ёстой, Иргэний хуулийн 13.1. Гэтэл хариуцагч буюу худалдагч талын зүгээс “нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй, өөрт чинь хямдхан зарсан юм чинь одоо бидэнд хамаагүй” гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, ёс зүйгүй үйлдэл болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг хянаж, “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн”, гэрээгээр өгсөн авснаа буцаах байдлаар үндэслэл бүхий шийдвэр гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 964 дүгээр магадлалаараа “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан” нь гэрээний үүргээ үнэнч шударгаар биелүүлсэн худалдан авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл боллоо.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 964 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2017 оны 02 дугаар сард Г.Нээс хэрэглэж байсан I phone 7 загварын гар утсыг 1 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг түүний эгч Г.Наийн дансанд хийж, утсыг авсан боловч хэрэглээд 7 хоноогүй байхад утас нь эвдэрч, дахин асахгүй болсон. Хариуцагч нар нь эвдэрч, засвар хийсэн гэмтэлтэй утасны гэмтлийг нуун дарагдуулж утсаа худалдсан тул гар утсыг буцаан өгч, гар утасны үнэд төлсөн 1 400 000 төгрөгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь утсыг шалгаад хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Наээс 1 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс гар утсыг гаргуулан хариуцагч Г.Нат олгож, Г.Нт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т хэргийн оролцогч нь “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч  томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, ...хүсэлт гаргах” эрхтэй гэж, 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэмтэлтэй утас худалдсаныг нотлохоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх “талууд гар утас худалдаж, худалдан авсан талаар маргаагүй” гэх үндэслэлээр хүсэлтэд хамааралгүй дүгнэлт хийж, хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 964 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 350 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД