Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00885

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01501 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1790 дүгээр магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй

Г.Нандинчимэг, Г.Намуунцэцэг нарт холбогдох

 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч Г.Намуунцэцэгийн өмгөөлөгч П.Цолмонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* нь Г.Нандинчимэг, Г.Намуунцэцэг нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01501 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Г.Нандинчимэг, Г.Намуунцэцэг нараас 1,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1790 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Намуунцэцэгээс 1,400,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч Г.Нандинчимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Намуунцэцэгээс 37,350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 37,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Г.Намуунцэцэгийн өмгөөлөгч П.Цолмонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..1790 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

1790 дүгээр магадлалаар хариуцагч нарыг биет байдлын доголдолтой утас шилжүүлсэн буюу *******т хөрөнгө шилжихээс өмнө доголдол байсан гэж шүүх шууд дүгнэж байгаа нь буруу. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгийг шалгаж хүлээн авсан, ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж байсан, 3 хоногийн дараа, 7 хоногийн дараа эвдэрсэн гэдэг. Энэ нь хөрөнгө шилжихдээ доголдолгүй байсан гэдгийг нотолно. Гар утас буюу тухайн эд хөрөнгийн шинж байдал, гадны нөлөөгөөр эвдрэх, гэмтэх магадлал боломжийг авч үзвэл энэ хугацаанд хөрөнгө хүлээн авсан этгээдийн өөрийнх нь үйл ажиллагаанаас хамааран эвдрэл үүссэн байх бүрэн боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр гар утас нь анхнаасаа гэмтэлтэй, эсвэл нэхэмжлэгчид шилжихээс өмнө гэмтэлтэй байсан нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдоогүй. Гэмтэл, доголдлыг нэхэмжлэгч үүсгэсэн байх ч бүрэн магадлалтай. Нөхцөл байдал ийм байхад шүүхээс таамгаар, гар утасны доголдол хөрөнгө шилжихээс өмнө байжээ гээд Иргэний хуулийн 205.1-д заасан үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдсэн нь хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглээгүй явдал болсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар утсыг анх хүлээж авах үед хэвийн ажиллаж байсан, харин хэд хоногийн дараа асахгүй болсон, засуулах гэтэл Монголд засах боломжгүй гэсэн байх ба хэрэв энэ гэмтэл нь анхнаасаа байсан бол гар утсыг шилжүүлэн авах үед ч гэсэн асах боломжгүй, хэвийн ажиллах боломжгүй байсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл хэвийн утас хүлээж авчхаад, өөрөө ашиглаж байсныхаа дараа асахгүй байна, эвдэрхий утас зарсан байна гэж байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр усанд унагаснаас гэмтэл гарсан бол тэр нь нуугдмал, мэдэгдэхгүй доголдол биш бөгөөд эргээд асах, хэвийн ажиллах боломжгүй нь тодорхой. Одоо тодорхой байгаа нөхцөл байдлаар утас дахиж асаагүй, ажиллаагүй байгаа нь ч үүнийг батална. Иргэний хуулийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүслээ гэхэд өгсөн авсан зүйлсээ харилцан буцааж өгөх болох ба гар утсыг буцаан өгөхөд анх шилжүүлсэн хэвийн ажиллаж байсан утас байхгүй байгаа юм. Нөгөө талаар анхан шатны шүүхээс гомдлын шаардлага гаргах хугацааг зөв тодорхойлж хэргийг шийдсэн ба 2017.02 сараас хойш 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ бүх л хугацаанд гар утас нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд л байсан, энэ үедээ л асахаа больсон, ажиллахаа больсон байхад шүүхээс анх шилжих үедээ асахгүй, ажиллахгүй байсан мэтээр буруу дүгнэжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч Г.Намуунцэцэгийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Нандинчимэг, Г.Намуунцэцэг нарт холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Г.Нандинчимэгээс худалдан авсан айфон 7 (iphone 7) загварын гар утас нь доголдолтой байсан, худалдаж авснаас хойш долоо ч хоноогүй байхад унтарсан, усанд унагасан утас байна гэж засварчин хэлсэн, урьд нь засварт орж байсан талаар надад хэлээгүй, нуун дарагдуулсан дахин эвдэрч, асахгүй болж магад гэж мэдсээр байж намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан... Г.Нандинчимэгийг худалдагч гэж ойлгож байгаа, түүний зөвшөөрлөөр Г.Намуунцэцэгийн дансанд шилжүүлсэн 1,400,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Г.Нандинчимэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, ямар нэг утас зараагүй, ... мөнгө хүлээж аваагүй, мөнгө шилжүүлсэн талаарх хэрэгт байгаа баримтад дурдсан дансыг эзэмшдэггүй гэж, хариуцагч Г.Намуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... ямар нэг доголдолгүй утас зарсан, нэхэмжлэгч шалгаж хүлээн авсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу гэрээнээс татгалзаж байгаа, цуцалж байгаа аль нь болох нь ойлгомжгүй, ******* гар утсыг гурав хоног хэрэглэсэн байдаг, энэ хугацаанд юу болсон нь хэнд ч тодорхой бус, доголдолтой утас шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй, одоо утас ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй гэж хариу маргаж байна.  

7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, Г.Нандинчимэг, Г.Намуунцэцэг нараас нэхэмжлэгч ******* айфон7 (iphone 7) загварын гар утас шилжүүлэн авсан, нэхэмжлэгч ******* Г.Намуунцэцэгийн эзэмшлийн дансанд 1,400,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, худалдагч тал болох Г.Намуунцэцэгээс доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, үзлэг хийсэн ярианы бичлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Г.Нандинчимэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

8. Хариуцагч Г.Намуунцэцэгийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дараах байдлаар дүгнэлт өгөв.

8.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Намуунцэцэгтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба Г.Нандинчимэг тус гэрээний аль нэг тал биш гэж дүгнэн Г.Нандинчимэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгч *******ын хариуцагч Г.Намуунцэцэгт утасны үнийг шилжүүлсэн баримт, мөнгө шилжүүлсэн тул Г.Намуунцэцэгийг хариуцагчаар тодорхойлуулах тухай шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 51 дүгээр тал/, хариуцагч Г.Нандинчимэг ...мөнгө аваагүй, утас зараагүй тул хариуцахгүй гэх татгалзал, хариуцагч Г.Намуунцэцэгийн гар утасны доголдлын талаар гаргасан тайлбар, гар утасны үнийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үйл баримтуудаар худалдах-худалдан авах гэрээ ******* болон Г.Намуунцэцэг нарын хооронд байгуулагдсан нь тогтоогджээ.

8.2. Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү уг гэрээний зүйл нь худалдан авагчид шилжих үед доголдолтой байсан эсэх талаар маргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч доголдолгүй эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэгтэй. Хэрэв эд хөрөнгө доголдолтой байвал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу худалдан авагч эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор (баталгаат хугацаа тогтоогоогүй бол) худалдагчид доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй. Мөн хуулийн 254.7-д заасны дагуу баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед доголдол байсан гэж үзнэ.

Тодруулбал, худалдан авагч нь 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мөнгөө шилжүүлэхдээ гар утсыг эзэмшилдээ авсан, энэ өдрөөс хойш 4 өдрийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр доголдлын талаар худалдагчтай холбоо барьж, холбогдох арга хэмжээ авахыг шаардсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй. Иймд гар утсыг шилжүүлэх үед доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий гэж үзнэ.

8.3. Хариуцагч нэхэмжлэгч нь гар утсыг шилжүүлэн авах үедээ шалгаж авсан бөгөөд энэ үед гар утас хэвийн ажиллаж байсан тухай гомдолд дурджээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байвал худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Шинжээчийн дүгнэлтэд гар утасны доголдлыг ...ерөнхий удирдлагын плат гэмтэлтэй. ... гэж тодорхойлсон байх ба уг гэмтэл нь гар утасны хэвийн ажиллагаанд ямар үйл явцаар нөлөөлдөг болох, гэмтлийн аль үе шатанд гаднаас хармагц мэдэх боломжтой, эсхүл боломжгүй талаарх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэг нь нэхэмжлэгчийн доголдлын талаарх шаардлага гаргах эрхийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй тул энэ талаар нотлох үүрэг хариуцагчид оногдоно. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд татгалзлаа дэмжин биечлэн оролцоогүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.  

9. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч мэтгэлцээгүй хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, ингэхдээ гомдлын шаардлагын хугацаа буюу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааг зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны агуулгаар тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан ...худалдан авагч 6 сарын хугацаанд худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдагчид мэдэгдэх бөгөөд эд хөрөнгийн доголдолд үндэслэн гомдлын шаардлага гаргах болно гэдгээ ямар нэг хэлбэрээр илэрхийлсэн байхыг ойлгоно. Тийм учраас 6 сарын хугацаанд худалдан авагч нэхэмжлэл биш гомдлын шаардлага гаргасан байх нь хангалттай гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.  

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Намуунцэцэгийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1790 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД 

                                             ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                   Н.БАЯРМАА

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН