Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0334/з |
Дугаар | 492 |
Огноо | 2018-12-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 492
Ё.Г-ийн нэхэмжлэлтэй,
С дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг,
Шүүгчид: Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,
Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Д.М, 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0535 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, 16.11-т зааснаар нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээд Д.Т нарын газрын байршлыг тодорхойлж, шинээр акт гаргах хүртэл С дүүргийн Засаг даргын 2005 оны 118 тоот захирамжийн Д.М, 2006 оны 74 тоот захирамжийн Д.Т-т холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0535 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Газар эзэмших хүсэлтийг Д.М 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд захиргаа түүнийг хүлээн авч бүртгэлд бүртгэснээс 7 хоногийн дараа Ё.Г-ийн гаргасан хүсэлтийг захиргаа хүлээн авч бүртгэсэн. Урьд гаргасан хүсэлт бүхий талбайтай сүүлд гаргасан хүсэлт бүхий талбай давхцаагүй тул тэдгээрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй.
4. Иргэн газар анх эзэмшихээр хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан баримтыг бүрдүүлэх ёстой. Харин Д.Т нь эзэмшил газрыг шилжүүлэн авч байгаа тул түүнд холбогдох захиргааны актыг түдгэлзүүлэхдээ Газрын тухай хуулийн дээрх заалтыг баримтлах боломжгүй юм.
5. Д.Т-ын эзэмшил газар нь кадастрын зургаар тодорхой байхад ямар байршилтай газрыг түүнд шилжүүлсэн болохыг тогтоох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй.
6. Ё.Г-ийн эзэмшил газар одоо болтол тодорхойгүй байхад бусдын эзэмшил газартай холбогдуулан маргах эрх түүнд олгогдоогүй бөгөөд захиргааны актыг түдгэлзүүлэх нь хууль ёсоор газар эзэмшиж байгаа Д.Т-ын эрхийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл Ё.Г-ийн эзэмшил газар нь кадастрын зургаар баталгаажаагүй тул түүний газар эзэмших эрх хөндөгдөх боломжгүй бөгөөд тэрээр газраа баталгаажуулах талаар захиргааны байгууллагад хандаж байсан баримт огт байхгүй, захиргааг буруутгах боломжгүй байна. Харин эзэмшил газраа кадастрын зургаар баталгаажуулах тал дээр захиргаатай маргаан үүсгэвэл уг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой.
7. Хариуцагчийн хариу тайлбарт “...нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхэлж...” гэснийг Д.Т-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байна хэмээн буруу дүгнэлт хийсэн. Хариуцагчийн уг тайлбар нь Ё.Г-ийн эзэмшил газрын байршил тодорхойгүйгээс шалтгаалж маргаан үүссэн, эргэлтийн цэгийг нь тодорхой болгочихвол маргаан дуусгавар болно гэсэн утгатай хэмээн давж заалдах гомдолд бичсэн үндэслэлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгсөнгүй.
8. Иймд газар эзэмших эрх нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
10. С дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ё.Г-д 400 мкв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, харин гуравдагч этгээд Д.М-д 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар захирамжаар 400 мкв газар эзэмшүүлсэн байх бөгөөд эдгээр газрыг мэдээллийн санд бүртгэхдээ “816 мкв” гэсэн хэмжээгээр, нэг зураглалаар Ё.Г, Г. Д нарын нэрээр бүртгэж, хооронд нь зааглаж, ялгалгүйгээр бүртгэсэн байна.
11. Улмаар нэхэмжлэгч, гуравдагч нарын газрыг бодит байдалд хэрхэн зааглаж, хуваасан үйл баримт тодорхойгүй, газрын эргэлтийн цэг, солбицлыг газар дээр нь тэмдэгжүүлж, баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх үүргээ захиргааны байгууллага зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь зөв болжээ.
12. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дэх хэсэгт зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллага газар эзэмшүүлсэн захирамжтай нийцүүлэн газрын хэмжээг газар дээр нь тэмдэгжүүлэх, мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмшүүлсэн захирамжаас зөрүүтэй бүртгэл хийсэн буруутай байна.
13. Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмшүүлэх захирамжид заасан 400 мкв газраас илүү газар эзэмшиж, хашаалсан буруутай, гуравдагч этгээдийн тухайд Г.Д-аас байшин худалдан авахдаа болон газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа өөрийн эзэмшил газрыг зааглаж, хашаалаагүй буруутай, энэхүү нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулж, хоёр газрыг заагласан бүртгэл хийх замаар шинээр захиргааны акт гаргах бүрэн боломжтой тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар давхцаагүй тул захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлагагүй” тухай гомдол үндэслэлгүй юм.
14. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хил заагийг тогтоосон захиргааны байгууллагын шийдвэр байхгүй, газрын хил зааг хаагуур солбицож байгаа нь тодорхойгүй тул “газар давхцаагүй” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
15. Мөн “гуравдагч этгээдийн эзэмшил газар нь кадастрын зурагт тодорхой тусгагдсан” тухайд: Газрын мэдээллийн санд гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил зааг, цэг, солбицол бүртгэгдээгүй, гуравдагч этгээдийн бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг “356 мкв, 270 мкв” гэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр өөрөөр тодорхойлж, хэргийн оролцогчид маргаж байсан тул дээрх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн кадастрын зураг үйлдснээр газрын байрлалыг тодорхойлохгүй, харин уг кадастрын зургийг газрын мэдээллийн сан, улсын бүртгэлд бүртгэж, уг цэг солбицлыг газар дээрх тэмдэглэгээтэй давхцуулан баталгаажуулснаар газрын хил зааг, байршил тодорхой болох байна.
16. Түүнчлэн гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчээс түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан” тухай гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Үндэсний стандарчлал, хэмжил зүйн төвийн ерөнхий захирлын 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр “Зуслангийн байр хуваарилах” тухай тушаалаар зуслангийн дэлгүүр худалдан авч, уг үл хөдлөх хөрөнгийг дагаж, газар эзэмших эрх үүссэн, Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж түрүүлж нэхэмжлэгчид гарсан тул гуравдагч этгээдэд газар эзэмших эрх түрүүлж үүссэн гэж үзэхгүй.
17. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0535 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ