Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02007

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02007

 

 

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Бийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийж байгаа гэж шийдвэр гүйцэтгэгч уулзаж төлбөрийн талаар ярилцаж байсан ч үнийн санал аваагүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 сарын 20-ны өдөр ирүүлсэн 4/12960 дугаар мэдэгдлээр зээлийн барьцаанд байгаа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд, Рапид хороолол, 30 байрын 31 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тухай анх удаа мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц хураан авсан акт хүлээлгэж өгөөгүй, Иргэний хуулийн дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор аваагүй үйлдлүүд нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй ямар шинжээч дүгнэлт гаргасныг мэдэлгүй иргэн орон байраа алдахад хүрсэн ноцтой үйлдэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан ч хүлээж авалгүй хөндлөнгийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. 2017 оны 12 сарын 22-ны өдрийн №366 тоот тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, уг шийдвэрийн дагуу “Сэлэнгэ эстимейт” ХХК нь миний орон сууцыг үнэлсэн байдаг. Энэхүү шинжээч томилсон тогтоол болон хэрэгт авагдсан баримтаас харахад Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан.  “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон маргаан бүхий актад танилцсан шинжээч гэсэн хэсэгт уншигдах боломжгүйгээр таталгаж бичсэн гарын үсгийн ард Отгонбаяр гэсэн нэр болон эрх үүрэгтэй танилцав гэсэн бичээс байна. Гэтэл шинжээч Отгонбаяр нь хэргийн 71-р хуудсанд авагдсан уг эрх үүрэгтэй танилцсан гэж гарын үсэг зурснаас гадна 2018 оны 08 сарын 20-ны өдрийн “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн НШШГГт ирүүлсэн үнэлгээ хийсэн тухай 115 тоот албан бичиг, хэргийн 84-р хуудсанд авагдсан баримтанд тус тус гарын үсэг зурсан байдаг. Гэтэл 366 тоот тогтоолтой, эрх үүрэгтэй танилцсан Отгонбаярын гарын үсэг нь илт зөрүүтэй байгаа нь шинжээч Г.Отгонбаярын гарын үсэг биш бөгөөд түүнд эрх үүргийг танилцуулаагүй гэсэн үг юм. “Сэлэнгэ эстимейт” ХХК шинжээчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахдаа түүнд эрх үүргийг нь огт тайлбарлаж өгөөгүй нь процессийн ноцтой алдаа гэж үзэж байна. Иймд миний өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206026710 тоот дугаартай, УБ, ХУД, 15-р хороо, Рапид харш хорооллын 30-р байрны 31 тоот хаягт байрлах 56.26м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас илт доогуур үнээр буюу 108 494 000 төгрөгөөг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхийн 2017 оны 3 сарын 23-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр Ц.Бээс 88 304 790 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 сарын 07-ны өдрийн 17290778 дугаар тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 9 сарын 12-ны 4/13116 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Ц.Бийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, Махатма гандийн гудамж, 30 байр, 31 тоот орон сууцыг 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 17290778/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 17290778/04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 4/28993 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу "Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 108 492 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 8 сарын 20-ны өдрийн 4/12960 дүгээр албан бичгээр талүудад мэдэгдсэн. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэг гомдол гаргаагүй. Ингээд хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 сарын 28-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг Ц.Бийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2019 оны 9 сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 78 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, Шинжээч томилох тухай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хувьд шийдвэрийн үндэслэх хэсэгт “... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно”, "...эд хөрөнгө битүүмжлэх тогтоол дахь гарын үсгүүд нь Ц.Бийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй ... ” гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 366 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөвхөн Ц.Бийн гарын үсэгтэй холбон тодорхойлоогүй ба уг 366 тоот тоггоолоор “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хүулийн 5 дугээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, энэ тухай ямар ч үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй гэж маргасан. Шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч томилохдоо урьдчилан ашиг сонирхолын зорчилтэй эсэхийг шалгах ёстой талаар тусгасан журмыг зөрчсөн эсэхт огт дүгнэлт хийгээгүй. Гэрчийн өгсөн мэдүүлгээс харахад “Сэлэнгэ эстимейт” ХХК болон дүгнэлт гаргасан Г.Отгонбаяр нь харин ч хариуцагчтай байнга хамтран ажилладаг, тус шинжээчийг орлогын ихэнх хэсгийг шийдвэр гүйцэгтэх ажиллагааны явцад гаргаж буй үнэлгээний хөлс бүрдүүлдэг талаар дурдсан. Эндээс харахад 366 тоот тоггоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ‘'шүүхийн шинжилгээ хийхэд хараат бус байх зарчим” -ыг ноцтойгоор зөрчсөн учраас 366 тоот тогтоолыг хүчингүй гэж үзэж байгаа ба шүүхээс уг баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 06 сарын 09-ны өдөр гаргасан боловч нь үндсэн шаардлагатай холбогдож гаргасан шаардлага учир гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 366 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчийг томилсон бөгөөд уг хууль зөрчиж томилсон тогтоолын дагуу хийгдсэн холбогдох бүх ажиллагаа хүчингүй болох ёстой. Мөн шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүднээс хүсэлт гаргасан: Хавтаст хэргийн 71-р хуудсанд авагдсан Шинжээч томилох тухай 366 дугаар тогтоолд зурагдсан гарын үсэг нь “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн ажилтан шинжээч Г.Отгонбаярынх мөн эсэхийг шинжээч томилуулан тогтоолгох, нэхэмжлэгчийн зүгээс шинжээч нь шинжилгээний зүйл болох орон сууцны үнийг илт доогуур үнэлсэн гэж марган ижилхэн 2 өрөө орон сууцны үнийг өөр үл хөдлөх хөрөнгийн зуучийн сайтуудад тавигдсан байдлыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргасан. Үүнийгээ нотлохын тулд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 645 дугаартай шийдвэрээр Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 87 549 095 төгрөг гаргуулан, “Ариг банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 30 дугаар байр, 31 тоот 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна. /хх 52-54/

   Хариуцагч байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 30 дугаар байр, 31 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17290778/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17290778/04 дугаар тогтоолоор тус тус хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 152-153/

Хариуцагч нь дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлээгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 108 492 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх70-86/

Хэргийн 72-86 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 30 дугаар байр, 31 тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд  хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Хан-Уул дүүрэг, Рапид харшийн 21-р байрны 2 өрөө, Хан-Уул дүүрэг, Хурд хорооллын 2 өрөө орон сууц буюу нийт хоёр үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 108 492 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгчид 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр танилцуулж, үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 75 944 400 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн болох нь хэргийн 87, 89 дүгээр талд авагдсан мэдэгдлээр нотлогдсон.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй бөгөөд хууль зөрчиж шинжээч томилсон тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүй болох ёстой...” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 366 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын 3 дах хэсэгт шинжээчид хууль сануулж, шинжээч Отгонбаяр гарын үсэг зурж танилцсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчээр ажилласан н.Отгонбаярын гарын үсгийн загварт шинжээч томилуулах, зарын сайтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байх боловч шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна./хх190-191/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                                           Б.НАРМАНДАХ