Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01054

 

“Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03216 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1178 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нарт холбогдох,

55 333 016 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168 493 080 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангайн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 27 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч улсын бүртгэлийн байгууллагаас 2014.01.27-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-д тус хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.Тус хөрөнгийн өмчлөх эрх Хадгаламж банкинд шилжихээс өмнө буюу 2013.03.27-ны өдөр өмнөх өмчлөгч болон хариуцагч Э.Төгсзаяа нарын хооронд “Түрээсийн гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 27 дугаартай барилгын 2 дугаар давхрыг 2013.03.27-ны өдрөөс 2016.05.01-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг сарын 10 000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон байсан.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу “Хадгаламж банк” ХХК нь Э.Төгсзаяатай байгуулсан Түрээсийн гэрээний тухайд өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан өдөр буюу 2014.01.27-ны өдрөөс эхлэн түрээслүүлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж байна. Энэ тухай мэдэгдлийг Э.Төгсзаяад хүргүүлэхээр тус байранд очсон боловч Э.Төгсзаяагийн ээж О.Энхмаа /мөн Т.Тэлмэнгийн ээж/ гэх эмэгтэй мэдэгдлийг хүлээн авсан.Үүнээс хойш тус байранд засварын ажил хийгдэж эхэлсэн ба түрээслэгч Э.Төгсзаяа болон түүний ээж О.Энхмаа нартай уулзах гэсэн боловч олдохгүй, уг байранд засварын ажил гүйцэтгэж байсан ажилчдаас өөр хүнгүй байсан бөгөөд тэдний зүгээс бид ажлаа хийхээс өөр зүйл мэдэхгүй гэж байсан.2014 оны 04 сараас уг байрны засварын ажил хийгдэж дуусаж “Суоно Лоунж Караоке” нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдөр тутмын үйл ажиллагааг нь “Бльюбарлэй” ХХК хариуцаж байсан. Түүнээс хойш “Суоно Лоунж Караоке”-ийн эзэмшигч Т.Тэлмэн нь нийт 30 830 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг барагдуулсан.Үүнийг түрээсийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2013.03.27-ны өдрийн ам.долларын албан ханш 1 410.68 төгрөгөөр тооцоход 21 854.7 ам.доллар болж байна. Энэ нь 2014 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөр 10 000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 10 000 ам.доллар, 2014 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн 1 854.7 ам.долларт тус тус тооцогдох ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны 05 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 8 145.2 ам. доллар, 2014 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 000 ам. доллар, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаагаар тооцсон 6 451.61 ам.доллар, нийт 24 596.81 ам.долларын түрээсийн төлбөрийг үлдэгдэлтэй байна. Гэрээний 5.1.4-д зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон ба уг заалтын дагуу алдангийг тооцон үзэхэд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 430 хоног х 7.37 ам.долллар=3169.1 ам.доллар байна.Иймд “Бльюбарлэй” ХХК болон Э.Төгсзаяа нараас 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрт 24 596.81 ам.доллар, алданги 3169.1 ам.доллар, нийт 27 765.91 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханш 1992.84 төгрөгөөр тооцон нийт 55 333 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014.01.17-ны өдөр иргэн З.Анхбаяртай хариуцагч нар түрээсийн гэрээ байгуулсан. Сүүлд нь энэ түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь иргэн З.Анхбаяр биш болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн банк нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн нэхэмжлэгч тал Төрийн банк, тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч нар нь өдийг хүртэл нэхэмжлэгч талтай зохицож ирсэн.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус үл хөдлөх эд хөрөнгийн объект “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид шилжсэнээс хойш гэрээний дагуу түрээсийн үйл ажиллагаа эрхлэх, гэрээний хугацаа, үнийн дүн, түрээслэгч тухайн объектод хөрөнгө оруулалт хийсэн зэрэг шалтгааны улмаас энэ талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээж аваагүй.Өнөөдрийн байдлаар “Бльюбарлэй” ХХК нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, өнгө үзэмж, гадна дотор засал, сантехникийн зардал, түрээсийн гэрээнд заасан үйлчилгээний зориулалттай цаашид өмчлөгч ашиглахад үлэмж дэмжлэг үзүүлсэн зөвхөн салгаж үл болох эд юмсын зориулалтаар 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.“Бльюбарлэй” ХХК нь 2014.06.01-ний өдрөөс эхлэн “Соуно лоунж караоке”-г ажиллуулж байсан. Нийтдээ “Соуно лоунж караоке” нь 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Хариуцагч Э.Төгсзаяа нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн З.Анхбаяртай “Түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд энэ гэрээний нөхцөл ёсоор эхний ээлжийн төлбөр болох 50 000 ам.доллар буюу 56 422 000 төгрөг түрээслүүлэгчид төлөөд засвар тохижилтын ажлаа хийж эхэлсэн. Дээрх гэрээг хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэхийг түрээслүүлэгчээс шаардахад “Нэгэнт эхэлчихсэн байгаа засвар, тохижилтын ажлаа дуусгаад үйл ажиллагаагаа эхлэх үед улсын бүртгэлд бүртгүүлчихье” гэсэн.Гэтэл 2014.01.17-ны өдөр З.Анхбаяр нь гэрээний зүйл болох тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болсныг 2014 оны 2 дугаар сарын эхээр мэдсэн. Гэрээний 7.1 дэх хэсэгт заасанчлан “Түрээслүүлэгч нь гэрээг байгуулах өдрөөр Түрээслэгчийн гэрээг байгуулах эрмэлзлийг өөрчилж болохуйц түрээсийн байртай холбоотой гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа өр, авлага, үүрэг хариуцлага байхгүй бөгөөд түрээсийн байрыг бусдад барьцаалуулаагүй, баталгаа, батлан даалт гаргаагүй болохыг үүгээр батлаж байна” гэсэн батлагаа гаргаж өгч байсан тул бид гэрээний үндсэн зорилгод нийцүүлэн засвар тохижилтын ажил хийж хөрөнгө оруулалт нэмж оруулж байсан.Гэтэл гэнэт өмчлөгч нь өөрчлөгдөж гэрээнд заасан нөхцлүүдээс өөр шаардлага орж ирсэн нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар хариуцагч тал болох “Бльюбарлэй” ХХК болон Э.Төгсзаяа нарын зүгээс тухайн обьектод үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болоод өнгө үзэмжид нөлөөлөх сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засвар хийж тодорхой зардал гаргасан бөгөөд энэ нь 92 225 880 төгрөг болж, тухайн хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт болсон.Хариуцагч нь “Суоно Лоунж” Караоке ресторан үйлчилгээний төвийг ажиллуулахын тулд тухайн үйлчилгээнд зориулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тохижилт, аюулгүй байдал, гадаад болон дотоод засалд зориулж оруулсан хөрөнгө оруулалт дээрх дүнд орж тооцогдоогүй юм. Нэгэнт хөрөнгө зарсан үйл ажиллагаа явуулж, гэрээнд заасан үйлчилгээний зориулалтаар тухайн обьектыг ашиглахын тулд “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчид маргааны гол зүйл болоод байгаа обьектийг талуудын санаачлагаар хэрхэн хуулийн дагуу ашиглах тал дээр бидний зүгээс байнгын санал тавьж байсан боловч өдийг хүртэл хүлээж аваагүй төдийгүй шууд хөөн гаргах, битүүмжлэх гэх мэт үйл ажиллагааг авч байсан атлаа өнөөдөр ийм их хэмжээний түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт заасны дагуу “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” мөн 318.4 дэх хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн болон энэхүү сөрөг нэхэмжлэлийн гол эрх зүйн үндэс болох “Түрээсийн гэрээ” нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэж түүнийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон мөн зүйлийн 56.5 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан ёсоор манай төлсөн 50 000 ам.доллар буюу 76 267 200 төгрөг, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт болох сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засварт зарцуулсан 92 225 880 төгрөг, нийт 168 493 080 төгрөгийг “Хадгаламж” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Хариуцагчаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ. Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсныг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлээгүй хэдий ч талууд гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн нь агуулгын хувьд байж болох хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээг талуудын хүсэл зоригоос гадуур хийгдсэн гэж үзэх боломжгүй.Нөгөө талаар хариуцагчаас түрээсийн төлбөрт 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 17 679 400 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 150 600 төгрөгийг тус тус Хадгаламж банкны дансаар шилжүүлэн төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8 дэх хэсэгт заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасантай нийцэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нараас 55 333 016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168 493 080 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 434 615 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 065 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1178 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03216 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нараас 49 017 506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 315 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Бльюбарлэй” ХХК, Э.Төгсзаяа нараас “Бльюбарлэй” ХХК-д холбогдуулан 168 493 080 төгрөг гаргуулах тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “...434 615 төгрөг...” гэснийг “...406 037 төгрөг...” гэж, шийдвэрийн дугаарыг 3-ыг 2, 4-ийг 3, 5-ыг 4 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид “Бльюбарлэй” ХХК-иас төлсөн 1 065 500 төгрөгийг буцаан олгожээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүхийн магадлалын хянах хэсэгт “Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгаа боловч тухайн байрыг хариуцагч компани нь бодитойгоор эзэмшилдээ байлган үйл ажиллагаа явуулж байсан асуудлаар зохигчид маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгасан, ашиглах эрхтэй гэдэг нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар уг эд хөрөнгийг ашиглаж байсан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны хоорондох түрээсийн төлбөртэй тэнцэх 24 596 ам.доллар буюу 49 017 506 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна” гэжээ.Шүүхийн магадлалд дурдсанаар нэхэмжлэгч тал нь түрээсийн үйл ажиллагаа явуулж олох ёстой байсан ашиг үр шимийг хариуцагч талаас шаардах эрхтэй хэмээн үзсэн нь Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж ашиг олох эрхгүй этгээдэд түрээсийн гэрээний үр шимийг хүртэх ёстой мэтээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.Банкны тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эззмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэжээ. Банкны тухай хуулийн 7.1-д заасан хуулийн заалтыг хариуцагчийн зүгээс ойлгохдоо “нэхэмжлэгч тал нь өмчлөгчийн хувьд тус үл хөдлөх хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах замаар ашиг олон үр шимийг хүртэх эрхтэй боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн үр шимийг хүртэн ашиг олохыг тус хуулиар хориглосон хэмээн үзэж байна.Мөн хэрэгт “Хадгаламж Банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь тус үл хөдлөх хөрөнгийг худалдах ёстой байснаас үүссэн олох ёстой байсан үр шимийн талаар баримт авагдаагүй байх тул шүүхийн магадлалд дурдсан 24 596 ам.доллар буюу 49 017 506 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр бусад тооцсон түрээсийн гэрээнээс авах ёстой байсан үр шимийг буцаан хүртэх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч тал биш гэж үзэж байна.Мөн Монгол банкны лавлагааны баримтын ханшаар нийтдээ 76 267 200 төгрөг болон тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалт болох сантехник, цэвэр бохир ус, дэд бүтцийн ихээхэн хэмжээний засварт зарцуулсан 92 225 880.31 төгрөг нийтдээ 168 493 080 төгрөгийг “Хадгаламж Банк” ХХК дахь эрх хүлээн авагчаас гаргуулж авах үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.Иймд давж заалдах шатны шүүхийн 1178 тоот магадлалыг хүчингүй болгож, “Хадгаламж Банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх ба хяналтын шатны шүүх дээрх алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Т.Тэлмэн, Э.Төгсзаяа нараас түрээсийн төлбөрт 49 017 506 төгрөг, алдангид 6 315 509 төгрөг, нийт 55 333 016 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ \хх-ийн 1-4 дүгээр тал\. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Тэлмэнг “Бльюбарлэй” ХХК-иар солих хүсэлт гаргасны дагуу шүүх хариуцагчийг сольж, нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Төгсзаяа, “Бльюбарлэй” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ шинэчлэн гаргажээ \хх-ийн 150, 152, 159 дүгээр тал\.

Хариуцагч Э.Төгсзаяа болон “Бльюбарлэй” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзсанаас гадна нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийн засан сайжруулалтад зарцуулсан зардалд нийт 168 493 080 төгрөг шаарджээ \хх-ийн 178-180 дугаар тал\.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Э.Төгсзаяа нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхбаяртай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 тоотод байрлалтай, 430-480 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар түрээсэлсэн байна. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад  бүртгүүлээгүй байна \хх-ийн 10-15 дугаар тал\. Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Т.Баярхүүгийн өмчлөлд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн байгаад 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ \хх-ийн 16, 22 дугаар тал\. “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь иргэн Т.Баярхүүтэй 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 27 дугаартай барилгын 2-3 дугаар давхар, зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул өмчлөх эрхийг хэрэгжүүлэх болсон талаарх 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай мэдэгдлийг “Бльюбарлэй” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг О.Энхмаад хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагджээ \хх-ийн 141, 147 дугаар тал\. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ, иргэн Т.Баярхүү “Хадгаламж банк” ХХК-д хэдий хэмжээний өртэйг тодорхойлсон баримт хэрэгт байхгүй байна.

Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хуучин өмчлөгч Т.Баярхүүгээс “Хадгаламж банк” ХХК-д хэрхэн шилжсэн, уг үл хөдлөх эд хөрөнгө Т.Баярхүүгийн, эсхүл З.Анхбаярын үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болж барьцаалагдсан байсан эсэх, Т.Баярхүү, эсхүл З.Анхбаяр хэдий хэмжээний үүрэг банкны өмнө хүлээж байсан зэрэг асуудал нь зохигчдын хоорондох маргааны зүйл биш боловч дээрх нөхцөл байдал тодорхой байх нь тухайн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтооход ач холбогдолтой болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх талаар заасны дагуу хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилждэг учир нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК тухайн эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд шинэ түрээслүүлэгч болсон гэж үзэх үндэслэлтэй юм. 

Харин шинэ өмчлөгч нь түрээслүүлэгчийн ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой талаар шүүх эрх зүйн зохих дүгнэлтийг хийж чадаагүй байна. Тухайлбал, түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг үргэлжлүүлэн эд хөрөнгийг түрээслүүлэхээс гадна хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3., 294.2.4.-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаардаггүй байна. Харин хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар  банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгээр мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй байна. Мөн зүйлийн 6.2.-т зааснаар банк,  түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зуучлагч, андеррайтерын үйлчилгээ, кастодиан, факторингийн үйлчилгээ, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ явуулах эрхтэй байна.

Монгол Банкны Ерөнхийлөгч 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаар тушаалуудаар “Хадгаламж банк” ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, эрх хүлээн авагчийг томилж, албадлагын арга хэмжээний хугацааг сунгахад  эрх хүлээн авагчид Банкны тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг үүрэг болгосноос гадна өр төлбөрийн шаардах эрх, актив хөрөнгийг шилжүүлэх, худалдан борлуулах зорилтыг тодорхойлжээ \хх-ийн 7-9 дүгээр тал\.

Дээрх байдалд дүгнэлт хийвэл “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид Банкны тухай хуульд заасан банкны бүрэн эрхээс илүү эрх олгогдоогүй, банк нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалагдсан, эсхүл өр төлбөрт шилжүүлсэн бусад эд хөрөнгийг түрээслүүлэх, хөлслөх хэлбэрээр ашиглах эрхтэй болох нь хуульд заагдаагүй, Монгол банк энэ талаар тусгай зөвшөөрөл олгоогүй бол энэхүү ажиллагааг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан “ашиг олох зорилготой”, “хуульд зааснаас бусад” буюу хориглосон  үйл ажиллагаанд хамааруулах үндэслэлтэй болно.

Энэ утгаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч болон иргэн Т.Баярхүү нарын хооронд ямар эрх зүйн харилцаатай байсан, мөн “Хадгаламж банк” ХХК, уг банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай юм. Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд энэ дүгнэлтийг хийх боломжгүй байна.

Хариуцагч Э.Төгсзаяа, “Бльюбарлэй” ХХК нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э.Төгсзаяа болон Т.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх шаардлагатай. Шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх эсэхийг шийдвэрлэхдээ гэрээний оролцогч тал болох Т.Баярхүү, эсхүл түүний төлөөлөгч З.Анхбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь ойлгомжгүй болсноос гадна нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийг гэрээний түрээслүүлэгч талын эрх, үүргийг шилжүүлж авсан этгээд учир хуучин түрээслүүлэгчийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн бол шинэ түрээслүүлэгчийн дээрх хуульд заасан бүрэн эрх тодорхой бус байгааг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд  түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д зааснаар эд хөрөнгө хөлслөгч нь талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах, хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1.-д зааснаар  хариуцагч нараас түрээсийн төлбөр, алдангийг шаардах эрхтэй гэж үзсэн атлаа хариуцагч нар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д зааснаар эд хөрөнгөд оруулсан засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй эсэхийг шийдвэрлээгүй орхисон, харин давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээг  хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хангасан атлаа үл эд хөрөнгөд оруулсан засан сайжруулалтын зардлыг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 496 дугаар зүйлийн 496.2.-т заасан зохицуулалтад хамааруулаагүй үндэслэлээ магадлалд заагаагүй байна.

Нөгөө талаар, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 56.6.-д заасан зохицуулалтыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлд өөр өөрөөр хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцлийн оролцогч тал гэж үзэж, түүний нэхэмжлэлийн зарим хэсгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар буюу хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан зохицуулалтын агуулгаар хангасан атлаа сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнээр нэхэмжлэгчийг хэлцлийн хүчин төгөлдөр бус байдалд буруугүй, улмаар бусдад учруулсан хохирлыг хариуцахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Дээрх байдлаар шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Тэлмэнгийн хүсэлтээр шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102\Ш32015\34076 дугаар захирамжаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн талбайг тодорхойлох асуудлаар дүгнэлт гаргахыг даалгажээ. Мөн захирамжид “Шинжээч нь зориуд худал дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан бол Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдэд заасан хариуцлага хүлээлгэхийг тайлбарласугай”, “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаас бусад тохиолдолд шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах эрхгүй болохыг дурдсугай” гэж зааж, “шинжээчид дүгнэлт гаргахад шаардагдах баримт болон хууль сануулсан баримтын хамт “Лэндс” ХХК-д хүргүүлэх”-ийг шүүгчийн туслахад даалгажээ. \хх-ийн 38 дугаар тал\.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заажээ. 

Шүүхийн зүгээс шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан үүргийг танилцуулаагүй, танилцах талаар шүүгчийн захирамжид заагаагүй, ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т зааснаар “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлдэг байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 17.4.-т зааснаар  шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурах, өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцдаг байна.

Анхан шатны шүүх шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилсон байхад хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганхуяг нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15\25 дугаар тушаалаар шинжээчээр “Цэнхэр төхөм” ХХК-ийг томилжээ \хх-ийн 50 дугаар тал\. Шүүхээс томилогдсон шинжээч өөр хуулийн этгээдийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан шаардлагыг зөрчсөн байна.

Шинжээчийн дүгнэлтэд “Лэндс” ХХК нь “Цэнхэр төхөм” ХХК-тай хамтран ажилласан гэж заасан боловч дүгнэлтэд “Лэндс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганхуяг, мэргэжилтэн Д.Чимидсайхан гарын үсэг зуржээ \хх-ийн 55 дугаар тал\. Хоёр шатны шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болоогүй,  улмаар уг нотолгооны хэрэгслийн дутагдал шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж үзэхээр боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчлийг тэмдэглэх шаардлагатай байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчид холбогдох сөрөг шаардлага мэтээр бичсэн нь алдаатай болжээ.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03216 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1178 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Бльюбарлэй” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 535 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН