Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02043

 

 

“АИ ББСБ” ХХК болон Х.Б-гийн                                                            нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02001 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК болон Х.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Ц-, Ц.Б-нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон хохирол нийт 45 979 200 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, Х.Б-гийн Ц.Б-т холбогдуулан гаргасан автомашин худалдан авахаар шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч О.Э, хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч З.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагын захирал Ц.Б-надаас УБГ 01-04 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдэж, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад импортлогдон орж ирсэн, хар өнгөтэй, Тоёота Лексус LX570 маркийн автомашиныг 82 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 32 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 50 000 000 төгрөгийг “АИ ББСБ” ХХК-тай А-17/06/05 тоот Зээлийн гэрээ болон Ф-17/06/05 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авч, тухайн автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож авсан. З.Ц- 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 750 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 250 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 2017 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Хариуцагч З.Ц- нь үүргээ биелүүлээгүй тул Эвлэрүүлэн зуучлагчид хандсан. З.Ц- эвлэрэлд сайн дураар ирээгүй учир 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх автомашиныг бид буцаан авсан. З.Ц-, Х.Б- нар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд тус Банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой байсан орлого буюу 33 360 000 төгрөгийг төлөх ёстой тул үүнийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч З.Ц- нь дээрх хугацаанд автомашиныг унаж, ашиглах явцдаа тээврийн хэрэгслийн  албан татвар, автозам ашигласны татвар, агаарын бохирдлын татвар нийт 237 600 төгрөг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгууль 98 000 төгрөг, автомашины 1,5 жилийн хугацааны элэгдэл хорогдол 4 788 438 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учирсан хохирол буюу З.Ц- гэрээний дагуу сар бүр төлөх хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байсан бол уг төлбөрүүдийг эргэн зээлдүүлж, хүүгийн орлого олох байсан тул хохиролд 7 495 162,5 төгрөг, нийт 45 979 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. З.Ц- хуульд заасны дагуу манай банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон фидуцийн гэрээ хийсэн бөгөөд тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан тул тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. З.Ц-гийн зөвшөөрснөөр бэлтгэн нийлүүлэгч буюу Ц.Б-ын дансанд 50 000 000 төгрөгийг шууд шилжүүлсэн тул З.Ц- зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Мөн 1 жил 6 сарын хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Ц- тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хугацаа хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн тайлангаар мөн харагдаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б-нь өөрийн эзэмшлийн Тоёота Лексус LX-570 маркийн, 01-04 УБГ улсын дугаартай автомашинаа Х.Б-д 82 000 000 төгрөгөөр худалдахаар болж, Х.Б- худалдан авахаар болсон. Ингээд Х.Б- 32 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэтэл Ц.Б-нь машинаа гэрээ хийж, шилжүүлж өгнө гэсэн атлаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэхгүйгээр гэрийнх нь гаднаас авч явсан. Энэ талаар тодруулахад “Чамд худалдахаа больсон” гэж хэлсэн. Ингээд Х.Б- Ц.Б-т өгсөн “32 000 000 төгрөгөө авъя” гэхэд өгөхгүй, өдий хүртэл хохироосоор байна. Иймд Ц.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 32 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: З.Ц- нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “АИ ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Ц.Б-аас түүний өмчлөлийн автомашиныг худалдан авахаар урьдчилгаа болгон 32 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнийг баталгаажуулан иргэн Ц.Б-болон Х.Б- нар гарын үсгээ зурж, баримтжуулсан нь хэргийн 41 дүгээр талд авагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Ц.Б-автомашиныг З.Ц-д хүлээлгэн өгсөн боловч гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөөгүй. Мөн “АИ ББСБ” ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан боловч фидуцийн зүйлийг З.Ц-д шилжүүлээгүй тул тус гэрээнд зааснаар З.Ц- банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд тухайн автомашиныг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. “АИ ББСБ” ХХК нь З.Ц-д 50 000 000 төгрөгийг шилжүүлээгүй мөртлөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Б-худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашинаа буцаан авсан. Ц.Б-Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн эзэмшлийн автомашиныг худалдахдаа хөрөнгийг шилжүүлээгүй атлаа зээлийн гэрээг Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөн хийж, түүгээр ч барахгүй өөрийн хувийн данснаас 50 000 000 төгрөгийг гаргаж, мөн өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан. З.Ц-гээр үндэслэлгүйгээр 5 000 000 төгрөгийг төлүүлж, төөрөгдөлд оруулсан. Ц.Б-Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд фидуцийн гэрээний үүргээ биелүүлж З.Ц-гийн эзэмшилд автомашиныг шилжүүлээгүй, Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тухайн автомашиныг зохих журмын дагуу шилжүүлээгүй, зээлийн болон фидуцийн гэрээний нөхцөлүүдийг зөрчсөн. Зээлийн гэрээг зориулалтын дагуу олгоогүй, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, хугацааны хувьд 2 өөр цаг хугацаанд гэрээний үүрэг дуусгавар болохоор хийсэн, З.Ц-гийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээгээгүй. Мөн З.Ц-гийн зээлийн мэдээллийг дурын банкнаас буюу Хаан банкнаас гаргуулахад ямар нэгэн байдлаар 50 000 000 төгрөгийг зээлсэн гэх мэдээлэл гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлд дурдсан 50 000 000 төгрөгийг тэрээр авч ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүйгээр авсан 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-Х.Б-тай хэлцэл хийгээгүй. Автомашин худалдан авах хүсэл зориг З.Ц-д байсан тул түүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн худалдах-худалдан авах гэрээний үүргээ талууд биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон. Иймд Х.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-аас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК болон хариуцагч З.Ц- нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А-17/06/05 тоот “Зээлийн гэрээ”, Ф-17/06/05 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч З.Ц-гээс “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33 360 000 төгрөг, УБГ 01-04 улсын дугаартай автомашины 2018 онд төлөгдөөгүй татвар буюу Тээврийн хэрэгслийн албан татвар 188 100 төгрөг, автозам ашигласны төлбөр 40 000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 9 500 төгрөг, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулсан торгууль 98 000 төгрөг, автомашины элэгдэл хорогдлын зардал 4 788 438 төгрөг, З.Ц-гийн төлбөл зохих хүүгийн төлбөрийг эргэн зээлдүүлж олох байсан хүүгийн орлого 7 495 162,5 төгрөг, нийт 45 979 200 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962.646 төгрөг, хариуцагч З.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 150 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-иас 413 150 төгрөгийг гаргуулж хариуцагч З.Ц-д, хариуцагч Ц.Б-аас 342 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д тус тус олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/01556 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн “5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” хэсгээс татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, өмгөөлөгч О.Эрдэнэчимэг нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.Б-нь автомашиныг буцаан авахдаа уг автомашиныг худалдсан иргэнийхээ хувьд биш, харин зээлдүүлэгч “АИ ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд “50 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд эргэж төлөх” зээлийн гэрээний дагуу З.Ц-гийн хүлээсэн хугацаа хэтрүүлсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитойгоор гаргуулан авч байгаа үйл баримт гэдгийг нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн талаас нотолж, тогтоогдсон баримтуудыг огт үнэлсэнгүй. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээний 3.1.6-д “зээлийн хугацааг 12 сар байна” гэж заасан, уг хугацаа дуусгавар болох огноог “2018” он гэхийг “2017” гэж илэрхий алдаа гаргасныг ч зээлдүүлэгч тал өөрөө залруулж гараар 2018 гэж зассан, эргэн төлөлтийн хуваарьт ‘2018” гэхийг мөн "2017” гэж илэрхий алдаж бичсэнийг Монголын нотариатчдын танхимаас хуулбарлан ирүүлсэн нотариатчийн “бүртгэлийн дэвтэр”, мөн Нийслэлийн архивын газраас ирүүлсэн нотариатчийн бүртгэлийн дэвтэрт “зээлийн хугацааг 12 сар" гэж бүртгэсэн нэг ижил баримтаар талуудын тохиролцооны агуулга тогтоогдсоор байхад шүүх "гэрээний заалтууд тохирохгүй, хоорондоо зөрчилтэй, агуулгын зөрүүтэй” гэж дүгнэсэн нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх зохих эрх зүйн дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийсэнгүй гэж үзэж байна. Дээрх засвар нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул энэхүү илэрхий алдаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болохгүй. Үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь үүрэг хүлээгч З.Ц- зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "АИ ББСБ" ХХК дээрх автомашиныг буцаан авсан. З.Ц- автомашины үнэд 32 000 000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй, 1 жил 6 сар гаруй хугацаанд уг автомашиныг унаад ашиглаад явсан, энэ хугацаанд зээлийн үүрэгт Хосдалай компаниас 2 удаа, З.Ц-гээс гэж 1 удаа нийт 5 000 000 төгрөг төлж байсан үйл баримтад маргаагүй. Шүүх “З.Ц-гийн төлсөн 5 000 000 төгрөгийг шаардлагаасаа татгалзсан байх тул олгох үндэслэлгүй байна” гэжээ. З.Ц- шаардлагаасаа татгалзсан гэдэг нь өөрийгөө төлөх үүрэгтэй гэдгээ нотолсон гэсэн үг болно. ХААН банкнаас хариуцагч З.Ц-гийн авсан зээлийн мэдээллийг үндэслэсэн байгаа нь хууль бус байна. “Зээлийн мэдээллийн санд зээл мэдээлэх үйл ажиллагаа” нь зээлийн мэдээлэл хүлээн авагч этгээд мэдээлэл нийлүүлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулагдах журмын тухай Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.10, 9.1.3, 9.1.7-д тус тус заасан бөгөөд “АИ ББСБ” ХХК нь энэхүү гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол банктай байгуулсан нь хавтаст хэрэгт бий. 2018 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр Монгол банктай байгуулсан №0618/54 дугаартай уг гэрээ нь З.Ц-д зээл олгосон хугацаанаас хойш байгуулагдсан байна. Зээлдэгч 3.Цэцгээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй автомашины үнэд төлсөн зээлээ хугацаанд нь нөхцлийн дагуу төлөөгүйгээс үүргийн гүйцэтгэлийг өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитой гаргуулан авснаар дуусгавар болгосон билээ. Тэрээр автомашиныг 1 жил 6 сар гаруй хугацаанд ашигласантай нь холбогдон гарсан “тээврийн хэрэгслийн албан татвар, торгууль нь автомашин эзэмшигч үл маргах журмаар зайлшгүй төлөх ёстой төлбөрүүд бөгөөд эдгээр төлбөрүүд төлөгдсөн болох нь Татварын байгууллагын мэдэгдэл, Авто тээврийн газрын тодорхойлолт зэргээр тогтоогдож байгааг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан тооцоог шүүх ямар эрх зүйн баримт, актыг үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй, хөндлөнгийн эрх бүхий этгээдийн дүгнэлт хэрэгт авагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Уг автомашинтай холбогдон гарсан дээрх хохирол, торгууль, татварын талаар хариуцагч нар маргадаггүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дээрх үндэслэлээр “АИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх иргэн Ц.Б, З.Ц-, Х.Б- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн /шийдвэрийн 8 дугаар тал/ байх ба "2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн X.Б нь Ц.Б-т хүлээлгэн өгсөн байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүргээ хэртжүүлсэн байна" гэж үзсэн нь ойлгомжгүй байгаагаас гадна хоёрдмол агуулгатай шийдвэрийг шүүхээс гаргажээ. Х.Б- нь шүүхэд Ц.Б-аас 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос "хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл"-д тооцуулах шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээ З.Ц- Ц.Б-нарын хооронд байгуулагдсан ба шаардах эрх Х.Б-д үүсээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасан иргэний эрх зүйн харилцаа Х.Б-, Ц.Б-нарын хооронд үүсээгүй. Ц.Б-2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр автомашиныг буцаан авсан нь "АИ ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд буюу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгүулагдсан З.Ц-, "АИ ББСБ" ХХК-ийн хооронд байгуүлагдсан "Зээлийн гэрээ"-ний гүйцэтгэлийг хангах үүднээс гаргасан үйлдэл юм. Ц.Б-нь З.Ц-тэй автомашин хүдалдах, худалдан авахаар тохиролцсон болохоос Х.Б-тай тохиролцсон зүйлгүй. Харин худалдан авагч З.Ц- нь нөхөр Х.Б-даа автомашиныг хүлээн авч хүлээлгэн өгөх зөвшөөрлийг өгсөн. Иргэний хүулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар З.Ц-гийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлснээр Ц.Б-ын өмчлөх эрх дуусгавар болсон тул автомашин хүлээн авсан нь "АИ ББСБ" ХХК-ийн өмнөөс хийгдсэн ажиллагаа байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар З.Ц- 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ц.Б-болон түүний гүйцэтгэх захирлаар ажилладаг "АИ ББСБ" ХХК-тай холбогдуулан шаардлага, гомдол гаргаж байгаагүй, 1 жил гаруй хугацаанд автомашныг эзэмшин ашиглаж байсан байдаг. Иймд шийдвэрийн 1 дэх заалт бүюу Ц.Б-аас худалдах,  худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгосныг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсноор  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК нь хариуцагч З.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83 335 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 37 000 000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас гадна Х.Б- гарын үсэг зуржээ. /хх-ийн 36/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 317 дугаар магадлалд “...иргэн Ц.Б-ыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа этгээдээр оролцуулаагүй, “АИ ББСБ” ХХК нь хариуцагч З.Ц-д автомашины урьдчилгаа төлбөрийг төлөх болсон үндэслэлийн...” талаар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 918 дугаар тогтоолд “...сөрөг нэхэмжлэлд Х.Б- гарын үсэг зурсан талаар...” тус тус дурдсан байна. /хх-ийн 194, 216/

“АИ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-байхаас гадна маргааны зүйл болох автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр бүртгэлтэй, тэрээр  “автомашины урьдчилгаа 32 000 000 төгрөгийг Х.Б-гаас төлсөн” гэх баримтад болон “автомашиныг Х.Б-гаас буцаан авсан” гэх баримтад тус тус гарын үсэг зуржээ. /хх-ийн 40, 41/

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан “энэ хэрэгт Ц.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай ...” хүсэлтийг хангахгүй орхисон, улмаар Ц.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулаагүйн улмаас Х.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна. / хх-ийн 239, 2хх-ийн 37 / Шүүх “...Ц.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах  тухай...” хүсэлтийг хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг дурдсан нь буруу ба мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх байжээ.

 

Шүүх Ц.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулаагүй тул тэрээр хариуцагч нараас автомашиныг 1 жил, 6 сар ашигласантай холбоотой хохирол гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан боловч мөн шүүх уг хүсэлтийг үндэслэлгүй дүгнэлт хийж, хангахаас татгалзсанаар хуулийн этгээдийн төлөөлөгчийн хувьд биш иргэний хувьд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчоор оролцох түүний эрх хязгаарлагджээ.       / 2хх-ийн 47 /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд тэрээр хэргийн оролцогч болдог бөгөөд түүнийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэхгүй юм. Харин бие даасан шаардлага нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол хүлээн авахаас татгалзах эсэхийг л шүүх шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгч тал Х.Б-г хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүх Ц.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулаагүйтэй холбоотойгоор тэрээр сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүйд хүрсэн, улмаар нэхэмжлэгч тал Х.Б-г хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсанаар Х.Б- тусад нь нэхэмжлэл гаргахад хүргэжээ. /2хх-ийн 103, 3хх-ийн 52/

Х.Б- Ц.Б-т холбогдуулж автомашины урьдчилгаанд төлсөн 32 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг “АИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан “...адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа,...” гэдэгт хамаарахгүй байгаа боловч маргааны зүйл нь нэг байгаа тохиолдолд шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг талуудын хүсэлтийг тодруулсны үндсэн дээр залруулах шаардлагатай байжээ.

Ийнхүү зөвтгөөгүйн улмаас Ц.Б-ыг энэ хэрэгт хариуцагчаар, Х.Б-г нэхэмжлэгчээр тус тус  шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт зөрүүтэй  тодорхойлсноор шүүхийн шийдвэр ойлгомжгүй, өөр хоорондоо уялдаа холбоогүй бичигдэхэд хүрсэн байна.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн,  хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “АИ ББСБ” ХХК-ийн төлсөн 387 846 төгрөгийг, Ц.Б-ын төлсөн 317 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                  Н.БАТЗОРИГ