Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2849

 

 

                                                  

                                       

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02849                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-д холбогдох,

Зээлийн гэрээнээс учирсан хохиролд 23,335,680 /хорин гурван сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Басбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Ц нь 2017 оны 6 сарын 05-ны өдөр тус байгууллагын Гүйцэтгэх захирлаас УБГ 01-04 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдэж, 2010/10/15-нд Монгол улсад импортлогдсон, хар өнгөтэй, Тоуота Lехus LХ570 маркийн авомашиныг 82,0 сая төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, автомашины урьдчилгаанд 32,0 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 50,0 сая төгрөгийг “худалдан авч байгаа автомашинаа манай ББСБ-д барьцаалуулан зээл авч, зээлтэй байх хугацаандаа машинаа унаж байгаад, 1 сарын дотор төлье, гэхдээ зээлийн гэрээгээ 12 сарын хугацаатай байгуулья” гэсэн тул би зөвшөөрсөн. Учир нь З.Ц нь “гэр бүлийн хүн /Баяндалай/-ийн хамт “Хосдалай Хас” ХХК гэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхэлж, ОХУ, БНХАУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, саяхан том гэрээ байгуулсан, удахгүй их мөнгө орж ирнэ” гэж, ОХУ, БНХАУ-ын бизнес зрхлэгчидтэй байгуулсан гэрээ болон Налайх дүүрэгт байрлах еөрийн үйлдвэрийн байр сав, үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулан, өөрийн гэр, ажлын хаягаа зааж өгөх зэргээр “түүний төлбөрийн чадвар” болон “шударга үнэнч, ажилсаг, бизнесмен хүмүүс байна” гэх итгэл үнэмшлийг надад төрүүлсэн. Ингээд З.Ц нь 2017 оны 6 сарын 05-ны өдөр манай “А”-тай А-17/06/05 тоот Зээлийн болон Ф-17/06/05 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г тус тус байгуулан, 53,0 сая төгрөгийг сарын 3.5% хүүтэй, 12 сарын хүгацаатай зээлсэн. З.Ц нь зээлийн хүүнд 2017/07/05-нд 1,750,000 төгрөг, 2017/08/06-нд 1,0 сая төгрөг, 2017/10/20-нд 8 сарын зээлийн хүүгийн үлдэгдэл 820,390 төгрөг дээр 9 сарын зээлийн хүү, нэмэгдэл хүүг оролцуулан нийт 3,171,991 төгрөг төлөх ёстойгоос 2,250,000 төгрөг төлсөн буюу 921,991 төгрөг дутуу төлсөн. Өөрөөр хэлбэл З.Ц нь 2017 оны 9 сар хүртэлх зээлийн төлбөр тооцооноос 5,0 сая төгрөг л төлж, 2017 оны 9 сараас эхлэн зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн графикт хугацааг зөрчиж эхэлсэн. Зээлийг төлүүлэхээр З.Ц болон түүний нөхөр Х.Баяндалайтай холбогдож, зээлийн төлбөрийг нэхэхэд удахгүй төлнө, их мөнгө орж ирэх гэж байгаа гэж хэд хэдэн удаа хэлж, аргацаан өнгөрүүлж байсан. 2018 оны 1 сард Налайх дүүрэг рүү явж, ажил дээр нь очиж уулзахад зээлийн төлбөрийг төлөх тухай амлалт өгч, банкнаас бага хүүтэй, их хэмжээний зээл авах гэж байгаа, тэр мөнгө ороод ирвэл, нэгмөсөн хүү, нэмэгдэл хүүтэй нь төлнө” гэсэн ч 2018 оны 9 сар хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Ингээд 2018 оны 9 сарын 03-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, маргааныг эв зүйгээр шийдвэрлүүлэхээр оролдсон ч З.Ц нь очихоос удаа дараа татгалзаж, утсаа авахгүй байсан ба З.Цг амралтанд явсан, өвдсөн гэж байснаа сүүлдээ, төлөөлөгчөөр дамжуулан “мөнгийг чинь төлөхгүй” гэж мэдэгдсэн. Түүнээс гадна эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хугацаа дууссан ба манайхаас З.Ц нь “Зээлийг сайн дураар төлөх, маргааныг эв зүйгээр шийдвэрлэхээс татгалзаж байна” гэж үзсэн тул 2017 оны 9 сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх 441 хоногийн зээлийн хүү 25,696,400 төгрөг, нэмэгдуулсэн хүү 5,139,280 төгрөг, үндсэн зээл 50,0 сая төгрөг, бүгд 80,835,680 төгрөг болсон тул өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 83,335,680 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс бусад хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс багасгасан шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг бид нэхэмжлэл гаргасны дараа буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашиныг 60,0 сая төгрөгөөр тохиролцон үнэлснээр хасч, үлдэх шаардлагаас 15,696,400 төгрөгийг хүүнд, 5,139,280 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцож, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөгийн хамт 23,335,680 төгрөг гаргуулна, бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирал Ц.Басбаяр нь өөрийн өмчлөлийн машинаа анх 82,0 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингээд заль мэх хэрэглэн өөрийн машинаа миний өмчлөлд шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн хөрөнгө болгон хууль далимдуулж, төөрөгдүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидукци болон 50,0 сая мэтээр дүр исгэн зээлийн гэрээ хийхдээ хүү авахгүйгээр амаар тохирсон атлаа хүү авахаар хуурамч гэрээ хийсэн. Тухайн үед надад зээлийн гэрээг уншиж танилцуулаагүй. ББСБ-аас 50,0 сая төгрөг аваагүй, надад өгөөгүй атлаа үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү гэж тооцож, 5,0 сая төгрөг авсан. Харин Ц.Басбаяр нь манай нөхөрт итгэл үнэмшил үзүүлэн өөрийн эзэмшлийн машинаа худалдах нэрийдлээр бэлнээр 32,0 сая төгрөг авсан боловч тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ хийж, нэр дээр нь шилжүүлээгүй, биднийг 37,0 сая төгрөгөөр хохироосон. Басбаяр нь бидэнд 82,0 сая төгрөгөөр худалдах гэж байсан машинаа бидэнд мэдэгдэлгүй гэрийн гаднаас авч явсан. Иймд би зээл аваагүй учраас нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Басбаяр нь машинаа зарна гэж худал хэлж залилан авсан 37,0 сая төгрөгөө өгөхгүйн тулд үндэсгүй хүү, нэмэгдүүлсэн хүү нэхсэн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирал Ц.Басбаяр нь өөрийн эзэмшлийн машинаа Х.Баяндалай, З.Ц нарт 82,0 сая төгрөгөөр худалдахаар болж бэлнээр 32,0 сая төгрөг З.Цд 50,0 сая төгрөг зээлж, машины үнэд авахаар тохирсон. Ц.Басбаяр нь зээлийг хүү тооцохгүйгээр аман хэлцэл хийсэн ч зээлийн гэрээ хийхдээ 3.5 хувийн хүү тооцжээ. Гэвч Ц.Басбаяр уг худалдсан машинаа Х.Баяндалайгийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж, шилжүүлж өгөхгүй, удаашруулж, бид нарт өгсөн машинаа 2018 оны 11 сарын 22-ны өдөр өөрсдөд нь хэлэлгүй гаднаас авч явсан. Зээлийн гэрээ, фидуцийн гэрээ анхнаасаа хууль зөрчсөн хэлцэл байгаа. Зээлийн гэрээнд гүйцэтгэх захирлаар Ц.Басбаяр өөрөө гарын үсэг зураад өөрийнхөө хувийн машиныг худалдаж байгаа  хэрнээ гэрээний зориулт дээр бизнест зарцуулна гэж байгаа. Автомашин худалдах, худалдан авах гэрээ гэж заах ёстой. Хууль бусаар баталж өгсөн нотариатаас мөнгөө нэхэмжилнэ биз. Анхнаасаа 2 гэрээ хэлцэл хийгдэх ёстой. Машиныг 82,0 сая төгрөгөөр худалдсан худалдах худалдан авах гэрээ хийж, уг гэрээг үндэслээд 50,0 сая төгрөгт зээлийн гэрээ хийж болно. Зээлийн гэрээ хийхдээ З.Цгийн нэр дээр автомашиныг шилжүүлсний дараа фидуцийн гэрээ хийх ёстой. Фидуцийн гэрээгээр Ц.Басбаяр өөрөө нэмэгдүүлсэн хүү, хүүг төлөх ёстой болж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрчлөгдөөгүй. Анхнаасаа Иргэний хуулийн 56.1.8 бусад хэд хэдэн зүйлийг зөрчсөн. Фидуцийн гэрээнд эзэмшилд шилжүүлсэн бол хамтран өмчлөгч дээр гарын үсэг байх ёстой. Автомашиныг Баяндалайд худалдсан юм уу, З.Цд худалдсан уу тогтоож чадахгүй байна. Баяндалайгийн нэр дээр шилжсэн байвал Автотээврийн газар бүртгэгдэх байтал бүртгэгдээгүй хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Хувийн автомашиныг зээлийн гэрээ хийсэн дүр эсгээд ашиг олж байна. Автомашин худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэж байна. СЗХ-оос тухайн ББСБ иргэдэд зээл олгох зөвшөөрөлтэй, түүнээс биш гүйцэтгэх захирал хувийн машинаа бусдад худалдчихаад өөрийнхөө ББСБ-аас зээл өгөөд өөрийн дансанд авсан нь хууль, үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн хэлцэл. Иймд “ААС-Инвест” ББСБ-тай байгуулсан 2017 оны 6 сарын 05-ны өдриийн А-17/06/05 тоот зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9, 57.1.2, 58.2.2, 58.3.3-д заасныг зөрчиж хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бусаар авсан 37,0 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: З.Цгийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд сашиныг 82,0 сая төгрөгөөр авахаар болж бэлнээр 32,0 сая төгрөг өгч, 50,0 сая төгрөг зээлж өгсөн, машинаа авсан гэснээс үзвэл талууд автомашин худалдах, худалдан авахаар тохиролцсон ба гэрээний зүйл болох автомашины үнэ нь тэр даруй төлбөл 82,0 сая төгрөг байсан нь харагдана. З.Ц зээлээр худалдан авах автомашины урьдчилгааг төлж, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр Ц.Басбаяртай амаар хэлэлцэн тохиролцсоноо, үлдэгдэл төлбөрийг зээлснээ, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээг хийснээ, худалдан авч буй автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлэх, З.Ц үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд түүнд буцаан өгөх үүргийг хүлээснийг мэдэж байснаа, шилжүүлсэн автомашиныг унаж явахаар тохиролцсоноо, дээрх гэрээнүүдийг байгуулагдсаны дараа автомашины эзэмшлийг шилжүүлснийг, автомашиныг өөрсдийн мэдлийн хүрээндээ бодитойгоор эзэмшилдээ шилжүүлэн авснаа, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж байснаа, худалдах, худалдан авах гэрээний гол болон бусад нэмэлт нөхцлүүдийн талаар тохиролцож, баримтад гарын үсгээ зурж, нотариатаар батлуулснаа, эрүүгийн хэргийг шалгуулахаар хандаж байгаагүйгээ үгүйсгээгүй, маргаагүй байна. Харин зээлийн гэрээ хийхдээ хүү авахгүй амаар тохирсон, хүү тооцохоор хуурамч гэрээ хийсэн, зээлийг аваагүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, машинаа худалдах нэрийдлээр бэлнээр 32,0 сая төгрөг авсан ч нэр дээр шилжүүлээгүй, машинаа өмчлөлд шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн хөрөнгө болгон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан, машинаа өөрсдөд нь хэлэлгүй гаднаас хулгайлж авч явсан зэргээр 2017 оны 6 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3, 56.1.9, 57.1.2, 57.2, 58.2.2, 58.3.3-д заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгсөн авснаа буцааж, хохирол гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. З.Ц, Х.Баяндалай нар автомашиныг худалдан авах, урьдчилгаа төлж, машиныг унаж явах, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хүүтэй, хэсэгчлэн төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг /ИХ39.1/ Ц.Басбаяр хүлээн авснаар /ИХ-40.1/ талуудын хооронд автомашин зээлээр худалдах. худалдан авах гэрээ байгуулагдсан, /ИХ42.1, 262.1/. Иргэний хуулийн 262.1-д заасан гэрээгээр худалдагч худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүрэг үүсгэдэг, З.Ц, Х.Баяндалай нарын эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө автомашиныг эзэмшилдээ авч ашиглах, унаж явах хүсэл зориг, Ц.Басбаярын автомашинаа худалдах гэсэн хүсэл зориг харилцан нийцсэн ба худалдсан зүйлийн үнийг дараа нь хэсэгчлэн төлүүлэхээр буулт хийж байгаагийн хариуд хүү тооцож, өөрт учирсан эдийн засгийн ашиггүй байдлыг нөхөх зорилго агуулсан тохиролцоо хийсэн нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд харшлаагүй, ИХ189.1. Худалдан авагчийг Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийсэн, өөрийн худалдан авч байгаа автомашины хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэгтэй байсан гэж үзвэл, энэхүү үүргээ нэгмөсөн биелүүлэхэд мөнгө нь хүрэлцэхгүй байснаас худалдагчид автомашины үнийн үлдэгдлийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх, үлдэгдлийг зээлийн хувьд, хүүтэй буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг худалдагч зөвшөөрч, хүлээн авснаар хууль зүйн агуулгаараа худалдан авагч хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг дуусгавар болж, оронд нь үлдэгдэл мөнгийг хэсэгчлэн төлөх, сар бүр 3,5 хувийн хүү төлөх зээлийн гэрээний үүргээр солигдсон, ИХ236.1.3, 236.2. Учир нь Иргэний хуулийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2-т өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж зааснаар талуудын автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон, харин З.Ц нарын хөрөнгийн үнийг төлөх нэг үүрэг зээлийн гэрээний нөгөө үүргээр солигдсон учраас худалдан авагчаас нэгэнт хүчин төгөлдөр байгуулагдаж, биелэгдэж дууссан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардах эрхгүй тул худалдагч нь худалдан авагчаас машины урьдчилгаанд авсан 32,0 сая төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй, ИХ236.1.3, 236.2. Хариуцагч хүү тооцохоор хуурамч гэрээ хийсэн гэж маргадаг ба машины үлдэгдлийг зээлээр төлөхийг зөвшөөрч буй Ц.Басбаяр нь зээл олгогч субьектийн хувьд иргэнээр оролцоогүй, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ББСБ-ын Гүйцэтгэх захирлын хувьд оролцсон. ББСБ нь өмчлөлдөө тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, ашиг олох тодорхой зорилго бүхий зээлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр компани хэлбэрээр тогтвортой эрхэлдэг, иргэний эрх зүйн харилцаанд гүйцэтгэх захирлаараа итгэмжлэлгүй төлөөлөн оролцож байгаа хуулийн этгээд юм. ИХ25.1, 25.2, 26.4, 26.8, 33.1, 34.1. Гүйцэтгэх захирал нь зээлдэгчийн зээл эргэн төлөх чадвартай эсэхийг газар дээр нь очиж, шалгасны үндсэн дээр итгэл үнэмшил олж авч, 2017 оны 6 сарын 05-ны өдөр 50,0 сая төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүү тооцохоор тохиролцож, Иргэний хуулийн 451-453, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан, хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан, А-17/06/05 тоот Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг тус тус бичгээр байгуулсан. Гэрээнд талууд гарын үсгээ зурж, тамга дарснаар ИХ42.2, ИХ43.2.1, 43.2.2, 43.2.3, ИХ196.1.1, 196.1.2, 196.1.5, ИХ451.2, ИХ452.1 хүчин төгөлдөр болсон дээрх гэрээнүүдийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр хүү тооцогдоно. Нэхэмжлэгчээс зээлийг худалдагчийн дансанд шилжүүлсэн, ББСБ-ын зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн багцад бүртгэгдэж, зээлийн үлдэгдлийн чанар, байдалд ангилал хийгдээд явж байдаг нь баримтаар нотлогдоно. З.Ц, Х.Баяндалай нараас зээл авах, хэсэгчлэн төлөх хүсэл зоригоо амаар илэрхийлээд, зөвшөөрсөн хариуг авсны үндсэн дээр “Гэрээний зүйлийн үнэ болох эд хөрөнгийн үнэ дээр нэмэх нь хүү төлөх” агуулгатай, бичгээр үйлдсэн зээлийн гэрээний үүргийг зөвшөөрч, гэрээнд сайн дурын үндсэн дээр аливаа дарамт шахалтгүй гарын үсэг зурж, нотариатаар батлуулан, машинаа шилжүүлэн авсан үйлдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн үйл баримтууд нь З.Цг эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан, гэрээний агуулгыг эндүүрсэн, хүсэл зоригийн дотоод, гадаад илэрхийлэлд нийцээгүй, эрхийн талаар төөрөгдсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулах ба Иргэний хуулийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж үзэж, талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх ИХ452.2 ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. ББСБ-аас хариуцагчийн аваагүй зээлд хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. Учир нь зээлдэгч нь зээл авснаас хойш 3 сарын турш зээлийн хүүг хуваарийн дагуу төлж байгаад үүргээ зөрчиж эхэлсэн тул нэмэгдүүлсэн хүү тооцож, хариуцлага ногдуулсныг тэр хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 сард төлж байсан. Үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Түүнчлэн 2018 оны 01 сарын 17-ны өдөр Гүйцэтгэх захирал зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахаар Налайхад байдаг үйлдвэр дээр нь очиж уулзахад, ББСБ-аас 2017 оны 6 сарын 02-ны өдөр 50,0 сая төгрөгийн зээл авснаа, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, эхний ээлжинд хүүг 2018 оны 2 сард төлөх, зээлийг 2018 оны 3 сард төлөх хүсэлтэйгээ илэрхийлэн баталгааг бичиж өгсөн. Тиймээс З.Ц, Х.Баяндалай нар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, гэрээний биелэгдсэн үүрэг 5,0 сая төгрөгийг буцаан шаардах эрхгүй /ИХ492/, хүчин төгөлдөр зээлийн гэрээний төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн үүсэх, дуусгавар болохоор хуульчилсан ба 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно”, эд хөрөнгийг эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр /ИХ111.2.1/, өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар /ИХ111.2.2/ шилжүүлсэн гэж үздэг, ИХ111.2. Худалдагчийн хувьд автомашины эзэмшлийг З.Ц, түүний нөхөрт шилжүүлэн өгснөөр машиныг өмчлөх эрх шилжиж, Ц.Басбаярын өмчлөх эрх дуусгавар болсон байхад шилжүүлж өгөөгүй, эрхийн талаар төөрөгдсөн гэж маргаад байгаа нь огт үндэслэлгүй юм. Харин З.Ц автомашиныг бодитоор, өөрийн мэдэлдээ оруулах замаар эзэмшил үүсч /ИХ89.1/, улмаар өөртөө өмчийн хэлцэл хийх эрх олж авч, эрх зүйн үр дагавар /ИХ8, 39.1/ бий болгосон. Ийнхүү өөрийн шинээр олж авсан өмчлөх эрхдээ үндэслэн 2017 оны 6 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд автомашины өмчлөлийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн үнийг 60,0 сая төгрөг байхаар тохиролцож, Фидуциг байгуулсан. З.Ц, Х.Баяндалай нар зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсны дараа машиныг өөрсдийн нөлөөллийн хүрээнд бодитоор оруулан, мэдэлдээ авах замаар эзэмшил үүсгэн, өмчлөх эрхийг авч, унаж явснаас дүгнэвэл, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх, зээлийн үлдэгдэлд хүү төлөх агуулгатай гэрээ байгуулснаа зөвшөөрч, үйлдлээ ойлгож, мэдэж байсан, эрхийн хувьд төөрөгдсөн гэж үзэхгүй тул бодит үйлдлээр хийгдсэн /ИХ42.8, 43.3, 196,1.1/ хүчин төгөлдөр болно.

 

ИХ12.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор, эд юмсыг эзэмдэн авах, устгах буюу эвдэх зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгүүлэгчийг саатуулах зэрэг үйлдлийг хууль бус гэж үздэггүй. ББСБ удаа дараа шаардахад үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчээс машиныг гэрээний тохиролцооны дагуу үл маргах журмаар эзэмдэн авсан нь өөртөө туслах зорилгоор, өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хийсэн үйлдэл тул хууль бус гэж үзэхгүй. З.Ц үүргээ биелүүлчихвэл машиныг буцаахад татгалзахгүй.

 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой, ИХ13.1. З.Ц нь Зээлийн болон Фидуцийн гэрээгээр хүлээсэн зээл, хүүгийн төлбөр төлөх үндсэн үүрэг дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг даатгуулах, үнэлгээг хадгалах, бууруулахгүй байх, өр төлбөр, зардал, анз, үйлдэл, эс үйлдэл зэргээс ангид байлгах үүргийг нэмэлтээр хүлээж, баталгаа олгосон. Гэтэл зээлийг төлөх хуваарьт үүргийг зөрчиж, гаргасан зөрчлөө арилгаагүй, машиныг даатгуулаагүй, 2018 онд албан татвар 237,600 төгрөг төлөөгүй гэм буруутай тул үүргээ цаг хугацаанд нь, үнэнч шударгаар гүйцэтгэж байсан төлөөлөгчид төлсөн 2,5 сая төгрөг болон бусад хохирлыг төлөх ямар ч үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч З.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83,335,680 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хариуцагчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шаардлагын үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, хариуцагч урьдчилгаа төлж, үлдэх төлбөрийг хүүтэй буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлснийг худалдагч зөвшөөрч, автомашиныг хүлээн авснаар Иргэний хуулийн 236.2-т зааснаар өмнөх үүргийн харилцаа биелэгдэж дуусгавар болсон, төлбөр төлөх үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдсон, машинаа буцаан авсан учраас үнийг хасч, олох байсан орлогоо хүү, нэмэгдүүлсэн хүүгээр тодорхойлж, өмгөөлөгчийн хөлсийн хамт гэрээнээс учирсан хохиролд гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь машин худалдах худалдан авах гэрээ хийж, уг гэрээг үндэслэн З.Цгийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсний дараа зээлийн болон фидуцийн гэрээ хийгдэх ёстой байхад Гүйцэтгэх захирал хувийн автомашиныг зээлийн гэрээ хийсэн дүр эсгээд худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээ хийж зээлийг хариуцагч руу шилжүүлээгүй өөрийн дансанд авсан нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гарган маргалаа.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Цд 50,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээг, энэхүү зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулжээ.

 

Фидуцийн гэрээгээр УБГ 01-04 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдэж, 2010/10/15-нд Монгол улсад орж ирсэн Тоуота LХ570 маркийн автомашиныг З.Ц нь “А” ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зээлдүүлэгч тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаагаар өөрийн нэрийн өмнөөс зээлдэгчид олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэж тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний дагуу банк нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг тохирсон бол хүүгийн хамт төлөх үүрэгтэй юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгах эрхтэйгээр зохицуулжээ.

 

Дээрх зохицуулалтуудаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь зээлдэгч нь зээлдэгчид зээлийн хөрөнгийг бодитой шилжүүлсэн байх, хариуцагч нь уг мөнгийг зээлдэгч зориулалтын дагуу ашигласан байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн зөрчлөөс учирсан хохирлыг гаргуулахаар Зээлийн болон Фидуцийн гэрээ, Тээврийн хэрэслийн техникийн тодорхойлолт, Зээлийн бүртгэл, ББСБ-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар зээлдэгч З.Цд зээлдүүлэгч “А” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, харин нэхэмжлэгч байгууллагын Гүйцэтгэх захирал ажилтай Ц.Басбаярын дансанд шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, бодитоор ашиглаагүй байна.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, З.Цд хүлээн аваагүй, ашиглаагүй мөнгөн хөрөнгийн хувьд 50,000,000 төгрөг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  “А” ХХК-д төлөх үүрэг үүсэхгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

    

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үүсэх тодорхой цаг хугацааны дараа төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэг нь мөн хуулийн 236.2-т зааснаар дуусгавар болж, оронд нь үлдэгдэл мөнгийг хэсэгчлэн төлөх, сар бүр 3,5 хувийн хүү төлөх зээлийн гэрээний үүргээр солигдсон гэж тайлбарлах ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, зохигчийн тайлбар, хэргийн баримтаар хүсэл зоригийн илэрхийлэл нь Ц.Басбаяр өөрийн өмчлөлийн автомашинаа 82,0 сая төгрөгөөр худалдах, З.Ц худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 32,0 сая төгрөгийг Ц.Басбаярт төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг “А” ХХК-иас олгох зээлээр хийхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэл зориг гэдэг нь хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь автомашин худалдах, худалдан авах байсан, худалдан авагч тал тодорхой хугацааны туршид хүүгийн хамт төлөх хүсэл зоригийн илэрхийлэлтэй байжээ.

 

Дээрх аман хэлцлээ үндэслээд 50,000,000 төгрөгийг З.Цд зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч, зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй атлаа хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээлгэсэн, хариуцагчийн өмчлөлд автомашиныг шилжүүлээгүй атлаа З.Цд фидуцийн гэрээгээр “А” ХХК-ийн өмчлөлд автомашиныг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх үүргийг хүлээлгэсэн байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар заасан ба  тухайн тохиолдолд “А” ХХК болон З.Ц нарын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-17/06/05 тоот зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийгч талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь автомашиныг буцаан авсан гэж тайлбарласан тул Д.Цгээс автомашины урьдчилгаанд төлсөн 32,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 5,000,000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж, З.Цд олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хууль болон гэрээнд заагаагүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн үүсэх, дуусгавар болохыг зохицуулсан бөгөөд өмгөөлөгчөөс талуудын байгуулсан худалдах, худалдах авах гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлсэн байдлыг тайлбарлаж байгааг буюу дээрх хуулийн заалтыг фидуцын гэрээгээр автомашины өмчлөлийг З.Ц ББСБ-д шилжүүлэх үүргийн талаар дүгнэхэд маргаагүй үйл баримт буюу эзэмших, ашиглах эрхийн хувьд гэж ойлгохгүй юм.

 

Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар өмчлөл шилжихийг шаардах бөгөөд өмчлөх эрхэд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх багтах бөгөөд эзэмших, ашиглахаар шилжүүлэн авсан хөрөнгийн тухайд фидуцын гэрээний 1.1-д заасан автомашины өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөх эрхийг бүртгэснээр өмчлөх эрх үүсэх ба энэ эрхийг шилжүүлэн аваагүй З.Ц нь “А” ХХК-ийн өмчлөлд бодитоор өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх үүргийг хүлээх боломжгүй билээ.

 

Ч.Мөнхцэцэг нь гэрээнд оролцож, тус байгууллагын эдийн засагчийг төлөөлөн гарын үсэг зурсан, нэхэмжлэгч байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувиар санхүүгийн баримтуудад гарын үсэг зурснаас харахад тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа гэж үзэхээр ба нэхэмжлэгчтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна.

 

Энэхүү 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлсөн гэж ХААН банкны Ц.Басбаяртай хамтран эзэмшдэг 5040001760 тоот дансаар 2018.03.12-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2017.06.12-ны өдөр Ц.Басбаяраас шилжүүлсэн 3,003,838 төгрөгийн баримтаар уг хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж, хөлс авсан гэж нэхэмжилж байх тул өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Тус шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11943 дугаар шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжид төлсөн 552,300 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэл гаргахдаа болон хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжийг тус тус төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 552,300 төгрөгийг, З.Цгээс  тэмдэгтийн хураамжид 342,950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэхүү хэргийн оролцогч биш этгээдээс сөрөг нэхэмжлэлээр шаардлага гаргасан байх тул хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хураамжид төлсөн 342,950 төгрөгийг орлогоос гаргуулж, Ц.Баяндалайд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн /22,500+30,000/ 52,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-17/06/05 тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “А” ХХК-иас 37,000,000 /гучин долоон сая/ төгрөг гаргуулан З.Цд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан З.Цгээс зээлийн гэрээнээс учирсан хохиролд 23,335,680 /хорин гурван сая гурван зуун гучин таван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 52,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 552,300 төгрөгийг, З.Цгээс  тэмдэгтийн хураамжид 342,950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Ц.Баяндалайгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хураамжид төлсөн 342,950 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ