Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 365

 

А.Б, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Г.Тамир, А.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар магадлалтай, А.Б, М.М нарт холбогдох 1805038680706 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Тамир нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 6 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Ө овогт А.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М.М нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос М.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч А.Бийг “Хүнийг алсан”, шүүгдэгч М.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч А.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Г.Тамир, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие анх удаа хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдож, үүний улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсан гэмшиж байна. Миний бие гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан гаргалгүй хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрт учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан.

Анхан шатны шүүх хуралдааны үеэр миний өмгөөлөгч хуулийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргасан юм. Би тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйгээс ял хөнгөрүүлэх боломж хаагдаж болохыг ойлголгүй, ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Миний өөрийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан мөнгөн хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг минь харгалзан эдлэх ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч буйг хүлээн авна уу” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч А.Бий өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 210 тоот магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдвал зохих этгээдүүдийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байхад уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.3 дахь хэсэгт заасан “Шударга ёсны зарчмыг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч А.Бийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ТНТ” нэртэй зочид буудлын гадаа М.Бтой маргалдан зодож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулсан. Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь энэ хэргийн шүүгдэгч М.М бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр М.Быг дуудаж түүнийг зодож гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, мөн гэрчүүдийн мэдүүлгээр Д.Ганхуяг гэгч этгээд нь мэсийн чанартай зүйл хэрэглэн шүүгдэгч А.Бийг ална гэж заналхийлэн дайрч, мөн амь хохирогчийг өдөөн хатгасан үйлдэл нь М.Бын амь нас хохирох шалтгаан болсон байхад М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Д.Ганхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан, хэргийн 113 дугаар хуудсанд байх гэрч А.Амарбат, 95-98 дугаар хуудсанд байх гэрч Э.Цогтбаатарын “...Мөнхтуулын нөхөр Б болон зүс таних ах Хуягаа нар орж ирээд, Б бид хоёрыг хэл амаар доромжлон цохиж байхад гаднаас Мөнхтуул орж ирээд нөхөр болох Бтой маргалдаж, түүний хамар луу нэг гараараа цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд тэр цус гарсан байдалтайгаараа бид хоёр руу дайрч, маргалдахад Б бид хоёр гарч гүйхэд бид хоёрын араас пивоны шил бариад Б хөөсөн. Гадагшаа гараад ахаа та яагаад байгаа юм бэ гэж Б хэлэхэд үгийн зөрүүгүй Б Бий нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд Б Быг нүүрэн тус газар цохиход Б газарт унасан байсан.” гэсэн мэдүүлэг, 105 дугаар хуудсанд байх гэрч Э.Энхтөр, 93-95 дугаар хуудсанд байх М.Мын өгсөн мэдүүлэг, 157 дугаар хуудсанд байх “...Билгүүний биенд тархи доргилт, баруун хацар, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн дал, нуруу баруун бугалганд зулгаралт, баруун бугалга шуунд өнгөц зүсэгдсэн шарх, баруун даланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, баруун бугалга, шууны өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь 2018 оны 7 дугаар сарын 23-нд үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр амь хохирогч М.Бын эхнэр М.М, Э.Цогтбаатар нартай “ТНТ” зочид буудалд архи ууж согтон 305 тоот өрөөнд унтаж амарч байхад нь амь хохирогч М.Б нь Д.Ганхуягийн хамт шүүгдэгч А.Бийг зодож, хазаж, хагарсан шилээр зүсэж гэмтэл учруулан улмаар хууль бус үйлдлээ зочид буудлын гадаа үргэлжлүүлэн довтолсны улмаас А.Б амь хохирогчийн зүй бус үйлдлээс өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалан сөрөг довтолгоон хийж цохисны улмаас М.Б нь унаж нас барсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч А.Бий үйлдэл амь хохирогчийн хууль бус халдлага эхэлж, довтолгоон үргэлжилсэн хойно хийгдсэн байх бөгөөд хэрэв өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмтэх, улмаар амь насаа алдах бүрэн боломжтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бий үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэн атлаа 10 жилийн хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

Учир нь шүүгдэгч А.Бд амь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй бөгөөд гагцхүү түүний довтолгооноос өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл нь ийм харамсалтай үр дагаварт хүргэнэ гэж мэдээгүй билээ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Шүүгдэгч А.Б нь 2-4 насны 2 хүүхэдтэй, эхнэр Оюунмаа нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ асарч гэртээ байдаг, А.Бийг хоригдсоноос хойш гэр бүлийг нь тэжээн тэтгэх хүнгүй амьдралын маш хүнд нөхцөлд байгааг анхаарч үзнэ үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч А.Бий өмгөөлөгч Г.Тамир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 210 тоот магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан “Шударга ёсны зарчмыг алдагдуулсан” гэсэн үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо А.Бд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Харин А.Бий хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр нэхэмжилснийг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтэй үнэн санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсээр байсан билээ.

А.Бий үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон талаар хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад цугларсан гэрч Э.Энхтөр, Э.Цогтбаатар, М.М, А.Амарбат, Б.Ариунжаргал, яллагдагч А.Б нарын мэдүүлэг, камерын бичлэгээр талийгаач М.Б нь шүүгдэгчийг анхнаасаа хэл амаар доромжилж, зүй бус харилцаж, заналхийлж түүний араас шилээр гэмтээх санаа зорилгыг агуулсан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг.

Шүүгдэгчийн хувьд талийгаачийг анхнаасаа таньдаггүй байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх гол үндсэн шалтгаан нь амь хохирогч нь А.Бд хүч хэрэглэж, өөрийнхөө эрхшээлд оруулж буудлын өрөөнд цохиж, дээрэнгүй байдлаар харилцаж, дарамталсан зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн.

Анхан шатны шүүх А.Бий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэн мөртлөө 10 жил хорих ял оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

Учир нь А.Б амь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, хохирогчийн зүй бус үйлдлээс гарахын тулд хийсэн үйлдэл нь ийм харамсалтай үр дагаварт хүргэсэн, үүнийгээ шүүгдэгч А.Б нь ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүхээс анхааран үзэж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснээс үзэхэд шүүгдэгч А.Бийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээ буюу найман жил хорих ялын гуравны хоёроор ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.М нь өөрийн нөхөр М.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Б нь бусдыг санаатай алах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Тамир нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, М.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын гадна М.Бтой маргалдан түүнийг зодож алсан,

шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд хамтран амьдрагч М.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.Мын хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжилж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг дахин шалгуулах тухай өмгөөлөгч нарын гаргасан санал, гомдолд тодорхой няцаалт хийж, шүүгдэгч А.Бий хувьд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, мөн Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийж хүнийг алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч А.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Харин гэмт хэрэг гарахад амь хохирогч М.Бын буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 8.000.000 төгрөг, гэм бурууг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дараа шүүхээс гаргуулахаар тогтоосон 2.448.225 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн /2хх-249, 3хх-9/, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа, Г.Тамир нарын гаргасан гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 10 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “10 жил” гэснийг “8 жил” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН