Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02064

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-т холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг болон хохиролд нийт 50 615 468 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б

Хариуцагч: С.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд иргэн С.О-ээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Тухайн үед манай компани бараа материалын үнийг төлснөөс хойш хариуцагч нь 14 хоногийн дотор бараа материалыг манай компанид бүрэн нийлүүлж дуусгасан байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн юм. Үүний дагуу бид хариуцагчийн эзэмшлийн 5024465850 тоот дансанд 2016 оны 9 сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл бид барааны үнийг бүрэн шилжүүлснээс хойш хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бөгөөд бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш гэж хойшлуулан бидний ажилд саад учруулсаар байна. Бид барилгын ажлын гэрээнд заасан хугацааны дотор барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байсан тул бидэнд хариуцагч С.О-ийг дахин хүлээх хугацаа байгаагүй. Иймээс бид өөр газраас яаралтай гипсэн блок худалдан авч барилгын ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагчаас ямар ч бараа материал аваагүй болно. Иймд хариуцагч С.О-ээс гипсэн блокын үнэд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 сарын 18-ны өдөр “Нью голден дизайн” ХХК-ийн н.Нямсүрэн гэдэг хүн утасдаж барилгын дотор хананд танай гипсэн блокийг сонирхъё гэхэд нь танилцуулга, үнийн санал, ажлын зургийн заавар, хана өрсөн зураг зэргийг явуулсан. 2016 оны 7 сарын сүүлчээр холбогдож Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч “А-” ХХК-ийн захирал Ц.З-гийн дугаарыг өгч би Ц.З- захиралтай холбогдож блокныхоо бүх загвараас авч очин танилцуулахад Ц.З- захирал 10 см-ын зузаантай гипсэн блокийг суурь блоктой нь хамт захиалагчид үзүүлнэ гээд авч үлдсэн. Манай үйлдвэрийн гипсэн блокийг авахаар болж, “Блю старлит” ХХК болон “А-” ХХК-ийн хооронд 2016 оны 9 сарын 06-ны өдор 16/09 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гипсэн блокийг айлуудын ашигтай талбайг нэмэгдүүлэх, дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах, үнэ нь бусад материалуудаас хямд зэрэг давуу талуудыг тооцоолон сонгосон. 15 см-ын зузаантай гипсэн блок үйлдвэрлэхэд гипсийг БНХАУ-аас импортлоход дунджаар 10 хоног ордог, үйлдвэрлэлийн технологийн онцлогоос хамаарч үйлдвэрлэх цаг хугацаа давчуу, үйлдвэрлэл зогсоход 1 cap хагасын хугацаа үлдсэн цаг үе байсан. Ц.З- захиралтай ярилцаад гэрээний хариуцлагыг өндөржүүлэхийн тулд гэрээнд дэнчингийн заалтыг тусган, гэрээнд 2 талын үүргүүдийг хариуцлагатайгаар хүлээж байгаагаа дэнчингээр баталгаажуулсан. Бид гипсийг БНХАУ-руу захиалсан боловч нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 8 хоног өнгөрөөд байхад дэнчингийн мөнгөө өгөхгүй байхаар нь Ц.З- захиралд анхааруулахад сургууль мөнгөө өгөхгүй байна, би өнөөдөр 3 500 000 төгрөг Хаан банкнаас хийе, Хаан банкны данс байна уу гэхээр нь байхгүй, бас БНХАУ-руу яаралтай гуйвуулгыг интернетээр Хаан банкнаас хийдэг тул хувийн дансаа өгч болох уу гэхэд Ц.З- захирал болно, дараа нь НӨАТ-аар баталгаажуулъя гээд миний Хаан банкин дахь хувийн дансанд 2016 оны 9 сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 9 сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 9 сарын 06-ны өдөр гэрээнд гарын үсэг зурагдаж дуусахад гэрээ ёсоор дэнчингийн 14 810 312 төгрөгийг манай дансанд шилжүүлэх байсан боловч “А-” ХХК төлбөрөө төлөхгүй байсан, блокны үйлдвэрлэлийн хугацаа богино, түүхий эд нийлүүлэлтийн хугацаа их зэргээс шалтгаалж цаг хугацаа хожихын үүднээс харилцан тохиролцсоны үндсэн дээр хувийн дансандаа мөнгө шилжүүлүүлсэн. Би нэхэмжлэгчийн хэрэгцээний блокийг үйлдвэрлээд та нарын хүсэлтээр хадгалсаар байтал хариуцлагагүй байдал гаргасан, гэрээгээ дүгнэцгээе гэсэн. Тэгээд 2017 оны 4 сарын 12-ны өдөр “А-” ХХК-ийн захирал Ц.З-, БПК-ийн захирал асан н.Нарандалай нартай уулзаж би блокны төлбөрт төлсөн мөнгөнд нь блок өгнө, энэ хүмүүс блок авна гэж мөнгө төлсөн, би ч блокийг үйлдвэрлэж, эдний хүсэлтээр хадгалсан учраас гэсэн. Эсвэл бүр төлбөрийн зориулалтынх нь дагуу н.Нарандалай захиралд гипс өгье гэсэн. Үүнийг Л.Баасанжав бичгээр баталгаажуулж надаар гарын үсэг зуруулсан. Энэ өдрөөс хойш надтай холбогдоогүй ба гэрээгээ дүгнэхийн оронд гэрээг гуйвуулан захиалагч гүйцэтгэгч компаниудаас шилжүүлсэн блокны төлбөрөө “А-” ХХК, “Блю старлит” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөр болохыг мэдсээр байж “Блю старлит” ХХК-ийг хариуцагчаар татахын оронд намайг хувь хүний хувьд хариуцагч болгон шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “Блю старлит” ХХК болон “А-” ХХК-ийн хооронд 2016 оны 9 сарын 06-ны өдөр 16/09 дугаартай худалдах, худапдан авах гэрээ байгуулж БПК-ийн багш ажилчдын орон сууцны барилгын айл хоорондын ханын өрөгт шаардлагатай 15 см-ын зузаантай гипсэн блокийг барилгад зориулж үйлдвэрлэхээр болсон. Тус компани нь “А-” ХХК-тай 2016 оны  9 сарын 06-ны өдөр 16/09 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд “А-” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр зогсохгүй гэрээний агуулгыг бүхэлд нь өөрчилж, “Блю старлит” ХХК-ийн захирал С.О- намайг илтэд хуурамчаар гүтгэн буруутгаж, иргэний хэрэг үүсгэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүйгээр барахгүй “Блю старлит” ХХК-ийн хамт олныг хөдөлмөр, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хохироосон тул дараахь шаардлагуудыг гаргаж байна.Үүнд: “Блю старлит” ХХК, “А-” ХХК-ийн хооронд 2016 оны 9 сарын 06-ны өдөр байгуулагдсан 16/09 тоот худалдах, худалдан авах гэрээний 3.1 болон 4.1-д заагдсан дэнчингийн төлбөрийн үлдэгдэл болох 4 810 312.5 төгрөг, алдангид 2 405 156.25 төгрөг, нийт 7 215 468.75 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулах, мөн “А-” ХХК-ийн захиалсан гипсэн блокийг үйлдвэрлэхтэй холбогдсон түүхий эд материалууд болон хүйтний улиралд үйлдвэрлэлийн технологийн горимтой уялдсан нэмэгдэл зардлыг богино хугацаатай зээлээр зохион байгуулсан бөгөөд зээлийн хүү болох 35 600 000 төгрөг, алдангид 17 800 000 төгрөг, эдгээрийн нийлбэр дүн болох 53 400 000 төгрөгөөс “А-” ХХК-ийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч, нийт 43 400 000 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагчаар иргэн С.О-т холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч С.О- нь тэс өөр энэ хэрэгт огт хамааралгүй гэрээний маргааныг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол зөвхөн энэ хэрэгт хамаарал бүхий сөрөг нэхэмжлэл гаргах ёстой юм. Хариуцагч С.О- нь сөрөг нэхэмжлэлээ “А-” ХХК болон “Блю старлит” ХХК-ний хоорондын гэрээг үндэслэж бичсэн байх ба тэдгээр аж ахуйн нэгжийн хоорондын гэрээний маргаан уг хэрэгт огт хамааралгүй гэдгийг шүүх анхааран үзнэ үү. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хяиан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.О-ээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч “А-” ХХК-иас 50 615 468 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.О-ийн сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 174 960 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж хариуцагч С.О-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна” гэжээ. Нэхэмжлэгч “А-” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа гипсэн блок шаардлагатай болсны дагуу иргэн С. Одонцэцэгээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож барааны үнийг төлсөн баримт дээрээ материалын үнэ гэж бичилт хийж гүйлгээний утгыг тодорхой бичиж шилжүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлэх ёстой байтал уг нотлох баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай шийдвэр болсныг илтгэж байна. Хариуцагч С.О- нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй дансаар шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг авсан бөгөөд нэхэмжлэгчид уг шилжүүлсэн мөнгө болон түүний төлбөрт ямар нэгэн зүйл шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр" гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь бараа худалдах, худалдан авах гол нөхцөлөө хариуцагчтай урьдчилан тохиролцож төлбөрийг нь бүрэн шилжүүлсэн байдаг. Мөн хариуцагч С.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй, хамааралгүй байхад шүүх уг хэрэгт огт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянад шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг буюу “... хариуцагч С.О-ээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч С.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг болон хохиролд нийт 50 615 468 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компани нь хариуцагч С.О-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гипсэн блок авахаар тохиролцон, 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь тохирсон хугацаанд гипсэн блокыг нийлүүлээгүй” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бол хариуцагч татгалзалдаа “А-” ХХК нь “Блю старлит” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг миний хувийн дансанд шилжүүлсэн атлаа хувь хүнийг хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн тохиолдолд хамаарах юм.

 

Хариуцагч С.О- нь “Блю старлит” ХХК-ийн захирлаар ажилладаг болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч “А-” ХХК нь 2016 оны 9 сарын 06-ны өдөр “Блю старлит” ХХК-тай худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Блю старлит” ХХК нь гипсэн блок болон дагалдах дайвар бүтээгдэхүүнийг 2017 оны 9 сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, нэхэмжлэгч “А-” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 117, 123-124-р тал/

 

Нэхэмжлэгч “А-” ХХК нь 2016 оны 9 сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөг, 9 сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг “материалын үнэ” гэх гүйлгээний утгатайгаар хариуцагч С.О-ийн дансанд шилжүүлжээ. /хх-ийн 4-5-р тал/ 

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч “А-” ХХК нь “Блю старлит” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотойгоор хувь хүнийг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч “А-” ХХК-ийн шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагч С.О- нь “Блю старлит” ХХК-ийн захирлын хувиар хүлээн авсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч С.О-тэй биш “Блю старлит” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг тус компанийн захирал буюу хариуцагч С.О-ийн дансанд шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, “Блю старлит” ХХК, “А-” ХХК-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч “А-” ХХК нь “Блю старлит” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлагыг хариуцагч С.О-т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч С.О-тэй гэрээний үүргийн харилцаанд ороогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Гэрээний үүрэг болон хохиролд нийт 50 615 468 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.О-ийн сөрөг нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэсний дараа “, 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                     ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ