Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 402

 

Б.Д нарын 5 иргэний нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн                                        

                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч З.Ойдовын орц гарцыг чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах”.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0431 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Х.Т, П.С,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д, итгэмлэгдсэн төлөөлөгч  Д.Б, түүний өмгөөлөгч Б.М нар,

Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. г, д, ж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Б.Д, О.О, Х.Т, П.С, З.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-нд нэмж эзэмшүүлсэн газрын холбогдох 83 м.кв газрыг хүчингүй болгож, орц гарц гаргах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0431 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд ”Э г” ХХК-ийн захирал Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Б.М болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн өмгөөлөгч Б.М-ын гомдол: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0431 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Б.Даариймаа, Х.Төгс, П.С, О.О, З.О, Ц.А нарын 6 иргэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 27, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эцсийн байдлаар “нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц гарц чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлсэн.

5. Дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дараах 4 үндэслэлийг л нэхэмжлэгч нар тодорхойлжээ. Үүнд:

6. Орц гарц хааж, “Э г” ХХК-д газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлийн тухайд, маргаан бүхий газраар 1980 оноос хойших баримтын хүрээнд хэзээ ч орц гарц байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Мөн хууль болон холбогдох стандартын  дагуу  энэхүү газраар орц, гарц гаргах боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд удаа дараа тодорхойлж, шүүхэд болон хэргийн оролцогчдод албан бичгээр хариу өгсөн байдаг. А-4 байрны оршин суугчид хойд талаараа орц, гарцтай болно. Гэтэл анхан шатны шүүх энэхүү газрыг орц, гарц байсан, байх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

7. Нийтийн эдэлбэр газар, зам талбай байсан газрыг “Э г” ХХК-д эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд, энэхүү газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д тодорхойлсон нийтийн эдэлбэр газар биш гэдгийг холбогдох байгууллагууд тодорхойлсон бөгөөд хэзээ ч нийтийн эдэлбэр газар байгаагүй гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

8. Инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай газрыг эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд, инженерийн шугам сүлжээ бүхий газар, газар эзэмших эрх олгохыг хязгаарласан хуулийн хориглосон зохицуулалт байдаггүй. Харин ч эсрэгээрээ шүүх энэ газар дээр орц, гарц байх ёстой гэж шийдсэнээрээ инженерийн шугам сүлжээ бүхий газар дээгүүр хатуу хучилттай зам тавигдах, улмаар автомашин, хүнд даацын механизм явах боломжийг нээж, инженерийн шугам сүлжээг гэмтээх, олон иргэн, байгууллагын эрх ашгийг зөрчих үндсийг тавьлаа. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр цэвэр бохир ус, дулааны хоолой нь ердөө 20 хүрэхгүй см-ийн гүнд байгааг харж болно.

9. Генератор байрлуулсан нь дуу чимээ ихтэй, амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлийн тухайд, энэхүү генератор нь “Макс центр” ХХК тодруулбал Бургер кинг рестораны цахилгаан тасарсан үед ажилладаг төхөөрөмж бөгөөд 79.4 цаг л ажилласан болох нь баримтаар, үзлэгээр тогтоогдсон. Бидний зүгээс энэхүү генераторыг зайлуулах боломжтой гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлж байсан. Генератор нь хэзээ ч зөөж, тээвэрлэх боломжтой төхөөрөмж бөгөөд энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх генераторын асуудал ердийн харьяаллын шүүхийн маргаан байхад гуравдагч этгээдийн өмгөөлөгч “хэзээ ч зөөж, тээвэрлэх боломжтой төхөөрөмж бөгөөд энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой газрын эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх гомдол ойлгомжгүй гэж магадлалдаа дурдсан. Анхан шатны шүүх “генератор байрлуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Улмаар газрын эрхийг хүчингүй болгох нь зүйтэй” гэх байдлаар дүгнэлт хийсэн байдлын улмаас л миний бие энэхүү асуудлыг ярьж байна. Ердийн харьяаллын шүүхийн асуудал гэдгийг анхан шатны шүүх дээр ярьсаар байхад шийдвэрийн нэг бүтэн нүүр генераторын тухай бичиж, ач холбогдол өгч байсан.

10. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд бүгд үгүйсгэгддэг бөгөөд нэхэмжлэгч 6 иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий акт буюу “Э г” ХХК-ийн эзэмшил газрын улмаас хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй гэдэг нь илэрхий байна.

11. Шүүхийн шийдвэрийн “...”Эх газар” ХХК-д үндэслэлгүйгээр 117 м.кв газар нэмж эзэмшүүлсэн байна” гэх дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу шүүх хамгийн түрүүнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үү, хөндөгдсөн үү гэдгийг шалган тогтоож, хөндөгдсөн бол маргаан бүхий актын үндэслэл, хууль зүйн болон формаль шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эрх зөрчигдөөгүй, захиргааны акт ямар нэг байдлаар өөрт үр дагавар учруулаагүй байхад аливаа захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай маргах эрхийг хуулиар олгоогүй.

12. Нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шүүх ямар нэг байдлаар актын талаар дүгнэж, шийдвэр гаргах шаардлагагүй байсан.

13. Нэхэмжлэгч “Э г” ХХК /хуучин нэр “Кактус” ХХК/ нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 0.08 га газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд зургаас харахад А-4 байр болон Цэцэг төвийн хоорондын маргаан бүхий газар нь хамаарч байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа газрын хэмжээг 766 м.кв хэмээн буруу тодорхойлж, улмаар “Э г” ХХК-иас удаа дараа хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий 2009 оны 22 дугаар захирамжаар 883 м.кв болгон зөвтгөснийг шүүх “шинээр, нэмж газар эзэмшүүллээ” гэж дүгнэсэн нь буруу юм. Эдгээр захирамжуудтай хамааралтай кадастрын зургуудаар А-4 байр болон Цэцэг төвийн барилгын хоорондын газар “Э г” ХХК-ийн эзэмших хэсэгт хамаарч байгаа нь бүрэн тодорхойлогдоно.

14. Маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулж байсан “Нар мандах” ХЭАА-ын 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1063 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газар, үл хөдлөх хөрөнгө буюу гутал засварыг 2008 онд худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл хууль ёсоор, 1996 оноос хойш ашиглаж байсан газрыг бид худалдаж аваад, зохих журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа бидний тухайн газрын эрхийг үгүйсгэж, орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэ хэмээн нийслэлийн Засаг даргад даалгасан байгаа нь үндэслэлгүй болно. Ийнхүү худалдаж авсан гэдгийг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрдөг бөгөөд, шийдвэртээ энэ тухай дурдсан байна.

15. Газрын кадастрын мэдээллийн санд маргаан бүхий газар нь хэний ч эзэмшил, ашиглалтад байгаагүй мэтээр дүрслэгдсэн нь анх кадастрын мэдээллийн сан бий болгохдоо сансраас, нисдэг тэрэгнээс зураг авч, түүнийхээ дагуу мэдээллийн санд оруулдаг байсантай холбоотой. Тийм ч учир “Тэмүүл” ХХК, “Э г” ХХК-ийн кадастрын зургийг Цэцэг төвийн суурийн хэмжээгээр оруулсан байдаг. Тиймээс бидний зүгээс кадастрын зургийн алдаа гэж үүнийг үздэг.

16. Шүүхийн шийдвэрийг нэг мөр хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх боломжгүй, ойлгомжгүй, хэргийн бүх оролцогчийн хувьд эргэлзээ бий болгосон.

17. Шүүх 83 м.кв газрыг хасаж, 800 м.кв хэмжээгээр “Э г” ХХК-ийн газар эзэмших эрхийг үлдээхдээ яг аль хэсгийг хасах талаар, тухайлбал хасагдаж буй газрын эргэлтийн цэг, хязгаарыг тодорхойлж өгөөгүй. Ийнхүү шийдвэрлэхдээ “Э г” ХХК үндэслэлгүйгээр 83 м.кв газрыг нэмж эзэмшжээ гэж дүгнэсэн бөгөөд Цэцэг төвийн баруун, урд, зүүн талд энэхүү хэмжээ нь нэмэгдсэн эсэхийг тогтоолгүй шийдвэрлэсэн. Цэцэг төвийн хойд талд газрын хэмжээ нэмэгдсэн гэж шууд үзэх үндэслэл, баримт байдагтүй.

18. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй. Даргалагч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон “нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д нэмж эзэмшүүлсэн газрын холбогдох 83 м.кв хэсгийг хүчингүй болгосугай” гэж уншсан бөгөөд “Орц гарц гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байсан. Гэвч бичгээр шүүхийн шийдвэрийг гаргахдаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэсэн мэтээр бичиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтыг нэмж бичсэн байгааг бид хүлээн зөвшөөрөхп/й байна. Шүүх хуралдааны дараа бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын “орц гарц гаргуулах” хэсгийг шийдвэрлэсэнгүй гэдэг асуудлыг өөр хоорондоо, шүүгчийн туслахтай хэлэлцэж байсан. Шүүх хуралдаан дээр яаж уншигдсан, шийдвэрлэгдсэн тэр агуулга, хүрээнийхээ дагуу шүүхийн шийдвэр бичгээр гарах ёстой гэж үзэж байна. Үүнийг давж заалдах гомдолд хавсарган өгсөн шүүх хуралдааны видео бичлэгээс бүрэн харах боломжтой.

19. Нэхэмжлэгч З.О нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан. Нэхэмжлэгч иргэдээс зөвхөн З.О “Орц, гарц чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч З.Ойдов нэхэмжлэл гаргах эрхтэй субъект эсэх нь эргэлзээтэй байна. Тэрээр А-4 байрны оршин суугч, эсхүл тус байранд орон сууц өмчилдөг эсэх нь тодорхойгүй бөгөөд тус байранд оршин суудаггүй гэдгийг манай компанийн зүгээс олж мэдсэн. Хэрэгт З.Ойдовын хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц өмчлөх эрхтэй гэх баримтууд огт байдаггүй бөгөөд энэхүү маргааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Ийм байхад З.Ойдовыг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулалгүй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх энэхүү процессын зөрчлийн талаар огт дүгнэсэнгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

20. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэж дүгнэлт хийсэн. Магадлалд “... урьд нь уг байрны урд хананаас залгуулан худалдаа, үйлчилгээний зориулалтаар “Кактус” ХХК-д эзэмшүүлсэн алдаатай захирамжаа засалгүй, ...урд талдаа цонхтой байрны өмчлөгч нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй юм. Учир нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газартаа мөн зориулалтаар барилга байгууламж барихыг үгүйсгэхгүй” гэж дурджээ. Хэн нэгний эзэмшил өмчлөлийн газартай тулгаж газар эзэмшүүлэх асуудлыг хуулиар хориглоогүй бөгөөд гагцхүү давхцалгүй байх зарчмын хүрээнд газар олгох асуудлыг шийдвэрлэдэг. А-4 байранд тулгаж газар эзэмшүүлсэн нь хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх дурдаагүй. Дурдах хуулийн заалт ч байхгүй,

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар иргэн “зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Гэхдээ “зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдгийг зөвхөн захиргааны хэм хэмжээний акт, төлөвлөлт, захиргааны гэрээ гэх актуудын хүрээнд л ярихаас биш зөвхөн нэг удаагийн харилцааг зохицуулсан нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн тухайд ярихгүй юм.

22. Цаашид А-4 байртай тулган барилга барих асуудал нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын норм ба дүрэм БНбД 30-01-04, БНбД 31-01-10 гэх мэт олон хэм хэмжээний хүрээнд зохицуулагдаж, хамгаалагдах харилцаа юм. Орон сууц өмчлөгчийн нарны ээвэрлэлт, хоорондын зайн стандарт, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихгүй байх шаардлага, эзэмшил газрын барилгажих 70/30-ын харьцаа зэрэг маш олон хүчин зүйлийн улмаас бид А-4 байр болон цэцэг төвийн хоорондох газарт барилга барих ямар ч боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх зүйл огт үүсэхгүй. Барилга барихтай холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, хяналт хийлгэх бөгөөд бид энэхүү шалгуурыг давж, барилга барина гэдэг боломжгүй гэдэгт итгэлтэй байна. Цаашид барилга барих эсэхтэй холбоотой А-4 байрны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр бол оршин суугчид тухайн үед захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гарган маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байхад ийнхүү урьдчилж дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч иргэдийн зүгээс “цаашид барилга барих боломжтой” гэж огт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүх бодит биш, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хальж дүгнэлт хийн шийдвэрлэж байна. Энэ тухай бид анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад олон удаа хэлж, ярьж байсан.

23. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх “А-4 байр болон цэцэг төвийн хоорондох газрыг хэний ч эзэмшлийн биш байсан” гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх “... энэ нь анх олгогдсон газрын хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжлэгч нарын байшинд тулган эзэмшүүлээгүй, анхнаасаа байршил нь нэхэмжлэгч нарын орон сууцанд тулгаж эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар үйлдсэн зураглал, кадастрын зураг, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна” хэмээн үнэн зөв дүгнэсэн явдал талархууштай боловч цаашид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэсэн нь буруу байна.

24. Анх буюу 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар “Кактус” ХХК-д 0.08 га газрыг эзэмшүүлэхдээ А-4 байр болон Цэцэг төвийн хоорондын газрыг “Кактус” /одоогийн “Э г” ХХК-д эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нар 2001 оны захирамжтай огт маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж “2001 оны 564 дүгээр захирамжийн “Кактус” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан байна. Орон сууцтай тулган газар эзэмшүүлсэн байна” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

25. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. 2001 оноос хойш “Э г” ХХК тухайн газрыг аж ахуйн хашааны зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн болохыг А-4 байрны оршин суугчид мэдсээр ирсэн байхад 15 жилийн дараах нэхэмжлэлээр шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэл гаргах хугацаа нь нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ гэдгийг мэдсэн үеэс тоологдох ёстой байдаг. 2001 онд “Кактус” ХХК тус газрыг эзэмших эрхтэй болсон цагаасаа эхлэн бодитоор үйл ажиллагаа явуулж, хашаалж, аж ахуйн зориулалтаар ашиглаж ирсэн гэдгийг нэхэмжлэгч иргэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үнэхээр орц гарц хаагдчихлаа, нийтийн эдэлбэр газар байсан, инженерийн шугамтай давхцалтай гэж үзэж байгаа бол тухайн үеэс л маргах ёстой байсан. 2009 оны 22 дугаар захирамж бол маргаан бүхий газрын эзэмших эрхийг шинээр олгосон захирамж биш, зөвхөн өмнөх зургийн алдааг зөвтгөн, хэдийн “Э г” ХХК-д эзэмшүүлчихсэн, бодитоор ашиглаж буй газрыг мэдээллийн санд оруулсан акт юм.

26. Шүүх “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байх зарчмыг баримталсан. Давж заалдах шатны шүүх “... хэрэв барилга байгууламж барих ашиг сонирхол байхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд үлдээсний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины ашиг сонирхлыг харгалзан 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд үлдээхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй байна” гэж магадлалдаа дүгнэсэн нь “хууль ёсны, үндэслэл бүхий” байх зарчмаас хазайсан, хэт ахуйн шинжтэй дүгнэлт болсонд шүүмжлэлтэй хандмаар байна.

27. Нэхэмжлэгч нарын субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол л зөрчигдсөн бол зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах, эс бөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зарчмын хүрээнд шүүх шийдвэрээ гаргах ёстой байтал маргааныг саармаг,  логикийн болон учир зүйн зөрчилтэй, дүгнэлтүүд нь бие биенээ үгүйсгэсэн байдлаар шийдвэрлэж байна. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн бол хүчингүй болгох асуудлыг ярих ёстой байтал гуравдагч этгээдийн газраас 83 м.кв газрыг хасах нь түүнд төдийлөн үр дагавар учруулахгүй юм байна, эрх нь зөрчигдөхгүй юм байна, бараг ялгаагүй юм байна гэх өнцгөөс маргааныг дүгнэж шийдвэрлэж байгаа нь өнөө үеийн мэргэшсэн шүүхийн гаргах шийдвэр биш юм.

28. Шүүх 83 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам, талбай байх ёстой гэж үзэж байгаа ч шүүхийн шийдвэр энэ хэвээр хуулийн хүчин төгөлдөр болвол тухайн газрыг А-4 байрны оршин суугчид хашаалан /хойд талын орц, гарцаа хашаалсан шиг/, зөвхөн өөрсдийн аминч хэрэгцээний төлөө ашиглахыг шүүх анзаарах нь зүйтэй. Хашаалахгүй, нээлттэй чигээр нь байлгавал харин ч А-4 байрны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдаж, машины зогсоол болж, хүний хөлийн газар болно.

29. Кадастрын зургийн алдааны тухайд, “Э г” ХХК нь 2001 онд газар эзэмшихдээ Цэцэг төвийн суурийн хэмжээгээр, мөн А-4 байр, Цэцэг төвийн хоорондын газрын хэмжээгээр эзэмших эрхтэй болсон. Энэ нь тухайн үеийн гар зургаас тодорхой харагддаг. Давж заалдах шатны шүүх ч үүнийг бидэнтэй адил дүгнэдэг. Улмаар кадастрын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, бүрдүүлэхдээ хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 101 дүгээр хуудаст авагдсан зургаар мэдээллийн санд оруулсан /энэхүү зургийг бид биш захиргааны байгууллага өөрөө тодорхойлж, мэдээллийн санд оруулсан байдаг/. Ингэхдээ тус зураг нь зүүн талаараа Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдын яамны хашаа руу давсан байсныг бид сүүлд мэдсэн. 2009 онд зүүн тал руугаа сунгагдсан байсныг мэдээгүй улмаас мэдээллийн санд орчихсон зураг дээр хойд талын газрын хэмжээгээ нэмүүлэн зураг хийлгэхэд 883 м.кв хэмжээтэй гарсан. Үүний дагуу хүсэлтээ өгөөд зургаа зөвтгүүлсэн. Үүнийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2/1560 дугаар албан бичгээр ирүүлсэн сансрын зургууд, шинжээчийн дүгнэлтээс маш тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл “Э г” ХХК нь 83 м.кв газрыг хойд талдаа нэмэгдүүлж эзэмшсэн зүйл байхгүй, харин анх кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа алдаа гаргаж, Турк Улсын элчин сайдын яамны хашаа руу оруулж зураг үйлдсэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны зүгээс ийнхүү газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн мэтээр ойлгогдож байгааг шүүх ихэд анхаарч үзэхийг хүсч байна.

30. Хууль хэрэглээний тухайд, анхан шатны шүүх шийдвэртээ дараах материаллаг хуулийг хэрэглэсэн байна. Үүнд: Газрын тухай хуулийн 21.2.3, 32.3.2, ердөө л энэхүү хоёрхон хуулийн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр хуулийн заалтууд нь энэхүү маргаанд хамааралгүй байна. Шинээр газар эзэмшүүлэхдээ дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа кадастрын зургаа хавсаргаж өгөөгүй гэж үзсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсэг нь шинээр газар эзэмшүүлсэн асуудал огт биш юм. Манай компанийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтэд “...”Шинэ кадастр” ХХК-иар газрын кадастрын зураг хийлгэсэн, хэмжээ 883 м.кв хэмжээтэй байна” гэж дурдсанаас харахад Газрын алба санаанаасаа газрын хэмжээг тодорхойлоогүй, гуравдагч этгээдийн тодорхойлж, хэмжээлсэн кадастрын зургийн хэмжээгээр алдааг зассан гэдэг нь тодорхой байна.

31. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал, тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн ямар ч заалт, зохицуулалт байдаггүй бөгөөд үүнээс харахад газрын асуудлыг шийдвэрлэж байгаа шүүхийн хууль хэрэглээ оновчгүй, маш хангалтгүй байгааг харж болохоор байна. Хариуцагч нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд “Э г” ХХК нь ямар хуулийг, хэрхэн зөрчсөн гэдгийг, нэхэмжлэгч 6 иргэний ямар хуулиар олгогдсон ямар субъектив эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг шүүх тодорхойлж чадсангүй. Яагаад гэвэл “Э г” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой ямар ч хуулийн зөрчил, хууль бус зүйл байхгүй, энэхүү газар эзэмших эрх хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас юм. Биднийг буруутгах, нэхэмжлэгчийг зөвтгөх нэг ч хуулийн заалт байхгүй.

32. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ч бодит биш, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл ч бодит биш байгаа бөгөөд хэт туйлширсан, хөөсөрсөн, ахуйн шинжтэй дүгнэлтийн үндсэн дээр хэрэг шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр, магадлал хүлээн зөвшөөрөгдөхүйц байж чадахгүй байгаад, гуравдагч этгээдийн тайлбар, гомдлын үндэслэл огт няцаагдаагүй байхад ийм шийдвэр гарч байгаад харамсаж байна.

33. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэдэг нь тогтоогдож байна. Гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож “нийслэлийн Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийн “Э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Орц гарч чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэжээ.

34. Гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Д-ийн гомдол: “... юуны өмнө тус маргаан нь хамгийн анх 2016 оны 5 дугаар сараас эхлэж яваад Дээд шүүхээс анхан шатны шүүхрүү буцааснаар өнөөдөр дахин тус шүүх дээр ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй юм.

35. Шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тухай, Захиргааны хэргийн шүүхийн байгууллага нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү хууль, түүний доторх заалтууд, холбогдох дүрэм журам, захиргааны байгууллагаас гаргасан дүрэм журам тодорхойлолтууд, нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэх хуультай байдаг. Гэвч энэхүү маргааны хувьд аль хуулийн дагуу ямар үндэслэлтэйгээр шийдвэрлэгдсэн нь маш эргэлзээтэй байна.

36. Манай компанид газар эзэмшүүлэх асуудал нь хууль зөрчөөгүй тухай Монгол Улсын Үндсэн хууль: миний бие Д.Даваасүрэн Эрчим ХЭАА-г /хувиараа эрхлэх аж ахуй/ хамгийн анх 1992 онд байгуулсан ба тухай газарт цэцгийн дэлгүүр ажиллуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй юм. Миний бие компаниа байгуулсан цагаасаа хойш Монгол Улсын хуулийн дор шударгаар ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Бид Цэцэг төвийн барилгыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль зэрэг бухий л дүрэм журмыг дагаж мөрдөн барьж ашиглалтанд оруулсан. Гэвч анхан шатны шүүх нь манай компаний өмнөх 17 жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн газрыг маань ямар хуулийн заалтыг үндэслэн тухайн газрын эзэмших эрхийг хязгаарлах болсныг тодорхойлолгүйгээр шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх иь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэдэг заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байгааг Дээд шүүх анхааралдаа авна уу.

37. Газрын тухай хууль: Бид тус газрыг нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дугаар захирамжаар эзэмшиж ирсэн. Түүнээс өмнө тус газрыг тухайн үед эзэмшиж ашигладаг байсан “Нармандах” ХЭАА, “Болор” ХЭАА нараас газрыг үл хөдлөх хөрөнгийн хамтаар манай компани худалдаж авч байсан ба энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Нийслэлийн газрын албанаас манайд газар олгох шийдвэр нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, хууль зөрчиж газар олгосон нь өнгөрсөн хоёр жилийн хугацааны шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр магадлал тус бүрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн талаар дурдсан үг үсэг нэг ширхэг байхгүй байх атал газрыг үндэслэлгүйгээр хэсэгчлэн хүчингүй болгосон. Ямар үл ойлгогдох шүүхийн шийдвэр вэ. Бидний 17 жилийн турш олон нийтийн өмнө ил тодоор эзэмшиж ашиглаж ирсэн газрыг маань ямар хууль зөрчсөн гэж эзэмших үгүйсгэнэ вэ. Бид ямар хуулийг зөрчсөн юм бэ.

38. Иргэний хуулийн тухай: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” зааснаар бид тус газрын шударга эзэмшигч гэдэг нь нэгэнтээ тодорхой байгаа. Өнгөрсөн хугацаанд буюу 2002 оноос хойш манай компани энэхүү газрыг олон нийтэд ил тодоор эзэмшиж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ч нотлогддог. Нэхэмжлэгч иргэд ч мөн ялгаагүй тэртээ 2001 оноос эхлэн бидний тухайн газрыг эзэмшдэг талаар сайн мэддэг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэдэг заалт зөрчигдөж манай компаний эзэмших ашиглах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж шууд нэхэмжлэгч иргэдийн хэлсэн үгийн дагуу шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж гомдож байна. Бүтэн хоёр жилийн турш шүүхийн байгууллагаар явж олон тооны нотлох баримтууд цугларч нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй болох нь нотлогдсоор байтал шүүх түүнийг дутуу үнэлж дүгнэлээ. Зөвхөн манай талаас л гэхэд хавтаст хэрэгт маш олон тооны тайлбар нотлох баримтууд, тэр ч байтугай 1990-ээд оны фото зургууд, Архивын ерөнхий газраас хүртэл фото зураг, тухайн үеийн сонин хэвлэл дээр гарч байсан нийтлэлүүдийг шүүхэд хүргүүлсэн.

39. Нэхэмжлэгч нарын эрх ашиг, маргааны хамгийн чухал зүйл болох нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч иргэдийн ямар эрх ашиг хөндөгдсөн талаар хуулийн ямар ч заалт байхгүй, нэхэмжлэгч иргэд өөрсдөө түүнийгээ тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч иргэд нь орц гарц байсныг манай тал дур мэдэн хашаалсан гэдэг асуудлаар гүтгэлгийн шинж чанартай гомдол гаргасныг хоёр шатны шүүхийн байгууллага нь хүлээн авч хэт нэг талыг баримталсан, нотлох баримт дээр үндэслээгүй шийдвэр гаргасан.

40. Мөн шүүхийн шийдвэр магадлалд “тухайн газарт гуравдагч этгээд хэзээ нэгэн цагт барилга барих магадлалтай, энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчих магадлалтай” гэдэг нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь маш буруу процесс. Барилга байшин барьж ашиглалтанд оруулна гэдэг нь өөрөө олон талын хүчин зүйлийг судлаж байж хийдэг технологийн ажил юм. Тухайн газар доогуур инженерийн шугам сүлжээ болох халуун хүйтэн, цэвэр бохирын шугам явдаг ба түүний дээрх газар дээр барилга барих зөвшөөрлийг зевхөн холбогдох төрийн байгууллагуудаас техник нөхцөл, горимын дагуу хийгддэг юм.

41. Барилга барина гэдэг асуудал нь унэхээр том асуудал бөгөөд зүгээр нэг иргэн аж ахуй нэгжийн шууд шийдээд хэрэгжүүлчихдэг зүйл биш. Наад зах нь яам тамгын газар, Дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн газрын алба, Авто замын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт олон арван захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл авч байж хэрэгжүүлдэг ажил байх атал шүүх шууд биднийг “хэзээ ч хамаагүй байшин бариад иргэдийн эрх ашгийг хохирооно” гэдэг байдлаар шийдвэр гаргасан нь шүүх зөвхөн үзэмжээрээ шийдвэрлэсэн шүүхийн алдаатай шийдвэр юм.

42. Иймд шүүхийн алдаатай ажиллагааг зөвтгүүлэх, нэхэмжлэгч иргэдийн ямар эрх ашиг нь зөрчигдсөн байгааг тодруулах зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхэд буцаах, аль эсвэл энэхүү үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            43. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн захирал Д.Даваасүрэн, өмгөөлөгч Б.Мөнхболд нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          44. “Кактус” ХХК (сүүлд “Э г” ХХК болж нэр өөрчлөгдсөн) нь анх нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.08 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх авсан, 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газар (тухайн үеийн нэрээр)-тай “766.5 м.кв газар ашиглах”-аар гэрээ байгуулсан, нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар “Кактус” ХХК-ийн “766 м.кв” газар эзэмших эрхийг “Э г” ХХК-нд шилжүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн 0203755 дугаар гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч “Э г” ХХК нь  2001-2008 онуудад 766.5 м.кв газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрт жил бүр 337 260 төгрөг төлж байсан, энэхүү 766.5 м.кв газарт маргаан бүхий “... “Цэцэг” төв болон орон сууцны А-4 байрны хоорондох” газар ороогүй байсан, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.

            45. Нэхэмжлэгч “Э г” ХХК-иас 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “... “Э г” ХХК-ийн ... газар эзэмших эрхийн гэрчилгээ нь ... кадастрын хэмжилтийн алдаатай учир ... дахин кадастрын хэмжилт хийлгэсэн, ... иймд газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх газрын хэмжээг шинээр хийсэн кадастрын дагуу 883.8 м.кв болгон өөрчилж ... өгнө үү” гэх, 2008 оны 12 дугаар сарын 01, 2009 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр тус тус “... “Э г” ХХК нь ... /нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар олгогдсон/ 144 м.кв талбайг 2001 оноос өнөөг хүртэл аж ахуйн зориулалтаар ашиглан үйл ажиллагаа явуулж ирсэн ... учир газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгнө үү” гэх хүсэлтийг нийслэлийн Газрын албанд гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар ”Э г” ХХК-ийн эзэмшиж байсан “766 м.кв” газрын хэмжээг “883 м.кв” болгон өөрчлөн нэмэгдүүлсэн, нэхэмжлэгч нараас уг шийдвэрийг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “... “Э г” ХХК-д 117 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмж, нэхэмжлэгч иргэдийн амьдран суудаг орон сууцны хана цонхонд тулгаж газар олгосон, ... дулаан цахилгааны шугам сүлжээ, халуун ус бохир усны шугам сүлжээ байрлаж буй газар дээр эзэмших эрх олгосон ... нь хууль зөрчсөн, ... цонхон дор аж ахуйн хог хаягдал бөөгнүүлж, том овор хэмжээ бүхий цахилгаан генератор байрлуулснаар түүнээс гарах үнэр, утаа дуу чимээ нь нэхэмжлэгчдийн болон тухайн орон сууцны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн” гэж, хариуцагчаас “...”Э г” ХХК-ийн зүгээс гаргасан кадастрын зураг алдаатай байсныг залруулж зөвтгөн, талбайн хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг үндэслэн ... 883 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Э г” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь ... хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ... маргаан бүхий газрыг “Э г” ХХК-нд эзэмшүүлснийг нэхэмжлэгч нар анхнаасаа мэдэж байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж тус тус маргажээ.

            46. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар ”Э г” ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг дээрх байдлаар нэмэгдүүлэн олгохдоо, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэснийг тус тус үндэслэсэн, тухайн тохиолдолд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, түүнчлэн, “Э г” ХХК-иас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т аж ахуйн нэгж газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа “...газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг /хавсаргах/”-аар заасныг хангаагүй, “... газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон нь хуульд нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчаас “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан ... зохицуулалт нь зөвхөн шинээр газар эзэмшүүлэхэд хамаарна, ... талбайн хэмжээ, байршил өөрчлөхөд хамаарахгүй” гэж маргасан үндэслэлгүй байна.

            47. Өөрөөр хэлбэл, “Э г” ХХК-ийн эзэмшиж байсан 766 м.кв газрын хэмжээг 883 м.кв болгон нэмэгдүүлж байгаа тохиолдолд, зөрүү 117 м.кв газрыг шинээр эзэмшүүлсэн гэж үзнэ, харин эзэмшил газрын хэмжээг багасгасан тохиолдолд, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан зохицуулалт хамаарахгүй, нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжаар , “Э г” ХХК-нд газар нэмж эзэмшүүлэхдээ дээрх хуульд заасан журмыг хангаагүй нь буруу юм.

            48. Нэхэмжлэгч нар нь “Э г” ХХК-ний 2001 оноос 766.5 м.кв газрыг газар ашиглуулах гэрээний үндсэн дээр эзэмшиж, түүнд ногдох газрын төлбөрийг 2001-2008 онуудад төлж байсан үйл баримттай маргаагүй, хэрэгт авагдсан “Кактус” ХХК-ийн эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн актад уг 766.5 м.кв газрын эргэлтийн 1-9 цэгт маргаан бүхий газар хамрагдаагүй, түүнчлэн, уг газар нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар ”Э г” ХХК-нд эзэмшүүлэх хүртэл “сул чөлөөтэй” байсан нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/550 дугаар албан бичигт “... нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2009 оны 1 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй, сул чөлөөтэй газраар бүртгэгдсэн” гэснээр тогтоогдсон байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... “Э г” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар 0.08 га газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд зургаас харахад А-4 байр болон Цэцэг төвийн хоорондын маргаан бүхий газар нь үүнд хамаарч байна”, “...нийслэлийн Засаг дарга ... 2008 оны 352 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа газрын хэмжээг 766 м.кв хэмээн буруу тодорхойлсон, ... /газрын хэмжээг/ 883 м.кв болгон зөвтгөснийг шүүх “шинээр, нэмж газар эзэмшүүллээ” гэж дүгнэсэн нь буруу”, “...анх 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжаар ... 0.08 га газрыг эзэмшүүлэхдээ А-4 байр болон Цэцэг төвийн хоорондын газрыг одоогийн “Э г” ХХК-д эзэмшүүлсэн, ... нэхэмжлэгч нар 2001 оны захирамжтай огт маргаагүй ... байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй.

            49. Харин, давж заалдах шатны шүүх уг үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг буруу үнэлж, “... “Э г” ХХК-нд анх олгогдсон газрын хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжлэгч нарын байшинд тулган эзэмшүүлээгүй, анхнаасаа байршил нь нэхэмжлэгч нарын орон сууцанд тулгаж эзэмшүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, “... нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй”, “... худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газартаа мөн зориулалтаар барилга байгууламж барихыг үгүйсгэхгүй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхийн эдгээр дүгнэлттэй холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

            50. Түүнчлэн, маргаан бүхий “... “Цэцэг” төв болон орон сууцны А-4 байрны хоорондох” газар доогуур “4а магистралиас хангагдаж байгаа Цэцэг төв, А-4 байр, Мобиком ХХК, Засгийн газрын 4 дүгээр байр, Польш болон Турк улсын Элчин сайдын яамны ф200 мм-н 25 м урт шугам, сувагт 1.4 м гүн угсрагдсан” болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженерийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11/330 дугаар албан бичгээр тогтоогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар болон өөр бусад олон байгууллагын дулааны шугам сүлжээ байршиж байгаа газрыг “Э г” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “... шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга ...-ын зориулалтаар олгогдсон газар хамаарах”-аар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т “... шугам сүлжээний газрыг /төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах/-аар заасантай нийцээгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... /уг газар нь/ хэзээ ч нийтийн эдэлбэр газар байгаагүй гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт”, “...инженерийн шугам сүлжээ бүхий газар, газар эзэмших эрх олгохыг хязгаарласан хуулийн хориглосон зохицуулалт байхгүй” гэх гомдол, үүнтэй холбоотой тайлбар үндэслэлгүй байна.           

            51. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс маргаан бүхий газрыг “Э г” ХХК хааж, хашсан нь А-4 дүгээр байрны оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа талаар, 2008 оноос буюу уг газрыг “Э г” ХХК-нд эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны маргаан бүхий 22 дугаар захирамж гарахаас өмнө гомдол, хүсэлт гаргаж эрх бүхий этгээдэд хандаж байсан болох нь “... А-4 дүгээр байрны урд хэсэгт байгаа нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, орц гарцыг таглаж, хог хаягдлын цэг бий болгосныг арилгуулж, газар чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар (тухайн үеийн нэрээр)-т гаргасан, үүний дагуу “Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 20 тоот шаардах хуудсыг өгч, газар чөлөөлж, орц гарц нээх талаар шаардлага хүргүүлж байсан” болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1554 дугаар албан бичгээр тогтоогдсон, нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс уг газарт “эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа” талаар маргаад байхад иргэдийн амьдран суудаг нийтийн зориулалттай орон сууцны урд хананд тулган, “Э г” ХХК-ийн ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж, 117 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус компанид олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “... нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий акт буюу “Э г” ХХК-ийн эзэмшил газрын улмаас хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй гэдэг нь илэрхий”, “...нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шүүх ямар нэг байдлаар актын талаар дүгнэж, шийдвэр гаргах шаардлагагүй байсан” гэх зэрэг үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

            52. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, “... 2016 оноос /маргаан бүхий газарт/ өндөр дуу чимээтэй генератор байрлуулж, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан” гэх агуулгатай гомдол гаргасан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уг гомдлын дагуу хяналт шалгалт хийж, “... шалгалтаар нийслэлийн Засаг даргын 2009 оны ... 22 дугаар шийдвэрээр /уг газрыг/ ... “Э г” ХХК-нд ... 15 жилийн хугацаагаар олгосон, ... уг генератор байрлуулсан газар нь “Э г” ХХК-ийн эзэмшил байна” гэж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02-10/195 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч П.Сарантуяад мэдэгдсэн, нэхэмжлэгч нараас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан, нийслэлийн Засаг даргаас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “…нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 91 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт ... газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журам”-ын 6.5-д “иргэд...-ээс хууль тогтоомж ... зөрчсөн үндэслэлээр Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах санал гомдол гаргасан тохиолдолд санал гомдол гаргасан этгээд өөрөө уг захирамжийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагын санал, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна”, 6.6-д “... 6.5-д заасан санал дүгнэлт гаргуулаагүй ... гаргасан санал гомдлыг буцаана” гэж заасан байх тул ... буцаав” гэх хариу өгсөн, нэхэмжлэгч нараас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хандаж, “... дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг мөн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1093 дугаар албан бичгээр хариу өгсөн, үүний дараа нэхэмжлэгч нар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, “хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

            53. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн “...17 жилийн турш” уг газрыг хашиж, “олон нийтийн өмнө ил тодоор эзэмшиж ашиглаж ирсэн” үйл баримт нь уг газарт “хууль ёсны эзэмшил үүссэн” гэж үзэх үндэслэл болохгүй тул гуравдагч этгээдийн “...анхан шатны шүүх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэдэг заалтыг зөрчиж шийдвэр гаргасан”, “...манайд газар олгох шийдвэр нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй”, “...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэдэг заалтыг зөрчиж, манай компанийн газар эзэмших ашиглах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан” гэх гомдол үндэслэлгүй.  

            54. Харин, нэхэмжлэгч З.Ойдов нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны А-4 байранд оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан, түүнчлэн, анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч З.Ойдовоос “...орц гарцыг чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа маргаан бүхий газарт орц гарц гаргах асуудлаар хариуцагчид урьдчлан хандсан болон албан ёсоор хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, зүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “... Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасны дагуу татгалзах ёстой байжээ.

            55. Давж заалдах шатны шүүх уг алдааг засаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.   

            56. Эдгээр үндэслэлээр, нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Э г” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлсэн нь Газрын тухай хуулийн дээр дурдсан, холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн “хууль бус” болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, анхан шатны шүүхээс “... нийслэлийн Засаг даргын 2001 оны 564 дүгээр захирамжаар анх /”Э г” ХХК-нд/ 0,08 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах хууль ёсны эрхтэй байсныг харгалзан үзэж” маргаан бүхий захирамжийн “Э г” ХХК-нд нэмж эзэмшүүлсэн 83 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн”, “...хэт нэг талыг баримталсан, нотлох баримт дээр үндэслээгүй шийдвэр гаргасан”, “...шүүх зөвхөн үзэмжээрээ шийдвэрлэсэн”, “...туйлширсан, хөөсөрсөн, ахуйн шинжтэй дүгнэлтийн үндсэн дээр хэрэг шийдвэрлэгдсэн” гэх гомдлуудыг бүхэлд нь хангахгүй орхиж, шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0232 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0431 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “...орц гарц гаргах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.О-ын “орц гарцыг чөлөөлөх ажиллагаа хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Э г” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА