Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0585

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:М*******ын М******* 

П*******ын Г*******  

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай М.М*******, П.Г******* нарын өмчлөлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны *******од байрлах хоёр өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М*******, П.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  П.Г*******, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд А.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Боржигон овогт М*******ын М*******, Бэсүүд овогт П*******ын Г******* бид 2 эхнэр нөхөр бөгөөд Нийслэлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байр, *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай 2 өрөө орон сууцны өмчлөгчид болно. 

Бидний орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн 836/13 тоот зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн болохыг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 11-413443 тоот лавлагаа гаргуулан авч мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй болно.

1 дүгээрт: “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/836/13 тоот зээлийн, БГҮ/836/13 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн хүснэгтийн 3-т: Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байр *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай 2 өрөө орон сууц гэж бичигдсэн байна. 

М.М*******, П.Г******* бид 2-ын зүгээс “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-д өөрсдийн өмчлөлийн орон сууцаа оролцуулан барьцааны гэрээ байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх ямар нэгэн эрх олгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, бид 2-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно.

... Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь мэдүүлэг гаргагч “Ф” ХХК Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байр ******* байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, мөн өмчлөгч нараас нь олгосон барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэн хууль зөрчсөн байдаг. 

1.2. Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт: Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэж заасныг зөрчсөн. 

Учир нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна” гэж байдаг. 

Барьцааны гэрээ байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд өмчлөгчид болох М.М*******, П.Г******* бид 2 зөвшөөрөл олгоогүй, “Ф” ХХК-д итгэмжлэл өгөөгүй болно. 

1.3. Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт: энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн. 

Өөрөөр хэлбэл, БГҮ/836/13 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн нийтлэг журам, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчиж хийгдсэн байдаг. 

2 дугаарт: М.М*******, П.Г******* бид 2, иргэн А.Ц гэдэг эмэгтэйд 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр орон сууцаа зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг долоон сарын хугацаатай олгосон. Харин “Ф” ХХК-д ямар ч итгэмжлэл олгоогүй. Энэ нь барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 5 хоногийн дараахь үйл явдал юм. Тухайн үед бид 2 орон сууцыг маань итгэмжлэл олгохоос өмнө, өөр этгээд аль эрт барьцаанд тавьсныг мэдээгүй байсан. 

Энэ нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг.  Гэтэл Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь бид 2-ын зүгээс “Ф” ХХК-д олгосон итгэмжлэл байхгүй байхад орон сууцыг маань “Хаан банк” ХХК-ийн барьцаанд бүртгэж эрх хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчсөн. Тэгээд ч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэхүү итгэмжлэл байгаагүй. 

Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийг мөн адил зөрчсөн гэж үзэж байна. 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай М.М*******, П.Г******* нарын өмчлөлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байр, *******од байрлах 2 өрөө орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох” гэв.

 

Нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нарын өмгөөлөгч Ц.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч М.М*******, Б.Г******* нар нь Нийслэлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ******* орон сууцны өмчлөгч байдаг. 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн А.Ц “Ф” ХХК болон “Хаан банк”-тай хийсэн ЗГ/836/13 тоот зээлийн гэрээгээр барьцаанд бүртгэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/836/13, БҮГ/836/13  тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 Энэхүү барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ******* улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай 2 өрөө орон сууц гэж бүртгэсэн байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч тал “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-д барьцааны гэрээ байгуулах, барьцаанд тавих, улсын бүртгэлд бүртгүүлэх ямар нэгэн эрх олгоогүй. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч тал нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлээ дэмжиж хэд хэдэн үндэслэл гаргаж байна. Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч иргэн А.Ц, мөн “Хаан банк” ХХК-ийг маргаж буй 2 өрөө байрны өмчлөгч гэдгийг батлах нотлох баримт байхгүй, мөн зөвшөөрөл олгосон итгэмжлэл байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэдгийг батлах баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авна гэж заасан байдаг. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т дундын өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаанд авахдаа өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан.  Бодит байдал дээрээ нэхэмжлэгч нар мэдүүлэг гаргаагүй, зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй байдаг. 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд  заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтыг мөн зөрчсөн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн А.Цд маргаж буй орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл өгсөн ч “Фронт гейт” ХХК -д итгэмжлэл олгоогүй. Энэ нь тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасан байдаг. Гэтэл “Ф” ХХК-д ямар ч итгэмжлэл байхгүй. Дараа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг зөвхөн өмчлөгч гаргана” гэж зохицуулсан. Тухайн үед нэхэмжлэгч тал мэдүүлэг гаргаагүй. Мэдүүлгийн ард Г******* гэж гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хууль зөрчөөгүй, мэдүүлгийг А.Ц гаргаж байгаа гэж ойлгож байгаа гэсэн тайлбар хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсанаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3585 тоот шинжээчийн дүгнэлт дээр Г******* гэсэн гарын үсэг нь П.Г*******, А.Ц нарын бичгийн хэвтэй тохирохгүй гэсэн нь тогтоогдсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол хүлээн авахаас татгалзана гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Б******* дүүргийн 16 дугаар хороолол, 72 дугаар байрны ******* орон сууц нь иргэн П.Г*******, М.М*******  нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй байна. 

Дээрх орон сууцыг 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 85 дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн П.Г*******, М.М******* нараас А.Цд олгосон итгэмжлэлийг үндэслэн “Хаан банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/836/13 тоот барьцаат зээлийн гэрээ нь бүртгэгдсэн байна. 

“Ф” ХХК /РД:5165296/-ийн үүсгэн байгуулагч нь Б.Г*******, А.Ц нар бөгөөд компанийн нэр дээр авах зээлийн барьцааны гэрээнд төлөөлүүлж гарын үсэг зурах эрхийг иргэн Б.Г******* нь А.Цд олгосон 304 дугаартай нотариатчийн хувийн хэрэгт авагдсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, 13.9, 13.10 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэргүүд дэх нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэлүүд нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна.  Иймд М.М*******, П.Г******* нарын иргэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Маргаж буй байрны өмчлөгч А.Цд итгэмжлэл хийж өгөөд зээлийн барьцаанд тавих улсын бүртгэлд бүртгүүлэх эрх олгосоны үндсэн дээр манай банк зээл олгосон.  Нэхэмжлэгч итгэмжлэлийг хувь хүнд хийж өгсөн байхад өөр этгээд түүнийг нь үндэслээд зээл авсан гэж гол үндэслэлээ тайлбарлаж байна. Зээлийн гэрээг авч үзэхээр иргэн А.Ц өөрөө энэ зээлийг авсан байдаг. Зээлийн гэрээний талууд хэсэг дээр тодорхой зааж өгсөн. Хуулийн этгээдээс гадна хувь хүний хувьд зээлийг авсан байгаа юм. Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхой зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлд “үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк хамтран үүрэг гүйцэтгэгч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсвэл аль нэгийг нь сонгох эрх” нь байдаг. Уг эрх, үүргийг эдэлж хэрэгжүүлэх эрхтэй учраас иргэний хувьд зээл авч ашигласан, нөхөн төлөх үүрэгтэй юм. Мэдээж үл хөдлөх хөрөнгийг барьцаалахад бүх өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр авдаг хуулийн заалт бий. 08 дугаар сарын 08-ны итгэмжлэл дээр өмчлөгчдийн гарын үсэг байсан. Хууль зүйн шаардлага хангасан баримтууд байсан учраас улсын бүртгэгч бүртгэл хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Гуравдагч этгээд А.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Иргэн П.Г*******, М.М******* нар 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр А.Ц надад өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл хийж өгсөн. 

Миний бие түүнийг мэдээгүйн улмаас “Хаан банк” ХХК, “Ф” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ үргэлжлүүлээд барьцааны гэрээ байгуулахдаа П.Г******* нарын итгэмжлэлээр гэрээ байгуулсан.  Тухайн үед уг итгэмжлэлийг хувиар буюу зөвхөн иргэн А.Цтай холбоотой хэлцэлд ашиглах эрх бүхий итгэмжлэл гэдгийг ойлгоогүй. Бас хэлцлийг П.Г******* нарын хүсэлт зоригийг илэрхийлж тэдний нэрээр хэлцэл хийж төлөөлж гарын үсэг зурах журамтай болохыг ч ойлгоогүй. 

П.Г******* нар “Ф” ХХК-д итгэмжлэл өгөөгүй гэдэг нь үнэн болно. Энэ бүгдийг хянан шийдвэрлэж байх үүрэг бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын түүний нарийн мэргэжлийн хүмүүс нь миний итгэмжлэлгүй гэдгийг мэдэхгүй байсан бололтой. 

Хууль зөрчсөн хэлцлийн бүртгэхээс татгалзах нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудын үүрэг юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар энэхүү үүргээ биелүүлээгүй болохоор нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна гэж үзэж байна” гэв. 

 

Гуравдагч этгээд А.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...А.Ц нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.М*******, П.Г******* нараас Б******* дүүргийн 16 дугаар хороо, 42 дугаар байрны ******* орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийн итгэмжлэлийг авсан. “Ф” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг үндэслээд барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үед А.Ц нь хууль эрх зүйн мэдлэг дутуу учраас тухайн итгэмжлэлийг зөвхөн өөрт нь олгосныг ойлгоогүй. Барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ өөрийн биеэр очих боломжгүй учраас өөр хүнд барьцааны гэрээг өгч явуулж бүртгүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад зөвхөн өөрт нь олгогдсоныг мэдсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм байна гэж үзэж байна” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нас барсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлээгүй тул “Ф” ХХК-ийн төлөөлөгчийг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Маргаан бүхий бүртгэл хийх үндэслэл болсон барьцааны гэрээнд иргэн А.Ц нь “Ф” ХХК-ийн захирлаас олгосон итгэмжлэлийн  дагуу тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан, А.Ц нь тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг , түүнчлэн тус компаниас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд “Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай” фг/16-10 тоот албан бичигт “Захирал А.Ц”  гэж гарын үсэг зурж ирүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нар нь өөрсдийн өмчлөлд байх Б******* дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 байрны *******од байрлах улсын бүртгэлийн Ү-2******* дугаар бүртгэлтэй 28мкв хоёр өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах итгэмжлэлийг 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А.Цд гурван сарын хугацаатай олгожээ. 

Улмаар дээрх орон сууцыг “Хаан банк”-нд зээлийн барьцаанд тавих, зээл болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах зэрэг үйлдэл хийх итгэмжлэлийг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А.Цд 7 сарын хугацаатай шинэчлэн хийлгэсэн байна.  

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг “Хаан банк” ХХК болон “Ф” ХХК, иргэн А.Ц нарын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/736/13 тоот зээлийн гэрээ  болон БГҮ/836/13 тоот барьцааны гэрээний  “Хоёр” дугаар зүйлийн 2.2-ийн 3-т “Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны *******од орших 28мкв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн дугаар Ү-2*******, Г-000174392” гэж заасныг үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

Нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчөөс Ү-2******* дугаар бүртгэлтэй 28мкв хоёр өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бүртгэсэнийг дараах үндэслэлээр хууль бус хэмээн маргаж байна. Үүнд:

1. Иргэн А.Ц, “Хаан банк” ХХК-ийг маргаж буй 2 өрөө орон сууцны өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, мөн зөвшөөрөл олгосон итгэмжлэл байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчсөн, 

2. Нэхэмжлэгч нараас А.Цд олгосон итгэмжлэл нь өөр агуулгатай буюу иргэн А.Цд итгэмжлэл олгосон байхад “Фронгейт” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасантай нийцээгүй,

3. Мэдүүлэгт тусгасан үндэслэл нь хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй байхад барьцаанд бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан,

4. Барьцааг бүртгүүлэх мэдүүлгийг зөвхөн өмчлөгч гаргах хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Бодит байдал дээр нэхэмжлэгч нар мэдүүлэг гаргаагүй байдаг. Өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг авна гэснийг зөрчсөн,

5. Барьцааг бүртгүүлэх мэдүүлэгт барьцаалагч, барьцаалуулагч гарын үсэг зурах шаардлагыг хангаагүй мэдүүлгийг үндэслэж бүртгэсэн нь хууль бус

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс,

1. Зээлийн гэрээнд иргэн А.Ц нь зээлдэгчээр оролцсон тул уг байрыг барьцаалах эрхтэй гэж, 

2. А.Цд олгогдсон итгэмжлэл нь ерөнхий итгэмжлэл бөгөөд уг байрыг А.Ц нь хаана ч хэнээс ч авсан зээлэнд барьцаалах боломжтой тул бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн гэж,

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, 13.9, 13.10-т заасны дагуу бүртгэлийн мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан тул бүртгэл хууль ёсны хэмээн маргажээ.  

Б******* дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 байрны *******од байрлах улсын бүртгэлийн Ү-2******* дугаар бүртгэлтэй 28 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр М.М*******, П.Г******* нь бүртгэлтэй байх бөгөөд уг байрыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг А.Цд олгосон тухайд нэхэмжлэгч нар маргахгүй байна. 

 

“Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийн үзэл баримтлал -ын хууль зүйн шаардлага хэсэгт “... эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэний хуулийг баталсан ... Иргэний хуульд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг нийцүүлэх шаардлага гарч байна” гэснээс үзвэл 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2002 онд батлагдсан Иргэний хуульд нийцүүлэх зорилгоор боловсруулсан байна. 

Иргэний хуульд заасан барьцааны эрх нь барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд барьцаалуулагчийн хувьд эд хөрөнгөөрөө үүрэг хүлээх, барьцаалагчийн хувьд барьцааны зүйлээс хамаарч үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх эрсдэл үүсдэг үр дагавартай байдаг тул барьцааг аль аль тал нь мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх учиртай.

Иймээс хууль тогтоогчийн зүгээс Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т ипотекийг бүртгэх мэдүүлгийг өмчлөгч гаргахаар, 28.2-т гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэхээр тусгайлан зохицуулсан нь барьцаалуулагчийг төдийгүй барьцаалагчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хуулийн зохицуулалтуудыг уялдуулсан гэж үзэхээр байна. 

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нарын өмчлөлийн орон сууцны барьцааг бүртгэх мэдүүлэгт “Г*******”  гэсэн гарын үсэг зурсныг үндэслэж ипотекийг бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “Өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг аваагүй, барьцааг бүртгүүлэх мэдүүлэгт барьцаалагч, барьцаалуулагч гарын үсэг зурах шаардлагыг хангаагүй мэдүүлгийг үндэслэж бүртгэсэн нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. 

Тодруулбал, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр Б******* дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 байрны ******* хоёр орон сууцны өмчлөгчөөр М.М******* /РД:ЧИ71010104/, П.Г******* /РД:ЦЗ73052618/ гэсэн хоёр иргэн бүртгэлтэй  байх өмчлөгч М.М*******, барьцаалагч “Хаан банк” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зураагүй байхад мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь бүртгэлийг хууль бус болгожээ. Үүнд:

а/ Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь заалтуудын дагуу М.М*******, П.Г******* нар нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бүртгүүлэх мэдүүлэг гаргах боломжтой.

Өөрөөр хэлбэл, барьцааг бүртгүүлэх мэдүүлэгт М.М******* нь гарын үсэг зураагүй байх бөгөөд тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөгч тус бүр нь адил тэнцүү эрхтэй тул М.М******* нь ямар үнийн дүнтэй гэрээний барьцаанд өөрийнх нь эд хөрөнгийг барьцаалж байгааг мэдсэн эсэх, барьцааг хүлээн зөвшөөрсөн эсэхийг хариуцагч нь тодруулах шаардлагатай байжээ. 

б/ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн  хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэх гэсэн “Долоо” хэсгийн 7.8-д “... мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсэг зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан байхад барьцаалагч болох “Хаан банк” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зураагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “мэдүүлэгт Г******* гэж зурсан гарын үсэг нь П.Г*******ынх мөн эсэхийг мэдэх боломжгүй” хэмээн тайлбарлан маргаж байх хэдий ч дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Гэрээгээг үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх...”, ” гэсэн 281 зүйлийн 281.2-т “энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг баримт бичгийг  бүртгэх байгууллагад ирүүлээгүй” гэж заасны дагуу барьцаалагч, барьцаалуулагч нарын хамтарсан мэдүүлгийг шаардаж бүртгэлийг хийхээр хойшлуулах эрхтэй байжээ. 

 

Мөн ЗГ/736/13 тоот зээлийн болон БГҮ/836/13 тоот барьцааны гэрээг 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байх ба нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бүртгэх мэдүүлгийг  2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргаснаас үзвэл 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай нотариатчийн баталсан итгэмжлэлийг  үндэслэж ипотекийг бүртгэсэн гэж үзэхээр байна.

Гэтэл 2013 оны 09 дүгээр сарын 23-ны итгэмжлэл  /Хаан банкны барьцаанд, 7 сарын хугацаатай/-ийг нөхөж хийлгэсэнээс үзвэл барьцааг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдож байсан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч М.М*******гийн “нэг тэрбум гурван зуун сая төгрөгийн зээлийн барьцаанд би байраа бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй байсан” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

 

Мэдүүлэгт “Г*******” гэж бичсэнээс үзвэл мэдүүлгийг өмчлөгчөөс итгэмжлэл авсан этгээд болох А.Ц гаргасан гэж үзэхгүй, харин П.Г******* нь барьцаанд бүртгүүлэх мэдүүлэг гаргаагүй нь нэхэмжлэгч М.М*******, П.Г*******, гуравдагч этгээд А.Ц нарын тайлбар, шинжээчийн дүгнэлт  гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайн үед мэдүүлэгт П.Г******* гарын үсэг зурсан эсэхийг улсын бүртгэгч мэдэх боломжгүй хэдий ч итгэмжлэлийг үндэслэж бүртгэж байгаа бол А.Ц, өмчлөгчийн зөвшөөрлөөр бүртгэж байгаа бол П.Г*******аас гадна М.М*******, мөн аль ч тохиолдолд барьцаалуулагч болох “Хаан банк” ХХК-ийн ажилтан гарын үсэг зурсан байх хуулийн тусгайлсан зохицуулалттай байх тул хариуцагчийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, 13.9, 13.10-д заасны дагуу бүртгэлийн мэдүүлгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан тул бүртгэл хууль ёсны” тайлбарыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зээлийн болон барьцааны гэрээнд “Ф” ХХК-ийн захирал А.Цгаас гадна иргэн А.Ц зээл авч гарын үсэг зурсан”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “итгэмжлэлийг А.Цд итгэмжлэл олгосон байхад “Ф” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэсэн хууль бус” гэж тус тус тайлбарлан маргаж байх хэдий ч ЗГ/736/13 тоот зээлийн гэрээний дагуу зээлийг хэн авсан эсэх, итгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан эсэх, барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцсэн эсэхийг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

Харин маргаан бүхий бүртгэлийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн үндэслэлд “барьцааны гэрээ” гэсэн хэсгийг чагталсан байх тул нэхэмжлэгч нар болон тэдний өмгөөлөгчийн “мэдүүлэгт тусгасан үндэслэл нь хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй байхад барьцаанд бүртгэхээс татгалзах ёстой байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байх бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1774747 дугаартай мэдүүлгийг өмчлөгч М.М*******, П.Г*******, гуравдагч этгээд А.Ц нарын аль аль нь гаргаагүй болох нь шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч М.М*******, П.Г*******, гуравдагч этгээд А.Цгийн тайлбараар  тогтоогдож байна.

Энэ нь хэдийгээр хэлбэрийн төдий зүйл мэт боловч мэдүүлгийг хүлээн авч, ипотекийг бүртгэж буй улсын бүртгэгчийн хувьд заавал шалгах шаардлагатай үүрэг нь байна. 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 14 дүгээр 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.4-д мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мөн хүлээн авахаас татгалзахаар заасан байх ба “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-т “...мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авах”-аар заажээ. 

Хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж хуульд заасан хэлбэрээр гаргаагүй мэдүүлгийг хамааралгүй хүнээс хүлээн авч ипотекийг бүртгэхийг хойшлуулах үндэслэлтэй байхад ипотекийг бүртгэсэн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна. 

Хэрэв хариуцагч нь хуульд заасан журмыг баримталж өмчлөгчөөс мэдүүлгийг хүлээн авсан бол нэхэмжлэгч нарын “өөрийн өмчлөлийн байрыг хэдий хэмжээний зээлийн барьцаанд бүртгэгдэж байгааг мэдэх эрх” нь зөрчигдөхгүй байх байжээ гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч М.М*******, А.Г******* нарын “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай М.М*******, П.Г******* нарын өмчлөлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны *******од байрлах хоёр өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2, 2812.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М*******, П.Г******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай М.М*******, П.Г******* нарын өмчлөлийн Б******* дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны *******од байрлах хоёр өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ф” ХХК болон “Хаан банк” ХХК-тай хийсэн БГҮ/836/13 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ