Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0621

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч А., Л.Э.

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Л.Э, А.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК-ийн захирал Т.Е******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: 

“... Татварын улсын байцаагчийн 350017416 дугаар актын хавсралт 01-т Татварын Хяналт шалгалтаар барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх нийт 113,630,000.00 төгрөгийн зөрчил илэрч, хууль тогтоомжийн заалтуудыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

1. 5******* тоот регистрийн дугаартай “А” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн 12295384 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 113,630,000.00 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоогдсон байна.

Чингэлтэй дүүргийн хэлтэстэй харилцагч манай компани нь 2012 оны 07 дугаар сарын 15-наас “Б” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ.

Барилга хот байгуулалтын яамны харьяа төслийн нэгжийн хурээнд орон сууцны 7 дугаар хороо, 14 дүгээр хорооны 13-н барилгын суурийн газар шорооны ажлыг “А” ХХК-иар гүйцэтгүүлж төлбөрийг бэлэн мөнгөөр өгсөн бөгөөд, бүх гэрээ, төлбөрийн баримт бичгийг бүрдүүлж өгч, авсан болно. Уг ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримт, падаануудыг хэн нэгэн хүнээс гуйж, худалдаж аваагүй, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт зохих журмын дагуу өгсөн болно. Манай компани болон “А” ХХК-ны хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр газар шорооны ажил хийж гүйцэтгүүлэн ажлын хөлс төлөхөд “А” ХХК 12295384 тоот НӨАТ падааныг бичиж өгсөн билээ.

Тухайн үед буюу 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “А” ХХК нь манай компанид бичиж өгсөн тэрхүү НӨАТ падааныг шалгаж өгөх талаар хүсэлт гаргаж байсан боловч татварын хэлтсээс эрх бүхий этгээдээс бусад этгээдэд мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хариу өгсөн юм.

Хэрэв тухайн үед татварын алба “Татварын ерөнхий хууль”-д заасан татвар төлөгчид үйлчлэх, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах үүргээ биелүүлж “А” ХХК нь НӨАТ төлөгч мөн эсэх, НӨАТ падаан нь хуурамч эсэх, НӨАТ тайландаа тусгасан эсэх, талаар шалгаж тодорхой хариу өгсөн бол бидэнд ийм эрсдэл учирахгүй байсан юм.

Гэтэл одоо манай компанийг хуурамч падаан авсан, хоёр компанийн хооронд ажил үйлчилгээ гүйцэтгээгүй, бараа материал худалдагдаагүй, хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоогоод байна.

“А” ХХК, “Б” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан нэг сарын турш ажил гүйцэтгэн дууссан билээ. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээ болон санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа.

Иймд бусдын НӨАТ тайлангаараа хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө тайлагнаагүй буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

НӨАТ тайландаа тусгаагүй, тайлангаа өгөөгүй, НӨАТ бусад орлогоо нууж дарагдуулсан байх магадлалтай “А” XXК энэхүү хариуцлагыг өөрөө хүлээх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч “Б ХХК нь татварын улсын байцаагчийн гаргасан актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь татварын улсын байцаагч акт тавихдаа тодорхой хэдэн хуулийн заалтыг дурдаад хасагдахгүй байсан орлогоос татварыг хасч улсыг хохироосон гэх үндэслэлээр 18772017 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулахаар акт тавьсан.

2017 оны 07 дугаар сарын 15-аас хоёр улсын хэлэлцээрээр гэр хорооллыг барилгажуулах төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг компани. 100 айлд баригдаж байгаа 28 объект барилгыг барьж эхнээсээ ашиглалтад орсон байгаа. Одоо ч энэ ажлууд дуусаагүй хийгдэж байгаа. Энэ ажлыг хийх явцдаа “А” ХХК-тай гэрээ байгуулж уг барилгын суурийгг ухуулж сар гаран хамтран ажиллан нийт 130 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлээд зарлагын баримтаа бичүүлж авсан.

Тухайн үед “А” ХХК НӨАТ төлөгч компани байсан. Үүний дагуу манайд НӨАТ-ын падааныг бичиж өгсөн байдаг. Шороо зөөдөг машиныг түрээсээр авч ашигласан. Ашиглалтын зардал, түлшийг хийж өгч байсан учраас манай падаан бичиж өгөхдөө танай мөнгийг ийм зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр энэ падаан дээр барилгын машины түрээс түлшний үнэ гэж бичиж өгсөн байгаа.

Манайх аваад яагаад заавал барилгын машины түрээс гэж бичсэнийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хандсан байдаг. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэсээс Баянзүрх дүүргийн татварын хэлтэст харъяатай компани байна гэсэн хариу өгсөн. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст манайд бичиж өгсөн НӨАТ-ын падаанд шаардлагагүй материалууд худалдан авсан гэж бичсэн байна энэ анхаарал татаж байна. Иймээс 08 09 10 дугаар сарын борлуулалтын мэдээллийг 3 дугаар улирлын тайландаа тусгасан эсэхийг шагаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Татварын албаны тасгийн дарга Болормаа энэ компани НӨАТ төлөгч мөн байна. Гэхдээ танай компани энэ компанийг шалгуулдаг эрх бүхий байгуулага биш учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Манайх дараа саруудад нь тайландаа тусгаад хуулийн дагуу юмнуудаа хийгээд явсан.

Татварын ерөнхий газарт бид хандахад Даваацэрэн дарга гомдол гаргах хугацаа 30 хоног байдаг шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй манай байгууллага үүнийг цаашид анхаарч ажиллах болно гэсэн утгатай албан бичгээр хариу өгсөн байгаа. “А” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж “Б” ХХК хариуцлага үүрэх болоод байгаа нь хууль бус учир актыг хүчингүй болгуулж өгөөчээ гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа” гэв.

Хариуцагч Татварын улсын байцаагч Л.Э, А. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг барилга угсралтын үйлчилгээ эрхлэх чиглэлээр гишүүн, 93,172,800.0 төгрөгийн дүрмийн сантай, Монгол улсын иргэн Т******* овогтой Е*******ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарсан, 2******* регистрийн дугаар, улсын бүртгэлийн 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 90******* тоот гэрчилгээтэй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7627 тоот гэрчилгээтэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 4******* тоот төгрөгийн, 4*******, 4******* тоот валютын данстай “Б” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12295384 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шалгалтыг 35150100011 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2-1762 тоот албан бичиг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үндэслэн шалгалтыг хийв.

Тус компанийн талаар Улсын Мөрдөн байцаах газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага, Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын  тайлан, тус хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн сан дахь хөндлөнгийн мэдээ, зэрэг материалд үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийх явцад 5******* регистрийн дугаартай "А" ХХК-аас 2012 оны 09 дүгээр сарын 30-нд 12295384 тоот падаанаар 113,630,000.00 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил илэрсэн тул Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна; 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх; 74.1.6-т баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дунгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 11,363,000.00 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900.00 төгрөгийн торгууль, 4,005,457.00 төгрөгийн алданги ногдуулсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Чингэлтэй дүүргийн татварын хэлтэсээс 2015 оны 02 дугаар сарын 04-нд “Б” ХХК-г шалгаж акт гарсан байдаг уг актын үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Учир нь  бид шалгалт хийхдээ Цагдаагийн ерөнхий газраас ирсэн бичгийн дагуу шалгалтыг хийсэн байгаа.

Цагдаагийн ерөнхий газар дээр “А” ХХК шалгагдаад ажил гүйцэтгээгүй байж бусад компануудаад гүйцэтгэсэн мэтээр бичиж өгч НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж “А” ХХК-аас падаан авсан компаниудыг шалга гэсэн бичиг ирсний дагуу шалгалт хийсэн. 

Бид “Б” ХХК-г  шууд санаагүй байсан байж болно санаандгүйгээр хассан байхыг үгүйсгэхгүй. Ажил үйлчилээг хийлгээгүй гэж маргаагүй зөвхөн “А” ХХК-тай харилцаанд орсон чинь нотлогдохгүй байна. Шалгаж байх үед “Б” ХХК-ийн захирлаас ярилцлага авсан байдаг. Ярилцлага дээрээ өөрөө “А” ХХК-д эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэрээ авчраагүй, өөр хүнд хариуцуулдаг байсан. “А” ХХК-ийн захирлыг ямар хүн байдгийг мэдэхгүй гэсэн ярилцлага өгч байсан. Хэрвээ бодит байдал дээр гэрээ хийгээд ажил үүргээ гүйцэтгэсэн бол ийм хариулт өгөхгүй гэж бодож байна. “А” ХХК-тай л харилцаанд ороогүй байна түүнээс бид ажил хийлгэсэн үгүй дээр маргаагүй. Тийм учраас худалдан авалтаас хасалт хийх үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актаар  “Б” ХХК-д “Хуурамч НӨАТ-ын падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ ногдох орлогыг бууруулсан” 113,630,000 төгрөгийн зөрчилд 11,363,000 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт 18,777,357 төгрөгийн төлбөрийг ногдуулж гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор дээрх актыг хэвээр баталсан байна. 

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “...барилгын газар шорооны ажлыг “А” ХХК-аар гүйцэтгүүлж төлбөрийг бэлэн мөнгөөр өгсөн бөгөөд бүх гэрээ .... холбогдох баримтыг хэн нэгэн хүнээс гуйж, худалдаж аваагүй, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт зохих журмын дагуу төлсөн байхад хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоосон. “А” ХХК-ийн манай байгууллагад бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч эсэхийг бид мэдэх боломжгүй бөгөөд холбогдох татварын хэлстсээс лавлахад дээрх компанийн падаан мөн гэсэн аман хариуг өгсөн” хэмээн маргаж байна. 

 

Хариуцагч нар нь “Б” ХХК-д хийсэн татварын хэсэгчилсэн шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны 10/2-1762 тоот албан бичгээр  201301000498 тоот эрүүгийн хэрэгт “А” ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд шалгалт хийж хариу өгөхийг мэдэгдсэний дагуу хийсэн байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэлийн гэрээ ”-ний дагуу “А” ХХК-аар гүйцэтгүүлсэн барилгын суурийн нүх ухах ажлын төлбөрт 124,993,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Бэлэн мөнгөний зарлагын баримт”  үйлдэж өгсөн хэмээн тайлбарлан маргаж байх боловч уг баримтад гүйлгээний утгыг “Суурийн ажлын тээвэр болон түлшний зардал” гэж тэмдэглэсэн, “Зарлагын баримт” болон НӨАТ-ын 0012295384 тоот падаанд материал, ажил үйлчилгээний нэрийг “машин түрээс”, түлш шатахуун” гэж зөрүүтэй тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч компани нь дээрх 124,993,000 төгрөгийн худалдан авалт нь “барилгын суурь ухах ажил”-ыг бодитоор гүйцэтгүүлж төлсөн төлбөр болох нь тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, “Б” ХХК нь НӨАТ-ын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгөөгүйгээс өөрийн ажил үйлчилгээний худалдан авалт буюу 124,993,000 төгрөгийг хэнд төлснөө зааж, нотолж чадахгүй байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль/2001 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч компани санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн нь тогтоогдохгүй байх ба НӨАТ-ын 0012295384 тоот падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд (төлбөрийн нэхэмжлэх, ажил хүлээлцсэн акт) байхгүй байхад ажил, үйлчилгээ худалдан авсан гэх падааныг  үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Нөгөө талаас “А” ХХК-ийн НӨАТ-ын 0012295384 тоот падаан нь хий бичилттэй байж болох талаар “Б” ХХК-ийн зүгээс эргэлзэж Баянзүрх дүүргийн татварын хэлтэс болон Татварын ерөнхий газарт хандаж байсан байх ба энэ тохиолдолд эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлсний үндсэн дээр НӨАТ ногдох орлогоос хасч тооцох боломжтой байжээ.

 

Иймд татварын улсын байцаагчийн 350017416 тоот актаар "Б" ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”  хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “Б” ХХК-д татварын улсын байцаагчийн 350017416 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин 11,363,000 төгрөгийн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги нийт 7,414,357 төгрөгийн төлбөрийг өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актаар “Б” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт 7,414,357 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 11,363,000 төгрөгөөр тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ