Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00112

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б-гийн хариуцагч Р.Э-ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4 148 921 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Р.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь 2005 оны 7 сараас БНСУ-д 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Аньсон хотын буйдангийн үйлдвэрт ажиллаж байхдаа Монгол тауны 1 давхарт Капитрон банкны салбар ажиллаж байгааг мэдсэн. Ингээд 2006 оны 4 сард энд ажилладаг гэх Р.Э-тай уулзахад манайх хадгаламж авч байгаа, байрны урьдчилгаа мөнгөө ч хадгалуулж болно гэсэн. Тэгээд 2006 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 3 300 ам.долларыг “ХК” ХХКгэдэг газарт өгсөн. Тухайн үед солонгос хэл дээр бичсэн баримт өгсөн боловч олохгүй байгаа. Гэтэл Монголчуудын гаргадаг сониноос Р.Э-ыг эрэн сурвалжилж байгаа талаар олж мэдсэн. Р.Э-тай 2 удаа уулзахад цагдаад хандаад яах вэ гэсэн болохоор хүлээсэн. Дараа нь 2006 оны сүүлээр Р.Э-ыг Монгол явсан гэж сонсоод 2007 онд дүүдээ итгэмжлэл өгөөд цагдаад хандсан. Монголд 30 гаруй хохирогч байсан учраас Улсын мөрдөн байцаах газарт шалгуулсан. Би Солонгост 2013 оныг хүртэл ажилласан, 2014 онд улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгсөн, мөнгөө нэхэмжлэх гэхээр шалгаж байна гэсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн прокурор н.Амарсанаатай уулзахад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хохирлын талаар иргэний шүүхэд хандах хэрэгтэй гэсэн. Залилуулсан асуудал нь “Хадгаламж Кореа”, Капитрон банк хоёр хамтран ажиллах гэрээ байгуулж салбар нээж ажиллах байсан. Гэтэл 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Капитрон банк хамтран ажиллах үйл ажиллагаагаа түр зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байхад 2006 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Р.Э- нь 3 300 ам.доллар авч залилсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. Би 2005 онд БНСУ-д ажиллаж байхдаа Р.Э-ад 3 300 ам.доллар өгч зальдуулж хохирсон. Солонгос улсын эрүүгийн шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, 8 сарын хорих шийтгэл ногдуулсан боловч хохирлыг шийдээгүй. 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улсын Мөрдөн байцаах газарт гомдол гаргаж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Прокурорын 64 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Солонгос улсад ял эдэлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний нэхэмжлэгч, хохирогч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг аваад Р.Э-ын иргэний үнэмлэхний лавлагааны хаягаар гэрт нь очиход гадаадын иргэнд байраа түрээсэлсэн хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01201 дугаар шийдвэрээр түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Р.Э-аас 3 300 ам.доллар буюу 2006 оны Монгол банкны ханшаар 4 029 300 төгрөг, мөн эрэн сурвалжлахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 4 099 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2005 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Капитрон банк” ХХК-аас БНСУ-ын “ХК” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Би тухайн үед “ХК” ХХКкомпанид менежерээр ажиллаж байсан. Оффисын ажлыг цагийн ажилтнууд хийдэг байсан бөгөөд шаардлагатай үед “ХК” ХХКкомпанийн даалгаснаар ажилтнуудтай хамт ажилладаг, шийдвэр гаргах эрх бүхий захирал, албан тушаалтан биш. БНСУ-д “ХК” ХХК үйл ажиллагаагаа явуулж байсан учраас компаниасаа нэхэмжлэх ёстой. Зөвхөн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Би Ц.Б-г мэдэхгүй, компанийг төлөөлж олон хүнтэй харьцдаг байсан. Монголд цагдаагийн байгууллагад Ц.Б- хэзээ, хэнд, хэдэн төгрөг өгснөө санадаггүй гэсэн. 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэрээнд эрсдэлээ Капитрон банк хариуцахаар тусгаж, банкны ажилчдыг БНСУ-д байршуулан ажиллаж байсан. “ХК” ХХКкомпани тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд зар сурталчилгаа хийж хадгаламж, мөнгөн гуйвуулгын мөнгийг бүртгэж банкны ажилтанд тухайн өдөр нь хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусдаг байсан. Капитрон банкнаас “ХК” ХХКкомпанид 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйл ажиллагааг түр зогсоох албан бичиг ирүүлсэн. Хилийн чандад үйл ажиллагаа хамтран явуулж байгаа компанийг и-мэйлээр албан бичиг өгөөд маргааш нь хэдий хүртэл түр зогсохыг мэдэхгүй зогсолт хийхийг мэдэгдсэн. Капитрон банк, “ХК” ХХКкомпаниуд хамтран ажиллах дээрх гэрээний дагуу 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтын хүрээнд Капитрон банкны дотоод хяналтын хэлтсийн захирал Ж.Э, “ХК” ХХКкомпанийг төлөөлж Р.Э-, Р.Э нар хамтран 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдсэн. “ХК” ХХК нь БНСУ-д албан ёсны хуулийн этгээд байсан. Ц.Б- 4 029 300 төгрөгийг байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэх боломжтой байсан. “ХК” ХХКкомпанийн ажилтнаас иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлгүй, цаг хугацааны хувьд 2006 оноос хойш 14 жилийн дараа нотолгоогүй, баримтгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 551 дүгээр зүйлийн 551.2 дахь хэсэгт заасныг баримтлан Уртнасан овогтой Р.Э-аас /РД:СЭ70111911/ гэм хорын хохиролд 4 099 500 төгрөг гаргуулан, Цонгойл овогтой Ц.Б- /РД:МЗ72122070/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 80 542 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Р.Э- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс хариуцагч Р.Э- намайг илэрхий хохироосон шийдвэр гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь гадаад улсын тэр тусмаа эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Солонгос улсын шүүхээс шийтгэх тогтоол (шийдвэр гэсэн нэршилтэй) гараагүй төдийгүй уг шийдвэр гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Уг шийдвэрүүдийг анхан шатны шүүх нь Солонгос улсын шүүхээс аваагүй. Мөн уг баримтыг Солонгос улсын шүүхээс авсан гэсэн баримт хэргийн материалд байхгүй. Хэдийгээр прокурорын байгууллага тэмдэг дарсан ч эх хувиас хуулбарласан гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зүгээр хуулбарыг өгчихсөн нотлох баримтыг ч хэргийн материалд хавсаргаж л байдаг. Бас нэг зүйл бол Солонгосын шүүхийн шийдвэрүүдийнх нь эх хувь нь байхгүй. Хуулбарласан хувь байгаад байгаа боловч уг эх хувь нь мөн эсэх нь тодорхойгүй. БНСУ-ын шүүхийн шийдвэрт мөн Иргэн Ц.Б-гаас 3 300 ам.доллар авсан талаар дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Р.Э-ад холбогдуулан гэм хорын хохиролд 4 148 921 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад 4 099 500 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч мөнгийг аваагүй, банканд мөнгөө тушаасан бол “ХК” ХХК-аас нэхэмжлэх ёстой гэж татгалзал гаргасан.

 

            Нийслэлийн Прокурорын газрын архивын Эрүүгийн 20947219 дугаартай хэргийн материалаас гаргуулсан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаснаас үзвэл Р.Э- нь БНСУ-д 2006 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 3 300 ам долларыг Ц.Б-гаас залилан авсан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б-гийн 2006 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “ХК” ХХК-тай байгуулсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ” хэрэгт авагдсан, дансны дугаар нь 21 222424 гэж тэмдэглэгдсэн, хадгалагч компанийг төлөөлж Р.Э- гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд 2006 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 923 ам.доллар, 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 ам.доллар, 2006 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 680 ам.доллар, 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 700 /650+50/ ам.доллар тус банкны дансанд байршуулсан тэмдэглэл хийгдсэн баримт авагджээ. /хх75-77/

 

            Р.Э-ын дээрх байдлаар гэрээ байгуулсан, мөнгө хүлээж авсан хугацаанд Капитрон банк болон “ХК” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг болон Ц.Б- нь хамтран ажиллах гэрээний дагуу тус банкинд данс эзэмшээгүй болохыг “КБ” ХХКтодорхойлсон /хх-78, 89/, энэ байдлыг Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр Прокурорын тогтоолд дүгнэж, иргэний журмаар хохирлоо барагдуулах эрхтэйг дурджээ. /хх-12-15/

 

            Түүнчлэн, Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2007 Гу Дан 354 залилан хэргийн шийдвэр, Сөүл хотын төв орон нутгийн шүүхийн 1 дүгээр эрүүгийн танхимын 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2007 Ну 945 залилан хэргийн шийдвэр, Дээд шүүхийн 2 дугаар танхимын 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2007 Ду 5332 залилан хэргийн шийдвэрийг прокурор хэргийг эрүүгийн журмаар шалгах явцдаа баримтаар гаргуулсан нь хэрэгт авагдсан байна.  

 

Анхан шатны шүүх Бүгд найрамдах Солонгос улсын шүүхийн дээрх шийдвэрүүдийг хуулийн хүчин төгөлдөр  гэж үзэж, хариуцагчийн гэм буруу нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 551 дүгээр зүйлийн 551.2 дахь хэсгийг зөрчихгүй.

 

            Дээрхээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй, шүүх хохиролд 3 300 ам.доллар буюу 2006 оны Монгол банкны ханшаар 4 029 300 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 4 099 500 төгрөгийг хариуцагч Р.Э-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ