Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00189

 

     Т.Нгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Нгийн хариуцагч А.Гхолбогдуулан гаргасан 86 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн ___өмчлөх эрхээ А.Гшилжүүлж газрын үнийг 176 000 000 төгрөгөөр тохиролцсон. Газрын өмчлөх эрх шилжүүлэх үед 90 000 000 төгрөг авч үлдэгдэл 86 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Уг хугацаа өнгөрч А.Гаас үлдэгдэл төлбөрөө шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй, хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй. Одоо уг газар дээр барилга барьж ашиглалтад ороход бэлэн болсон.  2017 онд газрын үнээ буулгаж 180 000 000 худалдахаар болсон. Ганхавх эхний ээлжинд барилгын зөвшөөрөл хөөцөлдөх шаардлагатай учраас газар өмчлөх эрх нэр дээр шилжсэн байх шаардлагатай гэсэн тул “Транс Капитал” ББСБ-ийн 10 000 000 төгрөгийн  барьцааг А.Г өөрөө чөлөөлж би ямар ч мөнгө авалгүй газраа чөлөөлсөн. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 90 000 000 төгрөг урьдчилж аваад 90 000 000 төгрөгийн гэрээ хийж 2019 онд шилжүүлэхээр тохирсон. 90 000 000 төгрөгөөс ББСБ-аас зээл чөлөөлсөн 10 000 000 төгрөгийг суутгаж, А.Гын эхнэр Энхжаргалын нэр дээрх приус 20 маркийн 40-62 УБЦ улсын дугаартай автомашиныг 10 000 000 төгрөгт тооцож үлдсэн 70 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр шилжүүлэхээр болсон. 70 000 000 нь А.Гын баримтаар гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69 950 000 төгрөг юм. Уг автомашин нь 11 500 000 төгрөгийн үнэтэй. Харин үлдэгдэл 90 000 000 төгрөг дээр гэрээ хийх болоход А.Г 4 000 000 төгрөг хасаад 86 000 000 гэж гэрээ байгуулна 4 000 000 төгрөгийг бэлэн өгнө гэхээр нь зөвшөөрч 86 000 000 төгрөгөөр гэрээг байгуулсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэгэнт баримтад дурдаагүй тул нэхэмжлэх боломжгүй тул 176 000 000 төгрөгөөр зарсан гэж бичсэн. 4 000 000 төгрөгийн зөрүү нэхэмжлээгүй боловч анх 180 000 000 төгрөгөөр зарахаар тохирсон болох нь миний 80097204 дугаараас А.Гын 89171848 дугаарт бичиж байсан зурвасууд дээр тодорхой байгаа. Би гэрээнд заасан хугацаа дуустал хүлээгээд 2019 оны 05 дугаар сараас эхэлж үлдэгдэл төлбөрөө шаардсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд Т.Н газраа ББСБ-д алдах гэж байхад бид нар өөрийн хөрөнгөөр чөлөөлж авсан. Тухайн газарт ажлын байр барих санал тавьж байсан. 2017 онд тухайн газрыг 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Газрын үнийн дүн нь өссөөр 90 000 000 төгрөг болсон. Нэгэнт ярилцаж тохирсон учраас гэж бодоод барилгын А даалгавар болон техник хэрэгсэл, барилга барих зөвшөөрөл зэргийг удаан хугацааны турш хөөцөлдсөн. Манай эхнэр данснаасаа 70 000 000 төгрөг шилжүүлсэн. Барилгын ажил эхлэхэд мөнгөгүй гэх шалтгаанаар газраа чөлөөлж өгөхгүй байсан учраас 70 000 000 төгрөг шилжүүлэхээр болсон. Нотариатын төлбөрт 50 000 төгрөг төлж 69 950 000 төгрөг 2018 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Барилгын ажил эхлэх болоход газар чөлөөлөхгүй байсан учраас манай эхнэр газрын төлбөрийг нь төлөөд газраа чөлөөлүүл гэхэд би 69 950 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Приус машиныг 14 000 000 төгрөгт тооцон шилжүүлж, ББСБ-ийн зээлд 7 980 000 төгрөг төлж газрыг чөлөөлж авсан. Нийт 91 930 000 төгрөг төлсөн. Зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй газрыг таньдаг хүнээсээ авахгүй, газрын үнийг 176 000 000 төгрөгөөр тохироогүй. Хамгийн сүүлд 90 000 000 төгрөгөөр тохирсон. Тухайн үеийн зах зээлийн ханшаар уг газар 70 000 000 төгрөгийн үнэ хүрэхээр байдаг боловч бид найзын хувьд 90 000 000 төгрөгөөр үнэлж худалдан авч, газрын төлбөрийг төлсөн байхад нэмж 86 000 000 төгрөг төлөх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч А.Гаас 16 050 000 /арван зургаан сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлээс 69 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 238 200 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 онд газрын өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлэхдээ газрын үнийг аваагүй байсан. Харин газар дээр барилга барихад холбогдох зөвшөөрлүүдийг хөөцөлдөх үүднээс хариуцагчийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан учраас татвараас зайлсхийх зорилгоор 5 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, шилжүүлсэн боловч энэ мөнгийг бодитоор өгч аваагүй. Энэ талаар талууд маргадаггүй. Харин 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр газрын үнийг албан ёсоор шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд газрын үнийг шийдсэний эцэст газраа чөлөөлөх шаардлага тавьсан учраас газрын үнийг харилцан тохирохдоо өмнө нь газар чөлөөлөхөд өгсөн мөнгө, Намсрайн эзэмшилд шилжүүлсэн автомашиныг үнэд оруулан суутгах, уг өдөр бэлэн мөнгө авах, үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулж нотариатаар батлуулах гэсэн байдлаар тохирсон. Газар чөлөөлөх үед хариуцагчаас төлсөн 7 980 000 төгрөг, автомашиныг 10 000 000 төгрөгөөр үнэлэн газрын үнээс хасахыг талууд тохирсон. Мөн тухайн өдөр талууд хамт банк руу орж 69 950 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Талууд үлдэгдэл төлбөрийг хэдэн төгрөгөөр тогтоох, хэзээ яаж төлөх, яаж баталгаажуулах талаар харилцан тохиролцох боломжтой болсон тул 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Гэрээний чөлөөт байдлыг үндэслэн талууд хүсэл зоригоо харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Уг хэлцлийг хийх болсон үндсэн зорилго нь газрын үнийг тогтоох биш зөвхөн үлдэгдэл төлбөрийг яаж баталгаажуулах байсан тул уг хэлцэл нь газар шилжүүлэх хэлцэл биш зөвхөн төлбөр барагдуулах шинжтэй. Хэлцэлд өмнөх болон бэлэн шилжүүлсэн төлбөр дээр маргаангүй байсан. Мөн тухайн өдөр өгсөн 69 950 000 төгрөг Намсрайн дансанд шилжсэн байсан тул хэлцэлд энэ талаар тусгаагүй зөвхөн үлдэгдэл төлбөрийг хэзээ яаж төлөх талаар нөхцлийг оруулсан. Ийм учраас хэлцэлд газрын үлдэгдэл төлбөр гэсэн утгыг оруулж өгсөн нь тодорхой байгаа. Төлбөр төлөх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-нйи дотор барагдуулна гэж тусгасан. Нэгэнт хэлцэлд шаардлага гаргах хугацааг тодорхой тусгасан учраас энэ хугацаа хүртэл төлбөр шаардаагүй. Харин хугацаа дуусаж үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Шүүх талуудын хооронд байгуулсан газрын үлдэгдэл төлбөр барагдуулах хэлцлийг газрын үнэн тогтоосон гэж буруу дүгнэсэн. Газрын үнийг 107 980 000  төгрөгөөр тохирсон гэж талуудын хэн аль нь хэлээгүй нотлох баримтгүй тоог гаргасан. Үлдэгдэл төлбөр 16 950 000 төгрөгийг тогтоохдоо хэлцэл байгуулахын өмнө шилжүүлсэн 69 950 000 төгрөгийг хэлцлийн үнийн дүнгээс хасч гаргасан. Харин хэлцэлд уг хоёр үнийн дүнгийн талаар дурдаагүй зөвхөн үлдэгдэл 86 000 000 төгрөг болохыг тодорхой тусгасан. Хэрэв талууд газрын үнийг 107 000 000 төгрөг гэж тохироод хариуцагч хэлцэл байгуулсан өдөр 69 950 000 төгрөгийг төлөх байсан бол үлдэгдэл төлбөрийг 86 000 000 төгрөг биш 16 050 000 төгрөг гэж тохирох байсан. Нэгэнт өгсөн төлбөрийг жилийн дараа өгнө гэж хэлцэлд тусгахгүй гэдэг нь тодорхой. Харин хэлцэл хийсний дараа мөнгө өгсөн бол үлдэгдлийг тооцож 16 050 000 төгрөг гэж хэлцлийн үнийг тогтоох байсан. Хэлцэлд тусгасан хугацаанд бус өмнө нь үүрэг гүйцэтгэсэн байж боловч хэлцэл хийсэн өдрөөс хойш төлбөр барагдуулсан талаар ямар ч баримтгүй. Харин автомашин шилжүүлсэн хугацаа хэлцэл хийснээс хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор нэр шилжсэн боловч өмнө нь Намсрайн өмчлөлд шилжүүлсэн байсан. Үнийг газрын үнээс хасч тооцохоор тохиролцсон байсан талаар хариуцагч маргадаггүй. Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт газрын үнийг хэдээр тохиролцсон талаар асуухад тодорхой хариулдаггүй. Харин өмгөөлөгчтэйгээ ярилцаж байж 90.0 сая төгрөг гэж тохирсон харин одоо нэхэмжлэгчид илүү төлбөр өгчихсөн гэх тайлбар гаргаж байгаагаас харахад ямар ч үндэслэлгүй зүйл ярьж байгаа нь тодорхой байдаг. Нэхэмжлэгч газрын үлдэгдэл төлбөрөө авахаар хэлцэл байгуулж нотариатаар баталгаажуулбал хуулийн хүчин төгөлдөр болно гэдгийг мэдэж байсан тул энэ журмаар баталгаажуулсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгийн 69 950 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож уг газрыг барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч газрыг чөлөөлөхгүй, үндэслэлгүйгээр газрын үнийг нэмж байсан тул 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр газрын үнийг эцсийн байдлаар 90 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож талууд хэлцэл байгуулж, тухайн өдрөө 4 000 000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 86 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах, нэхэмжлэгч газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон. Хариуцагч хэлцэл байгуулсан өдрөө газрыг чөлөөлүүлж тус газарт барилгын ажлаа эхлүүлэх зорилгоор 69 950 000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5009037945 тоот дансанд шилжүүлж, газрыг чөлөөлж авсан. ББСБ-ын барьцаанд байсан тус газрыг чөлөөлөхөд 7 980 000 төгрөгийг хасч тооцсон ба үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн эхнэрийн 40-62 УНЦ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч анх газрын үнийг 50 000 000 төгрөгөөр тохирсон боловч барилгын бичиг баримт нь бэлэн барилга барьж эхлэхэд газрын үнийн үндэслэлгүйгээр нэмж 90 000 000 төгрөг болгосон. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй олон жил найз нөхөд байсан, нэгэнт барилга барих зөвшөөрөл бэлэн болсон учраас 90 000 000 төгрөгөөр худалдаж авахаар хэлцэл байгуулсан. 176 000 000 төгрөгөөр газрын үнийг тохирсон зүйлгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй. Шүүх газрыг худалдах үнийг 107 980 000 төгрөгөөр тохирсон гэж үзсэн нь учир дутагдалтай. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн үндсэн зорилго нь газрын үнийг ойлгомжтой болгох байсан. Нэхэмжлэгч нь газрын үнийг үндэслэлгүйгээр нэмж, төлбөрийг эцсийн байдлаар хэзээ төлж барагдуулах, газрыг яаралтай чөлөөлж, суллахад оршиж байсан бөгөөд талууд хариуцагчийн эхнэрийн өмчлөлийн автомашиныг 14 000 000 төгрөгт тооцуулан газрын төлбөрөөс хасуулах тухай хэн аль нь хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэлцэл хийснээс хойш төлбөрт тооцуулан шилжүүлсэн нь баримт хэрэгт авагдсан байхад шүүх автомашиныг иргэд хоорондын хэлцэл хийхээс өмнө газрын төлбөрт тооцсон гэж газрын төлбөр 86 000 000 төгрөгөөс хасч биш нэмж тооцсон, мөн 90 000 000 төгрөгт 7 980 000 төгрөгийг оруулж тооцсон талаар зохигчид тайлбарлаж хэлсээр байхад 86 000 000 төгрөгт нэмж тооцсон нь учир дутагдалтай болсон. Иймд шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 16 050 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Гхолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 86 000 000 төгрөг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ ...байрлах газар өмчлөх эрхээ А.Г176 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон,  үлдэх 86 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр авахаар хэлцэл байгуулсан” гэж тайлбарлажээ. /хх1/

Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

Талууд газрын төлбөрт 69 950 000 төгрөг дансаар шилжүүлсэн, приус автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн, ББСБ-ын зээлд 7 980 000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй. Харин гэрээний нийт үнэ хэд болох, үлдэгдэл төлбөрийг төлж дууссан эсэх талаар маргаж байна. /хх139-140/

Хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо Данзангийн гудамж 10 тоот хаягт байрлах газрын үлдэгдэл үнэ 86 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлж өгөх” тухай гэрээ, мөн өдөр хариуцагчаас “газрын үнэ” гэх утгаар 69 950 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт байна. /хх4, 32/

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн үлдэгдэл 86 000 000 төгрөг төлөх баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгодог бол хариуцагч уг баримтыг үйлдсэн өдөр 69 950 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн приус автомашиныг 14 000 000 төгрөгт тооцож өгсөн, нэхэмжлэгчийн ББСБ-д төлөх 7 980 000 төгрөгийн зээлийг төлж газрын үнэ бүрэн төлөгдсөн гэж үгүйсгэдэг. /хх1, 33/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх гэрээний үгийн шууд утгаар талуудыг гэрээний үнийг 86 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 69 950 000 төгрөгийг 86 000 000 төгрөгийн хэлцэл байгуулахаас өмнө шилжүүлсэн үү, эсхүл хэлцэл байгуулсны дараа шилжүүлсэн үү гэдгийг тодруулах шаардлагатай. Шүүх уг үйл баримтын талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69 950 000 төгрөгийг тухайн өдрийн хэдэн цаг, хэдэн минутад шилжүүлсэн болохыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 86 000 000 төгрөг төлөх хэлцлийг байгуулахаас өмнө 69 950 000 төгрөг төлөгдсөн эсэхийг нотариатчийн ажиллагаа хийсэн цаг хугацаа, банкаар мөнгө шилжүүлсэн цаг хугацаатай харьцуулан үзэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/03523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508 000 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                     

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

 

      ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ