Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00207

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1956 дугаар магадлалтай,

            Д ийн нэхэмжлэлтэй,

            А , А  нарт холбогдох

        Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч нараас 79,920,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А , хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 02 сарын 03-ны өдөр А , А  нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46А байрны 23 тоотод байрлалтай, 64 м.кв талбайтай орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 55,250,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 83,586,650 төгрөгийг 2019 оны 06 сарын 03-ныг хүртэлх хугацаанд Хаан банкнаас авсан А ын зээлийн төлбөрт сард 2,560,000 төгрөг төлөх байдлаар төлж дуусгахаар тохиролцсон. Улмаар 2015 оны 03 сарын 03-наас 2015 оны 11 сарын 03-н хүртэл 23,040,000 төгрөг төлсөн. Бид орон сууцны үнийг 140,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч Хаан банканд энэ графикаар төлвөл нийт төлөх үнийн дүн нь 145,691,292 төгрөг болж, уг байрыг 200,941,292 төгрөгөөр авах болж байгаа нь намайг 60,941,292 төгрөгийн алдагдалд оруулахаар байна. Би анх ойлгохдоо урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх нь таатай нөхцөл байна хэмээн төөрөгдөж уг гэрээг хийхдээ ийм их зөрүү нэмж төлнө гэдгээ мэдээгүй. Уг дэлгүүрийн байрыг анх надад зарахдаа өндөр ашиг олдог гэж итгүүлэн доторх хөлдөөгчийг хамт өгсөн боловч тэдгээр хөлдөөгч нь бусад компанийн хөрөнгө байсны улмаас тэдгээр хөлдөөгчийг эзэд нь ирж авсан. Тус дэлгүүрийг ажиллуулахад А ын хэлсэн шиг байгаагүйн улмаас би 2015 оны 12 дугаар сараас эхлэн “Хаан банк” ХХК-ийн зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Би энэ байрыг зарж, эсвэл барьцаанд тавьж “Хаан банк” ХХК-ийн өрийг барагдуулъя гэсэн боловч уг байр болоод зээлийн гэрээ нь А ы нэр дээр тул надад байрыг зарах, түрээслэх, барьцаанд тавих ямар ч эрх үүсэхгүй байна. Орон сууцны нийт талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс зөрүү 12,81 м.кв-ын үнэ 28,021,500 төгрөгийг байр худалдан авсан үнээс хасуулж тооцох шаардлага гаргасан ч уг шаардлагаас татгалзаж нэхэмжлэлээ өөрчилсөн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах талаар зохицуулсан байгаа. Энэ нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасныг зөрчсөн. Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн нотариатч баталсан. Хэрэв нотариатч энэ үйлдлийг хийхээс татгалзсан бол гэрээ хийгдэхгүй байсан. Мөн хуулийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүй тооцно гэж заасан байх тул гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хэдийгээр гэрээг нотариатаар батлуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 171.2 дахь заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгохоос өмнө гэрээг байгуулсан ба, банкнаас зөвшөөрөл аваагүй учир зөрчиж хийсэн хэлцэл юм. Иймд 2015 оны 02 сарын 03-ны худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч нарт бэлэн өгсөн 55,250,000 төгрөг, А ын нэр дээрх “Хаан банк” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 24,040,000 төгрөг, нийт 79,920,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А  өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 16А байрны 23 тоот байрыг өөрийн төрсөн ах А ын хамт иргэн Д тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 243.1 дэх заалтыг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 02 сарын 03-ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу Д ийн эзэмшилд байрыг өгсөн. Тус найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллаж байсан байрыг зах зээлийн ханшаар тооцож нийт 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа 45,250,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгт автомашин оролцуулж, үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж, 2019 оны 06 сарын 03-нд төлж барагдуулж дуусгахаар тохиролцсон. Төлбөр барагдуулж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд Д ийн эзэмшилд байгаа байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Тухайн үед Д  нь бэлэн мөнгө байхгүй учир дэлгүүрээ ажиллуулаад, үлдэгдэл төлбөрөө хүүгийн хамт төлчих таатай нөхцөл байна гэж байсан. Д  нь гэрээ байгуулсан цагаасаа эхлэн зээлийг хугацаанд нь биш бага хэмжээгээр төлж байсан ба, 2015 оны 09 сарын 10-ны өдрөөс хойш зээлийг огт төлөхөө байсан. Түүний Хаан банканд нийт төлсөн мөнгөн дүн 23,040,000 төгрөг, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 69,056,617 төгрөг, хүүгийн төлбөрт 42,721,233 төгрөгийг тус тус төлөхөөр байгаа. Хаан банкнаас энэ зээлийн төлбөрт А ын нэр дээрх өөр данснаас 500,000 төгрөгийг, эхнэр Ч.Нацагдэмбэрэлийн данснаас 437,950 төгрөгийг татан авсан. Д ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн хүүнд 42,721,233 төгрөг, данснаас татан авсан 937,950 төгрөг, дэлгүүрт байсан барааны үнэ 10,000,000 төгрөг, 2015 оны 07 сарын 29-ний өдөр Хаан банкнаас зээлийн төлөлтөд А  10,000,000 төгрөгийг өөрөөсөө төлж, Д ээс 7,680,000 төгрөгийг авч, зөрүү мөнгө болох 2,320,000 төгрөгийг өөрөөсөө төлж, нийт 55,979,183 төгрөгийн хохирол учирсан. Д  нь тухайн байрыг дэлгүүрийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, бид бүхэнд хохирол учруулчихаад өөртөө хохирол учирсан, өөрийгөө төөрөгдсөн, хамт өгсөн хөргөгчүүд өөр компанийнх байсан мэтээр шүүхэд хандсан байна. Тэрээр гэрээ байгуулахдаа охиныхоо хамт харилцан тохиролцож гэрээ хийж байсан, хөргөгчүүд нь дэлгүүр бүрт байдаг аж ахуй нэгжүүд өөрсдийн хөргөгчөө байрлуулан бүтээгдэхүүнээ зардаг зайрмаг болон ундааны хөргөгч байсан. Худалдах-худалдан авах гэрээг хийхдээ хоёр тал Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийллээ харилцан илэрхийлсэн. Харилцан хүсэл сонирхлын илэрхийллээ хүлээн авсан. Д  өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийгөө ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж мэдүүлсэн боловч гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа харилцан тохиролцсоноо хүлээн зөвшөөрсөн, үнийн дүнгээ мэдэж байсан. Гэрээний нэмэлт нөхцөлийн дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд Д ийн өмчлөх эрхэнд үл маргах журмаар шилжүүлэх гэсэн үйлдлээ хууран мэхлэгдсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 58.2, 58.3-т заасан ноцтой төөрөгдөл гэх тохиолдлыг агуулаагүй, хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинж байхгүй, Иргэний хуулийн 56, 57 заасан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар ч нөхцөл байхгүй тул гэрээг хэвээр үлдээж, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор хангаж өгөхийг хүсье гэжээ.

           Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Хаан банк” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний талаар, уг байрыг худалдаж авсан эсэхэд дүгнэлт хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд ямар хэлцэл хийснийг нь мэдэхгүй. Харин Зээлийн гэрээний тухайд А , А  нар болон “Хаан банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан. Зээлийн барьцаанд А ы өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлийг хэн төлсөн, хэн нь яагаад төлөөгүй вэ гэдэг нь энэ хүмүүсийн хоорондын асуудал. Одоо зээл төлөлт нь муудсан тул банк шаардлагаа гаргах байх. Эцсийн байдлаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээнэ. Банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцаа худалдсан асуудал яригдаж байна. Банкны зээлээ бусдад шилжүүлэх замаар барьцаа хөрөнгөө худалдаж байгаа нь ямар хэлцэл вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Ийм байдлаар хийсэн хэлцэл хүчин төгөлдөр мөн, биш гэдэгт шүүх дүгнэлтээ өгөх байх. Банкны зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, хариуцагчийн тайлбарыг дэмжих гэсэн байр сууринаас оролцохгүй. Одоо энэ зээл муудсан учир банк нэхэмжлэлийн шаардлагаа гаргахад бэлтгэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад банкны зүгээс зээлдэгч нарт холбогдуулан гаргах бөгөөд, үлдэгдэл төлбөр нь Д т ямар ч хамааралгүй, зээлдэгч нараас төлбөрөө нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана. Банк хуулийн дагуу зээл олгосон, хуульд заасан шаардлагын дагуу барьцааны гэрээ байгуулсан. Шүүх шийдвэрээ гаргахдаа гуравдагч этгээдийн эрх ашгийг үндэслэл болгон гаргаасай гэж хүсч байна гэжээ.

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А , А  нарт холбогдох 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч нараас 79,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д  нь 1,570,449 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.                             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1956 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1956 магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээг талууд ИХ-ийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн байгуулсан. ИХ-ийн 234.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилжээ” гэж тодорхойлсноос харахад маргаан бүхий гэрээ нь анхнаасаа ИХ-ийн 243.1 дэх хэсгийг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн мэт боловч энэ талаар тодорхой дүгнэлтийг өгөөгүй орхисон шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглээгүй болох нь харуулж байна. ИХ-ийн 243.1 дэх хэсэг нь гэрээний талууд харилцан үүрэг хүлээх харьцаа бөгөөд дээрх харьцаа нь гэрээний төрлийг тодорхойлох, гэрээг тодотгох бүх төрлийн үндсэн үүрэгт хамаарахаар онолын хувьд тодорхойлсон байдаг. ИХ-ийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдагчийн хувьд эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд, бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа нь ИХ- ийн 243.1 дэх хэсгийг илтэд зөрчиж байна. Хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн өмчлөлд гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх шилжигдээгүй, Хаан Банканд хариуцагч нарын нэр дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан нь “эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид“ шилжүүлсэн болохыг нотолж байна.ИХШХШТХ-д заасны дагуу хэргийг тал бүрээс нь бодиттой үнэлж үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй. Маргаан бүхий гэрээний үнийг талууд 140,000,000 гэж тодорхойлсон талаар хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгч гэрээний хүсэл зоригоо 140,000,000 төгрөгөөр хариуцагч нараас эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар илэрхийлсэн байхад шүүх 2015.02.03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохиролцоогүй зээлийн эргэн төлөлтийн графикийг хүлээн зөвшөөрсөн тул ИХ-ийн 58-р зүйлийн 58.3.3, 58.3.4 -ийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь шүүх хавтаст хэрэгт болон гэрээнд авагдаагүй нотлох баримтыг хуулийн дагуу авагдсан нотлох баримт байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шинжийг илтэд үгүйсгэж байна. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх нь хариуцагч болон Хаан банкны хооронд байгуулсан ЗГ-14/065 тоот зээлийн гэрээ, түүний хавсралт зээлийг эргэн төлөлтийн хуваарийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд Хаан Банк ХХК-ийн төлөөлөгч тодорхой хэлсээр байхад дээрх тайлбарт шүүх бодитой дүгнэлт хийгээгүй нь хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн болохыг харуулж байна.

Нэхэмжлэгч тухайн орон сууц банкны барьцаанд байгааг мэдэж байсан, мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээндээ тусгасан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй. Гэрээнд үлдэгдэл 83,586,650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019.06.03 өдрийг хүртэл сар бүрийн 2,560,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч үүрэг хүлээсэн байх ба үүнд Хаан банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх тухай ямар нэгэн үүргийг заагаагүй байгаад давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ноцтой төөрөгдсөн нөхцөл нь дээрх үлдэгдэл төлбөрийн тооцоолол бөгөөд 52 сарын турш 2,560,000 төгрөгийг төлөөд 83,568,650 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлж дуусгана гэж тухайн үед төөрөгдсөн нь ИХ-ийн 58-р зүйлийн 58.2.1, 58.3.1, 58.3.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал мөн байхад давж заалдах шатны шүүх дээрх хэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой хохирч байна. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг банкны барьцаанд байгаа мэдсэн хэдий ч хариуцагч нарын Хаан банк ХХК-д төлбөл зохих 133,120,000 төгрөгийн үүргийг тэдгээрийн өмнөөс төлөхөөр үүрэг хүлээж байгаагаа мэдээгүй, мэдэх боломжгүй ба зөвхөн хүнсний дэлгүүр ашиг орлоготой, үлдэгдэл төлбөрөө цувуулан төлөх сайхан боломж гэх хариуцагч нарын үг, тэдгээрийн хувийн шинж байдалд итгэн гэрээний үр дагаварт илэрхий төөрөлдсөн нь талуудын хооронд байгуулсан гэрээ, Хаан банк, хариуцагч нарын хоорондох зээлийн гэрээ, гуравдагч этгээдийн  тайлбаруудаар хангалттай нотлогдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад нэхэмжлэгчийг гэрээний үнийг даруй 49,533,350 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчид төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь шүүх гэрээг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэрээний үнийн дүн зөв тооцоолоогүй, гэрээнд байхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэгчийг зөвхөн хариуцагчийн тайлбараар гаргаж нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн, маргаан бүхий гэрээ нь нэрлэсэн гэрээ байсаар байхад худалдан авагчийг гуравдагч этгээдийн өмнө худалдагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгэх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал бүхэлдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй болохыг харуулж байна. Нотариатын тухай хуулийн 7.3 дахь заалтыг зөрчсөн нотариатын үйлдлийг мөн хуулийн 31.3-т зааснаар нотариатчийн дээрх үйлдлийг шүүх хүчингүйд тооцохоор хуульчилсан байна. Худалдах, худалдан авах гэрээний гол хүсэл зориг нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө маргаан бүхий орон сууцыг бүрэн шилжүүлэн авснаар эрхийн доголдол арилах бөгөөд зөвхөн эзэмшиж байгаа өмчлөх эрхийн доголдолгүй гэж шүүх дүгнэсэн нь мөн ИХ-ийн 243.1-ийг ноцтой зөрчиж байгаа тул нийслэлийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч А , А  нарт холбогдуулан 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг  хүчингүй болгож, худалдан авсан орон сууцны талбайн зөрүү 12,81 м.кв-ын үнэ 28,021,50.00 төгрөгийг байр худалдан авсан үндсэн үнэ 140,000,000.00 төгрөгөөс гаргуулах шаардлага гаргасан.

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нартай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээний дагуу бэлэн өгсөн 55,250,000.00 төгрөг, А ын нэр дээрх Хаан банкны зээлийн төлөлтөд төлсөн 24,040,000.00 төгрөг, нийт 79,920,000.00 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилсөн байна. 

Хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, ... Д тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, эзэмшилд нь байрыг өгсөн, ...нийт 140,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, ...үлдэгдэл 83,586,650.00 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сард 2,560,000 төгрөгөөр төлж, 2019 оны 06 сарын 03-нд төлж барагдуулж дуусгахаар тохиролцсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон гуравдагч этгээд  “...зохигчдын хооронд ямар хэлцэл хийснийг нь мэдэхгүй, харин А , А  нар “Хаан банк” ХХК-аас авсан зээлийн барьцаанд А ы өмчлөлийн орон сууцыг барьцаалсан” гэжээ.    

2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А , А  хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоот дахь 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц буюу үйлчилгээний зориулалттай байрыг 140,000,000.00 төгрөгөөр Д ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, байр Д ийн эзэмшилд шилжсэн байна.  /хх-9/

Дээрх гэрээний зүйл болох орон сууц нь “Хаан банк” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаарх нөхцөл гэрээнд тусгагдсан, төлбөрийн урьдчилгаа 55,250,000.00  төгрөгийг худалдагч нь авсан, гэрээний үлдэгдэл 83,586,650.00 төгрөгийг худалдан авагч Д  хариуцагч нарын авсан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2,560,000.00 төгрөгөөр, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлж дуусгаснаар өмчлөх эрх үүсч, зээлийн үүрэг дууссаны дараа А , А  нар орон сууцыг үл маргах журмаар Д ийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцсон дээрх 2 өрөө орон сууц нь хариуцагч А ы өмч бөгөөд хариуцагч А ын “Хаан банк” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байна.

Зохигчид гэрээний үнийн талаар өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гаргаж маргасан байх бөгөөд анхан шатны шүүх Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч А  нь өөрийн авсан 91,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлийг бусдад худалдаж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийг сольж байгаа тухай үүрэг гүйцэтгүүлэгч “Хаан банк” ХХК-д мэдэгдсэн эсэх,  зээлдэгчийн үүрэг нэхэмжлэгчид шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагчийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 83,586,650.00 төгрөг байсан ба талууд гэрээний зүйлийн үнийг 140,000,000.00 төгрөг байхаар тодорхойлсон, нэхэмжлэгч нь урьдчилгаа 55,250,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 83,586,650.00 төгрөгийг сар бүр 2,560,000.00 төгрөгийг банканд төлж дуусгаснаар гэрээний зүйл болох орон сууц нь худалдан авагч Д ийн өмчлөлд шилжихээр тохиролцсон байна.

Түүнчлэн дээрх гэрээнд Д  нь шилжүүлэн авсан зээлээ 2019 оны 06 сарын 03 хүртэл төлж дуусгаснаар өмчлөх эрх үүснэ гэжээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А , А  нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах буюу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний урьдчилгаа төлбөр болон банкны зээлийн хүүд төлсөн нийт 79,920,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргахдаа ...их хэмжээний зөрүү төлнө гэж мэдээгүй, хууран мэхлэгдсэн, төөрөгдсөн, анх зарахдаа өндөр ашиг олдог гэсэн боловч ашигтай байгаагүй, хөлдөөгчийг хамт шилжүүлнэ гэсэн боловч өөр этгээд авсан гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох 2 өрөө орон сууцтай холбоотой шаардлагад нэхэмжлэгч нь нийт 79,920,000.00 төгрөг гаргуулахдаа худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа, эсхүл ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн аль үндэслэлээр гаргаж байгаа нь ойлгомжгүй, гэрээний зүйлийг хэрхэх буюу хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1956 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН