Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 469

 

                                                               У.Даваасүхэд холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

ялтан У.Даваасүхийн өмгөөлөгч Ж.Баярсайхан, Д.Өлзийхишиг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан, Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Даваасүхэд холбогдох эрүүгийн 201626010163 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хиад боржигон овогт Улаанбандийн Даваасүх, 1997 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТК97032417/,

У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна “О.Бат-Эрдэнийг цохилоо” гэсэн шалтгаанаар М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: У.Даваасүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Даваасүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, У.Даваасүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар У.Даваасүхээс 1.674.130 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнд олгож, М.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлээс 489.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэрээр цаашид гарах гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, У.Даваасүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан У.Даваасүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...сургуулийн үүдэнд М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнийг цохиод хамраас нь цус гаргасан байхыг хараад би тэднийг эвлэрүүлэх гэж очсон. Тэгэхэд М.Лхагвасүрэн муухай хараад зогсоод байсан ба намайг цохих гээд гараа далайхад Б.Мөнхдэлгэр миний цүнхнээс татсан. Би хойшоо татагдахдаа гараараа Д.Монголбаярын мөрийг шүргээд М.Лхагвасүрэнгийн шанаан тус газарт хальт цохисон. Энэ үед М.Лхагвасүрэн ямар нэг зүйл дуугараагүй, унаж бэртээгүй. Маргааш өглөө нь намайг цагдаагийн 2 ажилтан аваад явсан ба миний цохисноос болж М.Лхагвасүрэн эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа гэж хэлсэн. Харин Д.Монголбаяр, С.Баттулга нар надад “Чамайг М.Лхагвасүрэнг цохьчихоод явсны дараа бид хэд “PC” тоглоомын газарт тоглож байгаад гэр, гэр лүүгээ явсан” гэж хэлсэн. Иймээс цахилгааны ангийн Б.Мөнхдэлгэр, гагнуурын ангийн Д.Монголбаяр, С.Баттулга нарыг гэрчээр татан оролцуулах, мөн миний нэг удаагийн цохилтонд М.Лхагвасүрэн хүнд гэмтэл авах боломжгүй учраас түүний биед дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн намайг цагдан хоригдож байх хугацаанд миний эх М.Лхагвасүрэнтэй “Хархорин” зах дээр тааралдахад тэрээр зүв зүгээр алхаад явж байснаа эхийг маань таниад зугтсан байдаг. Эх маань тухайн дүр зургийг гэрэл зураг, видео бичлэгт буулгаж авсан байгаа. Иймд эдгээр байдлыг дахин шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

Ялтан У.Даваасүхийн өмгөөлөгч Ж.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн. Иймээс У.Даваасүхэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах санал гаргаж байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч нараас У.Даваасүх нь хохирогч М.Лхагвасүрэнгийн толгойн зүүн талын аль хэсэгт цохисон талаар янз бүрээр харилцан зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгах,

2.   Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч А.Амгаланболд зөвхөн өөрийнхөө гаргасан дүгнэлтийн хэмжээнд мэдүүлсэн нь хангалтгүй бөгөөд уг хэрэгт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж анхны шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, шанаанд болон зүүн чихний дээд хэсэгт цохиход хүнд зэргийн гэмтэл учирч болох эсэх, хүний мөрийг шүргэж цохиход цохилтын хүч саарах эсэх, ямар эмчилгээ, мэс ажилбарын үр дүнд зүүн мөчдийн саажилт бүрэн эдгэрэх эсэх асуудлыг тодруулах шаардлага тус тус байна. Дээрх саналыг миний бие анхан шатны шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоогоогүй ба үүнийг тогтоох нь хохирол, төлбөрийн асуудалд нөлөөлнө гэж үзэж байна.

3. Хэргийн материалд эмчилгээ, эм тарианы зардалд 915.100 төгрөг, шатахууны зардалд 173.300 төгрөг нийтдээ 1.088.400 төгрөгийн хохирлын баримтууд цугларсаны гадна, уг баримтууд дотор 1 өдөр 2 удаа шатахуун авсан баримт байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч миний гаргасан хохирлын тооцоо, анхан шатны шүүхийн гаргасантай зөрдөг.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нягтлан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан У.Даваасүхийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг хангалттай нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэргийн материалаас үзэхэд У.Даваасүх нь анхнаасаа хохирогч М.Лхагвасүрэнг хүчтэй цохиогүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Түүнчлэн гэрч О.Бат-Эрдэнэ, Б.Мөнхдэлгэр, Д.Монголбаяр нарын мэдүүлгээс үзэхэд У.Даваасүх нь М.Лхагвасүрэнг цохих үед Б.Мөнхдэлгэр хажуунаас нь татаад, улмаар гар нь Д.Монголбаярын мөрийг шүргэж цохисон болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл цохилтын хүч нь саарч, хүчтэй биш цохисон нь нотлогдож байх ба уг цохилтын улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учрах эсэх нь эргэлзээтэй байна.

Дээрх эргэлзээг арилгахаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг, мөн шинжээч эмч А.Амгаланболдоос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж тодруулах хэд хэдэн асуудлыг асуулгүй тус тус орхигдуулсан. Мөн хохирогч шүүх хуралдаанд тэргэнцэр дээр сууж ирсэн атлаа бусад үед тэргэнцэргүй, эрүүл саруул алхаад явдаг байдлаас үзэхэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөн хохирогч ямар нэгэн суурь өвчтэй байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнийг түлхүүрээр хатгасан үйлдлийн улмаас биед нь ямар гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй. Эдгээрийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Би энэ оны 6 дугаар сарын сүүлчээр алхдаг болсон. Эрүүл мэндийн байдал муудсан мэтээр жүжиглээгүй. Одоо миний зүүн гар хөдлөхгүй, татанги байдалтай байгаа...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Миний хүүхдийн эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж байгаад гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан. Шинжээч эмч А.Амгаланболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар нарийн тайлбарлаж, шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нарын тавьсан асуултанд тодорхой хариулт өгч байсан. Иймээс энэ талаар маргах зүйлгүй. Ялтны өмгөөлөгч Ж.Баярсайхан нь анхан шатны шүүх хуралдаанд хохирлын асуудлаар маргаж, зарим баримтуудыг үнэлэхгүй байх талаар мэдүүлж байсан бөгөөд шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хассан. Өмгөөлөгч Ж.Баярсайхан нь өөрөө хохирлын тооцоогоо гаргасан юм бол түүнийхээ дагуу хохирол төлбөрийг төлүүлэх боломжтой хугацаа өнгөрсөн. Гэтэл ялтны зүгээс мөрдөн байцаалтын шатанд 100.000 төгрөгийг хохирогчид өгснөөс өөр хохирлын мөнгө өгөөгүй байгаа. Түүнчлэн хохирогч М.Лхагвасүрэн нь толгойндоо цохилтыг авсныхаа дараа хэн нэгэнтэй юм ярилгүй, толгойгоо даран явсаар гэртээ харьсан тухай хамт явсан гэрч Д.Монголбаяр, С.Баттулга нар мэдүүлдэг. Иймээс хохирогч М.Лхагвасүрэнг цохиулсныхаа дараа РС тоглоомын газарт найзуудтайгаа тоглохоор явсан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан бөгөөд гэрч нараас У.Даваасүхийн цохисон үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн, мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байна. Шинжээч эмч А.Амгаланболд шүүхийн хэлэлцүүлэгт “...толгойн зүүн талдаа цохиулсаны улмаас тархи цалгиж баруун талын ханыг цохисноор тухайн талдаа гэмтэл үүссэн...” гэж тодорхой мэдүүлсэн. Үүнээс үзэхэд толгойн зүүн талын аль хэсэгт цохисноос үл хамааран гэмтэл үүсэх боломжтой болох нь харагдаж байна. Хүн, хүний бие махбодийн цохилт хүлээн авах чадвар өөр өөр байх тул цохилтын хүчийг хэмжих зэргээр туршилт явуулах боломжгүй юм. У.Даваасүх нь тус сургуулийн оюутны зөвлөлийн дарга бөгөөд бусад оюутнуудад тавих зүй ёсны шаардлагаа хэтрүүлсэн үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Иймээс хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.           

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн гадна, У.Даваасүхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг бүх талаас нь бодитой байдлаар нь хянаж үзээгүй, шалгах, нотлох ажиллагаа гүйцэт хийгдээгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

У.Даваасүхийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, … “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна “О.Бат-Эрдэнийг цохилоо” гэсэн шалтгаанаар М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэж прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

“Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн коридорт насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн нь өөрийн ангийн хүүхэд болох О.Бат-Эрдэнэд “Түлхүүрээр нүд рүү минь хатгалаа” гэх шалтгаанаар уурлан, түүний хамар луу нь гараараа цохисон, О.Бат-Эрдэнэ нь тус төвийн хашааны гадна цусаа арчин зогсож байх үед У.Даваасүх түүн дээр очиж уулзаад, улмаар М.Лхагвасүрэнг дуудаж “Ангийнхаа хүүхдийг зодлоо” гэж өөрт хамааралгүй асуудалд оролцон, “Муухай харж зогслоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Иймд У.Даваасүхийн гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлтийг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай. 

Мөн хавтаст хэргийн /7 дугаар хуудас/ материалд, Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл бүртгэлийн системээс авсан баримтанд  У.Даваасүх нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон талаар бүртгэгдсэн байх тул холбогдох баримт бичгийг цуглуулан, шалгаж, түүний хувийн байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох шаардлагатай.

Үүнээс гадна энэ гэмт хэргийн хохирогч нь 14 настай, холбогдогч нь 18 настай байсан, тэд сургуульд сурч байх хугацаандаа гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэргийг үйлдсэн тул тэдгээрийн сургууль “Шинэ үе” мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар татах эсэхийг тогтоох зэрэг тогтоол гаргахад ач холбогдолтой, хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай нэмэлт ажиллагааг мөрдөн байцаалтаар гүйцэтгүүлэх шаардлагатай байна.

Иймээс анхан шатны шүүхийг У.Даваасүхэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4-т заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг бүрэн шалгаж, тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнийг буруу гэж үзлээ.

Шүүх эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах бусад үндэслэл зааж маргасан ялтан У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан, Д.Өлзийхишиг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхилоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Даваасүхэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорын газарт очтол У.Даваасүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

                                                                                                     Д.МӨНХТУУЛ