Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 7

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэнданзан,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,

насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0234)

шүүгдэгч У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0217)

шинжээч эмч А.Амгаланболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хиад боржигон овогт Улаанбандийн Даваасүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010163 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хиадборжигон овогт Улаанбандийн Даваасүх, Дархан-Уул
аймгийн Хонгор суманд 1997 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Шинэ үе мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын 1а ангид суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 8 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТК97032417.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн
орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Шинэ үе мэргэжил сургалт
үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна О.Бат-Эрдэнийг цохилоо гэсэн
шалтгаанаар М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь
Тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цусан
хураа, зүүн талын мөчдийн саажил тархины хаван бүхий хүнд гэмтэл санаатай
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Даваасүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээлээ тараад 15 цагийн үед би Мөнхдэлгэр, Отгоо, бас өөр нэг хүүхэдтэй хамт гараад явж байхад Бат-Эрдэнэ сургуулийн үүдэнд цустай холилдоод зогсож байсан. Би Бат-Эрдэнээс юу болсон талаар асуухад хажуу талаас нэг нь Лхагвасүрэн Бат-Эрдэнийг цохисон гэж хэлэхээр нь би Лхагвасүрэнг дуудаад яагаад ангийнхаа хүүхдийг дээрэлхээд байдаг юм бэ, нэг ангийн хүүхдүүд байж нэг нэгийгээ өмөөрдөг байхад гэж хэлсэн. Лхагвасүрэн хажуу тийшээ муухай хараад зогсоод байхаар нь  би уурлаад нэг удаа зүүн талын чихнийх нь ард цохьсон. Намайг цохих үед Мөнхдэлгэр миний гараас татаад миний цохилтын хүчийг сулруулсан. Би Лхагвасүрэн, Бат-Эрдэнэ нарыг эвлэр гээд хооронд нь гар бариулаад салцгаасан гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 12 сарын 30-нд хичээлээ тараад шүүгээнээсээ хувцасаа авах гээд доошоо тонгойтол манай ангийн О.Бат-Эрдэнэ миний нүд рүү түлхүүрээр хатгасан. Би Бат-Эрдэнэд уурлаад нэг цохиход хамраас нь цус гарсан. ...сургуулийн хашаанаас гараад явж байхад Даваасүх намайг араас дуудаад нэг удаа цохьсон. Миний толгой өвдөөд арай гэж гэртээ орсон. Манай 2 настай дүү намайг агаа бохь авч ирсэн үү гэж асуухаар нь би авч ирээгүй гэж хэлэх гэхэд хэлж чадахгүй ам татсан. Манай ээж намайг архи уусан юм уу гэж асуухаар нь толгой сэгсэрсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

            Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сургууль дээрээ хичээл орж...15 цаг өнгөрөөж тарсан. Хичээл тарж хувцасны шүүгээнээс хувцасаа авах гэж байтал манай ангийн О.Бат-Эрдэнэ шүүгээнийхээ түлхүүрээр миний нүд рүү хатгасан, би тэр үед уурлаад О.Бат-Эрдэнийн хамар луу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би сургуулиас гарч гадна хашааны хаалгаар гарч явтал У.Даваасүх миний араас ирээд зүүн талын чихний дээд хэсэг чамархайд 1 удаа гараараа цохисон. ...тухайн үед У.Даваасүхтэй Б.Мөнхдэлгэр, надтай манай ангийн Д.Монголбаяр, Б.Содбаатар, С.Баттулга гурав хамт байсан. ...би У.Даваасүхэд цохиулчихаад шууд гэр рүүгээ явсан, Даваасүх намайг цохисоны дараа миний толгой дүүрч толгой эргээд байсан, би цохиулаад газар унаагүй, янз бүрийн зүйл толгойгоороо мөргөөгүй. ...цохиулсаны дараа ангийхаа Монголбаяр, Баттулга хоёртой хамт явж байгаад дүүргийн буудлаас салаад гэртээ ирсэн. Намайг гэртээ 17 цагт ирэхэд ээж Золзаяа байсан. ...гэртээ ороод зүүн талын орон дээр сууж байтал манай хоёр настай охин дүү надаас бохь авчирсан уу гэж асуухаар нь авчраагүй гэж хэлтэл миний ам татаад хэлж чадахгүй дуугарч болохгүй байсан, тэгтэл ээж архи уучихсан юм уу гэж асуухаар нь би үгүй гэж толгой сэгсэрсэн тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн:....2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр...хичээл эрт тарах боллоо гээд...хувцасны шүүгээний түлхүүрээ гартаа бариад явж байгаад яг шүүгээгээ онгойлгох гэтэл манай ангийн М.Лхагвасүрэн доошоо тонгойхдоо нүүрээрээ миний түлхүүрийг мөргөчихөөд босож ирснээ чи дээрээс хойш овоо байгаа шүү гэж хэлээд гараараа миний хамар руу нэг удаа цохьсон. Би хамраа дараад доошоо суутал М.Лхагвасүрэн сургуулиас гараад явсан. Тэгээд би хувцсаа авч гараад сургуулийн гадаа хашааны үүдэнд цусаа арчаад зогсож байтал манай сургуулийн цахилгааны ангийн У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр гарч ирсэн. У.Даваасүх нь надаас чи яасан бэ, яагаад хамар ам чинь цус болчихсон юм бэ гэж асуухаар нь зүгээрээ, сая нэг цохиулсан гэж хэлтэл хажуунаас нэг нь Лхагвасүрэн цохичихоод явсан гэж хэлтэл У.Даваасүх М.Лхагвасүрэнг дуудаж чи ангийнхаа хүүхдийг өмөөрдөг болохоос биш нэгийгээ зоддог юм уу гэж хэлээд...М.Лхагвасүрэнгийн...зүүн талын шанаа толгойны хажуу хэсэгт нэг удаа цохисон. Би ганцаараа гэр рүүгээ явсан. ...М.Лхагвасүрэн, У.Даваасүх хоёр тухайн үед хоорондоо барьцалдан авч зууралдаж олон удаа цохиж зодоогүй. ...надад ямар нэгэн бэртсэн зүйл байхгүй, гомдол саналгүй... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 27 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч О.Тэмүжингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр...сүүлийн цагийн хичээл орохгүй гэсэн учир манай ангийнхан эрт тарсан. Би тэр өдөр ангийн жижүүртэй байсан учраас үлдээд хогоо шүүрдчихээд  гарсан. Намайг сургуулиас гарах гээд явж байхад манай ангийн О.Бат-Эрдэнийн хамраас цус гарчихсан хувцасны шүүгээний хажууд зогсож байсан. О.Бат-Эрдэнэтэй сургуулиас гараад хашааны үүдэнд явж байхад У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр бид нарын араас гарч ирээд юу болсон, яагаад хамар ам цус болчихсон юм бэ гэж асуусан. Тэгээд л М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнийг цохисон гэдгийг мэдсэн. М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудаж зүүн талынх нь чихний ар талд нь гараараа нэг удаа цохисон. М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнэ хоёрыг бие биенээсээ уучлалт гуй гэж У.Даваасүх хэлээд тэр хоёрыг гар бариулсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 29 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээл...тараад У.Даваасүх бид хоёр цуг явж байтал гагнуурын ангийн О.Бат-Эрдэнэ гэдэг хүүхдийн хамраас цус гарчихсан хашааны үүдэнд зогсож байхаар нь У.Даваасүх бид хоёр очоод юу болсон гэж асуухад М.Лхагвасүрэн цохисон гэж хэлсэн. Тэгтэл М.Лхагвасүрэн хашааны булан эргэх гээд явж байхаар нь М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд та нар яагаад бие биенээ цохиж зодоод байгаа юм бэ, уучлалт гуйгаач гэж хэлэхэд М.Лхагвасүрэн дуугүй буруу харчихаад зогсоод байсан.  Тэгтэл У.Даваасүх М.Лхагвасүрэнгийн хажуунаас зүүн талынх нь шанаа хавьд нэг удаа гараараа цохисон. Би У.Даваасүхийг араас нь татаж болиулсан.  Тэгээд М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнэтэй гар барьсан. ...М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнийг цохиж хамраас нь цус гарсан байсан болохоор У.Даваасүх өмөөрч М.Лхагвасүрэнг цохисон... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Д.Монголбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...О.Бат-Эрдэнэ хамраасаа цус гоожуулаад сургуулиас гарч сургуулийн гадна хашааны үүдэнд зогсож байтал У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр гарч ирээд Б.Мөнхдэлгэр О.Бат-Эрдэнэд салфетка гаргаж өгсөн. Харин У.Даваасүх та нар нэг анги байж эвтэйхэн байхад яадаг юм бэ,  яагаад нэгнийгээ цохиж зодоод дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлсэн. Яг тэр үед би М.Лхагвасүрэн, У.Даваасүх хоёрын дунд зогсож байсан ба У.Даваасүх шууд М.Лхагвасүрэнгийн толгой хавьд цохисон. У.Даваасүх М.Лхагвасүрэнг цохих үед миний мөрөөр гар нь шүргээд цохисон... Би М.Лхагвасүрэнтэй хамт сургуулийн гаднаас алхаж яваад автобусны буудлаас салаад гэртээ харьсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Содбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Бид нар тэр үед ар араасаа цувраад...сургуулийн хашааны хаалгаар гараад явцгааж байтал манай ангийн М.Лхагвасүрэнг цахилгааны ангийн У.Даваасүх араас нь дуудахаар нь яваад очтол У.Даваасүх чи ямар дээрэлхүү юм бэ, ямар том юм бэ гээд М.Лхагвасүрэнгийн зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон. М.Лхагвасүрэн цохиулчихаад газар унаагүй ямар нэгэн зүйл мөргөөгүй, гэхдээ Лхагвасүрэн...уйлах гэж байгаа юм шиг царай гаргаж хэсэг байж байгаад бид нар автобусны буудал руу алхсан. Буудал хүртэл юм яриад явахад Лхагвасүрэн юм ярихгүй дуугүй, цохиулсан газраа гараараа дараад яваад байсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 50 минутын орчим хичээл тарсан. Хичээл тарах үед М.Лхагвасүрэн өөрөө тонгойж байгаад О.Бат-Эрдэнийн барьж явсан түлхүүрэнд нүдээ хатгасан, түүнээс болоод уурлаад О.Бат-Эрдэнийг цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд М.Лхагвасүрэн түрүүлээд гараад явсан. Бид нар ар араасаа цувраад...сургуулийн хашааны хаалгаар гараад М.Лхагвасүрэн хашааны булан эргэх гэж байхад Даваасүх араас дуудсан. Тэгэхээр нь М.Лхагвасүрэн бид хоёр буцаад У.Даваасүх дээр очсон. Яваад очиход У.Даваасүх чи ямар том юм бэ, хүүхдийн хамар чихчихвэл яахын бэ гэж хэлээд зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: М.Лхагвасүрэн нь миний том хүү байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээлдээ яваад 16 цаг өнгөрч 17 цаг болж байхад гэртээ...орж ирэхдээ царай нь цонхийн цайчихсан байсан. Би хүүгээсээ толгой тархи чинь өвдөө юу, бие чинь зүгээр үү, яагаад наад царай зүс чинь цонхийгоод байна гэхэд ядраад байна гээд орон дээр сууж байтал 2 настай охин дүү нь ахаасаа агаа бохь авчирсан уу гэж хэлсэн. Тэгтэл согтуу хүн шиг хэл нь ээдрээд сонин дуугарахаар нь яаж байнаа гэж хэлээд хүүгээ харахад ам нь мурийсан байхаар нь зүүн талын орон дээрээс босгож баруун талын орон дээр хэвтүүлэхэд орон дээр ухаан алдчихаар нь эмнэлэг дуудсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүүхдийн тасагт 21 цаг өнгөрч байхад очиж хэвтээд эмчилгээ хийлгэж байгаад сэргэхээр нь хүүгээсээ юу болсон, яагаад ийм болов гэж асуухад манай сургуулийн цахилгааны ангийн У.Даваасүх гэдэг хүүхэд намайг сургуулийн үүдэн дээр дуудаж миний толгойн зүүн тал руу гараараа цохисон гэж хэлсэн. Би гомдолтой байна...эмчилгээний ямар ч зардал төлөөгүй. Манай хүүд цаашид эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгний зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар 2.053.200 төгрөг гарсан байгаа... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

Шүүгдэгч У.Даваасүхийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед хичээл тараад сургуулиас гараад ангийнхаа Б.Мөнхдэлгэр гэдэг хүүхэдтэй хамт гарч явтал сургуулийн хашааны үүдэнд гагнуурын ангийн О.Бат-Эрдэнийн хамараас цус гарчихсан зогсож байсан. Би явж очоод яагаад хамар ам чинь цус болчихоо вэ гэж асуухад М.Лхагвасүрэн цохисон гэж хэлсэн. Тэр үед М.Лхагвасүрэн ойрхон явж байсан учраас дуудаж нэг анги байж та нар яах гэж нэгийгээ зоддог юм бэ, та нар нэгнийгээ өмөөрөх байтал нэгийгээ зодож цустай нь холиод байхдаа яадгын гэж хэлээд М.Лхагвасүрэнг цохих гэтэл надтай хамт явсан Б.Мөнхдэлгэр миний цүнхнээс таттал Д.Монголбаярын мөрөнд миний гар тулж М.Лхагвасүрэнгийн эрүүний дээд талд гараараа нэг удаа хальт цохисон. Би нэг удаа цохичихоод та хоёр одоо хоорондоо эвлэр гэж хэлээд М.Лхагвасүрэн, О.Бат-Эрдэнэ хоёрыг гар бариулаад салгасан. Би Лхагвасүрэнг нэг л удаа гараараа хальт цохисон. Бид хоёр хоорондоо барилцаж аваад харилцан зодолдоогүй... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48, 51 дэх тал)

 

Гурав. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 840 тоот актад:

...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээнд ...их тархины баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшинд 4.6х3.8 см хэмжээний цус хуралт тодорхойлогдоно. Гол бүрдэл зүүн тийш 3 мм шилжсэн. Эмнэл зүйн үндсэн онош: тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн эд доторхи цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван гэжээ. ДҮГНЭЛТ

1. М.Лхагвасүрэнгийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цусан хураа, зүүн талын мөчдийн саажил тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал),

- Шинжээч эмч А.Амгаланболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...М.Лхагвасүрэнгийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний тархины зүүн талд цохих үед тархи цалгиж тархины баруун тал бөмбөлгийн эд няцарч тархины эд доторх цусан хураа үүсэх боломжтой. Хүний гар нь хатуу мохоо зүйлд тооцогддог болохоор гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой... (хавтаст хэргийн 35, 36 дахь тал)

...тодорхой хугацаанд дээрхи гэмтлийг авсан хүн хөдөлгөөн хийж явах боломжтой. Гэмтлийг авсан тохиолдолд толгой хүчтэй өвдөнө, дотор муухай оргиж, бөөлжис цутгана, тодорхой хугацааны дараа хэл ам ээдэрч, хөл бадайрна... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 38 дахь тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8), насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээ болон өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 13, 63-71), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 72-76), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52, 53), шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 55-62, 77) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Шинэ үе мэргэжил сургалт үйлдвэрлэлийн хашааны гадна хохирогчийн зүй бус үйлдэл буюу О.Бат-Эрдэнийг цохисон гэх шалтгаанаар О.Бат-Эрдэнийг өмөөрч насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнгийн толгойн зүүн талд цохиж хувийн сэдэлттэйгээр бие махбодид нь Тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн, насанд хүрээгүй гэрч О.Тэмүүжин, Б.Мөнхдэлгэр, Д.Монголбаяр, Б.Содбаатар, С.Баттулга нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Даваасүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх У.Даваасүхийн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны шүүмжлэлд шүүгдэгч У.Даваасүхийн өмгөөлөгч Ж.Баярсайхан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй өөрөөр хэлбэл гэрч нар хохирогчийн толгойн чамархай хэсэгт гэж, зарим нь толгойн зүүн талд гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн хүнд зэрэг гэж тогтоосон боловч хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувиар алдагдсаныг тогтоогоогүй, түүнчлэн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримт хуулийн шаардлага хангахгүй үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүмжлэл явуулсан боловч дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнд хүнд зэргийн гэмтэл учирсан. Дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд түүний хууль ёсны төлөөлөгчөөс нийт 2.263.619 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч У.Даваасүх нь шүүхийн шатанд 100.000 төгрөг төлсөн, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй тул хохиролд 100.000 төгрөг төлсөн гэж үзэв. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 1.774.130 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 100.000 төгрөгийг хасч үлдэх 1.674.130 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол болон олох ёстой байсан орлого нэхэмжилсэн 489.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарахаар байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүхээс шүүгдэгч У.Даваасүхэд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Даваасүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хиадборжигон овогт Улаанбандийн Даваасүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Даваасүхэд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Даваасүхэд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. У.Даваасүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Даваасүхээс 1.674.130 (нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга нэг зуун гуч) төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнд олгож, М.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлээс 489.489 (дөрвөн зуун наян есөн мянга дөрвөн зуун наян ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн нь цаашид гарах гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч У.Даваасүхэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Даваасүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                           Л.БААТАР

 

                                                                                                И.ГАНБАТ