Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 334

 

У.Даваасүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 718 дугаар магадлалтай 201626010163 тоот эрүүгийн хэргийг иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Улаанбандийн Даваасүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Даваасүхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 118 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/ нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7А дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын У.Даваасүхийг “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, мөн “Прокуророос У.Даваасүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар” гэж, 2 дахь заалтын “У.Даваасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “У.Даваасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар У.Даваасүхэд оногдуулсан 7 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Даваасүхэд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж, 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар У.Даваасүхээс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож...” гэж тус тус өөрчилж, Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Иргэний хариуцагч “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, Иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “Тус сургуульд төлбөрийн чадваргүй, ар гэр амьдрал нь хүнд хэцүү, сургууль завсардсан, гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хариуцлагаас ямар нэг хэлбэрээр чөлөөлөгдсөн зэрэг нийгмийн эмзэг бүлэгт хамаарах залуучуудыг элсүүлэн авч суралцуулдаг. Тэднээс сурлага, урлаг, спортоороо бусаддаа үлгэр жишээ болох нэгнийг нь оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сургуулийн багш, оюутнуудын олонхийн саналаар “Оюутны зөвлөлийн дарга”-аар сонгодог бөгөөд сургуулийн захиргаанаас оюутны зөвлөлийн дарга, гишүүдээр ямар нэг ажил үүрэг гүйцэтгүүлдэггүй, цалин хөлс олгодоггүй, гэрээ хийдэггүй. Гэтэл У.Даваасүрэнгийн үйлдсэн хэргийн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар манай сургуулийг ажил олгогч гэж үзэж мөн түүний үйлдлийг оюутны зөвлөлийн даргын үүрэгт ажил мэтээр буруу ойлгож манай сургуулийг иргэний хариуцагчаар татсаныг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 718 дугаар магадлалын Тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий субьектийг заасан бөгөөд иргэний хариуцагч нь гомдол гаргах эрх бүхий субьектэд хамаарахгүй байх тул түүний гомдлоор хэргийг хэлэлцүүлэхгүй байх саналтай байна” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн У.Даваасүхэд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ангийнхаа хүүхдийг зодлоо хэмээн М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж хүнд гэмтэл учруулсан гэж хэргийн үйл баримтыг тогтоон хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, У.Даваасүхийн үйлдлийг “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэснийг тэрээр танхайн бус харин хувийн сэдэлттэйгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч У.Даваасүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  давж заалдах шатны шүүх өөрчилж, насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэнд учирсан хохирол буюу 1.548.563 төгрөгийг “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 718 дугаар магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 718 дугаар магадлалын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7А дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтыг өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                                      ШҮҮГЧ                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН