Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02310

 

 

 

ХУхадгаламж зээлийн хоршооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХУхадгаламж зээлийн хоршооны /цаашид ХЗХ гэх/ нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А, И.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 40 972 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч И.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХУХЗХ нь Ж.А, И.Т нартай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээл авснаас хойших хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, зээлийн хүү 17 476 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 495 333 төгрөг нийт 40 972 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХУХЗХ-оос 20 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлээгүй. Харин 2017 онд 3 000 000 төгрөг, сүүлд 6 000 000 төгрөгийг тус тус ХУХЗХ-оос зээлдэж авч гэрээг бичгээр байгуулсан. Энэ мөнгийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 000 000 төгрөгийг төлсөн. 9 000 000 төгрөгийн зээлээс нийт 7 000 000 төгрөгийг төлсөн. ХУХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын С.Доржпагамтай Эрдэнэт үйлдвэр дээр хамтарч ажиллаж байсан гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: И.Т, Ж.А нар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ХУХЗХ-той ЗГ/18/746-3 дугаартай, 20 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээ нь Иргэний хууль болон Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.А ХУХЗХ-оос 2016 онд 6 000 000 төгрөгийн, И.Т 3 000 000 төгрөгийн зээлийг тус тус зээлсэн. Эдгээр зээлүүдийг бид санхүүгийн боломжгүй байдлын улмаас төлж барагдуулахгүй явсаар 2018 оны 4 дүгээр сар хүргэсэн. Эдгээр зээлийг бид хоёр авахдаа бие биеийнхээ батлан даагч болж авч байсан. Энэ хугацаанд эдгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийлээд 16 000 000 төгрөг болсон. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хадгаламж зээлийн хоршооноос 6 000 000 төгрөг болон 3 000 000 төгрөгийн зээлийн хуримтлал зээл авсан өдрөөс хойшх хугацаанд 16 000 000 гаруй төгрөг болсон гэж уг төлбөрийг тус хоршоонд төлсөн болгож хувиргаад хоршооноос эргүүлээд 20 000 000 төгрөг зээл олгож гэж зээлийн гэрээ байгуулсан. Харин хадгаламж, зээлийн хоршооны зүгээс энэхүү үйл явдлуудыг хуульд нийцүүлэх үүднээс биднээс хүсэлт бичүүлж, 20 000 000 төгрөгийн кассын зарлагын ордер дээр гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийн зээлдэгчид шилжүүлээгүй. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж зээлийн гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А И.Т нараас 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХУхадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20 972 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасныг баримтлан хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ХУхадгаламж зээлийн хоршоо Ж.А, И.Т нарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/18/746-3 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362 180 төгрөг, хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХУхадгаламж зээлийн хоршооноос 257 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.А, И.Т нарт, хариуцагч Ж.А, И.Т нараас 257 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХУхадгаламж зээлийн хоршоонд тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие ХУХЗХ-ноос 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлж байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх уг баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийн 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХУХЗХ нь хариуцагч Ж.А, И.Т нарт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 17 476 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 495 333 төгрөг, нийт 40 972 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно. Учир нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, мөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой баримт юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд 12 хуудас бүхий нотлох баримтыг өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хэрэгт уг баримт авагдаагүй, энэ талаар хариуцагчийн тайлбар, татгалзал тэмдэглэлд тусгагдаагүй байна. /хх-100-108/

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/16889 дугаар захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооноос Ханхишиг-УндрагаХЗХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлж байсан зээлийн талаарх улирал, жилийн тайланд зээлдэгч И.Т, Ж.А нартай холбоотой зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна./хх-49-52/

 

Гэвч дээрх захирамжийн биелэлт шүүх хуралдаанаас өмнө хангагдсан эсэх нь тодорхой бус байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/3907 дугаар албан бичиг болон 11 хуудас бүхий баримт хэргийн ар талын хавтаст үдэгдсэн байгааг хэрэгт авагдсан баримт гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх боломжоор шүүх хангах үүрэгтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА