Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02421

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02421

 

 

 

Б СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02538 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-од холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 738 686 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.П, хариуцагч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч  Б СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Пүрэвцэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.2, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.3, 147 дугаар зүйлийн 147.1, 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Гэтэл М.Б- нь 2016 оны 2 сараас 2019 оны 11 сар дуустал 1 738 686 төгрөг төлөөгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн зарим зүйл заалтуудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон биечлэн, утсаар мэдээллийн самбарт төлбөрийг тавьж шаардах зэргээр мэдэгдэж байгаа ч үл ойшоож өнөөдрийг хүрсний улмаас тус холбооны ажил бүрэн явагдаж чадахгүй цахилгааны болон хог хаягдал хураамж зэрэг татварын өр төлбөрийн дарамтад орсон байдалтай байгаагаас бусад оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй хохирч байгаа тул М.Б-оос 1 738 686 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх Сууц өмчлөгчдийн холбоог барилгын компани байгуулж, өөрийнхөө компанийн ажилчдыг томилсон байдаг. Барилгын компани баталгаат 3 жилийн хугацаа дуусах гэж байхад, нөгөө ажлууд нь хийгдэхгүй, хийгдсэн ч дутуу, хагас дутуу хийгдэж байсан тул өмнөх Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2016 оны 2 дугаар сараас эхлэн төлөхгүй гэдгээ хэлсэн. Шинэ Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр үүссэн шалтгаан нь өмнөх Сууц өмчлөгчдийн холбоог ажлаа хийхгүй байна гэж татан буулгахад би өөрөө оролцсон. Шинэ Сууц өмчлөгчдийн холбоонд өмнөх Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй, шинэ Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжлээд явбал төлнө гэдгээ хэлсэн. Өр төлбөртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй, харуул хамгаалалт муу байгаа учраас эд хөрөнгө алдагдах, гэмтэж бэртэхэд бид нар хариуцлага хүлээхгүй зэрэг бүх хариуцлагаас зугтааж, үүнийгээ фейсбүүкээр мэдэгдэж байсан. Нэр төрд халдаж фейсбүүкээр намайг гутаан доромжилсон. 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол гэж байгаа. Түүний дагуу дүрмээ баталсан, дүрэм нь хууль бус гэж миний зүгээс үзэж байгаа. Дүрмийн эхний нүүрэн дээр хамрах хүрээ гэж 131 айл байтал, Сууц өмчлөгчдийн холбоог хүлээн зөвшөөрсөн айлуудын нэр гэж 23 хүний нэрсийн жагсаалт байхаас 19 нь гарын зурсан байдаг. Үүний дотор миний гарын үсэг биш байгаа. Бүх гишүүдийн хурлын тогтоолд 8 хүний нэр дурдагдсан байснаас 4 хүний нэр нь 19 хүний нэр дунд байдаг. н.Золжаргал, н.Батбаатар, н.Хишгээ, н.Отгонбаатар зэрэг хүмүүс нь тухайн байранд амьдардаггүй, тухайн Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын болон удирдах зөвлөлд томилогдсон. Хяналтын болон удирдах зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно гээд 7.2.4-д заасан байдаг. Ирц нь хүрээгүй, хяналтын болон удирдах зөвлөлийн гишүүд энэ байранд амьдардаггүй. Гэтэл 130 гаруй хүний асуудлаар биш арван хэдэн хүн буюу хуурамч маягаар хийсэн гэж үзэж байгаа. Шинэ Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад удирдах зөвлөлөөс хуучин үнэлгээг хэвээр нь үлдээх талаар тогтоол гаргаж өгсөн байдаг. Энийг бүх нийтийн хурлаар шийддэг байгаа. Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууцны байршлын харуул хамгаалал засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх оролцох журам гэж 6.1.6-д заасан байдаг бөгөөд үүнийг холбооны дүрэмд заавал тусгасан байх ёстой. Бүх гишүүдийн тавиас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байна. 131-ээс 65 хүн багадаа оролцох байсан байна. 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно гэж заасан байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б-оос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 440 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 298 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Холбооны дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана, 6.1.6.-д сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 6.2.-т Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална гэж, 7 дугаар зүйлийн 7.1.-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 7.2.4.-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож гэж, 8 дугаар зүйлийн 8.4.-т Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй, 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.3.-т Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж, 9.4 т Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно, 9.5-т Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан байдаг. Шүүгч үндэслэлдээ 2014-01-19-ний өдрийн бүх гишүүдийн анхдугаар хурлаар СӨХ байгуулагдаж, дүрмээ баталсан, уг хурал хүчингүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэжээ. Миний зүгээс дараахь шалтгаануудаар дээрх хурал явагдаагүй, холбогдох материалууд хууль ёсны бус гэж үзэж байна. Үүнд: Ирц бүрдээгүй. Дүрэмд тусгагдсан гэх нийт 131 айлаас СӨХ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэх утга бүхий 23 хүний нэрсийн жагсаалтад 19 гарын үсэг зурагдсан байна. Миний гарын үсэг биш тул бичгийн хэв таниулах үзлэг хийлгэх хүсэлт өгсөн боловч шүүгч татгалзсан. Удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдсон хүмүүсийн тал буюу 4 нь дээрх 23 хүний нэрсийн жагсаалтад байдаггүй буюу эдгээр хүмүүсийг оршин суугч гэдгийг батлах ямар нэг нотлох баримт байхгүй. Хурлын тэмдэглэл байхгүй, Холбогдох бүхий л баримт бичиг холбооны тамга тэмдэггүй. Анх СӨХ байгуулахдаа Төрийн банкинд данс нээлгэхээр гаргаж өгч байсан хурлын тогтоол, төлбөр тогтоосон протокол зэргийг шүүхээр дамжуулж гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч хангасан байдаг. Гэвч холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаагүй буюу бүрдүүлж өгсөн материал дутуу, хууль ёсны бус байхад банк нь данс нээж, Засаг дарга нь СӨХ-р бүртгэж гэрчилгээ олгосон. Барилга барьсан компани дутуу ажлаа СӨХ-р дамжуулж хийж өгнө гэсэн боловч бүрэн хийж өгөхгүй байсан тул хийж өгсний дараа л хэрэглээний төлбөрөө төлөхөө илэрхийлж төлөхөө больсон байдаг. Тухайн үед СӨХ ус, дулаан болон цахилгааны төлбөрийг нэгтгэн авдаг байсан тул хэрэглээг хязгаарлаж хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Одоогийн СӨХ байгуулагдахад хуучин СӨХ-той дээрх асуудлаар маргаантай тул өмнөх төлбөрийг төлөх боломжгүй эсвэл дээрх ажлуудыг хийж өгвөл төлөх боломжтой, харин шинээр гарсан төлбөрөө тусад нь нэхэмжлээд явбал төлөхөө илэрхийлж байсан. Мөн өр төлбөрийн дарамтанд орсон гэдэг боловч шалтаг шалтгаан нь тодорхой бус, нотлох баримтгүй. Өртэй айлуудад үйлчилгээ үзүүлэхгүй, эд хөрөнгө тоногдоход хариуцахгүй гэх мэт мэдэгдлийг хотхоны фэйсбүүк группт удаа дараа гаргаж оршин суугчдын эрхийг хязгаарлах буюу халдах, өөрийн ажил үүргээс зугтаж байсан. Энэ талаар фэйсбүүк группт үзлэг хийх, СӨХ-ийн байрны цонхон дээрх мэдэгдлийг зургаар нотлох баримтаар оруулах зэргээр хүсэлт тавьсан боловч шүүгч нэхэмжлэгч дээрхийг үгүйсгээгүй тул шаардлагагүй гэсэн боловч дээрхтэй холбоотой ямар нэг төлбөрийг шийдвэртээ хасч тооцоогүй. Шинэ СӨХ-ийн цэвэрлэгээ, лифт, дундын тог гэх мэт надад үзүүлсэн үйлчилгээнүүдийн тодорхой бодит төлбөрийг миний бие сайн дураар төлөхөө шүүхэд илэрхийлсээр байгаа болно. Эцэст нь шүүгч шийдвэртээ хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөөд төлж байсан, тэрнээс хойш эсэргүүцэж гомдол гаргаагүй тул үргэлжлүүлээд төлөх ёстой гэж тайлбарладаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжпэгч Б СӨХ нь хариуцагч М Болорболдод холбогдуулан 2016 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 738 686 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас орцны болон гадна гэрэлтүүлгийн цахилгаан, цэвэрлэгээ, лифтний зардлыг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 81А, 81Б дугаар байрнуудын орон сууц өмчлөгч бүх гишүүдийн анхдугаар хурлаар Ub Town оноосон нэртэйгээр СӨХ байгуулж дүрмээ нийт гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б СӨХ гэж оноосон нэрээ өөрчлсөн бүртгүүлжээ.

 

Хариуцагч М.Б- нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны Ub Town хотхон, 81/А байрны 40 болон 41 тоотод байрлах орон сууцны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Б СӨХ-ны гишүүн бөгөөд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийг тус тус хүлээнэ.

 

Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас баталсан холбооны дүрэмд заавал тусгахаар заасан байхад нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ub Town СӨХ-ны төлбөрийг батлах тухай ТУЗ-ийн хурлын протоколд заасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй болохыг шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтаар Б СӨХ-ны 2014 оны 01 дүгээр сарын 19-ний бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм хэрэгт авагдсан бөгөөд уг дүрэмд сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх журмаа тодорхойлж тус барилгын оршин суугчдаас сар бүр эзэмшлийн талбайгаас үл хамаарч 1-2 давхар 25 000 төгрөг, 3-10 давхар 30 000 тус тус авна гэж заасан тул шүүх уг дүрэмд заасан хэмжээгээр хариуцагчийн төлөх зардлын хэмжээг тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах гурван жил-ийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож, 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамаарах орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулахаар зөв дүгнэсэн.

 

Харин шүүх сүүлийн 3 жилийн буюу 36 сараар тооцох байтал 48 сараар тооцож тооцооллын алдаа гаргасан байх тул хариуцагчаас 1 080 000 /36*30 000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 658 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Ub Town СӨХ-ны /Б СӨХ-ны өмнөх/ бүх гишүүдийн анхдугаар хурлын 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоол, СӨХ-ны дүрэм зэрэг нотлох баримт хэрэгт авагдаж, харин бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон гишүүдийн хувь оролцооны талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч дахин нотлох баримт бүрдүүлэх талаар хариуцагч талаас хүсэлт гаргаагүй, бүх гишүүдийн шийдвэр, СӨХ-ны дүрмийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нь 2014 оноос 2016 оны 2 дугаар сар хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хүлээн зөвшөөрч төлж байсан атлаа СӨХ-ны бүх гишүүдийн анхдугаар хурлын 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар одоо маргаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүх ...фэйсбүүк группт үзлэг хийх, СӨХ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэх баримтад зурагдсан хариуцагчийн гэх гарын үсэгт шинжээч томилох... зэрэг хариуцагчийн хүсэлтийг маргааны зүйлд хамааралгүй гэж үзэж, эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь ...барилга барьсан компани болон өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан СӨХ ажлаа дутуу хийсэн, одоо үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ оршин суугчдын эрхийг хязгаарлах буюу халдах, өөрийн ажил үүргээс зугтаж байсан ... гэсэн тайлбар болон давж заалдах гомдол гаргаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна Б СӨХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн тайлбар нь энэ хэргийн маргааны зүйл биш болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02538 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 440 000 гэснийг 1 080 000 гэж, 2 дах заалтын 37 990 гэснийг 30 470 гэж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 38 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ