Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00002

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

                                                                             

      Н.Хын нэхэмжлэлтэй

     хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2134 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Н.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ................, нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,  хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Х нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/74 дугаартай захирлын тушаалаар намайг жинхлэн ажиллуулсан. Үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн. Намайг санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзан нягтлан бодогчийн орон тоог нэг болгон цөөрүүлэх шаардлага үүсч байгаа гэсэн шалтгаанаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар ажлаас минь чөлөөллөө. Надад нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй.

Иймд Нармандахын Х намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халах тухай мэдэгдлийг надад 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн ба тэр үед мэдэгдлийг надад өгөхөд хэлсэн үгийг маань дуу хураагуурт бичиж авчихаад намайг хурал дээр тэр үгийг хэлсэн болгоод байх шиг байна. Тухайн үед би ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргээ гүйцэтгэж, хий гэсэн бүх л ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ажлын ачаалал нь багассан учир орон тоог цөөрүүлсэн гэж хэлж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

... Иймд Н.Х намайг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэгт нягтлан бодогчийн орон тоог нэг болгохоор шийдвэрлэсэн гэх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байдаг. Уг тэмдэглэлийг үзэхэд нягтлан бодогчийн орон тоог нэг болгож, нярвын орон тоог 2 болгох саналыг дэмжив... гэсэн харагддаг. Энэ тэмдэглэлээс харахад хэд хэдэн алдаатай хууль зөрчсөн зүйл байна аа гэж би харж байгаа юм. Эхний ээлжинд төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлтэйгөөр дээрх асуудлыг шийдвэрлэхээр заасан байхад захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар, бүр цаашилбал зөвхөн хурлын тэмдэглэлээр шийдсэн харагдаж байгаа юм. Хоёрт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2-т Захирлын дэргэд 7-9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллах бөгөөд үйл ажиллагааны дүрэмтэй байх ба захирлын тушаалаар баталгаажна... гэсэн байна. Үүнээс харахад захирлын дэргэдэх зөвлөл нь үйл ажиллагааны дүрэмтэй ажиллах юм байна. Би бодохдоо уг үйл ажиллагааны дүрэмд захирлын дэргэдэх зөвлөлийн хэлэлцэж, шийдвэрлэх асуудал, хурлаас ямар шийдвэр, тушаал гаргах талаар нарийвчилж зохицуулсан байгаа болов уу гэж бодож байна. Гэтэл хариуцагч талаас захирлын дэргэдэх зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг ирүүлсэн зүйл байдаггүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд татгалзлаа батлах, нотлох баримтаа цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж харж байна.

... Эцэст нь нэхэмжлэгч Н.Хыг ажлаас чөлөөлсөн гэх Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 тушаалын талаар дараах тайлбарыг хэлэхийг хүсэж байна. Үүнд: Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрөө ойлгомжтой, үндэслэл бүхий, хууль дүрэм, журамд нийцсэн байх ёстой. Гэтэл уг тушаал нь өөрөө ийм байж чадахгүй байна. Учир юу вэ гэвэл уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгож тооцооны нягтлан бодогч Н.Хыг ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ингэж заасан байдаг Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн... гэж байгаа. 40.1.1-д өөрөө хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хэд хэдэн үндэслэлийг дурдсан байна. Тэгэхэд уг тушаалаас яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь харагдахгүй байна. Орон тоог хассан юм уу, цөөрүүлсэн юм уу гэдэг нь энэ тушаал дээрээс ч харагдахгүй, ойлгомжгүй юм. Аль эсхүл ажлаас чөлөөлсөн тушаалдаа орон тоог цөөрүүлсэн шийдвэр, баримт бичгээ удирдлага болгох боломжтой гэж үзэж байна. Тэгэхэд тушаалд тэр талаар дурдаагүй. Н.Хыг Хөвсгөл аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн байх тул ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: МСҮТ-ийн захирал Н.Б би Төсвийн тухай хуулийн 16.5-д заасан Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд бус хуулийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэснийг үндэслэж Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нягтлан бодогчийн орон тоог нэг болгох, өмч хөрөнгийн бүртгэл хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор нярвын орон тоог 2 болгох тухай хэлэлцэж ажилласан. Тус хуралд Ерөнхий нягтлан бодогч Ш.Даваасүрэн тооцооны нягтлан бодогч Н.Х нар оролцсон. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсгох үйл ажиллагааг 2 удаа явуулсан болно. Улмаар тооцооны нягтлан бодогч Н.Хд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу мэдэгдлийг нэг сарын өмнө өгч гарын үсэг зуруулсан. Мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн. Энэ нь нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай Н.Хыг ажлаас чөлөөлөх тухайг мэдэгдсэн. Н.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй болно. Улмаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Н.Х нь ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн авсан болно. Миний бие төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж Н.Хыг ажлаас чөлөөлөх шийдвэрээ хуульд нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хд орон тоо цөөрүүлэх талаарх шийдвэрийг танилцуулсан. Хуралд өөрөө биечлэн оролцоогүй гэж байгаа боловч хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Би энэ хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эхлээд хурал хийгээд нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл 2 нягтлан бодогч, 1 няравтай ажиллахад хэн нь юу хийж байгаа нь ойлгогдохгүй ажил цалгардаж байгааг, хөрөнгийн хадгалалт хамгаалалт сул, үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөө хариуцсан нярав шаардлагатай юм байна гэж үзсэний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан. Ийм учраас нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлнэ гэдэгтэй холбоотой асуудлын талаар сонсох ажиллагааг явуулсан. Дараа нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгөхдөө санхүүгийн ажлын ачаалал, гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг харгалзана гэж гурван үүргийг оруулсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн ажлыг 2 нягтлан биш, 1 нягтлан гүйцэтгэх бололцоотой болж орон тоог 1 болгож цөөрүүлэх шаардлага үүсэж байна гэж 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн. Сонсох үйл ажиллагаа явуулсан, мэдэгдэл өгсөн нь орон тоо цөөрүүлэх талаар шийдвэр гарч байгааг танилцуулсан хэлбэр гэж ойлгож байгаа. Орон тоог цөөрүүлэх талаар мэдэгдэл өгөөд сарын дараа ямар нэг гомдол, санал, хүсэлт ирүүлээгүй байгаа. Орон тоо цөөрүүлэх талаар 1 сарын өмнө мэдэгдэж байгаа нь тухайн ажилтан нэг сарын дотор орон тоог нь цөөрүүлэх гэж байгаа талаар ажил олгогчтойгоо ойлголцох, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжит хугацаа гэж ойлгож байгаа. Үүнд ямар нэгэн асуудал гаргаагүй. Ингээд сарын дараа шийдвэрээ гаргасан. Шийдвэрт 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсны дагуу шийдвэрлэсэн.

... Ийм учраас Хын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хын хувьд тооцооны нягтлан бодогч байсан. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2 нягтлан бодогчтой. Байгууллагыг нэг нягтлан бодогчтой болоод Хыг ажлаас чөлөөлсөн зохицуулалтад алдаатай зүйл байхгүй байна. Заавал 2 ерөнхий нягтлан бодогч, 2 тооцооны нягтлан бодогчтой байж байгаад нэгийг нь ажлаас чөлөөлсөн зохицуулалт байхгүй. Буруу ойлгочих шиг боллоо. Ер нь бол орон тоог цөөрүүлэх гэдэг бол хоёр хүний нэгийг хасах гэж ойлгож болно. Үүнийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Үндэслэлтэй гарсан тушаал нь сайдын тушаалаар батлагдсан. Үүнийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч харсан байгаа. Тооцооны нягтлан бодогч гэж жишиг бүтэц дээр орон тоо байхгүй болсон. Орон тоо байхгүй байхад ирж орно гэж байхгүй. Цаашид нэхэмжлэгч Хын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хариуцагч тайлбарлаад байгаа. Энэ бол тусдаа асуудал. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ажил олгогчид өөрт нь байх ёстой гэж тайлбарлаж байна. Ажил олгогч нь заавал тооцооны нягтлан бодогч, нярав болох уу гэж асуух үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч тийм зүйл байхгүй. Ажил олгогч нь энэ хүнийг ямар ажилд орохыг хүсээд байгааг мэдэхгүй байж хүчээр нярав болгож, өөр ажилд шилжүүлэх зүйл байж болохгүй. Энэ нь суурь эрхийг зөрчсөн асуудал болно. Ийм учраас эргээд Х ажилд орох ажил байхгүй гэдгийг мэдэж байгаа гэж үзэж байна. Мөн мэдэгдэл өгөөд хүсэлт гаргах, тайлбар гаргах боломжтой хугацаа харагдаад байгаа. Няравын орон тоо гараад Х нь хүсэлт гаргасан байсан бол тэр нь шийдэгдэх боломжтой байсан. Тэгж шийдэгдээгүйн төлөө ажил олгогчийг буруутгаад байж болохгүй. Хоёрдугаарт: Төсвийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлаж байх шиг байна. Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалтын төвийн төсвийг захиран зарцуулах эрх нь захирал Баатар-Очирт байгаа. Хуульд заасан үндэслэлээр ажлаа хийж байгаа. Цаашид хийх зохицуулалтыг саяны өөрчилсөн тушаалаар тодорхой заасан байгаа. Үүнтэй уншиж танилцсан байх гэж бодож байна. Миний бодлоор нэхэмжлэгч маань өөрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг сайн ойлгоогүй юм шиг байгаа юм. Ер нь нэхэмжлэгч Х ажил эргүүлэн тогтоогдлоо гэж бодоход ажлын орон тоо байхгүй. Тушаалын хувьд Хын хөдөлмөрийн гэрээн дээр орон тоо цөөрүүлбэл халагдана гэсэн заалт байхгүй. Ажил олгогч ажилтан хоёрын хоорондын хөдөлмөрийн гэрээгээр уг харилцааг зохицуулдаг. Мэдэгдлийг сарын өмнө мэдэгдсэний дараа тушаал гаргасан зохицуулалт нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй учраас хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2134 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Хыг Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Б, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо:

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2020/02134 дугаартай шийдвэрт хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Н.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй” тул ажилд эгүүлэн тогтоох шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ бичгээр болон амаар тодорхой тайлбарлаж шүүх хурал дээр шаардлагатай зарим баримтыг нотолгоо болгож гаргаж өгснийг шүүгч нь анхааралтай судлан үзсэнгүй.

3.Нэхэмжлэгч Н.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тайлбарлахдаа “орон тоо цөөрүүлсэн шинэ бүтцээр тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсныг мэдэж байна. Ийм учир өөр ажилд авч өгөхийг хүсч байна” гэж нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулаад байхад шүүгч өөрчлөгдөж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзсэнгүй.

4. Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагч надаас асуулт асуухдаа “Нэхэмжлэгч Н.Хын саналыг одоо хүлээж авах боломж байна шүү дээ. Тооцооны нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон ч гэсэн ямар нэгэн ажилд авах талаар эвлэрэх боломж бий шүү. Өмгөөлөгч дуугай байж байгаарай.” гэж илтэд нөлөөлж хэргийн оролцогч надад тэгш бус хандаж байсан болно. Энэ үед миний бие Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан орон тооны жишиг бүтцэд ... ерөнхий нягтлан бодогч “1”, нягтлан бодогч “0" байхгүй байгаа учир шүүгч таны саналыг хүлээж авах боломжгүй юм гэж тайлбарласан. Мөн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн материалд тодорхой тусгагдсан байгааг шинжлэн судлуулсан юм.

5. Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тодруулбал... А/185 дугаартай тушаалаар мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг 999 хүртэл суралцагчидтай тохиолдолд Захирал-1, Захиргаа аж ахуйн менежер-1, ерөнхий нягтлан бодогч-1, нягтлан бодогч-1, ... байхаар баталсан байхад нэхэмжлэгч Н.Х ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ”... гээд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.

Дүгнэлт хийсэн энэ үндэслэл нь бодит байдлаас зөрүүтэй, ноцтой алдаа гаргасан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан орон тооны жишиг бүтцийн “МСҮТ” гэсэн хэсэгт манай сургууль хамааралтай байхад огт хамааралгүй “ПК” (Политехник коллеж)-ийн бүтцийг хамааралтай болгосон байна. Энэ талаар тодорхой тайлбарласаар байхад түүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэж хуулийг буруу хэрэглэж байгаа нь хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг илтэд дордуулж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан болохыг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №155/ШШ2020/02134 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ..төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан бодогчийн орон тоог цөөрүүлэх тухай сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр Н.Хд мэдэгдлийг 1 сарын өмнө өгч түүнийг тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн захиргааны удирдлага болон бусад ажилчдын жишиг бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалаар 1000 хүртэл суралцагчтай тохиолдолд нягтлан бодогчийн орон тоог нэг байхаар баталсан ба энэ жишгийн дагуу Н.Хын ажлын байрыг цөөрүүлсэн. ...гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Х нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тооцооны нягтлан бодогчоор түр томилогдож, улмаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс түүнийг жинхлэн ажиллуулсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдлоо.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын захирал нь нэхэмжлэгч Н.Хыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх боловч энэ талаар тушаалд тусгаагүй, тухайн байгууллагын бүтцээс ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгаж орон тоог цөөрүүлсэн болохоо нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь шаардлага ба  татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохих бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах, мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан байна.

Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралд нягтлан бодогчийн орон тоог нэг болгож орон тоог цөөрүүлэх болсныг Н.Хд танилцуулж энэ талаарх мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гардуулсан байна.

Хариуцагч нь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний А/185 дугаартай тушаалаар 1000 хүртэл суралцагчтай тохиолдолд нягтлан бодогчийн орон тоог нэг байхаар баталсан ба энэ жишгийн дагуу нягтлан бодогчийн ажлын байрны тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тушаал нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байгаа нь дээрх тушаалыг үндэслэж, орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтцийг маргааны үйл баримтад хамааруулж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бус Политехник коллежийн удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтцийг баталсан, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийн хувьд өөр байгууллага тул энэ жишигт хамааруулж дүгнэх боломжгүй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага  хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ