Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00262

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02692 дугаар шийдвэртэй,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох,

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, А тауэр барилгын гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины зогсоолын өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах тухай тухай иргэний хэргийг,

зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Х” ХХК-аас 60 хувийн өмчлөх эрхээ “А” ХХК-д шилжүүлсэн Хамтарсан хурлын шийдвэр нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөлөөр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулахаар шаардаж байгаа.

Талууд хооронд анх 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09/08 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.1, 2.5-д зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “А” ХХК-ийн эзэмшлийн газарт “Х” ХХК хөрөнгө оруулалт хийж, 19 давхар оффисын зориулалттай барилгыг барьж дуусгах, “Х” ХХК барилгын нийт талбайн 60 хувийг, үлдэх 40 хувийг “А” ХХК тус тус өмчлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн талууд 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж тус гэрээний 1, 2, 3-т тус тус зааснаар ... үйлчилгээний зориулалттай 16 давхар барилгыг “Х” ХХК-аас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 10 000 000 ам.доллар гэж тогтоон, түүнээс хэтэрсэн тохиолдолд талууд өөрт ногдох хэмжээгээр хариуцан санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн талууд 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Х” ХХК болон “А” ХХК-ийн ажлын уулзалтын тэмдэглэлийн 8 дахь хэсэгт 1 давхар нь “Х” ХХК-ийн өмчлөлд, 2 давхраас дээврийн давхар хүртэл хоёр хувааж дээд тал нь нэгнийх, доод тал нь нөгөөгийнх байна. Давхар сольж болохгүй. Талууд сугалах зарчмаар давхрын хуваарилалтыг хийсэн. 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр талууд сугалаагаар хуваарилалт хийж, 1 давхар болон 8-16 давхрыг “Х” ХХК, 2-8 давхрыг “А” ХХК тус тус эзэмшихээр шийдвэрлэсэн. 8 давхрын бодит талбайн хэмжээгээр талууд тус бүр 40/60 хувийг эзэмшинэ гэж тохиролцсон.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийж, барилга угсралтын ажил явагдаж дуусах шатандаа буюу 80 хувьтай байхад хариуцагч “А” ХХК-ийн барилгыг дангаараа 100 хувь өмчлөх санал, хүсэлтийг 2012 оны 6 дугаар сард хүлээн авч, Хувь шилжүүлэх гэрээг байгуулснаар барилгын ажлыг зогсоосон.

Хувь шилжүүлэх гэрээний 1 болон 4 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар “А” ХХК манай 60 хувийн өмчлөх эрхийг 11 000 000 ам.доллараар тооцон 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, “А” ХХК энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2009, 2011 оны үндсэн болон нэмэлт гэрээнүүд, мөн хурлын протокол зэрэг өмнөх бүх гэрээ хэлэлцээрүүд хүчинтэй болох, барилгын 60 хувийн өмчлөл “Х” ХХК-д хэвээр хадгалагдахаар тохиролцсон болно.

“А” ХХК нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул манай компани хувь шилжүүлэх гэрээний төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахыг “А” ХХК-аас шаардаж, мөн 2013 оны 05 дугаар сард өөр томоохон төсөлд хөрөнгө оруулалт оруулахаар төлөвлөснөө “А” ХХК-д 2013 оны 03 дугаар сард албан бичгээр мэдэгдэж байсны дагуу төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа өөр төсөлд оруулсан.

Гэтэл “А” ХХК 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/39 тоот албан бичгээр ... хувь шилжүүлэх гэрээний төлбөрийг төлөх асуудал үр дүнд хүрэхгүй байгаа талаар, мөн “Х” ХХК-ийн ажлын зохион байгуулалт, төлөвлөгөөг удаашруулсандаа хүлцэл өчиж, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хувь шилжүүлэх гэрээг цуцлахыг зөвшөөрч хуучин гэрээнүүдээ дагаж мөрдөх, манай компанийг хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг хүссэн юм. Маргаан бүхий барилгын ажил зогсонги байдалд орсон нь манай 80 хувийн гүйцэтгэлтэй саадгүй барьж байсан үйл ажиллагааг “А” ХХК зогсоож, өөрсдөө 100 хувь өмчлөх хүсэл зорилгыг агуулж, Хувь шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй болох нь талуудын хоорондын албан бичгүүдээс тодорхой харагдана.

Хэдийгээр дээрх шалтгааны улмаас санхүүжилт саатсан ч талуудын хүсч байсан хүсэл зориг бол санхүүжилт олж, 2009, 2011 оны гэрээний бодит үр дүнг бий болгохыг зорьсон тул талууд өмнөх гэрээний эрхээ баталгаажуулж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээний 14 386.5 м.кв талбайтай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 60 хувийн өмчлөгч “Х” ХХК, 40 хувийн өмчлөгч “А” ХХК болохыг гэрчилсэн 000247152 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан юм.

Барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжилт авах, зээл олох зайлшгүй шаардлагыг үндэслэн “А” ХХК-д итгэж 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хамтарсан хурлын шийдвэр хэлцлээр манай компани 60 хувийн өмчлөх эрхээ “А” ХХК-д шилжүүлэх хэлцлийг хийсэн ба уг хэлцлээр манай компани 60 хувийн өмчлөх эрхээ “А” ХХК-д шилжүүлснээр “А” ХХК 100 хувийн өмчлөгч болох үр дүнд хүрэх хүсэл зорилгоор бус, зөвхөн “Си Эм Эс” ХХК-д зориулж, түүний шалгуурт нийцэх гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн дүр үзүүлсэн хэлцэл болох нь баримтуудаар нотлогдох ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

“А” ХХК зээл авах талаарх баримтуудыг үзүүлээгүй тохиолдолд манай компани ямар ч хариу төлбөргүйгээр 60 хувийн өмчлөх эрхээ шилжүүлэх, 7 540 000 ам.доллараа “А” ХХК-д зүгээр өгөх хурлын шийдвэр, хэлцэл хийхгүй байсан нь тодорхой. Энэ талаар Улсын Дээд шүүх... хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үндэслэл бүхий, зөв дүгнэлт хийсэн юм.

Гэтэл хариуцагч “А” ХХК нь “Си Эм Эс” ХХК-аас зээл авч хамтарч барилгаа дуусгаагүй төдийгүй, гэрээний үүргээ мөн зөрчиж өөр компани буюу “Ф” ХХК-тай нууцаар 3 000 000 ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилгыг барьж дуусган, “Ф” ХХК-д талуудын хооронд байгуулагдсан 2009, 2011 оны гэрээ, хурлын протоколд заасан “А” ХХК-ийн өмчлөх 7 давхар, манай компанийн өмчлөх 9 давхар, 8 давхар буюу талууд 60:40 хувиар өмчлөх талбайг тус тус дээрх “Ф” ХХК-д шилжүүлсэн нь үлдсэн 30 хувийн гүйцэтгэлийг “А” ХХК болон манай компани тус тусын өмчлөх талбайгаар төлсөн байгаа. 2009, 2011 оны хамтран ажиллах гэрээний зүйл нь тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан боловч хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах үр дагавар одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байгааг, манай компанийн барьсан 70 хувийн барилгын гүйцэтгэл дээр үндэслэж 100 хувийн үр дүн гарсан байгааг, түүнчлэн үлдэх 30 хувийн гүйцэтгэлийн төлбөрийг дээрх байдлаар манай компанийн өмчлөх талбайгаас төлсөн болон бодит байдалд “А” ХХК-ийн өмчлөлд барилгын 70 хувийн талбай байгаа. Иймд “Х” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн Хамтарсан хурлын шийдвэр нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлээр “А” ХХК-д шилжсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А тауэр барилгын 60 хувийн өмчлөх эрхийг “Х” ХХК-д буцаан шилжүүлж өгнө үү.

Өөрөөр хэлбэл, 2015 оны хэлцлийг хүчингүй болгосноор хэлцлийн үр дагавар болон хүчин төгөлдөр 2009, 2011 оны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх манай компанид нээгдэж байна. Хэдийгээр хариуцагч “А” ХХК нь “Х” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, үлдэх 30 хувийг гүйцээн барьж, дуусгасан боловч энэхүү 30 хувийн гүйцэтгэлийн төлбөрийг дундын хөрөнгөөс буюу талуудын хэсгээр өмчлөх талбайгаас гэрээгээр тохиролцсон 60:40 хувь хэмжээгээр төлсөн байгаа нь хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасантай нийцэж байгаа, нөгөө талаар “А” ХХК-ийн өмчлөлд одоо үлдэх 70 хувийн талбай бодитоор байгааг харуулж байна.

Тиймээс манай компани гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг анхнаасаа хөндөөгүй. Иймд 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээ, 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлээр хуваан авсан талбай болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах А тауэр барилгын гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлснээс бусад 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг “Х” ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Х” ХХК-ийн “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Зохигчид 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09/08 тоот гэрээ байгуулж, “Х” ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “А” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 816 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар дээр 16 000 м.кв талбайтай 19 давхар оффисын барилга барьж дуусган, ашиглалтад оруулсны дараа барилгыг 60/40 гэсэн харьцаагаар тус тусын өмчлөлдөө хуваан авахаар тохиролцсон байдаг.

Гэвч гэрээ хэрэгжих явцад “Х” ХХК-ийн санал, хүсэлтээр 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 дугаартай нэмэлт гэрээ үйлдэж, “Х” ХХК-д гэрээний нөхцөлийг ашигтай болгох зорилгоор үндсэн гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан ба “Х” ХХК-ийн барилгын ажлыг санхүүжүүлэх дээд хэмжээг 10 000 000 ам.доллараар тогтоон, барилгын ажлын санхүүжилт 10 000 000 ам.доллараас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсгийн 40 хувийг “А” ХХК хариуцахаар, мөн барилгын ажлыг дуусгах хугацааг сунгаж, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгах, бас 19 давхар барилга барих байснаа 16 давхар болгон багасгаж, санхүүжилтийг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Дээрх нөхцөлийн дагуу илүү боломж олгосон ч гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, барилга 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ашиглалтад ороогүй.

“Х” ХХК-ийн санхүүжилт зогссон байсан бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг “А” ХХК дангаараа өөрийн нэр дээр гаргуулсан. Харин 2013 онд “Х” ХХК-ийн удирдлагуудынх нь ... бид хөрөнгө босгоход баталгаа хэрэгтэй байна. Хятад төв компанийн захиралд үзүүлэх шаардлагатай байна. Гэрээний үүргээ биелүүлэхэд хэрэгтэй байна. Тийм болохоор дуусаагүй ч гэсэн манайхыг хамтран өмчлөгчөөр оруулаач гэсэн хүсэлт, гуйлтын дагуу хамтран өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан. Гэсэн ч үүнээс хойш “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилт байхгүйгээс барилгын ажил 3 жил орчим буюу 2015 оныг хүртэл зогссон. “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй, санхүүжилтийг гаргахгүй олон жил болсон тул ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт харагдсан бөгөөд гэрээний харилцаа үргэлжлэхээ больсон.

“А” ХХК, “Х” ХХК-ууд сайн дураараа харилцан тохиролцож, “Х” ХХК-ийн барилгад оруулсан мөнгөн хөрөнгийг “А” ХХК-д өглөг болгон үүсгэн бүртгэн, дуусаагүй барилгыг 100 хувь “А” ХХК-ийн өмч болгохоор болж зохих гэрээ хэлцлийг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Мөн “А” ХХК болон “Х” ХХК-уудын санхүүгийн тайлан тэнцэлд 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөнгөн хөрөнгийн авлага, өглөг үүсэн, харьяалагдах татварын байгууллагад баталгаажсаар ирсэн.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг барилгад 7 540 000 ам.долларын хөрөнгө оруулсан байдалд маргахгүй, энэ төлбөрийг татварын тайландаа өглөгөөр бүртгэсээр ирсэн, мөнгөө авъя гэвэл өгөх боломжтой.

2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хамтын шийдвэрийг талууд чөлөөт хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргасан ба хууран мэхэлсэн ямар ч асуудал байхгүй. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн талуудын хамтарсан шийдвэрт ... 2012 оноос хойш “Х” ХХК хөрөнгө мөнгө саатаж, уг барилгын ажлыг зогсоосон. Одоо 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж бичсэнээс тодорхой харагдана.

Мөн дээрх хамтарсан шийдвэрээ үндэслэн, зохих баримт бичиг гэрээ хэлцэл байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн талуудын харилцан хүсэл зоригийг илэрхийлсэн, хууль тогтоомж зөрчөөгүй үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Тэгээд өмчлөх эрх дээрх шийдвэрийн дагуу бус хамтран өмчлөгч хасагдах хэлцлийн үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжсэн болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тодорхой харагдах бөгөөд уг хэлцэлтэй холбоотой аливаа шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй.

Хамтарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй ч өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй барилга байхгүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй, байргүй хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх, тогтоох боломжгүй.

Түүнчлэн “Х” ХХК үүргээ бүрэн гүйцэтгэж, барилгыг ашиглалтад оруулсны дараа “Х” ХХК-д барилгын тодорхой хувийн өмчлөгч болохоор тохиролцсон. Түүнээс барилга дуусаагүй байхад барилгын тодорхой хувийг өмчлөх эрх “Х” ХХК-д байхгүй. 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.5-д Барилга баригдаж дууссаны дараа 2 тал оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ уг барилгын өөрт ногдох хэсгийн өмчлөгч болно гэж заасан. Ямар хөрөнгийг ямар хэмжээгээр өмчлөх эрхтэй гэдэг нь тодорхойгүй буюу тогтоогдоогүй этгээд өмчлөх эрх нь өөр этгээд дээр бүртгэлтэй хөрөнгийн 60 хувийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах ямар ч эрхгүй.

Энэ маргаан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот гэрээнээс эхтэй, түүнтэй салшгүй холбоотой тул уг гэрээнд заасан харьяаллын дагуу маргаан шийдвэрлэгдэх ёстой. Талууд гэрээний 6.1, 6.2 дахь заалтаар маргаан гарвал талууд харилцан эв зүйгээр шийдвэрлэнэ, хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Гонконг дахь Олон Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохирсон.

Иймд энэхүү маргаан нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн төрөлд хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс “Ф” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан ч хэрэг хянан шийдвэрлэх явцад манай компанийн эрх ашиг хөндөгдөж болохуйц нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “А” ХХК-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу барилгын ажил нь бүрэн зогсоод удаж байсан “А” ХХК-ийн оффисын барилгад хөрөнгө оруулсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг дуусаагүй оффисын барилга нь 100 хувь “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсныг баталгаажуулсны үндсэн дээр хийсэн.

Манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсны дагуу биелүүлж, санхүүжилтээр уг барилгын ажил дуусгавар болсон бөгөөд бид 2 468.4 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгэгдээд байгаа. Нэхэмжлэгч тодорхой талбай нэр зааж шаардахдаа автозогсоолыг ерөнхийд нь 15 гэж тусгасан нь угтаа ямар нэгэн дугаарлалт хийгдээгүй зохион байгуулалттай гараашид аль ч хэсэг хамаарахаар байна гэж бид үзсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай компанийн эрх ашиг хөндөгдөхгүй байгаа тул өөр нэмэлт тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т заасныг тус тус баримтлан Х ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 11,918.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-тай тэнцүү хэмжээгээр хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 480 дугаар зүйлийн 480.3-т заасан үндэслэлгүй тул Хамтарсан хурлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, А тауэр барилгын гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнээс бусад талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай, 15 автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг А ХХК-д даалгах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 95,722,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,652,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Маргаан бүхий барилга бүрэн дуусч ашиглалтад орсон, ашиглалтад орсон явдал нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөнд үндэслэж, талуудын хувьд ногдох талбайгаас хасагдах байдлаар барилгыг өөрөөр нь санхүүжүүлж 100 хувь болгосон юм. Зохигчдын зүгээс хамтран ажиллах гэрээг дүгнэж, дуусгавар болгох бодит нөхцөл, боломж бий болохгүй байгаа.

2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр талууд хэсгээр өмчлөх талбайгаа маш тодорхой хуваарилсан. Мөн гуравдагч этгээдэд шилжүүлсэн талбай нь талуудын хуваарилсан талбайгаас ногдох хувь хэмжээнээс 60/40 хувиар тооцогдож хасагдсан.

Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний үүргийг хэн эхэлж зөрчсөн, хэний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч барилгыг цааш үргэлжлүүлэн барих боломжгүй болсон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд, гуравдагч этгээдэд шилжүүлсэн талбайн хэмжээг оруулахгүйгээр, хуваарилан тохиролцсон талбайгаа авах талаар шаардлагаа тодорхойлсноос бус 11 918.1 м.кв талбайн 60 хувийг авна гэж шаардаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд шилжсэнээс үлдэх талбай болох 11 918.1 м.кв талбайгаас шууд 60 хувийг тооцоолж шаардаагүй, зөвхөн талуудын гэрээний дагуу хэсгээр өмчлөхөөр тохиролцсон, хариуцагчийн зүгээс шүүхэд маргаж, үгүйсгээгүй баримтын хүрээнд шаардлагаа тодорхойлж гаргасан 6415.3 м.кв талбай юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...10 сая ам.доллараар гэрээ ёсоор бүрэн оруулаагүй нь түүний шаардсан талбайг олгох үндэслэлгүй, мөн маргаан бүхий барилгын өнөөгийн эд хөрөнгийн үнэлгээ тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн оруулсан 7 540 000 ам.доллар чухам ямар хувь хэмжээтэй дүйцэх талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Талууд шүүхийн мэтгэлцээнд уг барилгын үнэлгээний талаар маргаагүй, эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй, хариуцагч уг барилгад нэмж хөрөнгө оруулснаа нотолж, тайлбар татгалзал болгоогүй, эд хөрөнгийн үнэлгээний талаар сөрөг шаардлага гаргаагүй байхад өнөөгийн үнэлгээ тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Уг барилга нэхэмжлэгчийн оруулсан 7 540 000 доллар, гуравдагч этгээдийн оруулсан 3 000 000 ам.доллараар боссоноос өөр бодитой үнэлгээ байхгүй.

Хариуцагч “А” ХХХ-ийн зүгээс барилгын суурийн давхарт оруулсан хөрөнгөө шүүх хуралдаанд ярьдаг боловч энэ нь маргааныг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий барилгын газар, суурийн давхраар өөрийн оруулсан хөрөнгөө илэрхийлж уг барилгаас 40 хувийг өмчлөх саналыг хөрөнгө оруулагчид тавьсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Х” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт “А” ХХК- ийн өмчлөлд бүртгэлтэй 11,918.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр буюу “Х” ХХК 6415.3 м.кв, “А” ХХК 5,502.8 м.кв тус тус өмчлөгч болохыг тогтоож, “А” ХХК-д “Х” ХХК-ийн 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6415.3 м.кв талбай, 15 автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр ирүүлсэн ба шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, шаардлагаа дэмжиж байгаа гэж хэлсэн.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар буюу “Х” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 11,918.1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг “А” ХХК-тай тэнцүү хэмжээгээр хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Шүүх өөрөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна, харин өөрөөр буюу өөр асуудлаар шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт “А” ХХК-ийн өмчлөлийн 11,918.м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК-тай тэнцүү хэмжээгээр хэсгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн үг үсэг, өгүүлбэрээр илэрхийлсэн хүсэл зориг байхгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 6415.3 м.кв талбай, 15 автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг “А” ХХК-д даалгуулах тухай байдаг.

Шүүхийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага байхгүй асуудлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр ажиллагааны диспозитив зарчмыг зөрсөн, зохигчид тайлбар, нотлох баримт гаргаагүй буюу мэтгэлцэх эрх хэрэгжээгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хангах боломжгүй гэж дүгнэсэн атлаа өөрийн санаачилгаар хариуцагчийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан үйлдэл юм.

Зохигчдын хооронд байгуулсан үндсэн гэрээ болох 09/08 тоот гэрээний 6.2-д хэрэв талууд тохиролцоонд хүрээгүй бол маргааныг Гонконг дахь Олон Улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна, хэргийг харьяалал зөрчигдөж байна, гэрээнийхээ дагуу арбитраар шийдвэрлүүлэх ёстой гэсэн боловч, шүүх хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

Хэргийн харьяалал зөрчигдсөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангах боломжгүй байхад, өөр нэхэмжлэлийн шаардлага өөрийн санаачлагаар гарган ирж, түүнийгээ ханган нэхэмжлэгчийн талд ашигтай шийдвэр гаргаж байгаагаас харагдана.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр “Х” ХХК нь барилгын санхүүжилтийг хариуцан, барилгыг барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба энэхүү үйл ажиллагаа нь “А” ХХК-аас хамааралгүй бөгөөд “Х” ХХК-ийн хөрөнгө мөнгө, барилгын ажлын гүйцэтгэлээс хамаарна.

Энэхүү гэрээ ёсоор “Х” ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг болох барилгын санхүүжилтийг хариуцан, барилгыг барьж ашиглалтад оруулсныг дараа гэрээнд заасан талбай өмчлөх эрхтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд талбай өмчлөх эрхгүй, цаашлаад талбай өмчлөхөөр шаардах эрхгүй. “Х” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг биелүүлэх хугацааг олон жилээр хэтрүүлсэн, дуусаагүй барилга хамтран өмчлөгчөөр байхдаа хэлцлийн дагуу өмчлөгчөөс хасагдсан, “Ф” ХХК барилгын санхүүжилтийг гэрээ байгуулан олгож барилга ашиглалтад орсон тухай нотлох баримтууд авагдсан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг шийдвэрлэх, 2 талаасаа тооцоо нийлж дүгнэх асуудлыг тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 09/08 тоот Гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ, 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Хурлын тэмдэглэлийн дагуу Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, А тауэр барилгын гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэнээс бусад талбай болох 1 давхар 652.1 м.кв, 10-16 давхар 4,936.8 м.кв талбай, нийт 8 давхар буюу 6,415.3 м.кв талбай болон 15 автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Х” ХХК, “А” ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 09/08 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр “А” ХХК-ийн эзэмшлийн газар дээр 19 давхар оффисын зориулалттай барилга барих төсөл хэрэгжүүлж, “А” ХХК зоорийн 0.000 давхрыг өөрийн хөрөнгөөр барьсан, цаашид “Х” ХХК хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг барьж дуусгах, нийт 16,000 м.кв талбайн 60 хувийг “Х” ХХК, 40 хувийг “А” ХХК тус тус өмчлөлдөө авахаар харилцан тохиролцжээ. /1хх38-40/

 

Мөн талууд 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09/08/01 тоот нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр “Х” ХХК уг төсөлд санхүүжүүлэх дээд хэмжээг 10 000 000 ам.доллар гэж баталгаажуулж, уг ам.доллараас хэтэрсэн тохиолдолд хоёр тал гэрээнд заасан ногдох хувь хэмжээ буюу хэтэрсэн төсвийн 60 хувийг “Х” ХХК, 40 хувийг “А” ХХК бэлэн мөнгөөр гаргаж, барилгын ажлыг санхүүжүүлэхээр тохиролцсон ба /1хх36-37/ талууд энэ талаар маргаагүй, анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоожээ. “А” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хувь шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “А” ХХК нь “Х” ХХК-ийн эзэмшлийн 60 хувийг “А” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрч, “Х” ХХК-ийн эзэмшлийн 60 хувийг 11 000 000 ам.доллар гэж тооцон 1 ам.долларын 6.33 юаньтай тэнцэх ханш гэж тооцон “А” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 69 630 000 юанийг “Х” ХХК-д төлөх, уг үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээ, 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг барилгатай холбоотой бүх бичиг баримтууд үл маргах журмаар хүчингүй болох, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд өмнөх тохиролцоо хэвээр буюу “А” ХХК давуу эрхээр хувь шилжүүлэн авах боломжгүй болох ба барилгын 60 хувийн эзэмшил “Х” ХХК-д хэвээр хадгалагдах талаар талууд харилцан тохиролцжээ. /1хх64-66/

 

“А” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Хуашен барилга групп”-ийн ТУЗ-ын даргад дээрх хувь шилжүүлэх гэрээг цуцлахыг зөвшөөрч, хуучин ерөнхий гэрээний зүйл заалтыг мөрдөх бөгөөд танай компани хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн төслийн дагуу ажлыг дуусгах агуулгатай 13/39 тоот албан бичгийг хүргүүлж, талуудын хооронд 2009, 2011 онд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. /1хх71/,

 

70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “Ф” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үр дүнд “А” ХХК нь 100 хувийн гүйцэтгэлтэй болгож баримтыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ.

 

Иймд “А” ХХК болон “Ф” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийг зөв тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Харин 2009, 2011 онд байгуулагдсан гэрээний тохиролцоогоор барилга бүрэн гүйцэд баригдаагүй тохиолдолд гэрээний талуудын оруулах хөрөнгө, оролцоог тодорхойгүй байхад 60/40 гэж хуваарилах боломжгүй болно.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх, улмаар талууд тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн эзэмшлийн 60 хувийг 11 000 000 ам.доллар гэж тооцон 69 630 000 юанийг “Х” ХХК-д “А” ХХК төлөх үүргийг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хувь шилжүүлэх гэрээгээр хүлээсэн атлаа, 1 дүгээр хавтас хэргийн 72 дугаар талд авагдсан баримтаар “Х” ХХК А төсөлд оруулсан хөрөнгийн нийт 7 540 000 ам.доллар гэж тодорхойлсон байгаа нь зөрүүтэй, эргэлзээтэй байна.

 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаж байгаа нөхцөлд хэн хэдий хэмжээний хөрөнгийг оруулснаар ямар хөрөнгө бий болсон, үүнийг талууд баримтаар хэрхэн нотолж байгааг анхан шатны шүүх дүгнэх учиртай.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой зохицуулалтад гаргасан гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 128 295 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 652 050 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА