Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00485

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00485

 

 

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00021 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн хариуцагч Т.Хд  холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 274 265 308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЭББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Т.Хтай 2016 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг 06 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37 дугаар байр, 50 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 80.72 м.кв талбай бүхий (Ү-2203023780) үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, зоорийн давхарт 6 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай 16 м.кв талбай бүхий (Ү-2203023782) үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, хуримтлагдсан хүүнээс 21 400 000 төгрөг төлсөн ба одоогийн байдлаар үндсэн зээл 80 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 165 728 986 төгрөг төлөгдөөгүй. Иймд Т.Хаас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 165 728 986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 536 322 төгрөг, нийт 274 265 308 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Хы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 04 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийн зээл авсанд маргахгүй. 2016 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусч хүүгийн хэмжээ үндсэндээ зээлийн хүү 165 728 986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 536 322 төгрөг, нийт 194 265 308 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага нь 4 жилийн хугацаа өнгөрсний дараа хуримтлагдсан зээлийн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийг төлөхгүй байсан шалтгаан нь зээлсэн мөнгийг төрөөс авсан тендерийн ажлын дутуу санхүүжилтэд зориулаад, төр буцаан өгөхгүй удаасан. Үүнийг зээлдүүлэгч тал маш сайн мэдэж байгаа, “ЭББСБ” ХХК-аас гадна, тус ББСБ-д хувь эзэмшдэг н.Адъяасүрэн гэдэг үүсгэн байгуулагчаас нь хувь хүний хувьд ч гэсэн тухайн үед цахилгааны шугам үйлдвэрлэдэг үйлдвэрээ барьцаанд тавьж, иргэний журмаар хувиар нь мөнгө зээлээд тухайн ажилд зарцуулаад явж байсан. Дээрх нөхцөл байдлуудыг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Хаас 274 265 308 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Т.Х нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 37 байрны 50 тоотод байрлах 80.72 мкв талбайтай, Т.Хы өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах, ХД 37 байрны зоорийн давхарын 6 тоотын 16 мкв талбайтай, Т.Хы өмчлөлийн гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 669 677 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т.Хаас 1 669 677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Хы давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. 6 сарын хүүгийн төлбөрт 21 400 000 төгрөг төлсөн. 2016 оны 10 сарын 07-ны өдрөөс хойш үндсэн зээл болон хүүд төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 сард нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаараагүй. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэл ирүүлээгүй, 4 жилийн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү их бодогдсоны дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзвэл үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүүгийн хэмжээг үндсэн зээлийн 50 хувиар тооцож 40 000 000 төгрөгт багтаан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 154 265 308 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “ЭББСБ” ХХК нь хариуцагч Т.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274 265 308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх ажиллагааг бүрэн явуулаагүйн улмаас талууд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт мэтгэлцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2020/12503 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдсан барьцааны зүйлээр үүргийг хангуулалх шаардлага тус бүрт хэрэг үүсгэлгүй, зөвхөн зээлийн гэрээний үүрэгт 274 265 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

 

Хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд талууд зээлийн гэрээний үүрэгт 274 265 308 төгрөг гаргуулах шаардлагын тухайд мэтгэлцэж, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад мэтгэлцээгүй байна. Түүнчлэн, хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд мэтгэлцээгүй болохоо давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧ                                                    Ч.ЦЭНД

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ