Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар  001/ХТ2022/00723

 

 

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00661 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 245,728,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,536,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023780 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, 50 тоот хаягт байрлах 80.72 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023782 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, зоорийн давхрын 6 тоот, 16 м.кв дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,669,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 1,526,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00661 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...245,728,986 төгрөгийг...” гэснийг “...79,720,000 төгрөгийг...” гэж, “...28,536,322 төгрөгийг...” гэснийг “...194,545,308...”  төгрөгийг... гэж, 3 дахь заалтын “1,526,995 төгрөгийг” гэснийг “556,550 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,387,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн 2022.05.06-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00585 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2022.04.08-ны өдрийн 661 дүгээр магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1, 172.2.2-т заасныг тус тус үндэслэн, хяналтын гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451.1, 452.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 245,728,986 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгох, шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.08-ны өдрийн 210/МА2022/00661 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт илэрхий хохиролтойгоор шийдсэнд гомдолтой байна.

5.1. Тухайлбал, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 79,720,000 төгрөг гаргуулахаар болж, анхан шатны шүүхийн шийдвэрээс 166,008,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх нь 166,008,986 төгрөгийг 2021.05.21-ний өдөр хүчингүй болсон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2, 24.3 дахь заалтуудыг иш татан, “...талууд гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тухайлан тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй...” хэмээн үндэслэлгүй дүгнэж хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулсан 2016.04.07-ны өдрийн 16-040 тоот зээлийн гэрээний 4.3-т гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийг төлж дуусах хүртэл гэрээний харилцаа үргэлжлэхийг маш ойлгомжтой заасан бөгөөд зээлдэгч зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2018.09.26-ны өдөр “...зээлийг төлөх сүүлийн хугацаа 2019 оны 02 сар хэмээн тооцоолж байна...” хэмээн хүсэлт ирүүлж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК хүсэлтийг нь хүлээн авсан байдаг. Давж заалдах шатны шүүх 2021.05.21-ний өдөр хүчингүй болсон хуулийг яагаад буцаан хэрэглэсэн талаар огт тайлбарлаагүй. Хуучин хуулийг буцаан хэрэглэхдээ анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч субъектийн эрх ашгийг хамгаалсан заалтыг түүний эсрэг тайлбарлаж, зээл авагчид ашигтай давуу байдал үүсгэсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан 2016.04.07-ны өдрийн 16/040 тоот зээлийн гэрээ нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р бүлгийн холбогдох заалтуудаар зохицуулагдана.

5.2. 2021.05.21-ний өдөр батлагдсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн хуульчилсны дагуу гэрээний үүрэг дуусах хүртэл хүү авах эрхтэй. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна хэмээн зөв дүгнэсэн мөртлөө зөвхөн гэрээний хугацааны буюу 6 сарын хүү нэхэмжлэх эрхтэй хэмээн бусад хугацааны хүүнээс зээлдэгчийг илт үндэслэлгүйгээр чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2016.04.07-ны өдөр зээл авсан ба 2018.09.26-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлж, үүргээ биелүүлж, гэрээний харилцаа үргэлжилсээр ирсэн байхад давж заалдах шатны шүүх зөвхөн 6 сараар хүү авах эрхтэй хэмээн хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргалаа. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь холбогдох хуулийн дагуу, үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд зээл олгосны үр дүнд хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу үндсэн зээлд 79,720,000 төгрөг, хүүд 21,400,000 төгрөг, нийт 101,120,000 төгрөг авахаар болж буй нь шударга ёсонд нийцэхгүй. Хэрэв “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д зээл өгөлгүй 2016.04.07-ны өдөр 80,000,000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэйгээр дурын банкинд хадгалуулсан бол 80,000,000+8,000,000 х 6 жил=128,000,000 төгрөг олохоор байлаа. Зээлийн гэрээний үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй зээлдэгчээс болж түүнд хэрэгтэй үед нь шаардлагатай санхүүжилтийг нь олгосон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь их хэмжээний алдагдалд орохоор байгаа нь үнэхээр харамсалтай. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 245,728,986 төгрөгийг гаргуулж, үлдэх 28,536,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 79,720,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 194,545,308 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

9. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай 2016.04.07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... хаягт байрлах 80.72 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах зоорийн давхрын 6 тоот байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй, харин зээлийн хүүд 21,400,000 төгрөг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг хуримтлагдсан байна. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг, нийт 274,265,308 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2016.04.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2016.10.07-ны өдөр дууссан бөгөөд талууд хугацааг сунгаагүй учир үүнээс хойш нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй... Хөөн хэлэлцэх хугацаа 2019.10.07-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан... Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусаад шүүхэд хандсан бол зээлийн хүү бага бодогдоод дуусах ёстой байсан. Гэтэл 4 жилийн дараа уг төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад төлбөрийг төлөхгүй гэж бодоход “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хохирох зүйл байхгүй, бид төлбөрийг хангалттай төлсөн..., төлсөн 21,400,000 төгрөг буюу анх зээл авсан 6 сарын хугацааны зээлийн хүү байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд 2016.04.07-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, хариуцагч 21,400,000 төгрөгийг буцааж төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн.

11. Анхан шатны шүүх “талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.6, 4.8-д нэмэгдүүлсэн хүүг 2 янзаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүд шаардсан 28,536,322 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 165,728,986 төгрөг, нийт 245,728,986 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

12. Харин давж заалдах шатны шүүхээс “... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоозээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг хэрхэн тооцох талаарх тухайлан тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй...” гэж зөрүүтэй дүгнэн, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээл 80,000,000 төгрөг, 6 сарын хүү 21,120,000 төгрөг, нийт 101,120,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

13. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т “гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүг 2 янзаар тодорхойлсон (Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-г зөрчсөн) нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг үгүйсгэхээс бус гэрээний хугацаа дууссанаас хойш (гэрээний үүрэг биелэгдэх хүртэл) зээлийн үлдэгдлээс үндсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэхгүй юм. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан) үндэслэлтэй.

14. Харин “.... давж заалдах шатны шүүх хүчингүй болсон хуулийг яагаад буцаан хэрэглэсэн талаар огт дүгнэлт өгөөгүй...” гэх гомдлын тухайд, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй”, талуудын хооронд зээлийн харилцаа үүсэх үед 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан тул давж заалдах шатны шүүхээс уг хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй, гагцхүү хуулийг хэрэглэхдээ холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан байна.

15. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн зүгээс өөрийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг дурдан зээлийн гэрээг 2019 оны 2 сараар дуусгавар болгох агуулга бүхий хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байсан (хавтаст хэргийн 13 дахь талд), гэтэл нэхэмжлэгчийн зүгээс зохих арга хэмжээ авалгүйгээр бүтэн жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээний нөгөө талын эрх, ашгийг хэт дордуулж байх тул зээлийн гэрээний хуримтлагдсан хүүг 2019 оны 2 сараар тасалбар болгож, хариуцагчаас үндсэн зээл 80,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 97,797,808 төгрөг, нийт 177,797,808 төгрөгийг (хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу) гаргуулах нь гэрээний шударга ёсны зарчимд (Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д) нийцнэ гэж үзлээ.

16. Нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй (энэ талаар нэхэмжлэгч тухайлан гомдол гаргаагүй), иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, хүү 97,797,808 төгрөг, нийт 177,797,808 төгрөгийг хангаж, үлдэх 96,467,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.            

17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00661 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 177,797,808 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,467,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,669,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 1,046,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.”  гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 987,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА