Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/02437

 

 

 

 

 

 

 

 

2021        12          09  

181/ШШ2021/02437

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, дугаар хороо,  гудамж, тоотод байрлах, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг, дүгээр хороо, мянгат, дүгээр байр, тоотод оршин суух, И овогт Т.Х-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК нь иргэн Т.Х 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16/040 тоот зээлийн, 16/040А тоот барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, хд-37 байр, 50 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 80.72 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 2203023780 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, хд-37 байр, зоорийн давхрын 6 тоот байршилтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн 2203023782 бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй, 21,400,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Үндсэн зээл 80,000,000 төгрөг зээлийн хүү 165,728,986 төгрөг 2020 оны 9 дүгээр сарын байдлаар хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар иргэн Т.Х-аас 16/040 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг нийт 274,265,308 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 16/040A тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, 50 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 80,72 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, зоорийн давхарт 6 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай 16,0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Т.Х нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Э” ХХК-иас 80,000,000 төгрөгийг 4,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Нийт 6 сарын хугацааны зээлийн хүү 21,400,000 төгрөг бодогдсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаатай байна гэж заасан байдаг. Тэгэхээр “Э” ХХК-ийн шаардлага гаргах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаар хариуцагчаас зээлийн үүрэг шаардах эрх нь үүсч байгаа юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан.

Т.Х нь 2016 оны 4 дүгээр сард “Э” ХХК-иас хувийн журмаар 400,000,000 төгрөгийн зээлийг хүсэхэд 320,000,000 төгрөгийг энэ байгууллагын хувь эзэмшигч н.А гэх хүн хувиараа зээл гаргаад 80,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага дээр гаргасан. Тухайн үед 320,000,000 төгрөгийн зээл дээр 600 сая гаруй төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулаад төлөгдөөд явж байгаа. Цаас харахад тус тусдаа зүйл юм шиг боловч нэг шугамаар гарсан зээл байгаа юм. Э ХХК-ийн захирал Т.Х нь Э ХХК-д хангалттай хэмжээний төлбөр болон хүү төлсөн.

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 4 жилийн хугацаанд нэг ч удаа мэдэгдэл явуулаагүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Т.Х мөн өөр асуудлаар буюу эрчим хүчний үйлдвэрээ нэрийг нь шилжүүлээд барьцаалаад өгсөн асуудалтай явж байсан. Энэ асуудлаар шаардлага ирүүлээгүй байж 4 жилийн дараа үндсэн зээл болох 80,000,000 төгрөгөөс гадна 165,000,000 төгрөгийн зээлийн хүү, 28,500,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусаад шүүхэд хандсан бол зээлийн хүү бага бодогдоод дуусах ёстой байсан зүйл дээр 4 жилийн дараа уг төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад төлбөрийг төлөхгүй гэж бодоход Э ХХК-д хохирох зүйл байхгүй, бид хангалттай төлбөрийг төлсөн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2017-2018 онуудад төлбөр төлөгдөж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй тасалдаад үргэлжлээд явж байна гэдэг утгаар өмнөх шүүгч дүгнэсэн. Гэхдээ төлж байгаа мөнгө нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 6 сарын хугацааны зээлийн хүү болохоос биш үүргийн хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр төлөгдсөн нэг ч төгрөг байхгүй. Тэр хугацаанд төлсөн 21,400,000 төгрөг буюу анх зээл авсан 6 сарын хугацааны зээлийн хүү байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Т.Х-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            “Э” ХХК болон Т.Х нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 16-040 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Э” ХХК нь 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6 сарын хугацаатай, жилийн 4,4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу Т.Х нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

            Мөн өдөр Э ХХК нь Т.Х-тай 16-040А тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, Т.Х нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023780 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, 50 тоот хаягт байрлах 80.72 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023782 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, зоорийн давхрын 6 тоот, 16 метр квадрат дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх үүрэгтэй.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч буюу “Э” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээгээр тохирсон 80,000,000 төгрөгийг Т.Х-ны Хас банкны 50014032.. тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч Т.Х нь уг зээлийн төлбөрт 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 21,400,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээл хүүгийн тооцоолол, хариуцагчийн депозит дансны хуулга, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

            Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна.

             Хариуцагчийн өмгөөлөгч гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

            Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

            Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж, 79.7.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь Т.Х-ны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “...Зээлийг чөлөөлөх сүүлийн хугацааг 2019 оны 2 дугаар сар гэж тооцоолж байна...Манай зүгээс та бүхнийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна...” гэх хүсэлтийн дагуу хугацаа сунгахыг зөвшөөрсөн, мөн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр тоолох нөхцөл байдал үүссэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “…зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 4.3-т “Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар харилцан тохиролцсон учраас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй юм.

            Зээлдэгч Т.Х нь зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн  үлдэгдэл 80,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 28,536,322 төгрөг, нийт 274,265,308 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.6-д “зээлийн нэмэгдүүлсэн хүү 20 хувь” гэж, 4.8-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж хоёр янзаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Иймд хариуцагч Т.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 245,728,986 төгрөг /үндсэн зээл 80,000,000+хүү 165,728,986/ гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй.

 

            Мөн хариуцагч Т.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Х-ны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023780 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, 50 тоот хаягт байрлах 80.72 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023782 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, зоорийн давхрын 6 тоот, 16 метр квадрат дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-аас 245,728,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,536,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Х нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023780 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, 50 тоот хаягт байрлах 80.72 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023782 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байр, зоорийн давхрын 6 тоот, 16 метр квадрат дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,669,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-с 1,526,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ