Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/00021

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/00021

Улаанбаатар хот

 

 

 

 

2021 01 04 181/ШШ2021/00021

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Галакси товер 1004 тоотод оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1-р 40 мянгат 44-р байр 15 тоотод оршин суух,******* /РД:ХГ75091762/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эко капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Экокапитал" ББСБ нь иргэн******* 2016 оны 04 сарын 07-ны өдөр 16/040 тоот зээлийн, 16/040A тоот барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 06 сарын хугацаатай, сарын 4,4 хувийн хүүтэй зээлүүлсэн болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37 дугаар байр, 50 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 80,72 м.кв талбай бүхий (Ү-2203023780) үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, зоорийн давхарт 6 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай 16,0 м.кв талбай бүхий (Ү-2203023782) үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, хуримтлагдсан хүүнээс 21,400,000 төгрөг төлсөн ба одоо 80,000,000 төгрөгийн үндсэн зээл, 165,728,986 төгрөгийн хуримтлагдсан хүү төлөгдөөгүй байна.

Зээлдэгч Т.Халиунаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно.

Иймд Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Т.Халиунаас 16/040 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг, нийт 274,265,308 /хоёр зуун далан дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга гурван зуун найман/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 16/040A тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, 50 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 80,72 м.кв талбай бүхий (Ү-2203023780) үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, хд 37-р байр, зоорийн давхарт 6 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай 16,0 м.кв талбай бүхий (Ү-2203023782) үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Өмнө шүүх хуралдаануудад нотлох баримтаа гаргаж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан гарсан үүнтэй холбоотой нотлох баримтаа нэхэмжлэгч тал ирүүлсэн байна. Хаан банкны баталгааны тэмдэгтэй хуулга хавсаргасныг танилцлаа. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг авсан, үүнд маргах зүйл байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссан. Үүнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаж хүүний хэмжээ үндсэндээ зээлийн хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг, нийлээд 194,265,308 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. 4 жилийн хугацаанд хүү их хэмжээгээр өссөн, ингэж өссөн шалтгаан нь нэхэмжилж байгаа байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэрээнд заасан хугацаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж, тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч талаас шаардлагаа тухайн үед хуулийн дагуу шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хэт өндөр хүү гарахаас өмнө, мэдээж зээл төлөх хариуцагч талын хувьд зээлдэгч өөрөө энэ хугацаанд зээлээ яаж шаардаж байсан талаар ямар ч баримт байхгүй.

Шаардахгүй байхаар нь хариуцагч яваад байсан байх, ер нь төлөхгүй байсан шалтгаан зээлж авсан мөнгийг төрөөс авсан тендерийн ажлын дутуу санхүүжилтэд зориулаад, төр тэр мөнгөө өгөхгүй удаасан шалтгаанаас үүдэлтэй. Үүнийг зээлдүүлэгч тал маш сайн мэдэж байгаа, зээлдүүлэгч тал*******-иас гадна, ББСБ-д хувь эзэмшдэг н.Адъяасүрэн гэдэг үүсгэн байгуулагчаас нь хувь хүний хувьд ч гэсэн тухайн үед цахилгааны шугам үйлдвэрлэдэг үйлдвэрээ барьцаанд тавьж, иргэний журмаар хувиар нь мөнгө зээлээд тухайн ажилд зарцуулаад явж байсан. Энэ талаар нотлох баримтаа өгөөгүй ч гэсэн ийм нөхцөл байдлууд байгаа, энэ мөнгийг аваад юу хийсэн, яагаад төлж чадаагүй, нөхцөл шалтгаануудыг нэхэмжлэгч тал мэдэж байсан.

Манайх төрөөс зарласан тендерийн ажлын мөнгөө одоо хүртэл авч чадахгүй байгаа ийм шалтгаантай. Үндсэндээ хүү 4 жилийн хугацаанд бодогдсон байгаа. Хүүг эдгээр нөхцөл байдлыг болон зээлдэгчийн буруутай үйл ажиллагааг харгалзан үзээд, зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК нь хариуцагч Т.Халиунд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 274,265,308 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, түүний өмгөөлөгч нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн буруутай үйл ажиллагааг харгалзан үзээд, зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Шүүх, талуудын тайлбар, мэтгэлцээн, хэргийн үйл баримтыг судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд ньмөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллын талаар маргаагүй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 16-040 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК нь 80,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, бэлэн бус хэлбэрээр хариуцагч Т.Халиунд зээлдүүлсэн байна./хх-ийн 6-8 дахь талд/

Зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Экокапитал ББСБ ХХК-иас, зээлдэгч Т.Халиуны хүсэлтээр 20216 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкны 5001403249 тоот дансанд шилжүүлэн өгсөн болох нь зарлагын мэдүүлэг, Хасбанкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан, үндсэн зээлийг төлөөгүй байдлаа хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 16 дахь талд/

Дээрх баримтаар хариуцагч*******нь нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-иас зээлсэн 80,000,000 төгрөгийг хүлээн авч, захиран зарцуулсан бөгөөд уг зээлийг авснаас хойш 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг /хүү төлбөр/, мөн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг /зээл төлбөрт/ нийтдээ 21,400,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулгын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх-ийн 11, 87-89 дэх талд/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог учир нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-ийг зээл олгоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...зээлдэгч Т.Халиуны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ББСБ-д гаргасан хүсэлтийг хүлээн авч зээлийг төлж дуусах хугацааг 2019 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл сунгагдсан, хуримтлагдсан хүүний үлдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл тооцож 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 578 хоногоор, үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй буюу сарын 0.88%-иар тооцож 28,536,322 төгрөг гэж тодорхойлжээ.

Гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан бөгөөд гэрээний 4.3-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримт /хх-ийн 13 дахь тал/-аар хариуцагч /зээлдэгч/ 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч /зээлдүүлэгч/-д гаргасан хүсэлтдээ: ...зээлийг төлж дуусах сүүлийн хугацааг 2019 оны 02 дугаар сар гэж тооцоолон, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөх хүсэлтийг нь нэхэмжлэгч ББСБ хүлээн авч зээлдүүлэгчийн хүсэлтээр гэрээг сунгагдсан тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Т.Халиуны Энх-Өглөө ХХК нь Эрчим хүчний яамнаас зарласан Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд оролцож шалгаран, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн ажлыг хийхэд уг зээлийг зарцуулсан боловч, Яамнаас ажлын санхүүжилтийг өнөөг хүртэл олгоогүйгээс уг зээлийг төлж чадаагүйг нотлохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0732 дугаартай шийдвэрийг баримтаар шүүхэд өгч, зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. /хх-ийн 57-67 дэх талд/

Зээлийн хүү зээлдүүлэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгах тухай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл хэсгээр зохицуулагдах банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хүүнд хамаарахгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймээс зээлдэгч*******зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус гаргуулж, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Зохигч талууд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 80,000,000 төгрөгийн 16-040 дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор мөн өдөр 16-040А дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна. /хх-ийн 9-10 дахь талд/

Дээрх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 37 байрны 50 тоотод байрлах 80.72 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах, ХД 37 байрны зоорийн давхарын 6 тоотын 16 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-15 дахь талд/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилготой хийгдсэн дээрх барьцааны гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иймээс зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үндсэн зээл 80,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 165,728,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,536,322 төгрөг, нийт 274,265,308 төгрөгийг хариуцагч Т.Халиунаас гаргуулж, Экокапитал ББСБ ХХК-д олгож, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 37 байрны 50 тоотод байрлах 80.72 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах, ХД 37 байрны зоорийн давхарын 6 тоотын 16 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Халиунаас 274,265,308 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч*******нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД 37 байрны 50 тоотод байрлах 80.72 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах, ХД 37 байрны зоорийн давхарын 6 тоотын 16 мкв талбайтай, Т.Халиуны өмчлөлийн гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,529,277+140,400/ 1,669,677 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т.Халиунаас 1,669,677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ