Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 77

 

 

“Д с н” ТББ-ын

нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал

жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Э.Номин-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “У т” ХХК-д олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

“Д с н” ТББ-ын 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0045 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Ч, гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Д, түүний өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “У т” ХХК-д олгосон газар ашиглах 797 тоот гэрчилгээний хавсралт дахь 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, тэмдэг буюу солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Д с” ТББ-ын 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах “Д с” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0045 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд “У т” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай ашиглаж буй газар нь иргэн н.Г-ийн ашиглаж буй талбайтай зарим хэсгээр давхцаж байсан тул уг давхцлыг арилгуулах тухай хүсэлтийг 2013 оноос эхлэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж яамны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/195 дугаар албан бичгээр давхцалтай тул Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандахыг манай компанид мэдэгдсний дагуу манай компани 2015 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн 1/16 дугаар албан бичгээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглаж буй талбайн солбицолд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг гаргасан.

4. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр 797 дугаар гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 5-ны өдөр солбицолд өөрчлөлт оруулсан. Ийнхүү солбицолд өөрчлөлт оруулсан нь манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар дур мэдэж солбицлыг өөрчлүүлээгүй, харин эрх бүхий байгууллагын мэдэгдэл, шаардлагын дагуу бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, бусдын эрх ашиг сонирхолд халдаагүй болох нь харагдаж байна.

5. Хариуцагчаас “Э н а” ХХК-д газар ашиглах эрхийг олгохдоо Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ" гэж заасныг баримталсан байдаг.

6. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь газар ашиглалтын зориулалттай нийцдэггүй. Төрийн өмчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь ашгийн төлөө бөгөөд санхүүгийн чадвартай байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь төрийн бус байгууллага, түүнчлэн үйл ажиллагааны чиглэл нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилготой нь дээрх хуулийн заалтад нийцээгүй.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх ашиг “хууль ёсны эсэх”-ийг анхаарах ёстой. Гэтэл нэхэмжлэгч газар ашиглах эрх үүсээгүй, гэрчилгээгүй зөвхөн газар ашиглах хүсэлт гаргасан уг хүсэлтээ шийдвэрлүүлэх гэж маргадаг.

8. Шүүхээс нэхэмжлэгчийн хөрөнгө мөн эсэх талаар ийнхүү дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг зөрчиж байна. Энэ үйлдэл нь нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нэгэнт үүсээгүй тул шаардах эрх үүсэхгүй юм.

9. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт гаргасан 7.2 га газарт нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж, байгалийн жалгыг цэвэрлэсэн мод бут тарьсан гэх газрууд нь хоёр өөр газар юм.Тодруулбал маргаж буй 7.2 га газарт нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан байдаг. Хөрөнгө оруулалт хийж, мод тарьсан гэх газар нь маргаж буй 7.2 га газрын дор орших 2 га орчим газарт байдаг, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.

10. Мөн нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, ямар хөрөнгө оруулалт хийсэн нь ойлгомжгүй, түүнчлэн Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ч гэх этгээд “Д с н ТББ-ийн хөрөнгө оруулсан гэж байгаа барилга бол миний өмчлөлийнх миний хөрөнгөөр баригдсан" тухай мэдүүлсээр байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй.

11. Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт хангалттай бүрэн дүүрэн нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

12. Гуравдагч этгээд “Э н а” ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үнэн зөв үнэлж хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн, харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй, магадлалыг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гаргаагүй, зөвхөн нэхэмжлэгч талын нотлогоогуй тайлбарт үндэслэсэн. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд бус гомдолд заагаагүй өөр үндэслэлээр хэргийг хэлэлцсэн.

13. Манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь ашиглах талбайн хэмжээг 4.01 га, байршлыг Баруун богины аманд гэж тодорхой заасан байдаг ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Улмаар нэхэмжлэгчийн ашиглахаар хүсэлт гаргасан гэх газартай давхацсан эсэхийг тодруулахаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.

14. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан гэх газар ашиглах хүсэлтийг яамнаас баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн буцаасан тул манай компанийн баримт бичигтэй өрсөлдүүлэх шаардлага байхгүй бөгөөд яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар үндэслэлээр манай компанид газар ашиглах эрх олгосон талаараа шат шатны шүүхэд тайлбараа хангалттай гаргасан болно.

15. Анхан шатны шүүхээс хийсэн үзлэг болон шинжээчийн гаргасан зургаар манай компанийн ашиглалтын эрх бүхий 4.01 га газар дээр нэхэмжлэгчийн зүгээс аливаа хөрөнгө оруулалт хийгээгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт хийсэн гэх газар нь манай ашиглалтын эрхтэй газартай ямар нэг давхцал байхгүй ба өөрийн хүсэл санаачлагаар, зөвшөөрөлгүйгээр тэр хавийн байгалийн жалгыг цэвэрлэсэн, мод бут тарьсан болох нь тогтоогдсон энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.

16. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

18. Нэхэмжлэгч “Д с н” ТББ нь “У т” ХХК-ийн газрын кадастрын анхны эргэлтийн цэг, солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 05/14 тоот газар ашиглах тухай хүсэлт болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн санал хүргүүлэх тухай 396 дугаар албан бичигт тусгагдсан 10 солбицлын цэг бүхий 7.01 га газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

19. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт түвшинд хүргэсэн байдлыг харгалзан сонголт хийнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх үүсэхдээ газар түрүүлж ашиглах хүсэлт гаргаснаар биш, гагцхүү аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах стандартын шаардлагыг харгалзаж ашиглах эрх үүсэх байна.

20. Нэхэмжлэгчийн тухайд анх 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот албан бичгээр “...7.2 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр, 2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар” газар ашиглах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдээс түрүүлж хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Харин нэхэмжлэгч тухайн үед газар ашиглах хүсэлт гаргахдаа хуулийн дээрх заалтыг хэрхэн хангасан буюу аялал жуулчлалын стандартад нийцүүлэн газар ашиглах тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргасан эсэх, уг баримтад захиргааны байгууллагаас ямар дүгнэлт хийж, татгалзсан тухай үйл баримт энэхүү хэрэгт гол ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, холбогдох баримтыг цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхийн “өмнөх магадлал, тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй” тухай дүгнэлт зөв болжээ.

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж байгаа 2 га газрыг “цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар” ашиглах тухай үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 22. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан байна. Гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн тухайд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15/02 тоот албан бичгээр “аялал жуулчлалын зориулалтаар” 4 га газар ашиглах хүсэлт гаргасан байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээд болон “Э н а” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн шалгуур үзүүлэлт болох байгаль орчны нөлөөлөл, авах арга хэмжээний зардал зэргийг хэрхэн харьцуулсан тухай захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хувьд тусгай хамгаалалттай газар ашиглах болзол, шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

23. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1370 дугаар албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтийн 8 дугаар хавсралтаас үзвэл “Д с н” ТББ-ын барьж байгуулсан гэх ус зайлуулах далан, тарьсан мод нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан аялал жуулчлалын жуучлалын зориулалттай газарт хамааралгүй байх бөгөөд түүнд газар ашиглах эрх үүсээгүй байхад буюу захиргааны байгууллагаас газар ашиглуулах тушаал шийдвэр гараагүй байхад хөрөнгө гаргаж, үйл ажиллагаа явуулсан үндэслэл, шалтгааныг тодруулах шаардлагатай. Мөн маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд уг газарт баригдсан барилгыг “н.С-ийнх” гэж бичсэн, нэхэмжлэгч хуулийн этгээд ямар захиргааны байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр хэзээнээс эхлэн барилга барьсан, уг барилгын зориулалт, барилга хэний буруугаас шалтгаалан баригдсан, үр дагаврыг хэн хариуцах, нэхэмжлэгчийн “эмнэлгийн зориулалттай барилга” гэх үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт явуулж болох үйл ажиллагааны төрөл мөн эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай.

24. Нэхэмжлэгч “Д с н” ТББ-ын үйл ажиллагааны чиглэл нь “иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сургалт хийх, мэдээ мэдээллээр хангах, байгаль орчныг унаган төрхөөр нь авч үлдэхэд чиглэсэн судалгаа хийх, төсөл хөтөлбөр боловсруулах” зорилготой байх бөгөөд тухайн төрийн бус байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах нь төрийн бус байгууллагын дээрх зорилготой хэрхэн уялдах талаар холбогдох дүгнэлтийг хийх нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

25. Түүнчлэн, “У т” ХХК-д олгосон 30 га газрын кадастрын анхны эргэлтийн цэг, солбицлуудыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч хэзээнээс маргаан бүхий актыг мэдсэн болохыг тодруулах шаардлагатай.

26. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0045 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

      ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ