Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00543

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Р-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00146 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Р-гийн хариуцагч Н- финанс корпораци ББСБ ХХК, Сүхбаатар-Н- лизинг ХХК-д холбогдуулан гаргасан автомашины үнэд 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н- лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Р-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон Улсаас Тоёота лайт эйс маркийн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн. Энэхүү автомашиныг Н- финанс корпораци ББСБ-аар дамжуулан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Н.Э-т 12 500 000 төгрөгөөр лизингээр худалдсан. Иргэн Н.Э- нь Сүхбаатар-Н- лизинг ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 7 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 2.90 хувийн хүүтэй зээлдэн авч, фидуцийн гэрээ байгуулан, худалдан авсан автомашинаа Н- лизинг ХХК-ийн нэр дээр болгосон байдаг. Ийнхүү худалдан авахдаа Н.Э- автомашины зээлийн урьдчилгаанд 30 хувь төлсөн байх ёстой гээд төлбөрт 5 000 000 гаруй төгрөгийг миний дансаар дамжуулж Сүхбаатар-Н- лизинг ХХК-д төлсөн ба одоо cap бүр төлөлтийг хуваарийн дагуу тогтмол хариуцлагатай төлдөг байна. Миний импортоор оруулж ирсэн дээрх автомашин 77-03 УАК улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа. Автомашинаа худалдан борлуулснаас хойш миний бие гар дээрээ нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй бөгөөд энэ асуудлаар Н.Э-тай уулзах үед би зээлээ банк бусдаа төлж байгаа, зээлийн мөнгийг би аваагүй, та авах ёстой гэдэг. Харин хариуцагчтай ярихад иргэн надтай хамааралгүй шалтаг, шалтгаан хэлж хохироосоор байна. Би н.Өсөхбаяртай иргэний харилцаанд ороогүй. Урьд нь хэд хэдэн автомашин худалдахад энэ банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажилласан ба худалдан авагчийн урьдчилгаанд өгсөн мөнгийг аваад автомашины үнийг бүхэлд нь над руу шилжүүлдэг байсан. Компани миний автомашиныг дамжуулан борлуулахдаа хүүгийн орлогоо тооцон алдагдалгүй авч байгаа нь үнэн болно. Автомашин нь одоо зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа. Гэрээ нь Сүхбаатар-Н- лизинг ХХК-тай хийгдсэн байх тул уг компаниас автомашины үнэ 12 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н- финанс корпораци ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н- финанс корпораци ББСБ ХХК нь Ц.Р-гийн нэхэмжлэлтэй хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Н- лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э- нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг худалдан авахаар манай компанитай 7 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.2-т 407202732 тоот дансанд уг зээлийн төлбөрийг хийснээр зээл олгосонд тооцно гэж заасан ба үүний дагуу Монголбанкнаас Н.Э-ын зээлийн дансны хуулга болон депозит дансны хуулгаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай компаниас 7 500 000 төгрөгийг Н.Э-ын өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн, ингэснээр манай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Н.Э- 7 500 000 төгрөгийн зээлийн төлөлтөө хугацаандаа төлж байгаа. Н.Э- автомашины үнэ болох 12 500 000 төгрөгийн 30 хувь буюу 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Р-гийн данс руу шилжүүлсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Манай компани 7 500 000 төгрөгийг Н.Э-т олгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н- лизинг ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 7 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 2.90 хувийн хүүтэй зээлж, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 407202733 тоот фидуцийн гэрээ байгуулж, Ц.Р-гийн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас импортлон оруулж ирсэн Тоёота лэйт эйс маркийн, арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг худалдан авсан. Одоо зээлээ төлж байгаа. Гэтэл Ц.Р-д зээлийн мөнгийг өгөөгүй байна. Зээлийн мөнгийг би аваагүй бөгөөд Ц.Р- авах ёстой юм. Автомашины үнийн урьдчилгаа буюу 30 хувийг би Ц.Р-гийн дансанд шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Сүхбаатар-Н- лизинг ХХК-аас 7 274 000 төгрөгийг гаргуулж Ц.Р-д олгож, 5 227 000 төгрөг гаргуулах тухай болон Н- финанс корпораци ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сүхбаатар-Н- лизинг ХХК-иас 131 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Р-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн Н- лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Энэхүү маргаанд Ц.Р- болон Н.Э- нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах харилцаа, Н.Э- Неткапитал лизинг ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний харилцаа болон түүнд үндэслэгдэж байгуулагдсан фидуцийн гэрээний харилцаа байсан. Гэтэл шүүхээс эдгээр харилцааг тус тусад нь ялгаж салгалгүй бүхэлд нь санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, Ц.Р-, Н.Э- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах харилцаа нь манай компанид хамааралгүй бөгөөд Н- лизинг ХХК нь зөвхөн Н.Э-тай зээлийн харилцаанд оролцож фидуцийн гэрээний дагуу түүний өмчлөлийн автомашиныг компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс энэхүү зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр манай компанитай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй Ц.Р-г оролцуулан талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа байсан гэж дүгнэж, худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг манай компаниас гаргуулж, Ц.Р-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар-Н- лизинг ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 30, 38-р тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н- лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбар гарган оролцсон байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээдийн нэрийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээнд Сүхбаатар салбар Н- лизинг ХХК гэж бичсэн байх бөгөөд энэ нь Н- лизинг ХХК-ийн Сүхбаатар салбарын нэр, эсхүл Н- лизинг ХХК-иас тусдаа өөр компани аль нь болохыг тодруулах шаардлагатай.

 

Учир нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дах хэсэгт зааснаар хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн нэрээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон шүүхийн шийдвэрт дурдсан Сүхбаатар-Н- лизинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх тус компаниас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Мөн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхээр зохицуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг зөв тодорхойлох нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд чухал ач холбогдолтой.

 

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах, залруулах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Н- лизинг ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 334 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ