| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 108/2017/0035/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 454
Н.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 528 дугаар магадлалтай, Н.Бт холбогдох 201601080507 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 оны 2 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Байды овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 690 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зарчмыг мөрдлөг болгодог. Шүүх Н.Быг түлхэх болон цохих үйлдлээр санаатайгаар хохирогчийн амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Түлхэх үйлдэл бол өөрийгөө довтолгооноос хамгаалахдаа хийсэн үйлдэл, харин цохих нь санаатай үйлдэл тул ялгамжтай хандаж хэргийг зөв зүйлчлэх байсан. Үүнээс гадна Н.Бын хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлах нөхцөл байдал байгаа.
...Н.Бын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг бус, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж болохоор байна. Учир нь Н.Б анхнаасаа ах Н.Чын амь насыг бүрэлгэх санаатай байгаагүй. Үүнийг гэрчүүдийн мэдүүлгээс харж болох бөгөөд гэрч Н.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тэгснээ гэнэт Ч ах агсраад босоод ирэхэд нь Б унтаач гээд ахыг түлхчихсэн” гэжээ. Мөн гэрч Н.Гын мэдүүлэгт “...Ч ахын хувьд архи уучихаараа их агсам. Архи уусан үедээ хажууд байгаа хүнээ зүгээр байлгахгүй үг хэлээр байнга доромжлоно” гэжээ. Эдгээрээс харахад ах Ч нь Н.Бт архи уучихаад агсам тавих үед Н.Б түүнийг зогсоохын тулд өөрөөсөө түлхэн зайлуулж түлээний модоор цохисон байна. Энэ нь түүнийг алах гэсэн санаа зорилготой үйлдэл бус, тухайн цаг мөчид ах Чын агсам тавьсан үйлдлийг зогсоох зорилготой байсан гэдгийг нотолж байна.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хохирогч Чыг “...Цаг алдалгүй мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой” гэжээ. Иймд гэмтэл авсан даруйд эмнэлэгт үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанд эмнэлэгт хандаагүй нь талийгаачийн андууралтай холбоотой хайхрамжгүй асуудал. Үүнээс гадна нас барах хэд хэдэн хүчин зүйлс байсан бөгөөд Ч нь нас барах үедээ согтолтын хүнд зэрэгтэй байсан буюу түүний цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмтэл авснаас хойш согтууруулах ундаа их уусан нь өвчнийг хурдасгах, мөн харвалт өгсөн зэргийг нэг ч удаа анхаарч үзээгүй. Мөн талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан хувцсанд хийсэн шинжилгээгээр “ногоон эрээн өнгийн куртик дээр цус илэрсэн, ...шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай,.. ногоон цамцанд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ уранхай, хар биеийн тамирын өмдөнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ тогтсон уранхай, татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай...” зэрэг гадны үйлчлэлээр үүссэн хэд хэдэн зүйлс байхад анхаарч үзээгүй. Гэтэл шүүхээс Н.Быг анхнаасаа ахынхаа амь насыг бүрэлгэх санаатай байсан мэтээр дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял оногдуулсан.
Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулснаар шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 журамлан эрх зүйн байдлыг дээрдүүлэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг алсан болох нь нотлогдсон байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж хохирогч амь нас хохирох үр дагаварт хүрсэн болох нь тогтоогджээ. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ өөрийн төрсөн ах Н.Чын төрсөн өдрийг тэмдэглэн, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүнийг агсам тавихад нь дургүйцэж маргалдах явцдаа толгойн орой хэсэгт нь түлээний модоор цохиж “дух ясны шугаман хугарал, тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доох цусан хураа” бүхий гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Н.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой гэртээ харих замдаа нас барж, шүүгдэгч Н.Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Н.Чыг алсан хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй хяналтын журмаар гомдол гаргасан боловч шүүх талуудын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Н.О /1хх-34/, насанд хүрээгүй гэрч О.Н /1хх-45/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-89/, “амь хохирогч Н.Чт осголтын шинж тэмдэг тогтоогдоогүй, харин 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Гавал тархины битүү гэмтэл нь толгойн оройн хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал уг хэсгээр цохих, цохигдох, унах гэх мэт үед үүсгэгдэх боломжтой” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 756 тоот дүгнэлт /2хх-238/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Н.Чыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавихад нь түүний толгойн орой хэсэгт түлээний модоор 3 удаа цохиж, үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан үйл баримтыг сэргээн тогтоосноос гадна хохирогчид гавал тархины гэмтэл учрахад Н.Бын амь хохирогчийг нэг удаа түлхэж унагасан үйлдэл нөлөөлөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.Быг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Бын амь хохирогч Н.Чыг цохисон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийснийг няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.
Түүнээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй үйл баримтыг шинээр тогтоож, үгүйсгэгдсэн нотлох баримтыг ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх Н.Бын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч өмгөөлөгч Ч.Болдбаатарын “Н.Бт холбогдох хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 528 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН