Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01245

 

О ба Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 101/ШШ2016/04336 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн  1337 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч : О ба Э ХХК

Хариуцагч : Виваланд ХХК

Хариуцагч : Энх-Өглөө ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 1.786.196 юань буюу  558.722.108 төгрөг гаргуулах

Энх-өглөө ХХК-ийн сөрөг нэхэмжлэл:  “гэрээ дүгнэх баримт”-г хүчингүйд тооцуулах, 254.348.862 төгрөг гаргуулах тухай

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Очирбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба, хариуцагч нарын төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатар, Г.Амартүвшин, Ц.Амармэнд, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ба Э ХХК нь Виваланд ХХК-тай 2012.8.01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ мөн дээрхи гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ байгуулсан. Талууд эдгээр гэрээ, хавсралтын дагуу ажлаа дүгнэж, 2013.6.19-ний өдрийн байдлаар Виваланд ХХК нь О ба Э ХХК-д 2.652.814 юань төлөх үлдэгдэлтэй гарсан. 998.466 юань төлөгдсөн, 1.654.348 юань төлөгдөөгүй үлдсэн. Үүнээс үнийн залруулга болох 200.400 юанийг хасаж үлдэх 1.453.948 юанийг төлөхөөр харилцан тохирч, 70 сая төгрөг /229.817 юань/ шилжүүлж 1.224.131 юань, алданги 562.065 юань буюу 558.722.108 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.  05/2012 тоот гэрээ нь 2012.8.01-ний өдөр бус, харин 2012.7.28-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 3.1-т зааснаар ...2012.8.27-с 2012.9.06-ны өдрийн дотор барааг хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр 127.611 юанийг хүлээн авахаар заасан. 2012.7.28-ны өдөр 2.552.226 юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан даруйд Виваланд ХХК-иас 10 сая төгрөг буюу 44.444 юанийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж, 2012.8.01-ний өдөр 1.995.008 юанийн  нэмэлт гэрээгээр үүрэг үүссэн. Нэхэмжлэгч нь 2013.6.01-ний өдрийн байдлаар 2.652.814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Уг баримтын доод хэсэгт үлдэгдлийг 6.01-ний дотор төлнө гэж нэмж бичсэн байгаа нь хариуцагч талаас нотлох баримтаар гарган өгсөн баримтаас зөрүүтэй байгаа бөгөөд үүгээр нэхэмжлэл үндэслэлгүй нь тогтоогдоно. Виваланд ХХК нь О ба Э ХХК-д 376.400 юань илүү төлсөн. Төлбөрийг гэрээ байгуулсан үеийн Монгол банкны юаний ханшаар бодох ёстой. ВиваландХХКнь нэрээ 2012.10.15-ны өдөр Энх-өглөө ХХК болгож өөрчилсөн учир Энх-өглөө ХХК нь төлбөрийг дангаар хариуцах учиртай. Дээрхи 2 компанийн хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа нь Виваланд ХХК-тай огт хамааралгүй гэжээ.

Хариуцагч Энх-өглөө ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О ба Э ХХК болон РД:5272793 дугаартай Виваланд ХХК-ний хооронд 05/2012 тоот гэрээ 2012.8.01-ний өдөр байгуулагдаагүй бөгөөд тухайн үед Виваланд нэртэй байсан РД:5207886 дугаартай компани нь 2012.7.28-ны өдөр О ба Э ХХК-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 тоот гэрээг байгуулсан. РД:5207886 дугаартай Виваланд ХХК нь оноосон нэрээ Энх-өглөө ХХК болгон өөрчилж 2012.10.15-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн тул РД:5272793 дугаартай Виваланд ХХК гэх хуулийн этгээд 2014 онд Энх-өглөө ХХК-ийн өмнөөс уг компанийг төлөөлөн ямар нэгэн төлбөр тооцооны акт баримт үйлдэх эрхгүй байсан. Иймд 05/2012 тоот О ба Э ХХК болон Энх-өглөө ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт Энх-өглөө ХХК төлбөргүй болсон болохыг тогтоож, 254.348.862 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Энх-өглөө ХХК, Виваланд ХХК нь  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Манай компани нь Виваланд ХХК-ийн захиалсан тоног төхөөрөмжүүдийг Хятадын компаниас худалдан авч, Эрээн хотод Виваланд ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Виваланд ХХК нь үнийг манай компанид төлөх үүрэгтэй байсан. Виваланд ХХК нь нийт 6 удаагийн төлөлтөөр 2.973.718 юань төлсөн. Зөндөө их бараа авлаа НӨАТ-ийн падаан бичиж өгөөч гэхээр нь 154.000.000 төгрөгийн НӨАТ бичиж өгсөн. 2012.10.15-ны өдөр Виваланд ХХК нь нэрээ өөрчилж Энх-өглөө ХХК болсон юм бол 2013.8.22-ны өдөр Энх-өглөөХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр Б.Баттогтохыг томилсон. Тэгэхээр Б.Баттогтох нь гэрээний дагуу авсан, өгснийг 2014.11.24-ний өдөр нийлж баталгаажуулах эрхтэй байсан. Энх-өглөөХХК, Виваланд ХХК нар нь нэг үүсгэн байгуулагчтай, хоорондоо нэрээ сольсон байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04336 дугаар шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан Энх-өглөө ХХК-иас 1.240.256 юань буюу 377.769.575 төгрөг гаргуулж О ба Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 545.940 юань буюу 180.952.533 төгрөгийн шаардлагыг мөн Виваланд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-г баримтлан Энх-өглөө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан  шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1337 дугаартай магадлал гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/04336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар Энх-өглөө ХХК-иас 1.240.256 юань буюу 377.769.575... гэснийг ... Виваланд ХХК-иас 313.770.343... гэж, ...олгож... гэсний дараа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 274.951.765 төгрөгийг..., гэж, ...Виваланд... гэснийг ....Энх-өглөө... гэж, 2 дахь заалтад ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3... гэснийг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6... гэж, 3 дахь заалтад ...Энх-өглөө ХХК-иас 2.046.797... гэснийг ...Виваланд ХХК-иас 1.726.802... гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О ба Э ХХК нь хариуцагч Энх-өглөө ХХК-тай 2012.8.01-ний өдөр "дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай" №05 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.1 дэх хэсгээр гэрээний хугацааг, 4.3 дахь хэсгээр төлбөр төлөх хугацааг, 5.2 дахь хэсгээр алдангийн талаар тус тус тохиролцсон бөгөөд нийлүүлж байсан барааны онцлогоос шалтгаалан захиалагчийн хүсэлтээр нэмж захиалж 2013 оны 3 сард гэхэд нийлүүлэх барааны 95 хувийг нийлүүлсэн.Хариуцагч тал эхний 3 удаа барааны үнийг гэрээгээр тохиролцсон хугацаанд, дараагийн төлөлтүүдийг хожим буюу гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн төлөх зэргээр гэрээний үүргийг 2013 оны 3 сараас эхлэн зөрчих болсон юм. Үүнийг нийлүлсэн барааг үйлдвэрлэсэн Хятадын "Улаанцавын Дээж бизнес" ХХК-ийн 2 Чудаагийн албан бичгээр нэхэмжлэгч нотолсон. Иргэний хуульд алдангийг ямар тохиолдолд төлөх болохыг хуульчилсан. Сонгодог утгаар нь авч үзвэл алдангийг "хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал" хугацаа хэтрүүлсэний хариуцлага болгож алдангийг " төлдөг. Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 1.224.131 юань гэж тодорхойлоод хугацаа хэтрүүлсэн алдангид 562.065 юанийг нэхэмжилсэнийг анхан шатны шүүх гэрээний 5.2-д алдангийг гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж заасан байна гээд гэрээний нийт үнийн дүнгээс /нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнийг хасаад/ тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгээс алдангийг тооцож гаргуулсан. Энэ тооцоо нөгөө талд ашигтай ч хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүрэг 4.547.234 юань /гэрээний нийт үнэ/ биш, харин 1.224.131 юань байсан юм. 2 шатны шүүх хариуцагчийг худалдан авсан барааны үнийг төлөх хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзээд түүнээс төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийг гаргуулсан нь хуульд нийцэж байгаа ч анхан шүүхийн алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс, давж заалдах шатны шүүх "хариуцагч гэрээний үүргээ хэдий үеэс зөрчсөн талаар нотлох баримтгүй гэсэн" хуульд нийцээгүй дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгосон магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу хэргийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй. О ба Э ХХК болон Виваланд ХХК-иудын хооронд 05/2012 тоот гэрээнд ажил гүйцэтгэх хэмээн тодорхой нэрлэн зааж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь тусдаа шаардлага бүхий 6 шаардлагатай сөрөг нэхэмжлэл байсаар атал зөвхөн “гэрээ дүгнэсэн баримтыг хүчингүйд тооцуулах тухай” шаардлагынх нь талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56.6, 218.1, 227.5 дахь хэсгүүдийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаж бусад шаардлагуудыг нь мөн анхан шатны шүүхийн нэгэн адил бүрэн шийдвэрлээгүйд нь, мөн давж заалдах гомдлыг бүрэн хэмжээнд бус харин хэсэгчлэн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд нь, гомдолтой байна. Мөн нөгөө талаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн ажиллагааны баримтаар тогтоогдсоор байтал ИХШХШТХ-ийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь ойлгомжгүй. Мөн ИХШХШТХ-ийн 166.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтээ гарган шийдвэрлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал илт цаг хугацааны хувьд зөрүүтэй төлбөрийн баримтыг анх байгуулсан гэрээндээ заасан журмыг зөрчсөн үндэслэлгүй нотлох баримтанд тулгуурлан хийсэн тайлбарыг гаргахдаа давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэгэн адил ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг зөрчин баримтыг хуульд заасны дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гарахад нөлөөлсөн. Энэ үүргээ биелүүлээгүйгээс “хэрвээ маргаан бүхий талуудын хооронд төлбөр тооцооны үүрэг хариуцлага хүлээн шийдвэр гардаг юм гэхэд нэхэмжлэгч О ба Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татагдвал зохих этгээд Энх-Өглөө ХХК төлбөрийн үүрэг хүлээхээр давж заалдах шатны шүүхээс магадлал гаргаж байгаа нь давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166.4 дэх заасны дагуу үнэлээгүй” болохыг нь давхар нотолж буй. Иймд магадлалд Виваланд ХХК-иас О ба Э ХХК-д 313.770.343 төгрөг гаргуулан олгож гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгон, мөн Энх-өглөө ХХК-ийн О ба Э ХХК-д холбогдуулан 254.348.862 төгрөгийг гаргуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         

ХЯНАВАЛ :

“О ба Э” ХХК нь “Виваланд” ХХК , “Энх өглөө” ХХК-иас гэрээний үүрэг 1.224.131 юань, алданги 562.065 юань нийт 1.786.196 юань буюу 558.722.108 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Энх-өглөө ХХК нь “гэрээ дүгнэх баримт”-г хүчингүйд тооцуулах, 254.348.862 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл  гаргаж, зохигчид мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх Энх-өглөө ХХК-иас гэрээний үүрэг 1.030.140 юань, алданги 210.116 юань нийт 1.240.256 юань буюу 377.769.575 төгрөг гаргуулж, “О ба Э”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон Виваланд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх Виваланд ХХК-иас 313.770.343 төгрөг гаргуулж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ баримталсан Иргэний хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг мөн Энх-өглөө ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Зохигчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа магадлалыг эс зөвшөөрч  маргажээ.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. “О ба Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх 1-ийн 1/ хариуцагчаар “Виваланд” ХХК-ийг нэрлэн заасан байхад шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээр /хх 1-ийн 32-33, 60/ “Энх-өглөө” ХХК-ийг /хх 1-ийн 89/ хариуцагчаар, “Виваланд” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35-д нийцээгүй байна.

“О ба Э” ХХК-иас Б.Дамбад олгосон итгэмжлэл хэрэгт байхгүй тул шүүх захирамж гаргаж Энх өглөө ХХК-ийг хариуцагч гэж, Виваланд ХХК-ийг хамтран хариуцагч гэж тус тус тодорхойлсон нь буруу гэж үзнэ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “итгэмжлэгдсэн төлөөлөгч”-р оролцох,   “өмгөөлөгч”-р оролцох нь эрх зүйн хувьд хоорондоо ялгаатай. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Харин хэргийн оролцогч өмгөөлөгчид өөрийгөө төлөөлөх эрх олговол өмгөөлөгч нь итгэмжлэлийн хэмжээнд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “О ба Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх 1-ийн 1/ хариуцагчаар “Виваланд” ХХК-ийг нэрлэн заасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад  /хх1-ийн 60/ Энх-өглөө ХХК хариуцагчаар /хх1-ийн 89/ , “Виваланд” ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцсон байна.

Анхан шатны шүүх төлбөрийг “Энх-өглөө” ХХК-иас, харин давж заалдах шатны шүүх “Виваланд” ХХК-иас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна. Учир нь хэрэгт байгаа баримтаар хуулийн этгээд оноосон нэрээ өөрчилсөн эсхүл шинээр хуулийн этгээд байгуулсан эсэх нь тодорхойгүй байв.

“Виваланд” ХХК, “Энх-өглөө” ХХК нь хоёр өөр хуулийн этгээд эсхүл  “Виваланд” ХХК оноосон нэрээ “Энх-өглөө” болгон өөрчилсөн эсэх нь тодорхойгүй байхад “О ба Э” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй.

Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. Хуулийн этгээд өөрийн нэртэй байх бөгөөд өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан байж болохгүй. Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.   

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 101/ШШ2016/04336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “О ба Э” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 477.946 төгрөг, хариуцагч нараас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 3.156.496 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ