Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00264

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00264

 

 

 

О ба Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02882 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О ба Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Виваланд ХХК, Энх-Өглөө ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 558 722 108 төгрөг гаргуулах, гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх баримтуудыг хүчингүйд тооцох, гэрээний үүрэгт илүү төлөгдсөн 304 650 547 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч П.Баярмангай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ба Э ХХК нь хариуцагч Виваланд ХХК /РД:5207886/-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ мөн дээрх гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ зэргийг байгуулсан. Талууд дээрх гэрээ, хавсралтын дагуу ажлаа дүгнэж, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар захиалагч Виваланд ХХК нь бэлтгэн нийлүүлэгч О ба Э ХХК-д 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 235 төгрөгөөр харилцан тохирч 638 297 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 85 000 000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 236 төгрөгөөр харилцан тохирч 360 169 юань, нийт 998 466 юанийн төлбөр хийж бүгд 1 654 348 юанийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой болохыг харилцан тохиролцсон. Дээрх 1 654 348 юаниас зарим барааны үнийн залруулга болох 200 400 юанийг хасаж нийт 1 453 948 юанийг О ба Э ХХК-д төлөхөөр харилцан тохирсон. Мөн 1 453 948 юанийн ханшийг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцох, хугацаа хэтэрсэн хугацаанд алданги тооцох, шууд, шууд бус хохирлыг шаардах эрхтэйгээр харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Виваланд ХХК нь манайд 70 000 000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Өнөөдрийг хүртэл нэмж төлбөр хийгээгүй. Иймд Виваланд ХХК-тай байгуулсан гэрээ, энэ гэрээний нэмэлт, тооцооны залруулга, гэрээ дүгнэсэн баримтын дагуу үлдэгдэл 1 453 948 юаниас 70 000 000 төгрөг буюу /1 юань 304 59 төгрөг/ 229 817 юанийг хасч, 1 224 131 юань буюу 382 908 176 төгрөг, алданги 562 065 юань буюу 175 813 932 төгрөг, нийт 1 786 196 юань буюу 558 722 108 төгрөгийг /1 юань 312 80 төгрөг/ Виваланд ХХК, Энх-Өглөө ХХК-иудаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 05/2012 тоот Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 3 дугаар зүйл, 3.1 дэх хэсэгт гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс хойш ажлын 30-40 хоногийн дотор буюу 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэгч буюу нийлүүлэгч тал нь барааг хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр болох 127 611 юанийг хүлээн авахаар тохирсон. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 552 226 юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан даруйд захиалагч Виваланд ХХК-иас 10 000 000 төгрөг буюу 44 444 юанийн төлбөрийг нийлүүлэгч О ба Э ХХК-д төлж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 995 008 юанийн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжпэгч нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Виваланд ХХК нь 05/2012 тоот гэрээний дагуу О ба Э ХХК-д урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг буюу 47 391 12 юаниас гадна 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 900 000 юань, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 800 991 юань, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 154 000 000 төгрөг буюу 729 823 23 юань, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөг буюу 710 866 78 юань, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөг буюу 402 824 51 юанийг төлж нийтдээ 4 591 896 64 юань төлж гэрээгээр хүлээсэн төлбөрийн 4 547 234 юаниас 44 662 64 юанийг илүү төлсөн тул О ба Э ХХК нь гэрээг эцэслэн дүгнэн илүү төлсөн төлбөрийг буцаах ёстой байхад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70 000 000 төгрөг буюу 331 737 83 юанийг нэмж төлүүлэн гэрээний үнийн дүнгээс 376 400 47 юанийг илүү төлүүлсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун сөрөг нэхэмжлэлдээ: О ба Э ХХК нь Виваланд ХХК-тай хийсэн гэрээ, энэ гэрээний нэмэлт, болон мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримт, Тооцооны залруулга гэсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй баримт нь О ба Э ХХК болон Энх-Өглөө ХХК-ний хооронд хийгдсэн баримт биш юм. О ба Э ХХК болон Виваланд ХХК-ний хооронд 05/2012 тоот гэрээ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаагүй бөгөөд тухайн үед Виваланд нэртэй байсан компани нь 2012 оны 07 дугаар саырн 28-ны өдөр О ба Э ХХК-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 тоот гэрээг байгуулсан. Виваланд ХХК болон Энх-Өглөө ХХК-иудыг Б.Баттогтох төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарсан, нэгээ талаас О ба Э ХХК-ийг төлөөлж И.Очирбат гарын үсэг зурж тамга дарсан боловч маргаж буй гэрээг Н.Энхтуяа байгуулсан. Тооцооны залруулга, Гэрээ дүгнэсэн баримт гэх баримтуудад иргэн Б.Баттогтох нь Виваланд ХХК-ийн ерөнхий захирал гэж төлөөлөн гарын үсэг зурсан. Виваланд ХХК болон Энх-Өглөө ХХК-иудын оноосон нэр өөрчлөгдөн, регистр нь өөрчлөгдөөгүй болно. Уг баримтыг Б.Баттогтох, И.Очирбат нар үйлдэхдээ захирал Т.Халиуныг үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байгаа байдлыг нь ашиглан Хятадын компанид авлагатай байгаа гэдгийг л үзүүлэх гэж гарын үсэг зуруулж тамга даруулсан. Энх-Өглөө ХХК болон Виваланд ХХК-иудын төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Халиун болох нь тогтоогдож байгаа. О ба Э ХХК Виваланд ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргийг дүгнэх, тооцоо нийлэх, гэрээний үүргийг гүйцэтгэх, төлөөлөл хэрэгжүүлэх, зэрэг аливаа эрхийг Виваланд ХХК иргэн Б.Баттогтоход шилжүүлээгүй. Гэрээ дүгнэсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжид хамаарч байна. Иймд гэрээ дүгнэсэн баримтыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож өгнө үү.

Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээний дүн 4 547 234 юаны үүрэгт хариуцагч Энх-Өглөө ХХК нь 8 удаагийн төлбөрөөр 4 692 035 юань шилжүүлсэн. Дээрх гэрээг дүгнэхэд Виваланд ХХК нь 320 786 юаны илүү төлөлттэй гарсан. Иймд 320 786 юань буюу 119 730 166 төгрөг,

Талууд анх гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг жагсаасан жагсаалт, нэмэлт гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний үнийн дүн бодит байдалд 4 453 234 юань байхыг 4 547 234 болгон дүгнэж тооцоог 94 000 юанаар ахиулан дүгнэсэн тул 94 000 юань буюу 19 834 940 төгрөг, гэрээний дагуу нийлүүлэх ёстой тоног төхөөрөмжүүдээс нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ болох 344 900 юань буюу 72 777 349 төгрөг, гэрээгээр нийлүүлэх сел релейны заримыг нийлүүлээгүй, заримыг сүүлд нийлүүлсэн, ингэж нийлүүлэхдээ 1 релейг 10 дахин илүү үнээр тооцож нийлүүлсэн. Энэ зөрүүд 64 203 ам доллар буюу 86 308 092 төгрөг, Гэрээний 2.4-т гэрээгээр нийлүүлэх сел төрлийн хамгаалалтын угсралт тохируулгын ажлын хөлс орсон байна. Гэтэл нэхэмжлэгч О ба Э ХХК нь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ ажлыг бусадтай гэрээ хийж гүйцэтгүүлсэн. Иймд дутуу хийгдсэн sел релейны угсралт тохируулгын ажлыг бусдаар хийлгэсний хөлс 6 000 000 төгрөг, нийт 304 650 547 төгрөгийг О ба Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, түүний өмгөөлөгч П.Баярмангай нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай компани нь Виваланд ХХК-ийн захиалсан тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын компаниас худалдан авч, Эрээн хотод Виваланд ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсны дараа Гэрээний хавсралт №2-ын 6 дугаарт заагдсан гадна суурилуулах хүчдэлийн трансматорыг 2 захиалсан байсныгаа нэмээд 6 ширхэг болгон захиалж дахин 2012 оны 08 дугаар сарын 01 -ний гэрээнд хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг мөрдөх болсон юм. Виваланд ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын банк дахь данс руу шилжүүлсэн 1 000 000 юань нь өмнөх 4 гэрээний (01/2012, 02/2012, 03/2012, 04/2012) дагуу төлөгдөх төлбөрийн дутууд 806 571 юань, 05 тоот гэрээний төлбөрт 193 429 юань нь тооцогдсоныг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Хариуцагч бэлэн мөнгөний зарлагын баримт дээрээ 01-05/2012 гэрээний төлбөрийн дутууд гэж бичиж шилжүүлсэн. Виваланд ХХК нь 05/2012 гэрээний дагуу нийт 6 удаагийн төлөлтөөр 2 973 718 юань төлсөн. Урьдчилгаанд 10 000 000 төгрөг буюу 44 444 юань, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 900 000 юань, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 800 991 юань, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 150 000 000 төгрөг буюу 638 297 юань, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 85 000 000 төгрөг буюу 360 169 юань, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70 000 000 төгрөг буюу 229 817 юанийг тус тус төлсөн. Харин 154 000 000 төгрөг төлөөгүй. Гэрээний 2.4-д заасан sел төрлийн хамгаалалтын угсралт, тохируулгын ажил гэдэгт бараагаа хүлээлгэж өгөхдөө ажиллах горимыг нь компьютерт суулгаад программд оруулж өгдөг. Энэ ажлаа манайх бүрэн хийж өгсөн. Тооцооны залруулгаар үнийг нь зөрүүтэй бичсэн бараа материалыг жагсааж 200 400 юанийг хассан. Мөн гэрээнд илүү орсон буюу нийлүүлээгүй тоног төхөөрөмжийг жагсааж 101 600 юанийг хассан. 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Виваланд ХХК нь нэрээ өөрчилж Энх-Өглөө ХХК болсон юм бол 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Энх-Өглөө ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр Б.Баттогтохыг томилсон байгаа. Тэгэхээр Б.Баттогтох нь гэрээний дагуу авсан, өгснийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нийлж баталгаажуулах эрхтэй байсан. Хэдийгээр хоёр компанийн хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаа ч яг энэ гэрээг гардан байгуулж, бараа материалыг хүлээн авч, хүлээлгэн өгч байсан хоёр хүн нь И.Очирбат, Б.Баттогтох нар юм. Энх-Өглөө ХХК, Виваланд ХХК нар нь нэг үүсгэн байгуулагчтай, хоорондоо нэрээ сольсон байгаа. Мөн захирал Т.Халиуны нөхөр нь Б.Баттогтох гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүнийг компанийн нэгдмэл сонирхолтой этгээдэд тооцдог учраас Б.Баттогтохын гарын үсэг зурсан Тооцооны залруулга, Гэрээ дүгнэсэн баримт хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Энх-Өглөө ХХК /РД.5207886/-иас 377 769 575 /гурван зуун далан долоон сая долоон зуун жаран есөн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан О ба Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180 952 533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, 5272793 регистрийн дугаартай Виваланд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар Энх-Өглөө ХХК-ийн талуудын хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримтыг хүчингүйд тооцуулах, 05/2012 тоот гэрээний үүрэгт 304 650 547 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.,56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О ба Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 952 000 төгрөгийг, хариуцагч Энх-Өглөө ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 540. 26 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Энх-Өглөө ХХК-иас 2 046 797 төгрөгийг гаргуулж О ба Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Халиун, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд нар давж заалдах гомдолдоо: Уг хэргийг өмнө нь шийдвэрлээд хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болсон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04336 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийг бараг тэр чигт нь хуулбарлаж, наана цаана нь оруулан эвлүүлэн бичиж шүүхийн шийдвэрээ гаргасан. Хариуцагчийн зүгээс сүүлд гаргасан хариу тайлбар, няцаалт, шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбар зэргээс шийдвэрийн тодорхойлох хэсэгт туссан зүйл бараг байхгүй, хэт нэг талыг барьсан, мөн үндэслэх хэсгийн дүгнэлт нь логикийн болон тооцооллын илт алдаатай байгаа зэргээс үзэхэд зохигчдын хооронд үүсэн маргаантай харилцаа, үйл баримтын талаар нягтлан үзээгүй, ойлгоогүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хариуцагчийн үндэслэл бүхий тайлбар, няцаалтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан харьцуулан дүгнэхгүйгээр шийдвэр гаргасан нь "Энх өглөө" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон.

Шүүх гэрээний үүрэгт төлсөн төлбөртэй холбоотой зарим баримтыг үнэлээгүй. 2012 оын 08 дугаар сарын 01-ний өдрийн 05/2012 тоот гэрээнд захиалагч талаас /5207886/ регистрийн дугаартай Виваланд ХХК оролцож захирал Т.Халиун гарын үсэг зурж, тамга дарсан. Мөн хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан төлбөрийн үлдэгдлийн талаар 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн баримтад гэрээний захиалагч тал болох /5207886/ регистрийн дугаартай Виваланд ХХК-ийн захирал Т.Халиун гарын үсэг зурж тамгаа дарж баталгаажуулсан. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот гэрээний үлдэгдэл нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийтдээ 2670258-44444=2625814 юань байсан. Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан баримтыг 2012 оын 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн болохыг дараах байдлаар нотолсон.

Гэрээний захиалагч тал болох Виваланд ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оноосон нэрээ Энх өглөө ХХК болгож зөвхөн нэрээ өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийы регистрийн дугаар /5207886/-аар нотлогддог. /хх-2-94/

Нэхэмжлэгчийн хэлснээр 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэргийн 23 дугаар талд авагдсан баримтыг үйлдсэн бол Энх өглөө ХХК нэрээ сольсноос хойш буюу Виваланд ХХК-ийн /5272793/ регистрийн дугаартай тамга дарагдсан байх ёстой байсан. Виваланд ХХК, Энх өглөө ХХК-ийн захирлаар Т.Халиун ажилладаг ба анх үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн зөвхөн нэрийг нь 2012 оны 10 дугаар сард хооронд нь сольж улсын бүртгэлд бүртүүлсэн. Тэгэхээр анх Виваланд ХХК нэртэй үүсгэн байгуулагдсан компанийн нэр нь 2012 оны 10 сард Энх өглөө ХХК болсон.

Мөн анх Энх-өглөө ХХК нэртэй үүсгэн байгуулагдсан компанийн нэр нь 2012 оны 10 сард Виваланд ХХК болсон, харин хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн дугаар болон регистрийн дугаарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй, 05 тоот гэрээнд дарагдсан /5207886/ регистрын дугаартай Виваланд ХХК-ийн тамгыг оноосон нэрээ өөрчилсөн шалтгаанаар 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хураалгасан болохыг холбогдох төрийн байгууллагаас гаргасан лавлагаагаар нотолсон. /хх-3-72/ Эдгээр үйл баримтаар хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 05\2012 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийн тооцоо нийлсэн баримтыг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Виваланд ХХК-ийн /5207886/ захирал Т.Халиун, О ба Э ХХК-ийн захирал Н.Энхтуяа нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй, мөн гэрээ байгуулсан талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн уг баримтыг шүүх үнэлээгүй. Тодруулбал, илүү орсон тоног төхөөрөмжийн үнэ, сүүлд нэмж авсан тоног төхөөрөмжийн үнийг талууд тооцож, үлдэгдэл төлбөр 2 670 258 юань болохыг харилцан тохиролцсон. 2 670 258 юанаас урьдчилгаа 10 000 000 төг буюу 44 444 юаныг хасахад Виваланд ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар О ба Э ХХК-д 2 625 814 юаны төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл нийт төлбөрийн үлдэгдлийн талаар бичилт хийхдээ 2 625 814 юаныг нэг орныг нь сольж 2 652 814 юань гэж буруу бичсэн. Нийт төлбөрийн үлдэгдлийн талаар тооцооны алдаа гарсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Мөн 2012 оны 08 дугаар сарын 01 -ний өдрийн 05/2012 тоот гэрээний төлбөрт 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 625 814 юаны үлдэгдэл төлбөр байсныг нэхэмжлэгч тал өөрийн гаргаж өгсөн баримтаараа давхар нотолсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтад бичмэл баримт хамаардаг. Гэрээний ар талд нэхэмжлэгч гараар бичсэн тооцооны бичмэл баримт нь хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт байхад, энэ талаар хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар огт дурдаагүй, үнэлээгүй. Тухайлбал: хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан маргаан бүхий гэрээний хавсралтын арын хуудсанд нэхэмжлэгч тал мөнгөний үлдэгдэл тооцооны талаар гараар тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнд: О ба Э ХХК, Энх өглөө ХХК-ийн хооронд байгуулагдсан 1-4 тоот гэрээний үнийн дүн дээр 05 тоот гэрээний үнийн дүнг нэмж нийт 8 600 749 юан гэж тэмдэглэсэн байдаг.

1.    2012.07.06-ны өдрийн 01/2012 тоот гэрээ-440 886 юань /хх-2-42/

2.    2012.07.07-ны өдрийн 02/2012 тоот гэрээ-1 168 614 юань /хх-47/

3.    2012.07.09-ний өдрийн 03/2012 тоот гэрээ-1 923 963 юань /хх-52/

4.    2012.07.22-= өдрийн 04/2012 тоот гэрээ- 520 052 юань /хх-2-36/ Нийт: 01-04 тоот

гэрээний нийлбэр дүн 4 053 515 юань 2012 оны 08 дугаар сарын 01 -ний өдрийн 05 тоот гэрээ, түүний нэмэлт гэрээний нийт дүн 4 547 234+4 053 515=8 600 749 юань буюу нэхэмжлэгчийн гар тэмдэглэгээтэй нь нийцдэг, 8 600 749 юанаас нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг хасаад тооцоод явсан байдаг ба тэмдэглэлийн эцэст нь үлдэгдэл 12 695 008 юань 2012.1 гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү гар тэмдэглэл нь дээр дурдсан хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан Гэрээний төлбөрийн үлдэгдэл: 2 695 308 юан гэсэнтэй нийццэг. Иймд зохигчдын хооронд маргаж буй 05 тоот гэрээнээс өмнө байгуулагдсан 01-04 тоот гэрээний харилцаа нэгэнт дуусгавар болсон, энэхүү гэрээний төлбөр 4 053 515 юаныг Виваланд ХХК бүрэн төлж барагдуулсан болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон.

Анх нэхэмжлэл гаргахдаа О ба Э ХХК 01-04 тоот гэрээний үлдэгдлийг огт нэхэмжлээгүй, зөвхөн 05 тоот гэрээний үүргийг нэхэмжилсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл байсан мэтээр баримтгүй, үндэслэлгүй тайлбарыг гаргасан нь зөвхөн өөрийн хууль бусаар олж авсан баримтдаа тохируулж хийсэн тайлбар байсан, үүнийг нь шүүх үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой. 01-04 тоот гэрээний харилцаа нь 05 тоот гэрээг байгуулахад хэдийн дуусгавар болсон, хариуцагч нь уг гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн гүйцэтгэсэн тул 01-04 тоот гэрээний дагуу төлбөрийн асуудлаар шаардах эрх үүсэхгүй байсан. Мөн шүүх хуралдааны явцад зөвхөн 05 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тодорхой хэлсэн, 01-04-тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөртэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх 1 000 000 юаныг зөвхөн 05/2012 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх зохигчдын хооронд байгуулсан 05/2012 тоот гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн төлбөрийг нотлох баримтад үндэслэн бодитоор дүгнэж чадаагүй. 05/2012 тоот гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг дүгнэхдээ Хариуцагч Виваланд ХХК нь 2018.08.01-нд 10 000 000 төгрөг буюу 47 234 юань, 2012.08.08-нд 900 000 юань, 201208.19-нд 800 991 юань, 2012.08.21-нд 193 429 юань, 2012.06.19-нд 150 000 000 төгрөг буюу 639 005 юань, 2013.06.20-нд 85 000 000 төгрөг буюу 361 718 төгрөг, 2014.12.31-нд 70 000 000 төгрөг буюу 229 817 юань нийт 3 172 194 юаныг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. гэж өмнө хүчингүй болсон шийдвэрийн дүгнэх хэсгийг тэр чигт нь хуулж бичсэн. Гэтэл бодит байдал дээр зохигчдын хооронд байгуулсан Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх 05 тоот гэрээ, түүний нэмэлт гэрээний нийт үнэ 4 547 234 юаны үүрэгт хариуцагчийн зүгээс нийт 8 удаагийн төлбөрөөр 4 692 035 юан шилжүүлсэн.

Үүнээс хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн 2 625 814 юаны үлдэгдэл төлбөрийн баримтад 44 444 юан , 900 000 юань, 800 991 юаны баримт тооцогдсон тул 718 317 + 1 000 000 + 638 297 + 360 169 + 229 817=2 946 600 юаныг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 625 814 юаны /хх-23/ тооцоо нийлснээс хойш хариуцагчийн зүгээс О ба Э ХХК-д шилжүүлсэн.

2 946 600-2 625 814=320 786 юаныг О ба Э ХХК-д илүү шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байхад 05/2012 тоот гэрээний үүрэгт төлсөн 1 000 000 юаны баримтыг шүүх 01-05/2012 тоот гэрээний төлбөрийн дутууд гэж тодорхойлон бичсэн байх тул 1 000 000 юаныг зөвхөн 05/2012 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж үзэхгүй" гэж дүгнэн, 05 тоот гэрээний үүрэгт 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 1 000 000 юаниас 806 571 юаныг ямар ч үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хавтаст хэргийн 213 дугаар талд авагдсан 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөрийн даалгаварт Виваланд ХХК-иас иргэн И.Очирбат руу 1 000 000 юаныг шилжүүлсэн баримтад 05\2012 тоот гэрээний төлбөрт гэж, мөн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгаварт 900 000 юаныг шилжүүлсэн баримтад 05\2012 тоот гэрээний төлбөрт \хх-211\ гэж тодорхой заасан, 1 000 000 юаны баримтын орчуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн байхад шүүх эдгээр баримтад эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр 1 000 000 юаныг зөвхөн 05 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн 154 000 000 төгрөгийн буюу 718 317 юан төлсөн баримтыг ...нийт 154 000 000 төгрөгийн НӨАТ падаан олгосон О ба Э ХХК-ийн зарлагын баримт, падааныг Виваланд ХХК-иас мөнгө төлсөн баримт гэж үзэхгүй гэж дүгнэн үнэлээгүй орхисонд гомдолтой байна. Шүүх алдангийн талаар Гэрээний 5.2-т зааснаар талууд алдангийг гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж тохиролцсон тул гэрээний үнийн дүн болох 4 547 234 юанаас нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ 344 900 юанийг хасаад үлдэх 4 202 334 юанаас 5 хувиар тооцоход алданги 210 116 юань байна. гэсэн дүгнэлт хийсэн, мөн өмнөх шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсгийг хуулж бичсэн. Хариуцагч 05 тоот гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн, 320.786 юаны илүү төлөлттэй байх тул алданги нэхэмжлэх, төлөх үүрэггүй юм.

Мөн нэхэмжлэгч алдангийг хэзээнээс ямар хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь тодорхой бус, гэрээний үүргийг хэзээнээс зөрчсөнийг нотлох баримт байхгүй байхад алдангид 210 116 юань гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан тооцооны залруулга, Хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан гэрээ дүгнэсэн баримт" гэх баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй талаар тодорхой үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд, мөн гэрчийн мэдүүлгээр няцааж мэтгэлцсэн байхад эдгээр баримтын талаар огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй, яагаад худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх ёстой болсон талаарх үндэслэлийг шийдвэрт дүгнээгүй. Иимд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 377 769 575 төгрөгийг Энх өглөө ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Хэргийн 22 дугаар талд авагдсан Гэрээ дүгнэсэн баримт гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй, Виваланд ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж гарын үсэг зуран тамга дарсан. Иймд энэхүү Гэрээ дүгнэсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл-ийн шинжид хамаарч байх бөгөөд маргааныг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан Тооцооны залруулга гэх баримт нь ямар нэгэн ач холбогдолгүй, хуучнаар Энх-Өглөө ХХК нь Виваланд ХХК-ийн гэрээний үүргийг дүгнэх, зөвхөн энэ баримт байгаа гэдэг үндэслэлээр О ба Э ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй байсан. Нэгэнт О ба Э ХХК, Виваланд ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 01 -ний өдөр байгуулагдсан Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг дүгнэх эрх бүхий этгээд дүгнээгүй байх тул Иргэний хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Виваланд ХХК, О ба Э ХХК-ийн хооронд хийгдсэн 05 тоот гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 320 786 юань буюу 119 730 166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. зохигчдын хооронд байгуулсан Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх 05 тоот гэрээ, түүний нэмэлт гэрээний нийт үнэ 4 547 234 юаны үүрэгт хариуцагч Энх өглөө ХХК-ийн зүгээс нийт 4 692 035 юань шилжүүлсэн. Виваланд ХХК, О ба Э ХХК-ийн хооронд хийгдсэн 05 тоот гэрээний үүргийг хариуцагч бүрэн гүйцэтгэсэн, зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийг дүгнэхэд 320 786 юаны илүү төлөлттэй гарсан. Нэгэнт Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг хариуцагч нь бүрэн гүйцэтгэснээс гадна төлбөрт илүү мөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн байх тул 320 786 юань буюу 119 730 166 төгрөгийг О ба Э ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй, 3/ О ба Э ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анх гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг жагсаасан жагсаалт, нэмэлт гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүнийг буруу дүгнэн, бүтээгдэхүүнийг дутуу нийлүүлсэн ба гэрээний нийт үнийн дүн бодит байдалд /2 дугаар хавсралтын барааны нийлбэр нь 1 058 600 юан байхад 1 152 600 юань гэж нэмж бичсэн, бүх дүнг нэмж тооцвол 4 453 234 юань байхыг 4 547 234 болгон дүгнэж тооцоог алдаж 94 000 юаниар гэрээний үнийг ахиулан дүгнэсэн, /хх-2-87 хуудас, хх-1-201-203/ Энэхүү 94 000 юаны зөрүүг нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнөх анхан шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн /хх-тэмдэглэл 125/ байхад шүүх 94 000 юанаар нэмэгдүүлэн буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болохгүй" гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. 05/2012 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй атлаа нийлүүлсэн мэтээр нэхэмжилсэн, зөвхөн энэ зөрүүг тооцон үзэхэд 344 900 юаны зөрүү гарсан. О ба Э ХХК нь энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцааж чадаагүй, хариуцагчийн зүгээс сөрөг шаардлага гаргаж нэхэмжилсэн байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа үндсэн нэхэмжлэлээс 344 900 юанийн үнийн дүнг хасч тооцсон нь ойлгомжгүй болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. 5/ 2012 О ба Э ХХК нь Гэрээгээр нийлүүлэх үүрэг хүлээсэн сел релейг заримыг нийлүүлээгүй ба сүүлд заримыг нөхөж нийлүүлэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниас худалдан авч манай компанид даруй 1 сел релейний илүү үнээр тооцож нийлүүлсэн. Зөвхөн энэ зөрүү болох 64 203 ам.долларыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцоогүй төдийгүй гэрээгээр сел релейний угсралт тохируулгыг гүйцэтгээгүй атлаа гүйцэтгэсэн мэтээр нэхэмжилсэн байдаг. /хх-2-76-78/ Зөвхөн эдгээр релейний үнийн зөрүүнд 86 308 092 төгрөгийг илүү авч хохироосон, энэхүү нэхэмжлэлийг баримтаар няцаагаагүй байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. 6/ 05/2012 тоот гэрээний 2.4-т Гэрээгээр нийлүүлэх сел төрлийн хамгаалалтын угсралт, тохируулгын ажлын хөлс орсон байна., 5.4-т Учирсан хохирол гэдэгт талууд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан шууд болон шууд бус хохирлыг ойлгоно гэж тус тус заасан. О ба Э ХХК нь гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс бусадтай гэрээ байгуулах, өөрсдийн хүчээр Сел релейний угсралт тохируулгыг хийх зэргээр О ба Э ХХК-ний гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийг дуусгавар болгохоос өөр аргагүй болсон. Иймд тухайн ажлыг гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг Иргэний хуулийн 219.1, 219.2, 227.5 дах хэсэгт заасны дагуу хохирол тооцон гаргуулах үндэслэлтэй. /хх-2-91-92/ байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Энх Өглөө ХХК, Виваланд ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч О ба Э ХХК нь хариуцагч Виваланд ХХК, Энх-Өглөө ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 558 722 108 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх баримтуудыг хүчингүйд тооцох, гэрээний үүрэгт илүү төлөгдсөн 304 650 547 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

О ба Э ХХК нь Виваланд ХХК /РД:5207886/-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ, мөн дээрх гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ зэргийг байгуулсан. Талууд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 2 625 814 юаны тооцоотой болохоо тохиролцон дүгнэсэн үйл баримт гэрээ, материал, тоног төхөөрөмжийн жагсаалт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-11-20, 23/

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд талуудын хоорондын үлдэгдэл төлбөр 2 670 258 юанаас урьдчилгаанд төлсөн 44 444 юаныг /10 000 000:225/ хасч 2 625 814 юаныг төлөх үлдэгдэлтэй байхад О ба Э ХХК, Виваланд ХХК-ийн төлөөлөгч нар төлбөрийн үлдэгдлийн дүнг 2 652 814 гэж алдаатай бичиж, нэхэмжлэгч энэ дүнгээс хариуцагчийн төлөх төлбөрийг тооцсон нь буруу байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлтэй болно.

Зохигчдын 2013 оны 06 дугаар сарын байдлаар тооцоо нийлж гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх баримтуудад /хх-ийн 21-22/ компанийг албан ёсоор төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй байгаа боловч нэхэмжлэгч, хариуцагч компаниудыг төлөөлөх эрх бүхий этгээдтэй хамаарал бүхий бусад гэр бүлийн хүмүүс зурсан, компанийн тамга дарагдсан үйл баримт тогтоогдсон байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм. Гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх эдгээр баримтыг төлбөр төлөгдсөн тооцооны бусад баримтуудтай харьцуулан үзвэл 1 426 940 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй гэж үзэхээр байна. Уг үлдэгдэл тооцооны талаар талууд маргаангүй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төлөгдсөн 229 817 юань, /70 000 000 төгрөг/ хариуцагчаас нийлүүлээгүй барааны үнэ 344 900 юань зэргийг хасвал 852 223 юанын /1 426 940- 229 817-344 900/ төлбөрийг төлөөгүй байх тул хариуцагч 259 578 603 /852 223*304 59/ төгрөгийг төлөх үүрэгтэй. Хариуцагчаас 229 817 юанийг төлсөн, /70 000 000 төгрөг/ 344 900 юанийн үнэ бүхий барааг нийлүүлээгүй болох нь мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбар зэрэг эргэлзээгүй баримтаар нотлогдсон болно./хх-168/

Талуудын маргаж буй 1 000 000 юаны төлбөр нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцоо нийлж үлдэгдэл төлбөр 1 426 940 юань болохыг тогтоохоос өмнөх тооцоонуудад орж тооцогдож, суутгагдсан гэж үзэх боломжтой. Ийм учраас хариуцагчийн одоогийн үүргийг тодорхойлоход хамааралгүй, төлбөл зохих үүргээс давхардуулан хасах үндэслэлгүй юм.

Хариуцагчийн оноосон нэр нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ байгуулах үед Виваланд ХХК байсан байх ба 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өөрчилж Энх-Өглөө ХХК /РД5207886/ гэх оноосон нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дээрх үлдэгдэл төлбөрийг Энх-Өглөө ХХК төлөх үүрэгтэй гэж үзнэ. /хх-70,71/ Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох алдангийн талаар талууд Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээний 5.2-т Захиалагч нь барааг хүлээн авсны дараа болон дундын санхүүжилтийн төлбөр хийх хугацааг хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээнд заасан үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлөх бөгөөд алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлөхөөр заасантай нийцээгүй тул алдангийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсанчлан гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга гэх баримтуудад О ба Э ХХК, Виваланд ХХК-ийн захирлуудын гарын үсэг байхгүй байгаа ч гэрээний зүйлийг нийлүүлэх, өгч авалцах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож байсан тэдний гэр бүлийн хүмүүс гарын үсэг зурсан, компанийн тамга дарагдсан, энэ талаар тухайн үед эрх бүхий этгээдүүд эсэргүүцээгүй тул хүчингүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн үүнийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөллийн харилцаа, хэлцэлд төлөөлж байгаатай адилтган үзэхгүй, хариуцагчийн тайлбар, гомдлын дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл-ийн шинжид хамааруулан хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Талууд барааны үнийн зөрүү 200 400 юанийг хасч үлдэгдлийг тогтоосон, нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ болох 344 900 юанийг шүүх төлөх үлдэгдэл төлбөрөөс тооцон хассан бөгөөд гэрээний үнийг буруу нэмсэн, 94 000 юанаар буруу дүгнэсэн нь тогтоогдоогүй байна. Худалдах худалдан авах гэрээний талууд гэрээний зүйлийн үнээ тохиролцон тогтоож баримталсан тул сeл релейний үнийг зах зээлийн ханшнаас илүү тооцсон гэсэн гомдол үндэслэлгүй ба гэрээгээр дэд станцын угсралт монтажийн ажил гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч хүлээгээгүй учир бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг шаардах эрхгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 377 769 575 /гурван зуун далан долоо сая долоон зуун жаран есөн мянга таван зуун далан тав/ гэснийг 259 578 603 /хоёр зуун тавин есөн сая таван зуун далан найман мянга зургаан зуун гурав/ гэж, 180 952 533 гэснийг 299 143 505 гэж, 3 дах заалтын 2 046 797 гэснийг 1,455,843 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 728 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ