Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1337

 

“О ба Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О ба Э” ХХК-ийн

Хариуцагч “Виваланд” ХХК-д холбогдох

           

Гэрээний үүрэгт нийт 558 722 108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

“О ба Э” ХХК болон “Виваланд” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хүчингүйд тооцож, 05/2012 тоот гэрээний үүргийн ханшийн зөрүү, ажлын хөлсийг хохиролд тооцон нийт 254 348 862 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, Ц.Батхүү,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “О ба Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О ба Э” ХХК нь “Виваланд” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх” тухай 05/2012 дугаар гэрээ мөн дээрхи гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ байгуулсан. Талууд дээрх гэрээ, хавсралтын дагуу ажлаа дүгнэж, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар захиалагч “Виваланд” ХХК нь бэлтгэн нийлүүлэгч “О ба Э” ХХК-д 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. ...бүгд 1 654 348 юанийн үлдэгдэл төлбөр ...1 654 348 юаниас зарим барааны үнийн залруулга болох 200 400 юанийг хасч нийт 1 453 948 юанийг “О ба Э” ХХК-д төлөхөөр харилцан тохирсон. Мөн 1 453 948 юанийн ханшийг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцох, хугацаа хэтэрсэн хугацаанд алданги, шууд, шууд бус хохирлыг шаардах эрхтэйгээр харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Виваланд” ХХК нь манайд 70 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн ба нэмж төлбөр хийгээгүй.

 

Иймд манай компани нь “Виваланд” ХХК-тай байгуулсан гэрээ, энэ гэрээний нэмэлт, тооцооны залруулга,  гэрээ дүгнэсэн баримт  зэргийн  дагуу үлдэгдэл  1 453 948 юаниас 70 000 000 төгрөг буюу /тухайн төлбөр хийсэн өдрийн ханш 1 юань 304.59 төгрөг/ 229 817 юанийг хасч, 1 224 131 юань, хугацаа хэтэрсний алданги 562 065 юань, нийт 1 786 196 юань буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханш 1 юань 312,80 төгрөгөөр тооцон 558 722 108 төгрөгийг “Виваланд”, “Энх-Өглөө ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Виваланд” ХХК, “Энх-Өглөө” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 05/2012 тоот зохигчдын хооронд байгуулагдсан “Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бус харин 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 3.1-т зааснаар ... 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэгч буюу нийлүүлэгч тал нь барааг хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр буюу 127 611 юанийг хүлээн авахаар зохицуулагдсан. 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2 552 226 юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан даруйд захиалагч  “Виваланд” ХХК-иас 10 000 000 төгрөг буюу 44 444 /47 391.12/ юанийн төлбөрийг   нийлүүлэгч  “О ба Э”  ХХК-д    төлж,  2012  оны 8  дугаар  сарын  01-ний  өдөр 1 995 008 юанийн үнийн дүн бүхий нэмэлт ... гэрээгээр Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.  Нэхэмжлэлд хавсаргасан дээрх 2 652 814 юанийн үлдэгдэлтэй гэх тооцоо нийлсэн баримтын доод хэсэгт “үлдэгдлийг 6-01-ний дотор төлнө” гэж нэмж бичсэн байгаа нь хариуцагч талаас нотлох баримтаар гарган өгсөн баримтаас зөрүүтэй байгаа нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн тухай баримтыг засварласан болохыг нотолж буй бөгөөд үүгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдох баримт хэрэгт авагдсан  байна.  “Виваланд”  ХХК нь 05/2012 тоот гэрээний дагуу “О ба Э” ХХК-д  ... нийтдээ 4 591 896.64  юань  төлж  гэрээгээр  хүлээсэн  төлбөрийн  4 547 234   юаниас 44 662.64 юанийг илүү төлсөн. Нэхэмжлэгч тал буюу “О ба Э” ХХК нь гэрээг эцэслэн дүгнэн илүү төлсөн төлбөрийг буцаах ёстой байтал 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70 000 000 төгрөг буюу 331 737.83 юанийг нэмж төлүүлэн гэрээний үнийн дүнгээс 376 400.47 юанийг илүү төлүүлэн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ хүлээн авсан төлбөрийн мөнгөө гүйцэт оруулалгүй нэхэмжлэл гаргасан байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

“Гэрээ дүгнэсэн баримт”, “Тооцооны залруулга” зэрэг баримтуудыг компаний эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй тул энэхүү баримтууд нь хүчин төгөлдөр бус тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин “Ерөө дэд станцын өргөтгөл болон агаарын шугамд сүүлд нэмж авсан материал, тоног төхөөрөмжийн жагсаалт” гэсэн ...баримтыг ...хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг гэрээ байгуулсан үеийн Монгол банкны юаний ханшаар бодох ёстой. “О ба Э” ХХК-тай “Виваланд” ХХК нь “Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн... “Виваланд” ХХК нь нэрээ 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Энх-Өглөө” ХХК болгож өөрчилсөн учир “Энх-Өглөө” ХХК нь төлбөрийг дангаар хариуцах учиртай. Дээрхи 2 компаний хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа нь “Виваланд” ХХК-тай огт хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч “Энх-Өглөө” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “О ба Э” ХХК нь “Виваланд” ХХК-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” 05/2012 тоот гэрээний үүргийн биелэлтэд 1 224 131 юань, хугацаа хэтэрсний алдангид 562 065 юань нийт 1 786 196 юань буюу монгол төгрөгийн ханшид шилжүүлэн тооцсон дүнгээр 558 722 108 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Энх-Өглөө" ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “О ба Э” ХХК нь Виваланд” ХХК-тай хийгдсэн гэрээ, энэ гэрээний нэмэлт болон мөн ... “Гэрээ дүгнэсэн баримт”... “Тооцооны залруулга” гэсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж буйгаа дурдсан байдаг...үндэслэл болгож буй баримт нь нэхэмжлэгч “О ба Э” ХХК болон хариуцагч “Энх-Өглөө” ХХК-ний хооронд хийгдсэн баримт бус...ийм баримт байгаа тухайд “О ба Э” ХХК-ний шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт мэдээгүй байсан болно. Тэгээд ч “О ба Э” ХХК болон РД:5272793 дугаартай “Виваланд” ХХК-ний хооронд 05/2012 тоот гэрээ 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаагүй бөгөөд тухайн үед “Виваланд” нэртэй байсан РД:5207886 дугаартай компани нь 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “О ба Э” ХХК-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” 05/2012 тоот гэрээг байгуулсан, “Виваланд” ХХК болон “Энх-Өглөө” ХХК-ний захирлаар Б.Баттогтох гэх иргэн улсын бүртгэлд бүртгэгдсэн баримтгүй, мөн анх “О ба Э” ХХК-тай гэрээ байгуулсан РД:5207886 дугаартай “Виваланд” ХХК нь оноосон нэрээ “Энх-Өглөө” ХХК болгон өөрчилж 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн тул РД:5272793 дугаартай Виваланд” ХХК гэх хуулийн этгээд 2014 онд “Энх-Өглөө” ХХК-ний өмнөөс уг компанийг төлөөлөн ямар нэгэн төлбөр тооцооны акт баримт үйлдэх эрхгүй байсан болно. Гэрээний хугацаанд “Энх-Өглөө” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө ч мөн энэ огноогоос өмнөх хугацаанд ч “О ба Э” ХХК-д зохих ёсоор гэрээний үүргээ биелүүлэн төлбөр төлж байсан нотлох баримтуудыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хамтатган гарган өгсөн, эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байгаа болно.

...“Энх-Өглөө” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэн нэгэнт хоорондоо төлбөр тооцоогүй болсон тул хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу “О ба Э” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “О ба Э” ХХК болон “Виваланд” ХХК-ний хооронд хийгдсэн гэх “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож 05/2012 тоот “О ба Э” ХХК болон “Энх-Өглөө” ХХК-ний хоооронд байгуулагдсан гэрээний үүрэгт “Энх-Өглөө” ХХК төлбөргүй болсон болохыг тогтоох сөрөг нэхэмжлэлээ “О ба Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “О ба Э” ХХК болон “Виваланд” ХХК-ний хооронд хийгдсэн гэх “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож” гэсэн хэсгийг хэвээр нь үлдээж харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын “05/2012 тоот “О ба Э” ХХК болон “Энх-Өглөө” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт “Энх-Өглөө” ХХК төлбөргүй болсон болохыг тогтоолгож, нийт 254 348 862 төгрөгийг “О ба Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч “О ба Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагч “Энх-Өглөө" ХХК болон хамтран хариуцагч “Виваланд” ХХК нь гэрээний үнийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ...Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай компани нь “Виваланд” ХХК-ийн захиалсан тоног төхөөрөмжүүдийг Хятадын компаниас худалдан авч, Эрээн хотод “Виваланд ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. “Виваланд” ХХК нь үнийг манай компанид төлөх үүрэгтэй байсан. 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсны дараа Гэрээний хавсралт-¹2-ын 6 дугаарт заагдсан гадна суурилуулах хүчдэлийн трансматорыг 2 захиалсан байсныгаа нэмээд 6 ширхэг болгон захиалж дахин 2012 оны 8 дугаар сарын 01-ний гэрээнд хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг мөрдөх болсон юм. “Виваланд” ХХК-иас 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хятадын банк дахь данс руу шилжүүлсэн 1 000 000 юань өмнөх 4 гэрээний /01/2012, 02/2012, 03/2012, 04/2012/ дагуу төлөгдөх төлбөрийн дутууд 806 571 юань, 05 тоот гэрээний төлбөрт 193 429 юан нь тооцогдсныг хариуцагч өөрөө мэдэж байгаа.

Хариуцагч бэлэн мөнгөний зарлагын баримт дээр 01-05/2012 гэрээний төлбөрийн дутууд гэж бичиж шилжүүлсэн байгаа. Хариуцагч “Виваланд” ХХК нь 05/2012 гэрээний дагуу нийт 6 удаагийн төлөлтөөр 2 973 718 юань төлсөн. Үүнд: урьдчилгаанд 10 000 000 төгрөг буюу 44 444 юань, 2012.08.01-ний өдөр 900 000 юань, 2012.08.19-ний өдөр 800 991 юан, 2013.06.19-ний  өдөр  150 000 000 төгрөг буюу 638 297 юань,  2013.06.20-ны  өдөр 85 000 000  төгрөг  буюу  360 169 юань,  2014.12.31-ний  өдөр  70 000 000 төгрөг  буюу 229 817 юань тус тус төлсөн бөгөөд 154 000 000 төгрөг төлөөгүй. Танайхаас зөндөө их бараа авлаа НӨАТ-ын падаан бичиж өгөөч гэхээр нь 154 000 000 төгрөгийн НӨАТ бичиж өгсөн. Гэрээний 2.4-д заасан ...ажлаа манайх бүрэн хийж өгсөн.

Тооцооны залруулгаар үнийг нь зөрүүтэй бичсэн бараа материалыг жагсааж 200 400 юань, мөн илүү орсон буюу нийлүүлээгүй тоног төхөөрөмжийг жагсааж 101 600 юанийг хассан байгаа. 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Виваланд” ХХК нь нэрээ өөрчилж “Энх-Өглөө” ХХК болсон юм бол 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Энх-Өглөө” ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр Б.Баттогтохыг томилсон. Тэгэхээр Б.Баттогтох нь гэрээний дагуу авсан, өгснийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийлж баталгаажуулах эрхтэй байсан. Хэдийгээр хоёр компанийн хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаа ч яг энэ гэрээг гардан байгуулж, бараа материалыг хүлээн авч, хүлээлгэн өгч байсан хоёр хүн нь И.Очирбат, Б.Баттогтох нар юм. “Энх-Өглөө” ХХК, Виваланд ХХК нар нь нэг үүсгэн байгуулагчтай, хоорондоо нэрээ сольсон байгаа. Мөн захирал Т.Халиуны гэр бүлийн хүн буюу нөхөр нь Б.Баттогтох гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар Б.Баттогтохыг гарын үсэг зурсан “Тооцооны залруулга, “Гэрээ дүгнэсэн баримт” хүчин төгөлдөр юм. Гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга зэрэгт “Виваланд” ХХК төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул “Энх-Өглөө” ХХК, “Виваланд” ХХК-иас төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Энх-Өглөө” ХХК-иас 1 240 256 юань буюу 377 769 575 төгрөгийг гаргуулж “О ба Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 545 940 юань буюу 180 952 533 төгрөгийн нэхэмжлэлийг, “Виваланд” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар “Энх-Өглөө” ХХК-ийн “О ба Э” ХХК болон “Виваланд” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хүчингүйд тооцуулах, 05/2012 тоот гэрээний үүрэгт нийт 254 348 862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О ба Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 952 000 төгрөгийг, хариуцагч “Энх-Өглөө” сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 130 626 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Энх-Өглөө” ХХК-иас 2 046 797 төгрөгийг гаргуулж “О ба Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэж хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг хуульд заасны дагуу зөв зүйтэй үнэлэлгүй, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримтгүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 377 769 575 төгрөгийг хариуцагч “Энх-Өглөө”  ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар, хариуцагч “Энх-Өглөө” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд нотолсон хангалттай нотлох баримттайгаар гаргасан мөн шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтыг үндэслэн нотолсоор байтал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг өөр хооронд нь зөрүүтэйгэр тайлбарлан үндэслэх хэсэгтээ тусгасан байгаа нь ойлгомжгүй төдийгүй илт хууль бус байна. Хэрэгт ач холбогдолтой байж болох нотлох баримт бүрдүүлэх цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг удаа дараа хязгаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийг буруу тайлбарлан дүгнэж шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэдийгээр барааг БНХАУлсад хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан байх боловч энэ нь БНХАУлсаас бараа худалдан авч нийлүүлэх гэсэн утгыг шууд илэрхийлсэн хэрэг бус юм. Талуудын хооронд шууд бараа худалдан авч нийлуүлэх гэрээ бус харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан тодорхой ажил хийгдэж байсан болохыг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбат "... гэрээний 2.4-т заасан Сел төрлийн хамгаалалтын угсралт тохируулгын ажил гэдэгт бараагаа хүлээлгэж өгөхдөө ажиллах горимыг нь компьютерт суулгаад программд оруулж өгдөг. Энэ ажлаа манайх бүрэн хийж өгсөн" гэх тайлбараар давхар нотлогддог. Үүгээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцсон нь үндэслэлгүй. Учир нь гэрээний талууд харилцан тохиролцсоноор гэрээний 5.3 дахь хэсэгт "алданги тооцож эхэлсэн тухай бичгээр мэдэгдэх" үүргийг хүлээсэн байх боловч нэхэмжлэгч тал нь хариуцагчид энэ талаар мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 2.4-т заасан ажлыг гүйцэтгээгүйгээс хариуцагч "Эрчим наран констракшин" ХХК-тай гэрээ байгуулан дээрх ажлыг гүйцэтгүүлсэн тухай баримт, мөн хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, хоорондоо төлбөр тооцоогүй болсон болох нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн № 11\2014 тоот "Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад opyyлах улсын комиссын актаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 377 769 575 төгрөгийг ханган алдангийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт "....2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талаас төлсөн 1 000 000 юанийн төлбөрийн 806 571 юань нь өмнөх 01-04\2012 тоот гэрээнүүдийн төлбөрт төлөгдсөн, 05/2012 тоот гэрээний төлбөрт 193 429 юанийг нь төлсөн"  гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүүгийн гаргасан тайлбарыг ямар ч нотлох баримтгүй байхад нь шүүх үнэн зөв баримт тайлбар хэмээн үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн байгаа нь ойлгомжгүй бөгөөд илт хууль зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын баримт болох “Гэрээ дүгнэсэн баримт” гэсэн И.Очирбат, Б.Баттогтох нарын хооронд хийгдсэн гэх 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр огноологдсон баримтаас өөр ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн ижил төлбөр тооцоотой холбоотой ямар ч баримтыг гаргаж өгөлгүйгээр зөвхөн 01-04\2012 гэсэн 4 ширхэг өмнө нь талуудын хооронд байгуулагдсан дуусгавар болсон гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүүгийн амаар гаргасан тайлбарыг нь үндэслэн, уг тайлбарыг нь үнэн зөв гэж дүгнэн 193 429 юанийг 05\2012 тоот гэрээнд тооцох үндэстэй гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар хуульчилсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх ноцтой зөрчсөн болно. Шүүх “Виваланд” ХХК-ний бэлэн мөнгөний зарлагын баримтанд гүйлгээний утга “01-05/2012 тоот гэрээний төлбөрийн дутууд" гэж тодорхойлон бичсэн байх тул 1 000 000 юанийг зөвхөн 05/2012 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж узэх боломжгүй байна" гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөрчжээ. Зүй нь шүүх уг баримтын төлбөрийн баримт болох И.Очирбатын дансаар БНХАУлс руу Худалдаа Хөгжлийн банкаар шилжүүлсэн үндсэн төлбөрийн баримтыг харьцуулан үзэх үүрэгтэй байсан.

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэстэй болохыг нотолсон баримт болох юм. Учир нь "О ба Э" ХХК нь Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд уг хуулийн этгээд нь өөрийн хүлээх хариуцлага эрх үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллага тул "цаанаа тооцоотойгоор аж ахуйн нэгж байгууллагад олгодог тодорхой дугаар бүхий НӨАТ-ын баримтыг хэн дурын этгээдэд гуйврын журмаар бичилт хийж өгч болдог баримт мэтээр итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлгогын албан татварын тухай хууль, мөн Татварын Ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудад хэр нийцэж буй талаар нь шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж  нэхэмжлэгч талаас энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримтгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулан шүүгч захирамж гарган "О ба Э" ХХК-иас холбогдох санхүүгийн тайлан балансыг нь нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргуулж маргаан бүхий иргэний хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Хариуцагч талаас удаа дараа буюу тодруулбал "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар харъяа татварын хэлтсээс нь "О ба Э" ХХК-ийн санхүүгийн тайлан балансыг нотлох баримтаар гаргуулах мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар "О ба Э" ХХК-иас санхүүгийн тайлан балансыг нь гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүх аль аль хүсэлтийг нь хангахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан үйлдэлийг анхан шатны шүүх хийсэн болохыг нь нотлохоос гадна мөн нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг шүүх зөрчсөн болохыг хамтад нь нотолж байгаа юм. Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ үндэслэх хэсэгт "Гэрээ дүгнэсэн баримт”-ыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцлийн шаардлагыг хангаагүй гэж үзээд дээрхи баримтыг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй" гэсэн, тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8, 243.1, 227.3-д зааснаар ....05\2012 тоот гэрээний үүрэгт нийт 254 348 862 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Гэрээ дүгнэсэн баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн гол үндэслэл нь болсон, шүүхийн хэлэлцүүлэгт ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Дамба, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Очирбат нар дээрхи баримтыг " Б.Баттогтох, Т.Халиун нар нь Компаний тухай хуулиар нэгдмэл сонирхолтой этгээдүүд тул "Тооцооны залруулга", "Гэрээ дүгнэсэн баримт" нь хүчин төгөлдөр үйлдэгдсэн баримт....Харин 154 000 000 төгрөгийг төлөөгүй. Танайхаас зөндөө их бараа авлаа НӨАТ-ын падаан бичиж өгөөч гэхээр нь 154 000 000 НӨАТ бичиж өгсөн” хэмээн тайлбар гаргасан. Гэтэл дээрхи баримт хэрхэн үйлдэгдсэн болох тухайд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр асуугдсан Б.Батгогтох тодорхой ойлгомжтой тайлбарласан, мөн дээр дурдсанчлан нэгэнт 2014 оны 3 дугаар сард улсын комисс хүлээн авсан байсан ажлыг 2014 оны 11 дүгээр сард дуусаагүй байсан мэтээр баримт бичих боломжгүй, мөн Б.Баттогтох нь Энх-Өглөө ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх эрх бүхий этгээд мөн эсэх талаар, мөн О ба Э ХХК нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй тул Сел релений тохируулгатай холбоотой асуудлаар бусдаар 20 000 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэсэн төлбөртөө 154 000 000 төгрөгийн НӨАТ-ын паданаар бичилт хийж өгсөн, мөн 05/2012 гэх 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, 05\2012 гэх 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ болон дээрх гэрээнүүдийн дүгнэж бичсэн тоо буюу гэрээг буруу дүгнэсэн зөрүү, Иргэний хуулийн 218 дугаар зүйл, 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр хийсэн юаний ханшийг тооцох гэх мэт хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломж бүхий хангалттай нотлох баримтаар нотлогдож байгаа, эдгээр баримтууд бүгд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан байтал шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, дээрхи заалтуудыг зөрчиж нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гарах үндэслэл болсон гэж үзэж байна. Төлбөр төлөх үеийн юанийн ханшийн талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг мөн буруу тайлбарлан хэрэглэсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсгийг хангаж шийдвэрлээгүй үндэслэл нь болсон.

 ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон “О ба Э” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 377 769 575 хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт, оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “О ба Э” ХХК нь хариуцагч “Виваланд” ХХК, “Энх-Өглөө” ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 558 711 108 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож,  05/2012 тоот “О ба Э” ХХК болон “Энх-Өглөө” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээний үүргийн ханшийн зөрүү, ажлын хөлсийг хохиролд тооцон нийт 245 348 862 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05/2012 дугаартай “Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” /хх-11-14/ , гэрээний хавсралт №1, №2 /хх-14-17/, “Гэрээнд нэмэлт оруулах хавсралт” /хх-18-20/, “Ерөө дэд станцын өргөтгөл болон агаарын шугамд сүүлд нэмж авсан материал тоног төхөөрөмжийн жагсаалт”-д заасан нэр төрлийн  бараа буюу  тоног төхөөрөмж “О ба Э” ХХК нийлүүлэх, хариуцагч нь хүлээн авч 4 567 784 юань төлөхөөр тохиролцож, талууд үүссэн өр төлбөрийн талаар “Тооцооны залруулга” /хх-21/ хийж, “Гэрээг дүгнэсэн баримт” /хх-22/ үйлдсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн “...сүүлд нэмж авсан материал тоног төхөөрөмжийн жагсаалт”-аар /хх-23/ нийт үлдэгдэл төлбөрийг 2 652 814 юаниар тооцон, тооцоо нийлсэн баримт хэрэгт авагджээ.

 

Хариуцагчаас талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь: Гэрээний 2.1-т “нийлүүлэгч нь захиалагчийн өгсөн зураг төслийн дагуу дэд станцын тоног төхөөрөмж, дэд станцын өргөтгөлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, захиалагч нь нийлүүлсэн барааг хүлээн авч, гэрээнд заасан төлбөр төлөх”-өөр бичгээр байгуулсныг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд тодорхой материалаар ажил гүйцэтгэх, ажлын үр дүн бий болгох асуудлаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хэлцэлд илэрхийлэгдсэн хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утга, ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.  

 

Худалдах худалдан авах гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг суурилуулсан зардлын талаар тусгасан нь эд хөрөнгийн үнийг тодорхойлохтой холбоотой талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл болохоос ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

 Нэхэмжлэгч “О ба Э” ХХК нь хариуцагч “Энх-Өглөө” ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тус гэрээний нэмэлт, тооцооны залруулга, гэрээ дүгнэсэн баримтын дагуу үлдэгдэл 1 224 131 юань, хугацаа хэтэрсний алданги 565 065 юань, нийт 1 786 196 юань   буюу   нэхэмжлэл   гаргасан  өдрийн  ханш  1 юанийг  312.80  төгрөгөөр  тооцон  558 722 108 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчаас ...“Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” байгуулсан сар өдөр зөрүүтэй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтыг засварласан, 44 662.64 юань  илүү төлсөн, “Гэрээ дүгнэсэн баримт”, “Тооцооны залруулга” зэрэг баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талууд гэрээний үүргээс татгалзсан, гэрээг цуцалсан зэрэг үндэслэлээр маргаагүй харин тэдний хооронд хийгдсэн тооцоо нийлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас түүнтэй холбоотойгоор илүү төлсөн мөнгө буюу учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд оновчтой бус байх тул залруулж өөрчлөлт оруулна.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-д...санхүүжилтаас төлбөр хийх хугацааг хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 %-иас алданги хэтрэхгүй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “...алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоох” тухай зохицуулалтад нийцэж байна.

 

Гэтэл хариуцагчийн хувьд гэрээний үүргийг хэдий үеэс зөрчсөн талаар нотлох баримтгүй байхад гэрээний үнийн дүнгээс ерөнхийлөн тооцсон нь буруу.

 

Гэрээний нэг тал нөгөө талдаа алданги төлөх үүрэг ногдуулахын тулд гэрээний дагуу гүйцэтгэх хугацаа тодорхой байх, үүнээс үүдэлтэй хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх ёстой. Үүнийг нотлох үүрэг нэхэмжлэгч буюу гэрээний үүргийг шаардаж буй талд байгаа.

 

 Иймд шүүх алдангийг гэрээний үнийн нийт дүнг 5  хувиар  бүхэлд  нь  тооцож, 210 116 юаны алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги шаардсан энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотойгоор тооцоо нийлсэн акт үйлдэгдэж,  эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан. Тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.8-д заасан “.... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл хэргийн  баримтаар тогтоогдоогүй.

Талууд тооцоо дүгнэсэн баримтад үүргийг гадаад валютаар тодорхойлсон байх бөгөөд үүргийг бодитойгоор гүйцэтгэх хариуцагчаас үүргээ биелүүлээгүй байгаа талаар нэхэмжлэл гаргасан өдрийн өдрийн ханшаар тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Мөн гэрээгээр талууд “дэд станцын угсралт монтажийн тохируулгын ажил” гүйцэтгэх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу ийм үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч нь бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг хохиролд тооцон шаардах эрхгүй гэж шүүх дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

Хууль болон гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй этгээдээс тодорхой үүргийг гүйцэтгүүлэхийг шаардах, улмаар өөр этгээдээр гүйцэтгүүлсэнтэй холбоотой учирсан хохирлыг шаардах Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасан эрх хариуцагчид үүсээгүй болно.

 

Гэвч шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус байхтай холбоотойгоор хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг баримтлах байжээ.

Талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийн талаар харилцан зөвшөөрч тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Ийм учраас тооцоо нийлсэн акт бий болсон өр төлбөр үүнээс нэхэмжлэгчийн баримтаар нотлогдож байгаа хариуцагч “Виваланд” ХХК-иас төлөгдсөн төлбөрийг хасч, 1 030 140 юаныг нэхэмжлэл гаргах өдрийн ханш 304.59 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.  

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Виваланд” ХХК-иас 313 770 343 төгрөгийг гаргуулж, “Оба Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Мөн  хэлцэл хүчин төгөлдөр бус байхтай холбоотой хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгоход Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг баримтлах нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхээс гарах шийдвэрийг ирээдүйд бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх үүднээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх арга хэмжээ авдаг.

 

Хуульд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг заавал маргаантай байгаа тохиолдолд авах талаар заагаагүй, шүүхийн энэ талаарх хийсэн ажиллагаатай холбоотой гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1-т зааснаар шүүх бүрэлдэхүүн хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Шүүх 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Виваланд” ХХК-д холбогдуулан  гэрээний үүрэгт 558 722 108 төгрөг гаргуулахаар иргэний хэрэг үүсгэсэн /хх-34/.

“Виваланд” ХХК, “Энх-Өглөө” ХХК нь нэрээ өөрчилсөн нэг компани байхад шүүх тус тусдаа компани болгон, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 29081 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч “Виваланд” ХХК-ийг “Энх-Өглөө” ХХК-иар сольж, “Виваланд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хуульд заасан ажиллагааг хийсэн нь хуулиар тогтоосон журамд нийцэхгүй боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, энэ зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Хэрэгт “Энх-Өглөө” “ХХК нь 2008 онд байгуулагдаж, 2012 оны 10 дугаар сарын 04-нд өдөр “Виваланд” ХХК болж /хх-205/, 2012 оны 10 дугаар сарын 15-нд “Виваланд” ХХК нь “Энх-Өглөө” ХХК болж, харин 2012 оны 10 дугаар сарын 19-нд “Энх-Өглөө” ХХК нь “Виваланд” ХХК болж нэрээ өөрчилсөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх /хх-67/ ба  “Виваланд” ХХК нь “Энх-Өглөө” ХХК болж нэрээ өөрчилсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт байгаа хариуцагч “Энх-Өглөө” ХХК гэснийг хасч, хариуцагч “Виваланд” ХХК гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар “Энх-Өглөө” ХХК-иас 1 240 256 юань буюу 377 769 575....” гэснийг  “... “Виваланд” ХХК-иас 313 770 343...” гэж, “...олгож...” гэсний дараа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 274 951 765 төгрөгийг..., гэж, “...Виваланд...” гэснийг “....Энх-Өглөө...” гэж

2 дахь заалтад “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3... ” гэснийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6...” гэж,

3 дахь заалтад “...“Энх-Өглөө ХХК-иас 2 046 797...”  гэснийг  “...”Виваланд”  ХХК-иас 1 726 802...” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 178 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА