Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02882

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02882

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч. Э ХХК /РД/,

Хариуцагч:  В /РД/-иудад холбогдох

гэрээний үүрэгт 558.722.108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагч Э ХХК-ийн захирал, В-ийн гүйцэтгэх захирал Т.Х, түүний өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О ХХК нь хариуцагч В /РД/-тай 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаар гэрээ мөн дээрхи гэрээнд нэмэлт оруулах хавсралт гэрээ зэргийг байгуулсан.

Талууд дээрхи гэрээ, хавсралтын дагуу ажилаа дүгнэж, 2013 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн байдлаар захиалагч В нь бэлтгэн нийлүүлэгч ОХХК-д 2.652.814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан.

2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 150.000.000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 235 төгрөгөөр харилцан тохирч 638.297 юань, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 85.000.000 төгрөгийг тухайн өдрийн ханш буюу 1 юанийг 236 төгрөгөөр харилцан тохирч 360.169 юань, нийт 998.466 юанийн төлбөр хийж бүгд 1.654.348 юанийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой болохыг харилцан тохиролцсон.

Дээрхи 1.654.348 юаниас зарим барааны үнийн залруулга болох 200.400 юанийг хасаж нийт 1.453.948 юанийг 0 ба Э ХХК-д төлөхөөр харилцан тохирсон.

            Мөн 1.453.948 юанийн ханшийг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцох, хугацаа хэтэрсэн хугацаанд алданги тооцох, шууд, шууд бус хохирлыг шаардах эрхтэйгээр харилцан зөвшилцөж шийдвэрлэсэн.

            Үүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр В нь манайд 70.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Өнөөдрийг хүртэл нэмж төлбөр хийгээгүй.

Иймд манай компани нь В-тай байгуулсан гэрээ, энэ гэрээний нэмэлт, тооцооны залруулга, гэрээ дүгнэсэн баримтын дагуу үлдэгдэл 1.453.948 юаниас 70.000.000 төгрөг буюу /1 юань 304.59 төгрөг/ 229.817 юанийг хасч, 1.224.131 юань буюу 382.908.176 төгрөг, алданги 562.065 юань буюу 175.813.932 төгрөг, нийт 1.786.196 юань буюу 558.722 108 төгрөгийг /1 юань 312,80 төгрөг/ В, Э ХХК –иудаас гаргуулан өгнө үү  гэв.

Хариуцагч В , Э ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: 

Т.Х миний бие Виваланд болон  Э ХХК-иудын үүсгэн байгуулагч нь юмаа. Э ХХК-ийн захирлын үүргийг өөр хүнд шилжүүлсэн чинь Виваланд гэдэг нэр их таалагдаж байна. Компаний нэрийг нь сольё гээд гуйгаад байхаар нь би Э ХХК-ийн В болгож нэрээ өөрчилсөн. Би одоо Энх –Өглөө ХХК-ийн захирал, В-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрхэлж байна. 

Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулсан 05/2012 тоот Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр биш 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан.

Гэрээний 3 дугаар зүйл, 3.1 дэх хэсэгт “гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс хойш ажпын 30-40 хоногийн дотор” буюу 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэгч буюу нийлүүлэгч тал нь барааг хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр болох 127.611 юанийг хүлээн авахаар тохирсон.

2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2.552.226 юанийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан даруйд захиалагч В-иас 10.000.000 төгрөг буюу 44.444 юанийн төлбөрийг нийлүүлэгч ОХХК-д төлж, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.995.008 юанийн үнийн дүн бүхий нэмэлт гэрээ байгуулсан.

Нэхэмжпэгч нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 2 652 814 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

В нь 05/2012 тоот гэрээний дагуу О ХХК-д урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгбуюу 47.391,12 юаниас гадна 2012-8-01-ний өдөр 900.000 юань, 2012-8-19-ний өдөр 800.991 юань, 2012-8-20-ны өдөр 154.000.000 төгрөг буюу 729.823,23 юань, 2012-8-21-ний өдөр1.000.000 юань, 2013-6-19-ний өдөр 150.000.000 төгрөг буюу 710.866,78 юань, 2013-6-20-ны өдөр 85.000.000 төгрөг буюу 402.824,51 юанийг төлж нийтдээ 4.591 896,64 юань төлж гэрээгээр хүлээсэн төлбөрийн 4.547.234 юаниас 44.662,64 юанийг илүү төлсөн тул нэхэмжлэгч тал буюу ОХХК нь гэрээг эцэслэн дүгнэн илүү төлсөн төлбөрийг буцаах ёстой байтал 2014-12-31-ний өдөр 70 000.000 төгрөг буюу 331.737,83 юанийг нэмж төлүүлэн гэрээний үнийн дүнгээс 376.400,47 юанийг илүү төлүүлсэн байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ

О ХХК нь  В-д холбогдуулан 2012-8-01-ний өдрийн Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 тоот гэрээний үүргийн биелэлтэд 1.224.131 юань, хугацаа хэтэрсний алдангид 562.065 юань, нийт 1.786.196 юань буюу 558.722.108 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан байна.

О ХХК нь В-тай хийсэн гэрээ, энэ гэрээний нэмэлт, болон мөн 2014-11-19-өөс 2014-11-24-ний өдрийн хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримт, Тооцооны залруулга гэсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй баримт нь нэхэмжпэгч ОХХК болон хариуцагч РД:5207886 дугаартай Э ХХК-ний хооронд хийгдсэн баримт биш юм.

О ХХК болон РД:5272793 дугаартай В-ний хооронд 05/2012 тоот гэрээ 2012-08-01-ний өдөр байгуулагдаагүй бөгөөд тухайн үед 5207886 регистрийн дугаартай Виваланд нэртэй байсан компани нь 2012-7-28-ны өдөр ОХХК-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 тоот гэрээг байгуулсан.

В болон Э ХХК-иудыг Б.Баттогтох төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарсан, нэгээ талаас ОХХК-ийг төлөөлж И.Х гарын үсэг зурж тамга дарсан боловч маргаж буй гэрээг Н.Энхтуяа байгуулсан байдаг.

Тооцооны залруулга, Гэрээ дүгнэсэн баримт гэх баримтуудад иргэн Б.Баттогтох нь В-ийн ерөнхйи захирал гэж төлөөлөн гарын үсэг зурсан байна.

В болон Э ХХК-иудын оноосон нэр өөрчлөгдөн, регистр нь өөрчлөгдөөгүй болно. Уг баримтыг Б.Баттогтох, И.Х нар үйлдэхдээ захирал Т.Хыг үүрэг ажлаа гүйцэтгээгүй байгаа байдлыг нь ашиглан Хятадын компанид авлагатай байгаа гэдгийг л үзүүлэх гэж байгаа юм. Гарын үсэг зураад тамга дараад өгөөч гэж гуйсан байдаг. Дээрх 2 хуулийн этгээд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа өөрчлөгдсөн оноосон нэрээрээ өөрчлөн явуулсан.

Э ХХК болон В-иудын төлөөлөх эрхтэй этгээд болох захирал нь Т.Х болох нь тогтоогдож байгаа.

ОХХК  В-ний хооронд байгуулсан 2012-8-01-ний өдрийн гэрээний үүргийг дүгнэх, тооцоо нийлэх, гэрээний үүргийг гүйцэтгэх, төлөөлөл хэрэгжүүлэх, зэрэг аливаа эрхийг В иргэн Б.Баттогтоход шилжүүлээгүй. Гэрээ дүгнэсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хууран мэхэлдж хийсэн хэлцэлийн шинжид хамаарч байх бөгөөд маргааныг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан Тооцоооны залруулга гэх баримт нь ямар нэгэн ач холбогдолгүй. Иймд гэрээ дүгнэсэн баримтыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож өгнө үү. 

Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээний дүн 4.547.234 юаны үүрэгт хариуцагч Э ХХК нь 8 удаагийн төлбөрөөр 4.692.035 юань шилжүүлсэн.

1.Дээрх гэрээг дүгнэхэд В нь 320.786 юаны илүү төлөлттэй гарсан. Иймд 320.786 юань буюу 119.730.166 төгрөг,

2.Талууд анх гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг жагсаасан жагсаалт, нэмэлт гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүнийг буруу дүгнэн бүтээгдэхүүнийг дутуу нийлүүлсэн ба гэрээнийүнийгн дүн бодит байдалд 4.453.234 юань байхыг 4.547.234 болгон дүгнэж тооцоог 94.000 юанаар ахиулан дүгнэсэн тул 94.000 юань буюу 19.834.940 төгрөг,

3.гэрээний дагуу нийлүүлэх ёстой тоног төхөөрөмжүүдээс нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ болох 344.900 юань буюу 72.777.349 төгрөг,

4.гэрээгээр нийлүүлэх  sел релейны заримыг нийлүүлээгүй, заримыг сүүлд нийлүүлсэн, ингэж нийлүүлэхдээ 1 релейг 10 дахин илүү үнээр тооцож нийлүүлсэн байдаг. Үүнийг бид сүүлд мэдээд зөрүү авахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ зөрүүд 64.203 ам доллар буюу 86.308.092 төгрөг,

5.гэрээний 2.4-т гэрээгээр нийлүүлэх sел төрлийн хамгаалалтын угсралт тохируулгын ажлын хөлс орсон байна. Гэтэл нэхэмжлэгч ОХХК нь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс энэ ажлыг бусадтай гэрээ хийж гүйцэтгүүлсэн. Иймд дутуу хийгдсэн sел релейны угсралт тохируулгын ажлыг бусдаар хийлгэсний хөлс 6.000.000 төгрөг, нийт 304.650.547 төгрөгийг ОХХК- иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай компани нь В-ийн захиалсан тоног төхөөрөмжүүдийг Хятадын компаниас худалдан авч, Эрээн хотод В-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсны дараа Гэрээний хавсралт №2-ын 6 дугаарт заагдсан гадна суурилуулах хүчдлийн трансматорыг 2 захиалсан байсныгаа нэмээд 6 ширхэг болгон захиалж дахин 2012 оны 8 дугаар сарын 01 -ний гэрээнд хоёр тал гарын үсэг зурж уг гэрээг мөрдөх болсон юм.

В-иас 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хятадын банк дахь данс руу шилжүүлсэн 1.000.000 юань нь өмнөх 4 гэрээний (01/2012, 02/2012, 03/2012, 04/2012) дагуу төлөгдөх төлбөрийн дутууд 806.571 юань, 05 тоот гэрээний төлбөрт 193.429 юань нь тооцогдсоныг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Хариуцагч бэлэн мөнгөний зарлагын баримт дээрээ 01-05/2012 гэрээний төлбөрийн дутууд гэж бичиж шилжүүлсэн байгаа.

Хариуцагч В нь 05/2012 гэрээний дагуу нийт 6 удаагийн төлөлтөөр 2.973.718 юань төлсөн. Урьдчилгаанд 10.000.000 төгрөг буюу 44 444 юань, 2012.08.01-ны өдөр 900.000 юань, 2012.08.19-ны өдөр 800.991 юань, 2013.06.19- ны өдөр 150.000.000 төгрөг буюу 638 297 юань, 2013.06.20-ны өдөр 85.000.000 төгрөг буюу 360.169 юань, 2014.12.31-ны өдөр 70.000.000 төгрөг буюу 229.817 юанийг тус тус төлсөн.

Харин 154.000.000 төгрөг төлөөгүй. Танайхаас зөндөө их бараа авлаа НӨАТ- ын падаан бичиж өгөөч гэхээр нь 154.000.000 төгрөгийн НӨАТ бичиж өгсөн.

Гэрээний 2.4-д заасан sел төрлийн хамгаалалтын угсралт, тохируулгын ажил гэдэгт бараагаа хүлээлгэж өгөхдөө ажиллах горимыг нь компьютерт суулгаад праграммд оруулж өгдөг. Энэ ажилаа манайх бүрэн хийж өгсөн.

Тооцооны залруулгаар үнийг нь зөрүүтэй бичсэн бараа материалыг жагсааж 200.400 юанийг хассан. Мөн гэрээнд илүү орсон буюу нийлүүлээгүй тоног төхөөрөмжийг жагсааж 101.600 юанийг хассан байгаа.

2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр В нь нэрээ өөрчилж Э ХХК болсон юм бол 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр Б.Баттогтохыг томилсон байгаа. Тэгэхээр Б.Баттогтох нь гэрээний дагуу авсан, өгснийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр нийлж баталгаажуулах эрхтэй байсан. Хэдийгээр хоёр компанийн хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаа ч яг энэ гэрээг гардан байгуулж, бараа материалыг хүлээн авч, хүлээлгэн өгч байсан хоёр хүн нь И.Х, Б.Баттогтох нар юм.

Э ХХК, В нар нь нэг үүсгэн байгуулагчтай, хоорондоо нэрээ сольсон байгаа. Мөн захирал Т.Хы нөхөр нь Б.Баттогтох гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 

Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.6-д зааснаар нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүнийг компанийн нэгдмэл сонирхолтой этгээдэд тооцдог учраас Б.Баттогтохыг гарын үсэг зурсан “Тооцооны залруулга, “Гэрээ дүгнэсэн баримт” хүчин төгөлдөр юм.

Гэрээ дүгнэсэн баримт, тооцооны залруулга зэрэгт В төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул Э ХХК, ВиваландХХК-иудаас төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч ОХХК нь хариуцагч Э ХХК /РД:5207886/ болон В /РД:5272793/-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 558.722.108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Э ХХК /РД:5207886/  болон В /РД:5272793/  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ОХХК нь 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр В /РД: 5207886/-тай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаартай гэрээг байгуулж, гэрээний хавсралт №1, №2, гэрээнд нэмэлт оруулах хавсралт, Ерөө дэд станцын өргөтгөл болон агаарын шугамд сүүлд нэмж авсан материал, тоног төхөөрөмжийн жагсаалт зэрэгт заасан нэр бүхий эд хөрөнгийг худалдан авагч В /РД: 5207886/-д нийлүүлэх, В /РД: 5207886/-нь 4.567.784 юанийг төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 11-23-р хуудас/

Дээрх гэрээг байгуулах үед буюу 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар:

1.Э ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий эттгээд нь Т.Х, хуулийн этгээдийн регистрийн дугаар 5272793 гэж /1-р хх-ийн 67–р хуудас/

2.В –ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Т.Х, хуулийн этгээдийн регистрийн дугаар 5207886 гэж байсан байна.

Дараа нь 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр В-нь оноосон нэрээ Э ХХК болгон, Э ХХК нь В болгон тус тус  өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./2-р хх-ийн 226, 243–р хуудас/

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хуулийн этгээдүүдийн талаар лавлагаа авахад: 

1.Э ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий эттгээд нь Т.Х, хуулийн этгээдийн регистрийн дугаар 5207886 гэж /2-р хх-ийн 214, 3-р хх-ийн 70–р хуудас/

2.В-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Т.Х, хуулийн этгээдийн регистрийн дугаар 5272793 гэж /2-р хх-ийн 215, 3-р хх-ийн 71-р хуудас/ байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нийлүүлэгч ОХХК нь захиалагч В-д 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05/2012 дугаар гэрээний хавсралт №1,2 болон уг гэрээнд нэмэлт оруулах хавсралт зэрэгт заасан эд хөрөнгийг нийлүүлэх, захиалагч нь гэрээнд тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч /захиалагч/ нь  нэхэмжлэгч /нийлүүлэгч/-ийг нэг бүр нь 800 юанийн үнэтэй хэт хүчдэл хязгаарлагч 1 ширхэг, нэг бүр нь 28000 юанийн үнэтэй дотор суурилуулах 380/220в дотоод хэрэгцээний хайрцаг 600х800х2300-ийг 2 ширхэг нийлүүлэхээс 1-ийг нь дутуу өгсөн, нэг бүр нь 18500 юанийн үнэтэй Т1 тр-ын удирдлага, хамгаалалтын панель ЕСС2224-ийг 2 ширхэг нийлүүлэхээс 1-ийг дутуу өгсөн, 1 бүрийн үнэ нь 7.200 юанийн үнэтэй хэт хүчдэл хязгаарлагч 9 ширхэг нийлүүлэхээс 3 ширхэгийг дутуу, нэг бүрийн үнэ нь 55.000 юанийн үнэтэй Хамгаалалт ЗЕ1.-311В-ийг 2 ширхэг нийлүүлэхээс 1 ширхэг дутуу, нэг бүрийн үнэ нь 28500 юанийн үнэтэй Хамгаалалт удирдлагын панель 2 ширхэг нийлүүлэхээс огт нийлүүлээгүй, нэг бүрийн үнэ нь 28000 юанийн үнэтэй Дотор суурилуулах 380/220в дотоод хэрэгцээний хайрцаг 600x800x2300-ийг 3 ширхэг нийлүүлэхээс 1 дутуу, нэг бүрийн үнэ нь 52000 юанийн үнэтэй Холбооны тоног төхөөрөмжийн панель 200АН, 2в-ийн 108 ширхэг хуурай батарей, шулуутгагч, цэнэглэгчийг 4 ширхэг нийлүүлэхээс 2 ширхэгийг дутуу, 32000 юанийн үнэтэй 4 кг жинтэй  төрөл бүрийн төмөр хийц зэргийг тус тус дутуу нийлүүлж нийт 344.900 юанийн үнийн дүнтэй эд хөрөнгийг нийлүүлээгүй, мөн хавсралтад заасан үнийн дүнг доош нь нэмэхдээ буруу нэмсэнээс 94000 юанийг зөрүү гарч байна гэж маргаж байхад нэхэмжлэгч ОХХК нь дээрх эд зүйлийн захиалагчид хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэрээний хавсралтад заасан үнийн дүнг доош нь нэмэхдээ 94.000 юанийн зөрүү гаргасан нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 14-20-р хуудас/

Иймд 05/2012 дугаартай Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хавсралт №1, №2, гэрээнд нэмэлт оруулах хавсралтын дагуу 4.547.234 юанийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг В-д нийлүүлэхээр тохиролцсноос дээрх 344.900 юань үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй тул хасч 4.202.334 юанийн үнэ бүхий тоног төхөөрөмийг нийлүүлсэн гэж үзлээ.

Хариуцагч В нь 2012.8.01-нд 10.000.000 төгрөг буюу 47234 юань, 2012.8.08-нд 900.000 юань, 2012.8.19-нд 800.991 юань, 2012.8.21-нд 193.429 юань, 2012.6.19-ний өдөр 150.000.000 төгрөг буюу 639.005 юань, 2013.6.20.-нд 85.000.000 төгрөг буюу 361.718 төгрөг, 2014.12.31-нд 70.000.000 төгрөг буюу 229.817 юань нийт 3.172.194 юанийг нэхэмжлэгч ОХХК-д  төлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  /хх-ийн 164-168, 206, 209, 210, 211-р хуудас/ 

Нэг дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудасны арын нүүрэнд буй Бэлэн мөнгөний зарлагын баримтанд Гүйлгээний утга: “01-05/2012 тоот гэрээний төлбөрийн дутууд” гэж тодорхойлон бичсэн байх тул 1.000.000 юанийг зөвхөн 05/2012 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй байна.

2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр В-д бараа, ажил үйлчилгээний үнэ 140.000.000 төгрөг, НӨАТ 14.000.000 төгрөг, нийт 154 000 000 төгрөгийн НӨАТ падаан олгосон ОХХК-ийн Зарлагын баримт, падааныг  В-иас мөнгө төлсөн баримт гэж үзэхгүй. /хх-ийн 214-215-р хуудас/

Талууд гэрээндээ БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар төлбөрийг гүйцэтгэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар төлбөрийг төлсөн үеийн Монгол банкны юанийн төгрөгтэй харьцах ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол банкны лавлагаагаар 2012.8.01-ны өдөр 1 юань 211.71 төгрөг, 2012.8.20-ны өдөр 1 юань 214.96 төгрөг, 2013.6.19-ний өдөр 1 юань 234.74 төгрөг, 2013.6.20-ны өдөр 1 юань 234.99 төгрөг, 2014.12.31-ний өдөр 1 юань 304.59 төгрөгийн ханштай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Энэ бүхнээс дүгнэхэд талуудын хооронд хийгдсэн гэрээний үнийн дүн болох 4.547.234 юанийн үнийн дүнтэй тоног төхөөрөмж /эд хөрөнгө/-өөс нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ 344.900 юань, хариуцагчийн төлсөн 3.172.194 юанийг хасаж, үлдэх 1.030.140 юанийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Дэд станцын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай 05/2012 дугаартай гэрээг байгуулж, гэрээний хавсралт №1, №2, гэрээнд нэмэлт оруулах хавсралт, Ерөө дэд станцын өргөтгөл болон агаарын шугамд сүүлд нэмж авсан материал, тоног төхөөрөмжийн жагсаалт, төлбөр төлсөн баримтууд  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-23, 164-168, 206, 209, 210, 211–р хуудас/

Хариуцагч 5207886 регистрийн дугаартай Э ХХК-нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т  зааснаар худалдан авсан тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл төлбөрт 1.030.140 юань буюу 377.769.575  төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр тохирсон төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Гэрээний 5.2-д зааснаар талууд алдангийг гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж тохиролцсон тул гэрээний үнийн дүн болох 4.547.234 юанаас нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ 344.900 юанийг хасаад үлдэх 4.202.334 юанаас 5 хувиар тооцоход алданги нь 210.116 юань байна.

Иймд хариуцагч Э ХХК /РД:5207886/-иас (гэрээ байгуулах үед В РД:5207886) -иас Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.030.140 юань, алдангид 210.116 юань нийт 1.240.256 юань буюу 377.769.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОХХК-д олгож үлдэх 180.952.533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

5272793 регистрийн дугаартай, Э ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр оноосон нэрээ өөрчилж  5272793 регистрийн дугаартай В болсон байх тул 5272793 регистрийн дугаартай В болон ОХХК-иудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байна.

Иймд 5272793 регистрийн дугаартай В-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Хариуцагч нь талуудын хооронд хийгдсэн гэх “Гэрээ дүгнэсэн баримт”-ыг хуульд заасны дагуу хүчингүйд тооцож, 05/2012 тоот гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөрт 304.650.547 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд Гэрээ дүгнэсэн баримт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шаардлагыг хангаагүй тул хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

Гэрээний үнийг буруу нэмсэн, 94.000 юанаар нэмэгдүүлэн буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нийлүүлээгүй тоног төхөөрөмжийн үнэ 344.900 юанийг үндсэн нэхэмжлэлээс хасч тооцсон, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болохгүй юм.

Талууд гэрээндээ худалдах, худалдан авах тоног төхөөрөмжийн үнийг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байх тул sел релейний үнийг зах зээлийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Гэрээгээр талууд “дэд станцын угсралт монтажийн тохируулгын ажил” гүйцэтгэх талаар тохиролцоогүй, ажил гүйцэтгэх үүрэг үүсээгүй тул хариуцагч нь бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг хохиролд тооцож “О ба Э” ХХК-иас шаардах эрхгүй байна.

Иймд “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Э ХХК /РД.5207886/-иас 377.769.575 /гурван зуун далан долоон сая долоон зуун жаран есөн мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан ОХХК-д олгож, нэхэмжлэлээс 180.952.533 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, 5272793 регистрийн дугаартай В-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Э ХХК-ийн “талуудын хооронд хийгдсэн Гэрээ дүгнэсэн баримтыг хүчингүйд тооцуулах”, 05/2012 тоот гэрээний үүрэгт 304.650.547 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.,56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч ОХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.952.000 төгрөгийг, хариуцагч Э ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.540.626 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 2.046.797 төгрөгийг гаргуулж ОХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО